| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 183/2024/05647/И |
| Дугаар | 210/МА2025/00458 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2025/00458
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/00128 шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******ид холбогдох
Зээлийн гэрээний үүрэг, хохиролдт 41,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******ид 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 9 дүгээр сарын хооронд нийт 8 удаагийн үйлдлээр 39,543,000 төгрөгийг өгч зээлдүүлсэн. ******* нь тухайн үед орон сууцад хамруулна, чацарганы төсөл хэрэгжүүлээд буцаагаад өгнө гэж хэлж авсан боловч 2023 оны 2 дугаар сард 5,000,000 төгрөг, 2024 оны 2 дугаар сард 1,500,000 төгрөг, нийт 6,500,000 төгрөг буцааж өгсөн. Үлдэгдэл 32,500,000 төгрөгийг төлөөгүй.
1.2. Улмаар 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдөр *******той уулзаж бичгээр хэлцэл байгуулж, үлдэгдэл 32,500,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон боловч төлбөр төлөөгүй.
1.3. Иймд үндсэн зээл 32,500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны алданги 7,800,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366,950 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 1,500,000 төгрөг нийт 42,166,950 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Бид тухайн үед хувийн харьцаатай байсан ба хамтын амьдралдаа хэрэглэх үүднээс над руу мөнгө шилжүүлж байсан нь үнэн. Цаашид гэр бүл болно гэж бодож байсан боловч тус тусдаа амьдрах болсон. Мөнгийг өөрийн болон төрсөн эгчийн дансаар боломжоороо төлж байсан. Мөнгөө төл гэж байнга нэхэж, гэрт ирж маш их дарамттай байсан учир төлнө гэж бичиж өгсөн. Алданги төлөхгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч *******оос 39,680,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,486,950 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 356,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Намайг 8 удаагийн үйлдлээр 39,543,000 төгрөгийг бэлнээр авсан гэдэг боловч энэ мөнгийг би гарын үсэг зурж болон дансаар аваагүй. *******э нь намайг элдвээр хэлж, би үхээд өгье, гэрээслэл бичээд үхнэ гэх мэтээр дарамтлаад мессеж бичээд байхаар нь арга буюу 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хэлцлийг бичиж өгсөн.
4.2. Анхан шатны шүүх бид хоёрын дунд зээлийн гэрээ хийгдсэн гэж үзсэн нь буруу, дээрх хэлцлээр зээлийн гэрээ бодитой хийгдсэн гэж үзэхгүй. Тооцоогоо нягталж үзмээр байна. Иймд нэхэмжлэлээс хангагдсан хэсэг болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. *******ээс 39,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаанд 8 удаагийн үйлдлээр хуваан өгсөн болохыг хариуцагч ******* хүлээн зөвшөөрдөг ба 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хэлцэл, өөрийнх нь бичсэн тодорхойлолт, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн прокурорын тогтоол, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******э нь хариуцагч *******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,500,000 төгрөг, алданги 7,800,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366,950 төгрөг нийт 42,166,950 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэснээс хамааран хуульд заасан журмаар зохигчид хуваарилдаг тул улсын тэмдэгтийн хураамж 366,950 төгрөгийг шүүх нэхэмжлэлийн шаардлага гэж буруу дүгнэснийг залруулж, нэхэмжлэлийн үнийг 41,800,000 төгрөг /42,166,950 366,950/ гэж тодорхойлов.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ зарим нотлох баримтыг зөв үнэлж чадаагүйн улмаас хариуцагчийн гүйцэтгэх үүргийн хэмжээг буруу тогтоосон алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлээс хангасан үнийн дүнд өөрчлөлт оруулна.
3.1. Талуудын 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээгээр ******* нь *******ээс 2018 оны 5 дугаар сараас хойш 8 удаагийн үйлдлээр 39,000,000 төгрөг хүлээн авч, 2023 оны 2 дугаар сард 5,000,000 төгрөг, 2024 оны 2 дугаар сард 1,500,000 төгрөг төлсөн, үлдсэн 32,500,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээж, талууд гарын үсэг зурсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх-ийн 3 дугаар тал/
Хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан мөнгөн хөрөнгийг зээл авах хүсэл зориг илэрхийлж аваагүй гэх агуулга бүхий тайлбар гаргасан боловч уг тайлбараа баримтаар нотолж чадаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Иймд дээрх гэрээ болон хариуцагчийн мөнгө төлж байсан үйл баримт, нэхэмжлэгчийн ...орон сууцанд хамруулна, чацарганы төсөл хэрэгжүүлээд буцаагаад өгнө гэж авсан тайлбар зэргийг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.
3.2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлдүүлэгчид зээлийг буцаан шаардах эрх үүснэ.
Талууд 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн гэрээнд гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар тэдний хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс 39,000,000 төгрөг хүлээн авсан гэж үзэх тул уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Ийнхүү төлбөр төлөх үүрэг хүлээсэн гэрээнд гарын үсэг зурсан үйлдлээ хариуцагч ...маш их дарамттай байсан учир төлнө гэж бичиж өгсөн гэж тайлбарласан байх боловч түүний хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагчийн гомдол хангагдахгүй.
Дээрх гэрээнд хариуцагчийг 2023 оны 2 дугаар сард 5,000,000 төгрөг, 2024 оны 2 дугаар сард 1,500,000 төгрөг төлсөн гэж тусгасан, мөн хэргийн 21-26 дугаар талд авагдсан дансны хуулгаар 2023 оны 4 дүгээр сард 500,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сард 500,000 төгрөг тус тус төлжээ. Анхан шатны шүүх хариуцагчийг зээлийн гэрээний үүрэгт нийт 7,500,000 төгрөг төлснийг зөв тогтоосон боловч тухайн гэрээний үүрэгт нэхэмжлэгчийн шилжүүлсэн зээлийн мөнгөн хөрөнгийн хэмжээг буруу тодорхойлсны улмаас хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг мөн буруу тогтоожээ. Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 31,500,000 /39,000,000 7,500,000/ төгрөг төлөх үүрэгтэй байна. Иймээс энэ хэмжээнд хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсэг хангагдана.
3.3. Талууд амаар байгуулсан зээлийн гэрээг хожим бичгийн хэлбэрт оруулж, уг гэрээгээр хариуцагч нь мөнгөн төлбөрийн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцсэн байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.
Хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 31,500,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн тодорхойлсон хугацаагаар буюу гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацаанаас нэхэмжлэл гаргах хүртэл 48 хоногоор, талуудын тохиролцсон хэмжээгээр алдангийг тооцоход 7,560,000 төгрөг болж байна.
3.4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа авсан ажлын хөлс гэх 1,500,000 төгрөгийг төлөөгүй, зардал бодитоор гараагүй гэж дүгнэж, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул энэ талаар давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийхгүй байх нь талуудын зарчимд нийцнэ.
4. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг болон алдангид нийт 39,060,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/00128 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...39,680,000 гэснийг 39,060,000 гэж, ...2,486,950 гэснийг 2,740,000 гэж
2 дахь заалтын ...356,350 гэснийг 353,250 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Т.ГАНДИЙМАА