Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/112

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Б.Сүхнаран нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Хойд яс овогт Бат-Эрдэнийн Сүхнаранд холбогдох, 178/2019/0111/э/ индекстэй, 1936001380124 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07  сарын 02 -ны өдөр хүлээн авч, 2019 оны 07 сарын 04- ний өдөр   хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                          Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1987 оны 05 сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, ард өөлд, дээд боловсролтой, хүний их эмчийн мэргэжилтэй, ам бүл- 4, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын агсМаржав багийн 1 дүгээр 60 айлын 23 тоотод оршин суух хаягтай боловч одоо Баатархайрхан багийн Тулгын 2-30 айлын 6 тоотод оршин суух, Ховд аймгийн БОЭТ-ийн мэс заслын тасагт эмчийн ажилтай, ял шийтгэлгүй, Хойд яс овогт Бат-Эрдэнийн Сүхнаран  

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:

Шүүгдэгч Б.Сүхнаран нь 2019 оны 03 дугаар сард Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 04 дүгээр гудамж 01 тоотод оршин суух, иргэн Х.Акейгаас 3000000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай буцааж өгнө гээд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж аваад хохирогчид 3000000 төгрөгний хохирол учруулан залилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 04 дүгээр гудамж 01 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 57 настай, эмэгтэй, ард казак, тусгай дунд боловсролтой,  багшийн мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг/  Жантекей овогт Хавдрахманы Акейгийн өгсөн...  Би анх 2016 онд Б.Сүхнаран эмчийг Цамбагарав багаас иргэдийн төлөөлөгчийн хуралд нэр дэвшиж байхад нь танилцсан. Тэрнээс хойш манайхаар орж гараад хоол унд иддэг, сүү авдаг, Наурызын баяраар манайхаар зочилж орж гардаг болсон. Тэгсээр бидний хүүхэд шиг болоод дотно байсан. 2019 оны 03 дугаар сарын эхэнд “ манай ээжийн бие муудаад эмчилгээнд ойрын хугацаанд 3 сая төгрөг хэрэг боллоо”  гээд  3 сая төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлж тус болооч гэсэн. Тэгтэл манай хөгшин Казакстан руу явах гэж байгаа мөнгөний хэрэг болно гээд зөвшөөрөөгүй. Гэтэл дахин хэд хоногийн дараа Б.Сүхнаран манай гэрт өөрөө ирээд “ та нар надад итгэхгүй байгаа юм уу, би амралтын мөнгө буучихаар өгчихнө. Ээжийн бие муудаад байна “ гээд нулимс цийлэгнэж байсан болохоор нь тэтгэвэрийн 10  сарын зээл авч өгье арав хоногоос хэтрүүлэхгүй өгнө шүү, банкны хүү хэцүү гэхэд тэрийг ойлгож байна, таныг гомдоохгүй хүүг төлнө, 10 хоногоос хэтрүүлэхгүй гээд байсан тул  2019 оны 03 сарын 05- ны өдөр  Хаан банкнаас 10 сарын хугацаатай 3 сая төгрөгний зээл авсан.  Тэгээд 03 сарын 13- ны өдөр Б.Сүхнаран манай хөгшин руу залгаад “ яаралтай чухал ажилтай байна эмнэлэг дээр аваад ир”  гэхэд өөрийн нөхрийн хамт эмнэлэгийн 3 давхарт гарч Б.Сүхнарангийн өрөөнд орж уулзаад мөнгөө өгөхөд Б.Сүхнаран нь босож ирээд манай хөгшинтэй  гар бариад “баярлалаа” гэж байсан. Түүнээс хойш 1 сар өнгөрөөд манай хөгшин Б.Сүхнаран луу залгаад” нөгөө мөнгө яасан бэ, арав хоног чинь өнгөрөөд нэг сар боллоо шүү “ гэхэд одоохон удахгүй гэрт чинь аваачаад өгнө гэсэн боловч өгөөгүй. Дахин нэг сар болоод өгөхгүй болохоор нь ажлаар нь очиход  ажлаасаа чөлөө аваад үргэлжлүүлээд амралтаа авсан гэсэн. Тэгэхээр нь гэрээр нь очсон боловч гэр нь цоожтой байсан. Хөршөөс нь асуухад байраа зараад ээжийгээ аваад явсан гэсэн. Тэгэхээр нь дахин эмнэлэг дээр нь ирээд түүний утсыг асуухад шинэ дугаар байгаа гээд 80011546 гэсэн дугаар өгөхөд залгахад утсаа авахаар нь Урангоо мөн үү гэхэд мөн гээд утсаа авсан боловч яах гээд байгаа юм гээд уурласан. Б.Сүхнарантай ярья гэхэд утсаа аваад намайг таниад сайнуу гэхэд нь би “ Сайн юм шиг харагдаж байна уу, 10 сарын тэтгэвэрийг минь  аваад миний бүтэн жилийн амьжиргааг авчихаад байраа зараад эхийгээ аваад явлаа” гээд уурласан. Тэгтэл ойлголоо, мөнгийг чинь өгнө гээд утсаа тасалсан. Тэгснээ дансаа явуулчих гээд мессеж бичихээр нь дансаа явуулсан  боловч мөнгө хийгээгүй. Дахин мөнгө яасан бэ гээд мессеж бичихэд нэг хүн мөнгө хийх ёстой тэгэхээр нь өгнө гэсэн боловч өгөөгүй. Сүүлдээ утас нь холбогдохгүй  болсон тул 2019 оны 05 сарын 22- ны өдөр  цагдаагийн байгууллагад хандсан.   2019 оны 05 сарын 29- ний орой манай хүүхэд рүү 99277185 гэсэн дугаараас нэг эмэгтэй хүн залгаад Хуантхан гэдэг хүний утас мөн үү гэхэд манай хүүхэд та хэн бэ гэхэд Эрдэнэсувд гэдэг хүн байна, Б.Сүхнарангийн зээлж авсан 3 сая төгрөгийг явуулах гэсэн юм дансаа өгчих гэхээр нь  юу ч гэсэн дансаа явуулчихъя гээд явуулсан. Тэр өдрөө манай нөхрийн данс руу 3000000 төгрөгийг Б.Сүхнарангаас гээд хийсэн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 8-9 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Хуантханы гэрчээр өгсөн...  2016 оны сонгуульд Б.Сүхнаранг Цамбагарав багаас иргэдийн төлөөлөгчийн хуралд нэр дэвшсэн үеэс эхлэн танилцсан. Үүнээс хойш манайхаар орж гараад явдаг байсан. 2019 оны 03 сарын эхээр Б.Сүхнаран манайд ирээд “ээжийгээ эмчилгээнд авч явах хэрэг гарсан мөнгөний хэрэг байна гээд 3 сая төгрөгийг зээлээч” гэсэн манай эхнэр зөвшөөрөхгүй явуулсан. Тэгээд дахин нэг хоёр хоноод нэг арга бодооч мөнгө зээлээч гээд байсан бид Казакстан явах гэж байгаа мөнгөний хэрэг байна гээд мөнгө зээлээгүй. Гэтэл Б.Сүхнаран манай гэрт ирээд “та хоёр туслаач, ээжийгээ эмчилгээнд авч явах гэсэн” гээд байсан тул эхнэртэйгээ ярилцаад тэтгэвэрийн зээл авч өгөхөөр болсон. Манай эхнэр ХААН банкнаас 10 сарын хугацаатай тэтгэвэрийн зээл аваад би өөрөө Б.Сүхнарангийн өрөөнд оруулж 3 сая төгрөгийг өгсөн. Тэгтэл 10 хоног болсон боловч мөнгөө өгөөгүй. Сарын дараа мөнгөө өгнө үү гэхэд амралтын мөнгө буухаар өгнө гэхээр нь орхисон. Хэсэг хугацааны дараа утас руу залгахад утсаа авахаа болихоор манай эхнэр ажил дээр нь очсон. Гэтэл Б.Сүхнаранг амралтаа аваад, байраа зараад Улаанбаатар явсан гэсэн тул хамт ажилладаг нэг хүнээс нь утасны дугаар аваад эхнэр нь авч Б.Сүхнарантай ярьсан.  Маргааш нөгөөдөрөөс өгнө гээд утсаа тасалсан.  Мессеж бичээд дансаа явуулчих гэхээр нь явуулсан боловч мөнгөө хийгээгүй. Дахин хүүгийн хамт 3500000 төгрөг өгнө гээд утсаа хаагаад алга болсон. Би түүний ажил дээр очиж өөрийн  биеэр 20000 төгрөгөөр 2 сая төгрөг, 10000 – таар нэг сая төгрөгийг өгсөн. Б.Сүхнаран нь ээжийгээ эмчилгээнд авч явна гээд ярьж байсан авч явсан эсэхийг мэдэхгүй байна. Б.Сүхнаранд гомдолтой байна... гэх мэдүүлэг / хэргийн 10-11 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Тилеубердийн гэрчээр өгсөн... Намайг Баян- Өлгий явсаны дараа манай аав, ээж хоёроос БОЭТ- ийн эмч Б.Сүхнаран нь   10 хоногийн хугацаатай 3 сая төгрөг зээлж байгаач гэж хэлээд  2019 оны 03 сарын 05- ны өдөр тэтгэвэрийн зээл авахуулаад 3000000 төгрөгийг зээлж авсан байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа мөнгийг нь өгөхгүй утсаа унтраагаад алга болсон. Манай ээж ажил дээр нь очсон боловч байраа зараад амралтаа аваад Улаанбаатар явсан байсан. Хамт ажилладаг хүнээс утасны дугаарыг нь аваад ярьсан болоч эхнэр Урангоо нь аваад “яах гээд байгаа юм” гээд уурлахаар нь Б.Сүхнарантай яръя гээд ярьсан чинь мөнгийг чинь өгнө гээд утсаа тасалсан. Мессеж бичээд дансаа явуул гэхээр нь явуулсан боловч  мөнгөө өгөөгүй.  Дахин утсаар холбогдсон боловч  нэг хүн мөнгө хийнэ. Тэгэхээр нь  өгнө гээд утсаа таслаад алга болсон. Дахин холбоо ч  бариагүй... гэх мэдүүлэг / хэргийн 12-13 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Гэрэлсүрэнгийн гэрчээр өгсөн... Би Ховд  аймгийн БОЭТ- ийн хүний нөөцийн менежерийн ажлыг 2019 оны 04 сарын 19- ний өдөр хүлээн авсан. Манай  БОЭТ- ийн мэс заслын тасагт Б.Сүхнаран эмчээр ажилладаг. 2019 оны 04 сарын 18- ны өдрөөс амралтаа аваад үргэлжлүүлээд ээж өвчтэй байна гээд чөлөө авсан. Ажилдаа хэзээ орох нь тодорхойгүй байгаа. Б.Сүхнаранг ажлаас халсан ямар нэгэн тушаал гараагүй байгаа ... гэх мэдүүлэг / хэргийн 16 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Зээхүүгийн гэрчээр өгсөн... Надад манай тасгийн их эмч Б.Сүхнаран нь 2019 оны 03 сарын 10 - ны үед байх өдрөө санахгүй байна ямарч гэсэн ажлын өдөр байсан өрөөндөө байхад орж ирээд “ би ажил ихтэй байна,  та энэ 3000000 төгрөгийг манай эгчийн данс руу хийгээд өгөөч”  гээд эгчийнхээ дансыг өгсөн.  Би бас ажилтай байсан тул мэс заслын тасагт хүн сахиж байсан хүнээр тухайн мөнгийг нь эгчийнх нь дансруу хийлгэхээр гуйгаад явуулсан  хийчихлээ гэж ирсэн ... гэх мэдүүлэг/ хэргийн 17 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Б.Эрдэнэсувдын гэрчээр өгсөн...  манай хадам ах Б.Сүхнаран нь 2019 оны 05 сарын 29-ний өдөр танихгүй дугаараас залгаж орж ирээд “ Чиний данс руу мөнгө орно, орсон мөнгөнөөсөө нэг хүний дугаар өгөөд 3000000 төгрөг шилжүүлээрэй “ гэж хэлсэн. Миний данс руу  4000000 төгрөг орж ирэхээр нь Б.Сүхнаран ахын өгсөн юнителийн дугаар луу залгахад холбогдохгүй байсан. Удалгүй мобигийн дугаараас залгаад “ ямар хүн бэ Хуантхан гэдэг хүний хүүхэд байна“ гэхээр нь Б.Сүхнаран ах мөнгө хий гэсэн, Хуантхан гэдэг хүний дансны дугаар явуул” гэхэд дансны дугаар нь мессежээр ирсэн тул тухайн данс руу Б.Сүхнарангаас гэж бичээд 3000000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний маргааш нь тухайн хүмүүс над руу залгаад Б.Сүхнаран хаана байна гэхэд нь утас нь холбогдохгүй байна өөрсдөө учраа ол гээд утсаа тасалсан ... гэх мэдүүлэг / хэргийн 20-21 дүгээр хуудас/  

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сүхнарангийн хэргээ хүлээн мэдүүлсэн... Манай ээж Б.Энхтуяа нь 2019 оны 02 дугаар сард Япон улс руу элэгний хор хавдараа эмчлүүлэх гэж яваад мөнгөний  хэрэг гарсан тул Ховд сумын хүн эмнэлэгт нярав хийж байсан Хуантхан гэх ахыг хуучин танидаг байсан. Сүүлд Цамбагарав багаас  иргэдийн төлөөлөгчийн хуралд нэр дэвших үед  түүний эхнэр Акей гэдэг хүнийг танидаг болсон. Тэднийхээр байнга орж гараад явдаг болсон. 2019 оны 03 сарын эхээр мөнгөний хэрэг болоод Хуантхан ахын гэрт очоод “мөнгөний хэрэг гараад байна, мөнгө байвал боломжоороо зээлээч”  гэхэд эхнэртэйгээ ярьж байгаад болъё гэсэн. Дахин утсаар мөнгө байвал зээлээч гэсэн, мөн өөрийн биеэр очиж мөнгө байвал мөнгө зээлээч гэхэд бид хоёрт 3 сая төгрөг гарна гэсэн. Хэсэг хугацааны дараа мөнгө бэлдэвүү  гэхэд 3 сая төгрөг бэлдчихлээ гэсэн. Би жижүүртэй байсан тул ажил дээр авчираад өгөөч гэхэд Хуантхан ах манай өрөө рүү орж ирээд 3000000 төгрөгийг өгчихөөд явсан. Би Хуантхан ахаас авсан 3000000 төгрөгийг ээжийнхээ эмчилгээнд зарцуулахаар өөрийн эгч Баяржаргалын данс руу мэс заслын тасгийн сувилагчаар хийлгүүлсэн. Надад Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт нэг өрөө байр байсан түүнийг манай ангийн хүүхэд болох Галбадрахад зарахаар тохирсон боловч тэр залуугийн мөнгө нь бүтэхээ байгаад мөнгийг өгч чадалгүй удсан. Надад мөнгө олдохгүй байсан болохоор утсаа хаагаад алга болчихдог байсан. Би өөрийн 80011546 гэсэн дугаар барьж байсан одоо 88010129 гэсэн дугаар дээрээ байгаа. Би арван хэдэн хүнээс итгэлцлийн үндсэн дээр мөнгө авсан. Энэ хүн л цагдаад хандсан.Эхнэрийнхээ нэрэн дээр зээл авч өгсөн юм билээ.  Мөнгийг нь төлж өгсөн ... гэх мэдүүлэг

Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багт оршин суух,  Жантекей овогт Хавдрахманы Акейгийн  Хаан банкнаас 2019 оны 03 сарын 05 - ны өдөр 3002900 төгрөг авсан тухай тэтгэвэрийн зээлийн 201944359594 дугаартай гэрээний  хуулбар / хэргийн 54 - 55 дугаар хуудас/

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хэргийн 53, 56 дугаар хуудас/  зэрэг болно.  

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж үзэхэд: Шүүгдэгч Б.Сүхнаран нь Э.Хуантхан болон түүний эхнэр Х.Акей нартай 2016 оны сонгуулийн жилээс эхлэн танилцаж, сайн харилцаатай байсан, Э.Хуантханы гэрээр орж гардаг байсан ба 2019 оны 03 сарын эхээр  ээжийгээ эмчлүүлэх мөнгөний хэрэгцээ шаардлага байна гэж иргэн Э.Хуантхан түүний эхнэр Х.Акей нартай уулзаж, улмаар Э.Хуантхан нь өөрийн эхнэр Х.Акейгийн нэрэн дээр  10 сарын хугацаатай тэтгэвэрийн зээлийг авч өгөх, Б.Сүхнаран нь тухайн  мөнгийг 10 хоногийн хугацаанд  буцаан төлөхөөр тохиролцсон боловч  “амралтын мөнгө буугаагүй байна, хүн мөнгө өгөх гэсэн боловч өгөхгүй байна “гэх шалтгаанаар зээлсэн мөнгө хугацаандаа төлөөгүй ба утсаа  авахгүй байсан тул иргэн Х.Акей  нь Б.Сүхнарангийн ажил дээр очиж  утасных нь дугаарыг авч Б.Сүхнарантай холбогдоход  мөнгийг нь өгнө гэсэн боловч  зээлсэн мөнгөө өгөөгүй байна.

Иргэн   Х.Акей нь Ховд аймгийн Цагдаагийн газар 2019 оны 05 сарын 22 - ны өдөр Б.Сүхнаранд холбогдуулан  гомдол гаргаснаар Б.Сүхнаран нь Х.Акейгээс зээлсэн 3000000 төгрөгийг 2019 оны 05 сарын 29- ний өдөр төлсөн  хэргийн үйл баримт, бодит байдал тогтоогдож  байна.

Шүүгдэгч Б.Сүхнаран нь Э.Хуантхан болон түүний эхнэр Х.Акей нартай 2016 оноос сайн харилцаатай байсан ба  “ээжийн бие өвдсөн эмчлүүлэх шаардлагатай” гэж иргэн Х.Акейгаас 3000000 төгрөгийг 10 хоногийн хугацаатайгаар 2019 оны 03 сарын эхээр шилжүүлэн авсан боловч “амралтын мөнгө буухаар өгнө, хүн мөнгө өгөхгүй байна “ гэж удаа дараа хуурч байсан нь хохирогч Х.Акейгийн мэдүүлэг, гэрч Э.Хуантхан, Х.Тилеуберд нарын мэдүүлэгээр  тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Сүхнаран нь иргэн Н.Хуантхан, түүний эхнэр Х.Акей нараас   урьдын сайн харилцаан дээрээ үндэслэн ээжийгээ эмчлүүлэх шаардлагатай  гэж  3000000 төгрөгийг 10 хоногийн дараа өгнө гэж  өөртөө шилжүүлэн авсан  боловч хохирогчийг мөнгөө удаа дараа нэхэхэд нь “ амралтын мөнгөө аваад өгнө, хүнээс мөнгө авна  түүнийгээ авахаар өгнө “  гэх зэргээр тохиролцсон хугацаандаа мөнгөө төлөөгүй ба хохирогчийг удаа дараа мөнгөө  авахыг хүсэхэд нь  зээлсэн мөнгөө өгөөгүй атлаа Цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар мөнгийг нь өгсөн үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан...  урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол...  гэх гэмт хэргийн шинжийг   хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.Сүхнарангийн   үйлдсэн дээрхи гэмт хэрэгт нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Сүхнаран нь  гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.Сүхнаранг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг :

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Акейгийн өгсөн...   Б.Сүхнаран нь 3000000 төгрөгийг төлж өгсөн нэхэмжлэх зүйлгүй ... гэх мэдүүлэг, хэргийн 53 дугаар хуудас мөнгө шилжүүлсэн  банкны хуулгын баримтаар  тогтоогдож байх  тул түүнийг бусдад төлөх 3000000 төгрөгийг төлсөн гэж үзнэ.                            

                            Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Б.Сүхнаран нь  хохирогчид учруулсан хохирол 3000000 төгрөгийг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б. Сүхнаран нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  хэргийн 35 дугаар хуудас дахь  “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Б.Сүхнаран нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  иргэн Х.Акейгийн 3000000 төгрөгийг  шилжүүлэн авсан,  зээлсэн хугацаандаа мөнгөө төлөхгүй хохирогчид удаа дараа мөнгийг нь өгнө гэж залилсан гэмт хэрэг нь нотлогдсон тул шүүгдэгчийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулж, шүүгдэгчид  дөрвөн зуун наян  нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун наян мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, хохирогчид төлөх 3000000 төгрөгийг төлсөн, торгох ял биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Сүхнарангийн 450000 төгрөг бүхий ХААН банкын 5027496772 тоот  дансыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 06 сарын 21- ний  өдрийн 5/70 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  хэвээр үлдээх саналтай гэв. 

Шүүгдэгч Б.Сүхнаран нь өөрөө өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлтдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа.  Тухайн үед ээжийгээ  эмчлүүлэх гарцаагүй шаардлага гараад дотно найз нөхдөөсөө мөнгө зээлсэн. Улаанбаатар хотод байсан байраа зарах гэсэн боловч  авахаар тохирсон хүний мөнгө бүтэхгүйн улмаас мөнгийг  зээлсэн хугацаандаа өгч чадаагүй.  Улсын яллагчийн санал болгосон 480000 төгрөгний торгох ялыг дансан дахь мөнгөөрөө  төлнө. Хохиролын 3000000 төгрөгийг төлсөн гэв. 

Шүүхээс шүүгдэгч Б. Сүхнаранг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлт,  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Сүхнаранг   дөрвөн зуун  наян  нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун  наян  мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Сүхнаранд оногдуулсан 480000 төгрөгний торгох ялыг 3 сарын сарын хугацаанд  хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  тайлбарлав. 

Эрүүгийн 1936001380124 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Б.Сүхнарангийн 450000 төгрөг бүхий ХААН банкны 5027496772 тоот  дансыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 06 сарын 21- ний  өдрийн 5/70 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тус тус  хэвээр хэрэглэх  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хойд яс овогт Бат-Эрдэнийн Сүхнаранг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг  үйлдсэн  гэм  буруутайд  тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Сүхнаранг  дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний  дөрвөн зуун наян мянган төгрөгөөр  торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Сүхнарангаар  480000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй. 

4.Эрүүгийн 1936001380124 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх 3000000 төгрөгийг төлсөн  болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.Сүхнаранд  тайлбарласугай.

6. Шүүгдэгч  Б.Сүхнарангийн 450000 төгрөг бүхий ХААН банкны 5027496772 тоот дансыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 06 сарын 21- ний  өдрийн 5/70 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

7. Шүүгдэгч Б.Сүхнаранд “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА