| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2016/00408/и |
| Дугаар | 455 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 455
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Баяндалай сум Төхөм багт оршин суух Хардэл овогт Равжирын Саранцэцэг
Улсад ажилласан байдал тогтоох тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга З.Өрнөл оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Р.Саранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баяндалай сумын ахуй үйлчилгээний салбарт 1986 оны 09 сарын 01-нээс 1991 оны 04 сарын 10-ны өдөр хүртэл 4 жил 7 сар 9 хоног оёдолчноор ажилласан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт гараад 2 жил болж байна. Гэтэл нийгмийн даатгалын шалгалтаар ажилд орсон халагдсан тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ч 2 тамга дарсан, тамган дээр бичилт хийсэн зөрчил илэрсэн байна. Иймд миний 1986 оны 09 сарын 01-нээс 1991 оны 04 сарын 10-ныг хүртэл ахуй үйлчилгээний газарт оёдолчиноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Р.Саранцэцэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Р.Саранцэцэг миний шүүх хуралдааныг эзгүйгээр, яаралтай хийж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:
Нэхэмжлэгчийн тухайн үеийн ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэр засвартайн улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Р.Саранцэцэг нь 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Өмнөговь аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний салбар Баяндалай сумын ахуй үйлчилгээний салбарт оёдолчноор ажиллаж байсан болох нь:
2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Өмнөговь аймгийн архивын тасгийн 499 дугаартай лавлагаа. Равжирын Саранцэцэг нь 1986-1991 онуудад Өмнөговь аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын салбар болох Баяндалай суманд оёдолчноор ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна. 1986 оны 09 дүгээр сард 304 төгрөг, 10 дугаар сард 399 төгрөг, 11 дүгээр сард 677 төгрөг, 12 дугаар сард 66 төгрөг, 1987 оны 01 дүгээр сард 468 төгрөг, 02 дугаар сард 269 төгрөг, 03 дугаар сард 449 төгрөг, 04 дүгээр сард 235 төгрөг, 05 дугаар сард 245 төгрөг,06 дугаар сард 586 төгрөг, 07 дугаар сард 490 төгрөг, 08 дугаар сард 559 төгрөг, 09 дүгээр сард 258 төгрөг, 11 дүгээр сард 816 төгрөг, 1988 оны 03 дугаар сард 764 төгрөг, 04 дүгээр сард 473 төгрөг, 05 дугаар сард 493 төгрөг, 06 дугаар сард 301 төгрөг, 08 дугаар сард 285 төгрөг, 09 дүгээр сард 509 төгрөг, 10 дугаар сард 551 төгрөг, 11 дүгээр сард 816 төгрөг, 12 дугаар сард 20 төгрөг, 1989 оны оны 01 дүгээр сард 178 төгрөг, 02 дугаар сард 454 төгрөг, 03 дугаар сард 267 төгрөг, 05 дугаар сард 612 төгрөг, 07-12 дугаар саруудад цалингийн материал байхгүй, 1990 оны 01-04 дүгээр саруудын цалингийн материал байхгүй, 05 дугаар сард 97 төгрөг, 06 дугаар сард 342 төгрөг, 07 дугаар сард 313 төгрөг, 08 дугаар сард 91 төгрөг, 09 дүгээр сард 654 төгрөг, 10 дугаар сард 347 төгрөг, 11 дүгээр сард 401 төгрөг, 1991 онд цалингийн материал байхгүй гэсэн лавлагаа, жич: 1986, 1991 онуудын Нийтийн аж ахуйн Ахуйн үйлчилгээний компинатын даргын тушаал, 1991 оны цалингийн материал архивт байхгүй болно, гэрч А.Жаргал, Б.Цасанчихэр нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч нарын тодорхойлолт зэргээр тус тус нотлогдож байна.
Иймд Р.Саранцэцэгийг 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Өмнөговь аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний салбар Баяндалай сумын ахуй үйлчилгээний салбарт оёдолчноор ажиллаж байсан гэж үзэж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн 1991 онд дээрхи байгуулагад ажиллаж байсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд гэрч Б.Цасанчихэрийн “ 1990 онд хувьчлал болоод бид бүгдээрээ ажлаасаа гарсан” гэх мэдүүлгээр няцаагдаж байх тул дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Р.Саранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан А.Жаргал, Б.Цасанчихэр нараас гэрчийн мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс нь нэхэмжлэгчтэй нэг газар ажиллаж байсан болох нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байдлаар нотлогдож байх бөгөөд гэрчүүд нь нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг гэрчилсэн хууль сануулж авсан мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хардэл овогт Равжирын Саранцэцэгийг 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Өмнөговь аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний салбар Баяндалай сумын ахуй үйлчилгээний салбарт оёдолчноор ажиллаж байсныг тогтоосугай.
2. Нэхэмжлэгчийн 1991 онд Өмнөговь аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний салбар Баяндалай сумын ахуй үйлчилгээний салбарт оёдолчноор ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Саранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР