| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 181/2022/02805/И |
| Дугаар | 210/МА2025/00414 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/00414
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/04327 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******-д холбогдох,
2021, 2022 онд ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө нийлээд 18,052,467 төгрөг, хэрэгт ажилласны урамшуулалд 28,488,075 төгрөг, цалин хөлс хугацаандаа олгоогүй алданги 9,026,233 төгрөг, нийт 55,566,775 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
1.1. Миний бие тус нөхөрлөлийн үүсгэн байгуулагч гэж өөрийгөө танилцуулсан БНХАУ-ын иргэн *******/-тэй 2021 оны 01 дүгээр сард зарын дагуу танилцаж түүний үүсгэн байгуулсан гэх *******-д 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн ахлах хуульчаар ажиллахаар болсон юм. Сарын 4,000,000 төгрөгийн цалинтай, үүнээс 2,000,000 төгрөгийг өөрийн хувийн аж ахуйн нэгжээр дамжуулан авах, 2,000,000 төгрөгөөс нь *******-ийн нэр дээр нийгмийн даатгал төлөгдөх нөхцөлтэй, ээлжийн амралттай, 13 дугаар сарын бүрэн хэмжээний цалингийн урамшуулалтай 1 жил ажилласан тохиолдолд, хэрэг дээр шүүхэд төлөөлж ажиллах тохиолдолд 30 хувийн нийт бонустай, /3 өмгөөлөгч хувааж авах нөхцөлтэй/, ажлын цаг нь өглөө 8:30-аас эхэлнэ, 17:30-аас тарах, илүү цагийг хуульд заасны дагуу бодогдох нөхцөлтэй ажиллахаар тохиролцсон.
Ажилласан цаг хугацаанаас эхлээд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ямар ч тушаал гаргаагүй, зөвхөн ажлаас гарахад чөлөөлсөн тушаал танилцуулсан. 2022 оны 03 дугаар сард хөдөлмөрийн гэрээ нөхөж байгуулах тухай яригдсан бөгөөд миний зүгээс нөхөж байгуулах боломжгүй тухай хэлснээс хойш 2022 оны 03 дугаар сараас эхлэн цалин олгохгүй болсон, 04 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн тушаалыг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гардаж авсан бөгөөд мөн өдөр өөрийн Голомт банк дахь хувийн 1102125053 тоот дансаар 2022 оны 3, 4 дүгээр сарын цалин болон амралтын мөнгө гэж нийт 2,630,829 төгрөгийг авсан.
2021 оны 08 дугаар сарын эхний хагас сарын цалин 2,000,000 төгрөг, 11 сарын эхний хагас сарын цалин 2,000,000 төгрөг, бүтэн жилийн ээлжийн амралтын мөнгө 2,080,392 төгрөг, 13 дугаар сарын цалин 4,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын цалин 4,000,000 төгрөг, 04 дүгээр сарын цалин /4,000,000*18/21-2,630,829=797,742 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 3,174,333 төгрөг юм.
Иймд 2021, 2022 оны цалин, ээлжийн амралтын мөнгө нийт 18,052,467 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.
1.2. Анх ажилд ороход ажил олгогчийн зүгээс шүүхэд явж байгаа маргаан дээр оролцох тохиолдолд хэрэгт оролцсоны хэргийн нэмэгдэл буюу урамшуулал олгохоор тохиролцсон. Иймд ажилд ороход *******, *******-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны маргаан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж байсан юм.
Миний бие Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст хуулийн маргаан, шүүхийн асуудлыг хариуцаж байгаад дараа нь газрын хуулийн хэлтэст 2008-2012 онуудад ажиллаж байсны хувьд уг маргаанд өөрийн практик туршлага, мэдлэгээ ашиглан гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр оролцсон. Уг хэрэг дээр оролцсон тохиолдолд урамшуулал олгохыг анх ороход тохиролцсоноос гадна 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр орчуулагч *******, нөхөрлөлийн гишүүн *******, БНХАУ-ын иргэн ******* нарын хамтаар хурлаар ярилцаж урамшууллыг нөхөрлөлийн зүгээс олгоно гэж тохиролцсон. Нийт үйлчилгээний хөлс 875,000 юань бөгөөд үүнээс 30 хувь буюу 262,500 юань өмгөөлөгч нарт ноогдох ёстой. Үүнээс өмгөөлөгч ******* 311 цаг 36 мин буюу 31 хувь, өмгөөлөгч ******* 473 цаг 40 мин буюу 47 хувь, өмгөөлөгч ******* 220 цаг 40 мин буюу 22 хувь уг хэрэгт ажилласан юм.
Нийт ажилласан цаг нь 1005 цаг 56 минут ба үүний үнэлгээ 262,500 юань. ******* 31 хувь буюу 81,375 юань, ******* 47 хувь буюу 123,375 БНХАУ-ын юань, ******* 22 хувь буюу 57,750 юань-ийн хэргийн урамшууллыг тус тус авах ёстой юм. Иймд өөрт ноогдох захиргааны хэргийн маргаан дээр ажилласны урамшуулал 57,750 юань буюу 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Монгол банкны ханш болох 493,30 төгрөгөөр бодоход 28,488,075 төгрөгийг *******-өөс гаргуулж өгнө үү.
1.3. Хариуцагч ******* нь 2021-2022 оны цалин, ээлжийн амралтын мөнгийг хугацаандаа олгоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хоног тутам 0.3 хувийн алданги тооцох үндэслэлтэй байна. Иймд хугацаандаа олгоогүй цалин, ээлжийн амралтын мөнгө 18,052,467 төгрөгийн 0.3 хувь нь 54,157.4 төгрөг болох бөгөөд үүнийг олгоогүй сүүлийн хугацаа болох 365 хоног /2023 он/-оор тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан цалин хөлсний алдангид 9,026,233 төгрөгийг хариуцагч *******-өөс гаргуулж өгнө үү. Хариуцагчаас нийт 55,566,775 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
*******-ийн үүсгэн байгуулагч *******, *******, ******* нар байх бөгөөд хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь ******* юм. Иймд нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* нь манай өмгөөллийн нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй этгээдтэй ажиллах нөхцөл тохиролцсон гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн цалин хөлс гаргуулах нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж заасан хугацааг хэтрүүлсэн байх тул 154.2-д заасан гомдол гаргах эрхээ алдсан байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх байгууллагад гомдол гаргаж байгаагүй бөгөөд уг маргааныг хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон сум дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаагүй байна.
2.2. Нэхэмжлэгч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Өмгөөллийн тухай хуульд заасан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй, мөн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй хуульч, өмгөөлөгч хүн атал нэхэмжлэлийн шаардлагадаа БНХАУ-ын иргэн *******тэй ажиллах нөхцөлөө тохиролцсон, урамшуулал олгоно гэж хэлсэн гэж тайлбарладаг. Гэтэл БНХАУ-ын иргэн ******* нь хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд байх бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдаад буй урамшууллыг амаар болон бичгээр ямар ч хэлбэрээр тохиролцоогүй болно.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан агуулгаас харахад, хариуцагчийг төлөөлөх эрхтэй этгээдтэй хэлцэл хийгээгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 28,488,075 төгрөгийг шаардах эрх үүсээгүй тул хариуцагч төлөх үндэслэлгүй байна.
2.3. Түүнчлэн, нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасны дагуу тухайн асуудлаар харьяа дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 90 хоногийн дотор хандах эрхтэй болно.
Гэтэл нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн шаардлагын тайлбартаа 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлагад хавсаргаж өгсөн Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хорооны албан тоотоор урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдсэн гэж үздэг. Гэтэл 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагадаа 13 дугаар сарын бүрэн хэмжээний цалингийн урамшуулал буюу 13 дахь сарын цалингийн урамшууллыг нэмэгдүүлсэн шаардлагын хэрэгт ажилласны урамшуулал гэж үзэж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэмэгдүүлсэн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн хамт бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасныг баримтлан хариуцагч *******өхөрлөлөөс 6,793,726 /зургаан сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун хорин зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 48,773,049 /дөчин найман сая долоон зуун далан гурван мянга дөчин есөн/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 707,983 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч *******-өөс тэмдэгтийн хураамж 123,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Хариуцагч болох *******-ийн өдөр тутмын үйл ажиллагааг БНХАУ-ын иргэн *******/ нь удирдан зохион байгуулдаг ба энэ нь гэрч *******ын болон хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарласнаар Санхүү эрхэлсэн захирал гэх албан тушаалтан. Миний бие уг байгууллагад ажиллах хугацаандаа хурал болгон дээр дутуу олгогдсон цалин хөлс, ээлжийн амралтын мөнгө, хэргийн урамшууллын талаар асуудлыг тавьдаг байсан юм. Хэргийн урамшуулал, цалинг үргэлж олгоно, мөнгө орж ирээгүй байна эсхүл компанийн асуудлыг шийдчих, тэр үед олгоно гэж тайлбарладаг бөгөөд ажлаас гарсан өдрөөс эхлэн БНХАУ-ын иргэн *******/ нь facebook, утас, wechat гэх мэт харилцаа холбооны бүхий л хэрэгсэл дээр шууд блок хийж огт харилцах боломжгүй болсон. Харин надтай жил дөрвөн cap хамт ажилласан ******* гэнэт “Би гүйцэтгэх захирал, чамтай ямар ч гэрээ байгуулаагүй, ямар ч тохиролцоо хийгээгүй, надад хэлээгүй” гэж ярих болсон юм.
4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй” гэж заасан байдаг. Үүний дагуу 2021 он, 2022 оны дутуу олгосон цалин хөлс, амралт, урамшууллуудын талаар ярихад өгөхгүй ээ гэж нэг удаа хэлсэн байсан бол миний бие шууд 90 хоногоо тооцоод гурван талт хороонд хандах байсан юм. Харин ажлаас гарсан үеэс эхлэн тус нөхөрлөлтэй харилцах боломжгүй болсныг мэдсэн даруй миний бие мөнгөө авч чадахгүй гэдгээ ойлгосон учир Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу Хөдөлмөрийн маргаан таслах комисст бүрэн хэмжээний гомдлоо гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагын 9-д заасан шаардлага болох Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хугацаандаа гаргаагүй гомдлоос тооцох зохицуулалт гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйл бол үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга буюу хугацаанд нь буруутай гаргасан шийдвэрийн төлөө оногдуулж байгаа хариуцлагын хэлбэр гэж ойлгож байна. Тэрнээс биш энэ бол эрх зөрчигдсөнөөр үүсч болох эрх биш юм.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэг сарын цалинг 4,000,000 төгрөгөөр харилцан тохиролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. 2,000,000 төгрөгийн цалинг нэхэмжлэгчийн байгуулсан *******-ийн данс руу хууль зүйн үйлчилгээний төлбөр гэх утгатайгаар шилжүүлж байсан. шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн эрхийг зөрчигдсөнийг мэдсэнээс хойш хуульд заасан хугацааны дотор гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзэн хариуцагчаас гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь БНХУ-ын иргэн *******тэй тохиролцсон гэж нэхэмжлэлийн шаардлага болон гомдолдоо тусгасан. Ажил олгогчтой тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 болон Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Улсын Дээд шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14 дүгээр тогтоол гарснаас хойш шаардах эрх үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас шаардлагыг хууль зөрсөн гэж дүгнэсэн нь зөв. Цалин, ээлжийн амралтын мөнгө 9,226,233 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх хугацаа хэтэрсэн, гомдол гаргах эрхийг хэрэгжүүлээгүй гэж дүгнээд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2021, 2022 онд ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө нийлээд 18,052,467 төгрөг, хэрэгт ажилласны урамшуулалд 28,488,075 төгрөг, цалин хөлс хугацаандаа олгоогүй алданги 9,026,233 төгрөг, нийт 55,566,775 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “2021 оны 08 дугаар сарын эхний хагас сарын цалин 2,000,000 төгрөг, 11 сарын эхний хагас сарын цалин 2,000,000 төгрөг, бүтэн жилийн ээлжийн амралтын мөнгө 2,080,392 төгрөг, 13 дугаар сарын цалин 4,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын цалин 4,000,000 төгрөг, 04 дүгээр сарын цалин /4,000,000*18/21-2,630,82/ 797,742 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 3,174,333 төгрөг, нийт 2021, 2022 оны цалин, ээлжийн амралтын мөнгө нийт 18,052,467 төгрөг,
2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хэрэг дээр ажилласны урамшуулал 57,750 юань буюу 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Монгол банкны ханш 493,30 төгрөгөөр тооцож 28,488,075 төгрөг гаргуулах,
2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хугацаандаа олгоогүй цалин, ээлжийн амралтын мөнгө 18,052,467 төгрөгийн алдангид 9,026,233 төгрөг, нийт 55,566,775 төгрөг гаргуулна” гэжээ.
3.1. Түүнчлэн, хэрэг дээр ажилласан урамшууллын талаар тайлбарлахдаа: ажилд ороход *******, *******-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны маргаан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж байсан, би өөрийн практик туршлага, мэдлэгээ ашиглан гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр оролцсон. Уг хэрэг дээр оролцсон тохиолдолд урамшуулал олгохыг анх тохиролцсоноос гадна 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр орчуулагч *******, нөхөрлөлийн гишүүн *******, БНХАУ-ын иргэн ******* нарын хамтаар хурлаар ярилцаж урамшууллыг нөхөрлөлийн зүгээс олгоно гэж тохиролцсон.
Нийт үйлчилгээний хөлс 875,000 юань бөгөөд үүнээс 30 хувь буюу 262,500 юань өмгөөлөгч нарт ноогдох ёстой. Үүнээс өмгөөлөгч ******* 311 цаг 36 мин буюу 31 хувь, өмгөөлөгч ******* 473 цаг 40 мин буюу 47 хувь, өмгөөлөгч ******* 220 цаг 40 мин буюу 22 хувь уг хэрэгт ажилласан юм. Нийт ажилласан цаг нь 1005 цаг 56 минут ба үүний үнэлгээ 262,500 юань.
******* 31 хувь буюу 81,375 юань, ******* 47 хувь буюу 123,375 БНХАУ-ын юань, ******* 22 хувь буюу 57,750 юань-ийн урамшууллыг тус тус авах ёстой. Иймд өөрт ноогдох дээрх захиргааны хэргийн маргаан дээр ажилласны урамшуулал 57,750 юань буюу 28,488,075 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн тайлбарыг гаргажээ.
Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр, мөн ******* болон ******* нарын хамт дээрх маргаан бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болох нь хэрэгт авагдсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2021/0394 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 554 дугаар магадлал зэргээр тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нь дээрх маргаанд өмгөөлөгчөөр оролцсон, ажлын хөлсийг дээрх 2 өмгөөлөгчийн хамт хувааж авахаар тохиролцсон гэх агуулгаар нэхэмжлэл гаргасан байна. Иймд уг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг шүүх тодруулах шаардлагатай гэж үзлээ.
4. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан гэж үзэх боломжгүй байна.
4.1. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/00018 дугаартай захирамжтай иргэний хэргээс “захиргааны хэрэгт ажилласан цагийн бүртгэл”-ийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг, шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШЗ2024/14010 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэжээ. /2хх69-70/
Дээрх хүсэлтийн дагуу хэргийн баримтаас ирүүлсэн: *******, Хятадын экспорт импорт банкинд үзүүлсэн хууль зүйн зөвлөгөө үйлчилгээний гүйцэтгэсэн ажлын агуулга болон цагийн тооцооллын ажлын тайлан 2021 оны 11 сарын 1-ний өдөр” гэсэн гарчиг бүхий нөхөрлөлийн тэмдэг бүхий хятад хэл дээр болон монгол хэл дээрх орчуулгын баримтууд/2хх85-97/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагад нийцээгүй болохыг шүүх анхаараагүй байна.
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүрэгтэй. Харин мөн зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна.
4.3. Дээрх “Ажлын цагийн тооцоо” гэх баримтад хэргээс хуулбарлав гэх тэмдэг дарагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан өөрийн байгууллагын баримтад баталгаажуулалт хийх тухай зохицуулалтад хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь өөрт жинхэнэ эх хувь хадгалагдаж буй баримтад “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарснаар шүүх тухайн баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой. Гэтэл “хуулбарлав” гэх тэмдэг нь тухайн баримтыг хэргээс хуулбарласан агуулгыг илэрхийлэхээс бус, жинхэнэ эх хувиас хуулбарласан эсэх нь тодорхойгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэхгүй.
4.4. Түүнчлэн, хэрэв тухайн баримт нь эх хувиараа хэрэгт хадгалагдаж байгаа тохиолдолд шүүх мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар холбогдох байгууллагаас баримтын жинхэнэ эхийг шаардан авах, эсхүл нотариатаар гэрчлүүлэн авах боломжгүй байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
5. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/04327 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707,983 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Ц.АЛТАНЦЭЦЭГ