Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 454

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Х

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Т

Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга З.Өрнөл оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Хандармаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өмнөговь аймгийн Эмийн сангийн удирдах конторт 1992 оны 07 дугаар сараас 1994 оныг дуустал хугацаанд эмийн сангийн эрхлэгчээр, Номгон, Мандал-Овоо сумдад томилогдон ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр алдагдсаны улмаас тухайн хугацаанд ажиллаж байсан хугацаа одоо улсад ажиллаж байгаа нийт жилд орж тооцогдохгүй байгаа юм. Иймд 1992 оны 07 дугаар сараас 1994 оныг дуустал хугацаанд улсад ажиллсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Туяа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Жанчивсэмбэ овогтой Туяа миний бие Батбуян овогтой Хандармаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн боловч ажилласан жил тогтоолгох шүүх хуралд оролцох боломжгүй учир шүүх хурлыг яаралтай, эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:

Нэхэмжлэгчийн тухайн үеийн ажиллаж байсан байдлын талаар бичсэн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэний улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Хандармаа нь 1992 оны 07 дугаар сараас 1993 оны 09 дүгээр сар хүртэл Өмнөговь аймгийн Номгон сумын эмийн сангийн эрхлэгчээр, 1993 оны 10 дугаар сараас 1994 оныг дуустал Мандал-Овоо сумын эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж байсан болох нь:

2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Өмнөговь аймгийн архивын тасгийн 498 дугаартай лавлагаа. Батбуянгийн Хандармаа нь 1992 оны 07 дугаар сараас 1993 оны 09 дүгээр сар хүртэл Өмнөговь аймгийн Номгон сумын эмийн сангийн эрхлэгчээр, 1993 оны 10 дугаар сараас 1994 оныг дуустал Мандал-Овоо сумын эмийн сангийн эрхлэгчээр тус тус ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна. Үүнд: 1992 оны 07 дугаар сард 998 төгрөг, 08 дугаар сард 1140 төгрөг, 09 дүгээр сард 1140 төгрөг, 10 дугаар сард 1140 төгрөг, 11 дүгээр сард 1140 төгрөг, 12 дугаар сард 1140 төгрөг, 1993 оны 01-06 дугаар саруудад тус бүр 2700 төгрөг, 07 дугаар сард 3700 төгрөг, 08 дугаар сард 2297 төгрөг, 09 дүгээр сард 4000 төгрөг, 10 дугаар сард 2157 төгрөг, 11 дүгээр сард 5000 төгрөг, 12 дугаар сард 5000 төгрөг, 1994 оны 01 дүгээр сард 11540 төгрөг, 04 дүгээр сард 14680 төгрөг, 05 дугаар сард 9700 төгрөг, 06-11 дүгээр саруудад цалингийн цэс байхгүй, 12 дугаар сард 18900 төгрөгийн цалин авч байсан байна. Өмнөговь аймгийн Эмийн сангуудыг удирдах конторын даргын 1993 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “ажил өөрчлөх тухай” ...Номгон сумын эмийн сангийн эрхлэгч Б.Хандармааг 1993 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон уг ажлаас нь чөлөөлсүгэй...42 тоот тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн Эмийн сангуудыг удирдах конторын даргын 1992 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” ...Батбуянгийн Хандармааг Номгон сумын эмийн сангийн эрхлэгчээр тус тус 1992 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн томилж ажиллуулсугай... 26 тоот тушаалын хуулбар, Д.Оюунбаясгалан, Н.Мядагмаа нарын тодорхойлолт зэргээр тус тус  нотлогдож байна.

Иймд Б.Хандармааг 1992 оны 07 дугаар сараас 1993 оны 09 дүгээр сар хүртэл Өмнөговь аймгийн Номгон сумын эмийн сангийн эрхлэгчээр, 1993 оны 10 дугаар сараас 1994 оныг дуустал Мандал-Овоо сумын эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж байсан гэж үзэж шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгч Б.Хандармаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Оюунбаясгалан, Н.Мядагмаа нарын иргэний үнэмлэхийн хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, Б.Хандармаа, Ж.Туяа нарын хооронд хийгдсэн итгэмжлэл зэрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Тайжууд овогт  Батбуянгийн Хандармааг 1992 оны 07 дугаар сараас 1993 оны 09 дүгээр сар хүртэл Өмнөговь аймгийн Номгон сумын эмийн сангийн эрхлэгчээр, 1993 оны 10 дугаар сараас 1994 оныг дуустал Мандал-Овоо сумын эмийн сангийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Хандармаагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                              Л.УГТАХБАЯР