Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2016/05323

 

2016 оны 10 сарын 07 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05323

  

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Старс төв, 22 тоот хаягт байрлах “Зууны чавхдас” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих Цогбадхарын Сэлэнгэмөрөн /РД:ШГ79112669/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цогбадрах овогтой Сэлэнгэмөрөн нь “Зууны чавхдас” ХХК-аас 2015 оны 11-р сарын 27-ны өдөр 1511/10 тоот зээлийн гэрээгээр 2.500.000 төгрөгийн унаж явах нөхцөлтэй 2137 УНБ Улсын дугаартай Тоёото Истима маркийн авто машиныг барьцаалуулсан зээл авсан юм. Ц.Сэлэнгэмөрөн нь зээл авснаас хойш юуч төлөлгүй 10 сарын хугацаа өнгөрлөө. Ц.Сэлэнгэмөрөнг оршин суух хаягийн дагуу Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягт оршин суудаггүй болох нь шүүхийн мэдэгдэх хуудас, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогдсон тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гарсан. Иймээс Ц.Сэлэнгэмөрөнг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Хүсэлт гаргагч Б.Ботгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань миний бие хариуцагч нарыг эрэн сурвалжлах шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул миний эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

 

  Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч “Зууны чавхдас” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно гэж заасны дагуу иргэний хэрэг хариуцагчаар оролцвол зохих Ц.Сэлэнгэмөрөнг  эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

   Мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэснээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь Баянгол дүүрэгт оршин суудаг болох нь хорооны тодорхойлолтоор тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 03421 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр “Зууны чавхдас” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Сэлэнгэмөрөнд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан байх бөгөөд Ц.Сэлэнгэмөрөн нь дээрх шүүгчийн захирамжаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь харагдаж байна.

Иймд Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Амралтын 3 дугаар байр 3 тоот хаягт оршин сууж байсан Цогбадрахын Сэлэнгэмөрөн/РД:ШГ79112669/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх заалтыг баримтлан Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Амралтын 3 дугаар байр 3 тоот хаягт оршин сууж байсан Цогбадрахын Сэлэнгэмөрөн/РД:ШГ79112669/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх заалтыг баримтлан Ц.Сэлэнгэмөрөнг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

3. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоосноо нэхэмжлэгч “Зууны чавхдас” ХХК-ийн Захирал Ш.Болормаа /Утас:99040511,98800879/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст уламжилсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж завж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ