| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 181/2023/02914/И |
| Дугаар | 210/МА2025/00465 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/00465
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/00023 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *****, *****, *****, *****, *****э нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ***** ХХК-д холбогдох,
нэхэмжлэгч ***** 14,895,552 төгрөг, ***** 18,658,836 төгрөг, ***** 21,492,660 төгрөг, ***** 11,187,540 төгрөг, *****э 28,273,704 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагчийн өмгөөлөгч *****, *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног ажиллаж, 14 хоног амарч байна. Өөрөөр хэлбэл, нэг өдөрт ажиллах ажлын цаг нь 12 цаг байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дах хэсэгт "Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно" гэж хуульчилсан.
Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт "Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно" гэж заасан. Тодруулбал, ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа ***** ХХК-аас дор дурдсан хэмжээгээр илүү цагийн хөлсийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү.
Илүү цагийн хөлсөд хариуцагчаас 14,895,552 төгрөгийг *****т, 11,187,540 төгрөгийг *****од, 21,492,660 төгрөгийг С.*****д, 18,658,836 төгрөгийг *****ад, 28,273,704 төгрөгийг *****эд тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжинд ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байх ба ажил үүрэг гүйцэтгэх 14 хоногт нийт ажлын цаг нь 168 цаг болж байгаа нь тухайн сард ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх үндэслэл болохгүй тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан илүү цагийн хөлс олгогдохгүй болно.
Харин ажилтны тухайн сард ажил үүрэг гүйцэтгэсэн ажлын цаг 168 цагаас илүү гарсан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг ***** ХХК нь хуулийн дагуу олгож байгаа.
Шүүхэд нэхэмжлэл гаргаж буй ажилтны хувьд ажил олгогчийн зүгээс илүү цагийн нэмэгдэл хөлсийг тооцож олгохгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа гэж үзсэн бол ийнхүү үзсэн буюу эрхээ зөрчигдсөнийг хууль хэрэгжиж эхэлсэн буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мэдсэн гэж үзнэ. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дэх хэсэгт заасныг зөрчиж, Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 1 жил 3 сарын дараа Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан байгаа нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***** ХХК-иас 5,293,663 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *****т, 2,203,410 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *****од, 9,213,118 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *****д, 7,300,434 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *****эд, 6,505,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *****ад тус тус олгон, үлдсэн нийт 53,686,746 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *****ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 182,499 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч *****т, нэхэмжлэгч *****ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,205 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч *****од, нэхэмжлэгч *****ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,043 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч *****ад, нэхэмжлэгч ********* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,048 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч *****д, нэхэмжлэгч *****ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,605 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч *****эд тус тус олгон, хариуцагч ***** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 310,532 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 22 дахь талд илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгохоос 1-ийг олгосон гэж үзэж, илүү цагийн хөлсийг 0.5-ийг олгох үндэслэлтэй хэмээн үзье" гэж нэхэмжлэлийн шаардлагын тооцооллыг буруу дүгнэсэн.
Ажилтан 14 хоногт өдөрт 8 цагаар ажиллаад буюу 112 цаг ажиллаад үндсэн цалингаа авах эрх үүссэн байхад, шүүх 168 цаг ажиллаад үндсэн цалин авах эрхтэй мэтээр дүгнэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч нарт олгогдсон байгаа цалин хөлс нь 112 цагт оногдох үндсэн цалингаа авсан учир илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгохоос 1-ийг олгосон гэж үзэх боломжгүй.
Илүү цагийн цалин хөлсний тооцооллыг хариуцагчаас гаргасан нэхэмжлэгч тус бүрийн цалингийн задаргаанаас тооцож гаргасан.
Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч *****, *****, ****, *****, ***** нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаан нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журамтай ба нэхэмжлэгч *****, *****э нарын урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлээгүй асуудлыг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Тооцооллын тухайд анхан шатны шүүх "1-ийг олгосон гэж үзэж илүү цагийн хөлсийг 0.5-ыг олгох үндэслэлтэй гэж үзэв" гэж бодит баримтыг үндэслэн эрх зүйн дүгнэлт өгсөн боловч шийдвэрт бичигдсэн тооцоолол алдаатай болсон. Илүү цагийн тооцоолол нь *****ийн тухайд 2022 оны 09, 10, 11 дүгээр сарын 3,057,314.4 төгрөг, ********* тухайд 2022 оны 09, 10 дугаар сарын 6,164,247.44 төгрөг, * тухайд 2022 оны 10, 11, 12 дугаар сарын 7,097,548.48 төгрөг болохоор байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар нэхэмжлэгч нар нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор ***** ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж гомдол гаргах байсан. Гэтэл нэхэмжлэгч нар нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш 150 хоногийн дараа гомдол гаргасан тул илүү цагийн хөлс гаргуулахаар шаардах эрхгүй буюу хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчийн гаргасан гомдолд өгсөн хариуцагч талын тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгохоос 1-ийг олгосон гэж үзэж, илүү цагийн хөлснөөс 0.5-ийг олгох үндэслэлтэй гэж зөв дүгнэсэн.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй гэжээ.
7. Хариуцагчийн гаргасан гомдолд өгсөн нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
Энэ хэрэгт урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хуульд заагдсанаар хийгдсэн. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд шүүх зөв дүгнэсэн тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Уртын ээлжээр ажиллах хугацаанд илүү цагийн хөлс олгоогүй үндэслэлээр нэхэмжлэгч ***** нь 14,895,552 төгрөг, ***** 18,658,836 төгрөг, нэхэмжлэгч ***** 21,492,660 төгрөг, ***** 11,187,540 төгрөг, *****э 28,273,704 төгрөгийг тус тус гаргуулахаар хариуцагч ***** ХХК-нд холбогдуулан нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь ажилтныг 14 хоног нөхөн амруулсан, илүү цагийн нэмэгдэл хөлс тооцох үндэслэл үүсээгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. Анхан шатны шүүх маргаанд хамаарал бүхий үйл баримтыг зөв тогтоож, уртын ээлжинд ажиллаж буй ажилтанд илүү цагийн нэмэгдэл хөлс олгох талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарласан боловч хөдөлмөрийн эрхийн маргаанд холбогдох хөөн хэлэлцэх хугацааны талаар алдаатай дүгнэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.
3.1. ***** ХХК-нд ***** нь тэсэлгээчин, ***** хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор, ***** ажлын байран дээрх сургалтын сургагч, *****э хөдөлгөөнт хүнд машин механизмын оператор, ***** хүнд машин механизмын операторын ажлын байранд тус тус ажилладаг,
улмаар уртын ээлжээр ажиллах хугацаандаа ***** нь 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сард 276 цаг, ***** 2022 оны 09-10 дугаар сард 112 цаг, *****э 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сард 164 цаг, ***** 2022 оны 09-11 дүгээр сард 168 цаг, ***** 2022 оны 09-10 дугаар сард 112 цаг илүү ажиллажээ.
Энэ үйл баримтыг анхан шатны шүүх тогтоохдоо хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв үнэлсэн.
3.2. Дээрх илүү цагийн нэмэгдэл хөлстэй холбоотой хөдөлмөрийн эрхийн маргааны талаар нэхэмжлэгч нар нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор энэ талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргах ёстой болохыг заасан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь тухайн сарын цалингаа авсан үеэс илүү цагийн хөлсийг тооцож олгоогүйг мэдэх ёстой байсан тул тэдгээрийн 2022 оны 09-11 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлс шаардсан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан гомдол гаргах 90 хоногийн хугацааг хэтрүүлжээ.
Ийнхүү хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Энэ үндэслэлээр нэхэмжлэгч *****, *****, ***** нарын нэхэмжлэлийг бүхэлд нь, нэхэмжлэгч *****, *****э нарын нэхэмжлэлээс 2022 оны 09-11 дүгээр сард холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, үүнд холбогдох хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй.
3.3. Нэхэмжлэгч *****, *****э нарын нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь урьдчилсан шийдвэрлэх журам зөрчсөн гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй.
Учир нь *****, *****э нар анх нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгэсний үндсэн дээр мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар шүүхэд гомдол гаргасан учир нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор дахин урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх ёстой гэж шаардахгүй.
4. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.4 дэх хэсэгт зааснаар 14 хоног үүрэг гүйцэтгэж, 14 хоног амардаг уртын ээлжинд ажиллаж буй ажилтан нь мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар илүү цагийн нэмэгдэл хөлс шаардах эрхтэй гэж үндэслэл бүхий дүгнэжээ.
4.1. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт зааснаар уртын ээлжээр ажиллуулж байгаа тохиолдолд илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгох талаар уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцохоор байна.
Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулахаар заасан боловч энэ нь уртын ээлжээр ажиллаж буй ажилтны илүү цагийн нэмэгдэл хөлс авах эрхийг хязгаарлахгүй юм. Мөн дээрх зохицуулалтаар ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгохоор байна.
Иймээс уртын ээлжээр ажиллах ажилтны амрах хугацаа 14 хоног байгааг илүү цагаар ажилласныг нөхөн амрааж байгаа гэж үзэх үндэслэлгүй буюу уртын ээлжээр ажиллаж буй ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байгаа нь сард ердийн ажлын, өдрийн 8 цагаар ажиллахтай адил, ажлын цагийн нормыг зөрчөөгүй, хэтрээгүй боловч энэ нь уртын ээлжээр ажилласан ажилтны илүү цагаар ажилласан нөхцөл байдлыг үгүйсгэхгүй ба илүү цагийн хувьд хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасан хэм хэмжээгээр нөхөн зохицуулсан гэж дүгнэнэ. Үүнд холбогдох хариуцагч талын гомдол үндэслэлгүй.
4.2. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8 дахь хэсэгт уртын ээлжээр ажиллах ажилтны ажил, амралтын цагийн горим, уртын ээлжээр ажилласны нэмэгдэл зэргийг хамтын гэрээ, салбарын хамтын хэлэлцээрээр тогтооно гэж заасны дагуу илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгохоос 1-ийг олгосон тул анхан шатны шүүх илүү цагийн хөлсийг 0,5-аар тооцоолж олгохоор зөв дүгнэжээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2 дугаар зүйлийн 2.1.3-т заасны дагуу тооцоолоход 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сард аваагүй 112 илүү цагийн нэмэгдэл хөлсөнд нэхэмжлэгч *****т 1 цагийн 38,968.76 төгрөгөөр тооцож 2,182,250 төгрөг, *****эд 1 цагийн 91,856.02 төгрөгөөр тооцож 5,143,937 төгрөг олгохоор байна.
Иймд энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д нийцнэ.
Шийдвэрийн тогтоох хэсэгт маргааныг шүүх шийдвэрлэх үндэслэлд хамааралгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг баримталсныг хасч, мөн нэхэмжлэлийг хангасан хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх эрх зүйн дүгнэлтийг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/00023 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан хариуцагч ***** ХХК-иас 2,182,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *****т, 5,143,937 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *****эд тус тус олгож,
нэхэмжлэгч *****ын 11,187,540 төгрөг, ********* 21,492,660 төгрөг, *****ын 18,658,836 төгрөг, *****ийн 12,713,302 төгрөг, *****ийн 23,129,767 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтад 310,532 гэснийг 132,169 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310,533 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Т.БАДРАХ