Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/00482

 

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/00769 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *****-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *****-д холбогдох,

даатгалын нөхөн төлбөр 438,058,076 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *****, *****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, хариуцагчийн өмгөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

***** нь ***** ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулан САТ6030 маркийн ***** улсын дугаартай экскаваторыг ***** ХХК-ийн төслийн талбайд ажиллуулахаар түрээсэлсэн. Ингэхдээ ***** ХХК-ийн *****-тай 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дээрх экскаваторыг даатгуулсан гэрээний шаардах эрхийг ***** шилжүүлэн авсан.

2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ***** улсын дугаартай САТ6030 загварын экскаватор нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь ***** ХХК-ийн төслийн ил уурхайн хүдрийн овоолгын талбайд байрлах овор хэмжээ ихтэй хүдрийн чулуулаг биетийг ялгах ажлыг гүйцэтгэх явцад экскаваторын явах ангийг хөдөлгөгч мотор хэсэг овор ихтэй чулуунд цохигдон эвдрэл үүсэж гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсон.

Энэхүү нөхцөл байдал нь даатгалын гэрээний 11.1, 11.5-т заасан ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн эрсдэлд бүрэн хамаарч байх тул даатгалын нөхөн төлбөр авах хүсэлт, ослын судалгааны тайлан, наряд зааварчилгааны хуудас, холбогдох бусад бичиг баримтуудаар баталгаажуулан 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ***** руу хүргүүлсэн.

*****-ийн зүгээс 2024 оны 02 дугаар сарын 27, 04 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгээр нөхөн төлбөрийг даатгуулагч гэрээний 4.2.4, 4.2.15-т заасныг зөрчсөн гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгох боломжгүй хэмээн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Ослын судалгааны тайлангаар холбогдох хууль дүрмийг зөрчиж тухайн техникийг зориулалтын бусаар ашигласан буруутай субъект нь ***** ХХК болох нь тогтоогдож байх тул даатгалын гэрээний 11.5-т Гуравдагч этгээдийн санамсаргүй үйлдлээс үүдэлтэй эрсдэл гэх заалтын дагуу манай компанийн техникт учирсан хохирол төлбөрийг төлөх үүрэгтэй.

Иймд, даатгалын нөхөн төлбөрт 438,058,076 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 5.4.1-т заасны дагуу талууд харилцан тохиролцож *****-аар шинжээчийн дүгнэлт гаргуулсан.

Шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгч нь Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм-ийн 133 дахь хэсэгт Экскаваторын ажиллах догол, мөргөцөг, овоолгын талбай нь тэгшлэгдэн засагдсан байхаас гадна тэдгээрийн техникийн баримт бичигт зааснаас илүүгүй налуутай байна. Мөн Аюулгүй ажиллагааны дүрэм болон журамд тусгагдаагүй ажил үүрэг өгөгдсөн гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн.

Дээрх баримтуудаас дүгнэхэд ***** улсын дугаартай САТ6030 экскаваторыг батлагдсан журам бичиг байхгүй, ажлын аргачлалд бүрэн тусгагдаагүй ажил үүрэг гүйцэтгүүлж байх үед буюу зориулалтын бусаар ашигласан, уул уурхайн салбарын хэмжээнд заавал мөрдөж ажиллахаар батлагдсан Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм-ийг баримталж ажиллаагүйн улмаас техникт хохирол учирсан болох нь тогтоогдсон тул гэрээний дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Иймд, даатгуулагчтай байгуулсан гэрээний 4.2.4, 4.2.15, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.3, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1-д зааснаар хариуцагч *****-д холбогдох 438,058,076 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *****-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,348,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгчийн зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох тухай хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн.

Мөн нэхэмжлэлээ дэмжих, нотлох баримт бүрдүүлэх зорилгоор төслийн үйл ажиллагаа хариуцсан менежер ***** гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. Гэтэл шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байсан гэрчийг асуухаас татгалзаж нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн.

4.2. Хариуцагчийн дүгнэлт гаргуулсан ***** нь хуульд заасан журмын дагуу дүгнэлт гаргахаар томилогдоогүй, эрх бүхий байгууллага биш, дүгнэлт нь хүлээн зөвшөөрөгдөхүйц биш. Түүнчлэн уг дүгнэлт гаргасан ***** нь техник байрлах, осол болсон газарт очиж үзээгүй, холбогдсон ажилтан, гэрчүүдээс тайлбар, мэдүүлэг авахгүйгээр хэт нэг талыг барьж, манай компанийн төлөөлөгчдийг оролцуулахгүйгээр дүгнэлт гаргасан. Иймд, шүүхээс тус дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу.

4.3. Экскаваторт учирсан хохирлын үнэлгээг нотолж чадаагүй гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, CATERPILLAR6030 маркийн ***** улсын дугаартай техникт учирсан хохирлын үнэлгээг Caterpillar компанийн албан ёсны төлөөлөгч Барло ворлд монголиа ХХК-иас гаргуулан авч нотлох баримтаар хэрэгт өгсөн.

Тус байгууллагын гаргасан үнэлгээгээр нийт 438,058,076 төгрөгийн хохирол гарсан үүнтэй хариуцагч маргаагүй.

Иймд, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй. Гэрч асуулгах хүсэлт нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байсан. Хохирлын баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй учир үнэлэхгүй боломжгүй юм.

Гэрээнд зааснаар талууд тохиролцоод *****-иар дүгнэлт гаргуулсан ба уг дүгнэлтийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй. Даатгалын нөхөн төлбөр өгөх нөхцөл бүрдээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.

Иймд, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ***** ХХК нь *****-нд холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 438,058,076 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрээнд зааснаар нөхөн төлбөр олгох үндэслэл бүрдээгүй гэж эс зөвшөөрч маргасан.

 

3. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн өмгөөлүүлэх эрхийг хангаагүй, нотлох баримт бүрдүүлэх талаарх хүсэлтийг үндэслэлгүй хангахгүй орхиж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх үндэслэлд хамаарч байна.

 

3.1. Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасан байхад шүүхээс өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд ирээгүй гэж хүсэлтийг хангахгүй орхисон нь үндэслэлгүй болжээ.

Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч тал нь өмгөөлөгчтэй оролцоогүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх ойлголт байхгүй юм.

Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн, энэ хугацаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал боловч энэ талаар анх удаа хүсэлт гаргаж байхад нь хүлээн авч хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох зөрчилд хамаарна.

 

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох үүргийг хүлээдэг. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн бүрдүүлэх боломжгүй нотлох баримтыг шүүх бүрдүүлнэ.

Энэ хүрээнд нэхэмжлэгч нь гэрчээр * мэдүүлэн авхуулах хүсэлт гаргасан байх ба үүнийг анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгээр даатгалын тохиолдол мөн эсэх, хэрэв мөн бол учирсан хохирлын хэмжээг тогтоох боломжгүй гэж хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж заасан тул шүүхээс гэрчээс мэдүүлэг авах нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эсэхэд дүгнэлт өгөх ёстой.

Гэтэл анхан шатны шүүх * мэдүүлэг авах нь хэрэгт ач холбогдол бүхий эсэхэд дүгнэлт өгөхгүйгээр гэрчийн мэдүүлэг даатгалын тохиолдол мөн эсэх, хэрэв мөн бол учирсан хохирлын хэмжээг тогтоох боломжгүй гэж алдаатай эрх зүйн дүгнэлт өгчээ.

 

3.3. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон *****-ийн даатгалын тохиолдлын талаарх дүгнэлтэд он, сар, өдөр бичигдээгүйгээс уг дүгнэлт хэзээ гарсан болох нь тодорхойгүй, үүнээс шалтгаалж дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэх боломжгүй байна.

 

4. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй учир маргаанд материаллаг эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/00769 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,348,240 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ