| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2019/0116/Э/ |
| Дугаар | 2019/ШЦТ/115 |
| Огноо | 2019-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Ц.Гансүх, түүний өмгөөлөгч Г.Батзаяа, хэлмэрч А.Лхагва-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Наран Олхонод овогт Цэндсүрэнгийн Гансүхэд холбогдох эрүүгийн 1936000000126 дугаартай, 178/2019/0116/Э/ индекстэй хэргийг 2019 оны 07 сарын 04-ний өдөр хүлээн авч 2019 оны 07 сарын 04-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1983 оны 03 сарын 26-ний өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 36 настай, яс үндэс халх, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажил- мал малладаг, ам бүл-4 эцэг, эх эгч нарын хамт Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багт оршин суух, аминдаа 197 орчим толгой малтай өрхийн орлого-500000 төгрөг, ПН83032610 регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Наран олхонууд овогт Цэндсүрэнгийн Гансүх
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/
Шүүгдэгч Ц.Гансүх нь 2019 оны 05 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багийн “Наран” гэх нэртэй газар Б.Нямцогоотой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодож түүний эрүүл мэндэнд хөнгөн хохирол учируулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багт оршин суух,1991 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ПН91102716 тоот регистрийн дугаартай/ Сартуул овогт Баттөмөрийн Нямцогоогийн....... 2019 оны 05 дугаар сарын 29-ний өглөө 08-09 цагийн үед би Чандмань Тахилт багийн нутаг “Наран” гэх нэртэй газарт хонио усанд оруулчихаад усны эхэнд дээр морио услаад зогсож байх үед Чандмань сумын Тахилт багийн иргэн Цэндсүрэнгийн Гансүх гэх залуу доороос улбар шар өнгийн хятад мотоцикльтой ирсэн. Манай усанд орж байсан малыг муухай орилоод уснаас хөөж гаргачихаад миний хажууд ирж зогсоод дохио зангаагаар юм хэлээд байсан. Би тухайн зүйлийг сайн ойлгоогүй. Ц.Гансүх унаж явсан мотоциклоосоо бууж ирээд намайг шууд заамдаад авсан. Тухайн үед би заамдсан гарыг өөрөөсөө салгасан чинь газраас чулуу аваад намайг цохих гэж над руу дайрсан боловч би цохиулаагүй 2 гарыг нь зөрүүлж барьж аваад газар дэгээдэж унагаасан. Дараа нь Ц.Гансүх босож ирээд орилж байгаад гэрлүүгээ яваад нэг их удалгүй төрсөн ах болох Ц.Алтангэрэлийг дагуулаад намайг чиглээд ирэх үед би морио унаад урагшаа гэрийн зүг зугтсан. Гэтэл тухайн 2 хүн яах ийхийн зуургүй намайг гүйцэж ирсэн. Тухайн үед би мориноосоо буугаагүй зогссон. Гэтэл миний унаж явсан халтар морины цулбуур болон миний дээлний баруун талын мөрнөөс зуурч байгаад Гансүх нь гартаа барьсан чулуугаараа миний дагзны ар талд, гарын тохой, бөөр хэсэгт цохисон. Тухайн үед ах Ц.Алтангэрэл нь бид хоёрыг салгаагүй хараад зогсож байсан” гэж мэдүүлээд шүүхийн хэлэлцүүлэгт Толгойн зураг авахуулсан 120000 төгрөг, шинжилгээний албанд төлсөн 8000 төгрөг, эм тарианы үнэ 16500 төгрөгний баримтыг ирүүлж, түүнийг шүүгдэгчээр төлүүлөх хүсэлтэй ... гэжээ. /ХХ-910 хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Баттөмөрийн...... Манай хүү Б.Нямцогоо хонио услах гээд “Наран”-гийн ус руу бог малаа тууж яваад ойролцоогоор хоёр цагийн дараа гэртээ ирсэн. Намайг Ц.Гансүх чулуугаар толгой, тархи хэсэгт цохилоо гэж хэлсэн... гэх мэдүүлэг /ХХ-13-14хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Алтангэрэлийн... Манай дүү Ц.Гансүх ишиг шүүх гэж очсон. Удалгүй хамар амнаас нь цус гоожсон гэрт орж ирээд намайг дугтраад би мотоциклийн ард нь суугаад усны дээд тал руу очих үед Б.Нямцогоо морио унаад зугтсан. Манай дүү Ц.Гансүх хойноос нь хөөгөөд явж байх үед Б.Нямцогоогийн унаж явсан морь нь жалганд ороод . Тэр үед манай дүү Ц.Гансүх нь газраас чулуу аваад шидэх үед Б.Нямцогоогийн нуруунд оносон. Б.Нямцогоо морио унаад зугтсан. Өөр зүйл болоогүй ... гэх мэдүүлэг/ХХ-17-18 хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ... Б.Нямцогоогийн биед гэмтэл тогтоогдлоо Б.Нямцогоогийн биед тархи доргилт толгойн дагзны хэсэгт шархны сорви гэмтэл тогтоогдлоо. Б.Нямцогоогийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Б.Нямцогоогийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Нямцогоогийн биед учирсан гэмтлийн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Б.Нямцогоогийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.Нямцогоогийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой ... гэх 330 дугаартай дүгнэлт /хх-н 26 дугаар хуудас/
Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэцийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаартай ... Ц.Гансүх нь сэтгэцийн хувьд эрүүл, Ц.Гансүх нь үнэн зөв мэдүүлэг өгч чадахгүй /болсон явдлыг өөрөө мэдэж байгаа хэрнээ бусдад ойлгуулж чадахгүй/ Ц.Гансүх нь цаашид дохионы хэл сурах шаардлагатай... гэх дүгнэлт /ХХ-33-34/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Гансүх нь хэлгүй боловч хэлмэрчээр хэлмэрчлүүлэн би Б.Нямцогоогийн толгой, нуруу, бөөр хэсэгт цохисон. Түүний хохирлыг нь төлнө. Би буруутай ... гэх мэдүүлэг
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч Ц.Гансүх нь 2019 оны 05 сарын 29-ны өдөр Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт “Наран” гэх газарт ишиг шүүх ажлаар явж байгаад хонио усалж байсан Б.Нямцогоотой маргалдаж заамдалцаж авсан ба түүнийг нь болиулахад гэрлүүгээ буцаж очин өөрийн ах Ц.Алтангэрэлийг мотоциклийнхоо араар суулган ирж, Б.Нямцогоогийн араас мотоциклоор хөөж, түүний ар шил болон нуруу, бөөр хэсэг газарт чулуугаар цохиж, хөнгөн гэмтэл учруулсан хэргийн бодит байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Гансүх нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.
Шүүгдэгч Ц.Гансүх нь 2019 оны 05 сарын 29-ний өдөр хохирогч Б.Нямцогоотой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар биед нь... тархи доргилт, толгойн дагзны хэсэгт шархны сорви... гэх хөнгөн гэмтэл учруулсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 сарын 11-ний өдрийн 330 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Гансүхийн үйлдсэн дээрхи гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.Гансүхийн хохирогч Б.Нямцогоогийн эрүүл мэндэд ... хувийн таарамжгүй байдлаас зодож тархи доргилт, толгойн дагзны хэсэгт шархны сорви ... гэх хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.Гансүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Дээрхи гэмт хэрэг нь бэлчээрийн маргааны улмаас үйлдэгджээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Нямцогоо нь толгойн зураг авахуулсан 120000 төгрөг, шинжилгээний албанд төлсөн 8000 төгрөг, эм тарианы үнэ 16500 төгрөг нийт 144500 төрөгний баримтыг ирүүлснийг шүүгдэгч Ц.Гансүх нь төлж өгөхөөр хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүглэгч Ц.Гансүхээс 144500 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Нямцогоод олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Гансүх нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 53 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Гансүх нь хэлгүй, дүлий боловч Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэцийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаартай Ц.Гансүх нь сэтгэцийн хувьд эрүүл Ц.Гансүх нь үнэн зөв мэдүүлэг өгч чадахгүй /болсон явдыг өөрөө мэдэж байгаа хэрнээ бусдад ойлгуулж чадахгүй/ Ц.Гансүх нь цаашид дохионы хэл сурах шаардлагатай... гэх дүгнэлтээр хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан... гэмт хэрэгт гэм буруутайд тооцож хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Ц.Гансүх нь хонио услах гэж ирээд хохирогч Б.Нямцогоотой барьцалдан авах үед нь өөрөөс салгаж явуулахад мотоциклоо унан гэрлүүгээ явж, өөрийн ах Ц.Алтангэрэлийг мотоциклоороо сундлан авчирч, хохирогч Б.Нямцогоогийн араас хөөж очин, толгойн ар дагз хэсэг, нуруу, бөөр хэсэгт чулуугаар цохиж хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч нь хэлгүй, дүлий боловч хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт гарсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлтийг өмгөөлөгчийн хамт гаргасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж байна.
Шүүгдэгч Ц.Гансүхийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн талаар баримт ирүүлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй зэргийг дурдаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Ц.Гансүх нь хэлгүй дүлийн улмаас харилцахад хүндрэлтэй байна. Прокурорын шатанд өмгөөлөгчийн хамт гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлцүүлэх хүсэлт гаргасан байна. Ар гэрийнхний хүсэлтийн дагуу өмгөөлөгчөөр оролцож байна. Түүний үйлдсэн хэрэг нь нотлогдсон гэм буруу байх тул улсын яллагчийн санал болгосон 450000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэв.
Шүүхээс шүүгдэгч Ц.Гансүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт зэргийг харгалзан, улсын яллагчийн санал болгосон торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Гансүх дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Гансүхэд оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг 6 сарын хугацаанд төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлав.
Эрүүгийн 1836000000126 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Гансүх нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 35.5-1, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Наран олхонод овогт Цэндсүрэнгийн Гансүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Наран олхонод овогт Цэндсүрэнгийн Гансүхэд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Шүүгдэгч Наран олхонод овогт Цэндсүрэнгийн Гансүх оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгний торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн 1836000000126 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Гансүх нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.Гансүхээс 144500 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Нямцогоод олгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ц.Гансүхэд тайлбарласугай
7. Шүүгдэгч Гансүхэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА