| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/02025/И |
| Дугаар | 210/МА2025/00259 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/00259
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******-ийн нэхэмжлэлтэй,
*******-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 121,824,351 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь *******-д 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 1 тонн нь 1,900 ам.доллар буюу нийт 34 тонн полипропилен, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1 тонн нь 1,800 ам.доллар буюу нийт 17 тонн полипропиленг тус тус нийлүүлсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нийт 95,200 ам.долларын үнийн дүн бүхий 51 тонн полипропиленг хариуцагчид нийлүүлсэн.
1.2. ******* нь 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 30,600 ам.доллар, 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 15,300 ам.доллар, 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 3,000 ам.доллар, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 5,000 ам.доллар, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 3,300 ам.доллар, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 1,500 ам.доллар, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1,500 ам.долларыг тус тус төлж, өнөөдрийн байдлаар 35,000 ам.долларын үлдэгдэлтэй байна.
1.3. Ийнхүү ******* нь удаан хугацаанд барааны төлбөрийн үлдэгдэлтэй байсан тул нэхэмжлэгчээс төлбөр төлөхийг удаа дараа шаардсан. 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ******* нь үлдэгдэл төлбөр болох 35,000 ам.долларыг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 11,670 ам.доллар, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 11,670 ам.доллар, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 11,660 ам.долларыг тус тус төлөх, хэрэв төлөөгүй тохиолдолд сар бүр 1,25 хувийн торгууль төлөхөө илэрхийлж, тухайн албан бичгийг нэхэмжлэгчид гаргаж өгсөн. ******* нь төлбөр төлөх албан бичигт заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд хариуцагч *******-аас барааны үлдэгдэл төлбөр болох 35,000 ам.доллар буюу 118,181,000 төгрөг, торгууль 1,079 ам.доллар буюу 3,643,351 төгрөг, нийт 121,824,351 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь *******-аас 2015 онд нийт 51 тонн полипропилен зээлээр худалдан авсан. 2015-2021 оны хооронд нийт 60,200 ам.доллар, 35,000 ам.долларын өр төлбөр үлдсэн.
2.2. Нэг удаагийн тариурын улсаас зарлаж буй тендерийн босго үнэ бага байдаг. Манай компани тендерт оролцох эдийн засгийн үзүүлэлтийн шаардлага хангаагүйн улмаас өөр компаниар дамжуулж тендерийн борлуулалт хийдэг алдагдалтай ажилладаг. Үүнээс үүдэн эргэлтийн хөрөнгийн дутагдалд орж нийгмийн даатгалын шимтгэл болон татварын өр төлбөрөө төлж чадаагүй. Улмаар 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс 339,122,802.59 төгрөгийн татварын өр төлбөрийн дүнгээр манай компанийн харилцах дансны зарлагын гүйлгээг хаасан. Өнөөдрийн байдлаар татварын өр төлбөр төлөгдөөгүй тул харилцах данс битүүмжтэй хэвээр байгаа. Дээрх шалтгааны улмаас *******-д төлөх төлбөр болох 35,000 ам.долларыг төлж чадаагүй байгаа.
2.3. Сар бүр 1,25 хувийн торгуулийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээнд торгууль, алданги төлөх талаар тусгаагүй. Мөн тухайн үеийн гүйцэтгэх захирал хувьцаа эзэмшигчийн нэрийг хуурамчаар ашиглаж *******-д 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 080 тоот албан тоот явуулсан. д ийм эрх хэмжээ олгогдоогүй байсан тул дээрх үйлдэлтэй холбоотой 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 110 тоот тушаалаар ажлаас халсан. Дээрх нөхцөл байдлын улмаас 35,000 ам.доллар өр төлбөрийг төлж барагдуулахад хүндрэлтэй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан 118,181,000 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,643,351 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар -аас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 767,071 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 748,855 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч -д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Тус хэргийн шүүх хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн байна. Миний бие тус хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд тус өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилдаа болон шүүх хуралд оролцож чадаагүй. Иймээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй талаарх хүсэлтээ баримтын хамт шүүхэд хүргүүлсэн. Гэтэл шүүхээс хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарлаж эзгүйд шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагчийн өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтдээ шаардлага хангаагүй нотлох баримтыг хавсаргасан. Тухайн нотлох баримт нь шүдний эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа эсэх нь хүсэлтэд хавсаргасан баримтаар тогтоогдоогүй. Мөн тухайн нотлох баримтад эрх бүхий албан тушаалтны тамга дарагдаагүй гэх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасны дагуу хэргийн оролцогч шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаагүй гэж үзэх боломжгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 121,824,351 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 35,000 ам.доллар буюу 118,181,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, талуудын гэрээнд торгууль, алданги төлөх заалт байхгүй гэж тайлбарлан, эс зөвшөөрч маргажээ.
3. Худалдагч ******* нь 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 34 тонн полипропилен, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 17 тонн полипропилен *******-д нийлүүлэх, худалдан авагч ******* нь нийт 95,200 ам.доллар төлөхөөр харилцан тохиролцсон байна./хх-ийн 24-25, 26-27/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.
5. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 1 тонн нь 1,900 ам.долларын үнэтэй 34 тонн полипропиленыг, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1 тонн нь 1,800 ам.долларын үнэтэй 17 тонн полипропиленыг тус тус нийлүүлсэн байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 51 тонн полипропилены үнэ /64.600 ам.доллар+30.600 ам.доллар/ 95.200 ам.доллар төлөхөөс 60.200 ам.доллар төлсөн, 35.000 ам.долларыг төлөөгүй үйл баримт хэргийн баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон.
6. Нэхэмжлэгч ******* нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, хариуцагч *******-д барааг шилжүүлэн өгсөн тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч *******-аас үүргийн гүйцэтгэл буюу полипропилены үнэ болох мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхтэй.
6.1. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 208.2 дахь хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхээр заасан бөгөөд хэрэв үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсан даруй үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхээр заажээ. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ...хариуцагч нь 2015 онд 30,600 ам.доллар, 15,300 ам.доллар, 2017 онд 3,000 ам.доллар, 2021 онд 5,000 ам.доллар, 3,300 ам.доллар, 1,500 ам.доллар, 1,500 ам.долларыг тус тус төлсөн, үлдэгдэл төлбөр болох 35,000 ам.доллар гэж АНУ-ын мөнгөн тэмдэгтээр тодорхойлж, тухайн шаардлага гаргасан 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн валютын ханш 3,376.60 төгрөгт шилжүүлэн 118,181,000 төгрөгийг шаардсан нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт заасан мөнгөн төлбөрийн үүргийг шаардаж үүрэг үүсэх үеийн ханшаар нэхэмжлэгч шаардлагаа тодорхойлсон нь үндэслэлтэй байна.
6.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргасан үүрэг үүсэх үеийн ханшийг тухайн валютын үнэ цэнээр тодорхойлон хариуцагч *******-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 118,181,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн торгууль 1079 ам.доллар буюу 3,643,351 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн холбогдох шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн торгуулийг алданги гэж шүүхийн шийдвэрт буруу бичиж, хуулийг буруу тайлбарласан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ. гэж заасан. Шүүх торгуультай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо алдангид хамаарах хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 гэснийг 232.5 гэж өөрчлөлт оруулна.
Мөн анхан шатны шүүх шийдвэрт нэхэмжлэлийн үнийн дүнгийн хооронд цэг тавьсан байгааг таслал болгон өөрчилнө.
8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байна.
8.1. Үүнд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШЗ2024/22154 дүгээр захирамжаар хариуцагчийн өмгөөлөгч ын шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байх бөгөөд анхан шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуралдааныг товлон зарласан байна./хх-82, 83/
8.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, түүнийг нотлох эмнэлгийн магадлагааг шүүхэд хүргүүлсэн байхад хүсэлтийг хангахгүй орхиж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх гомдол гаргасан. Хэргийн оролцогч нь шүүх хуралдаанд бэлтгэх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт нь баримтаар нотлогдохгүй байх тул шүүх түүний хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хүсэлтийг шийдвэрлэснийг буруутгахгүй. Анхан шатны шүүх хариуцагч талын шүүх хуралдаанд оролцох эрхээр нь хангаж шийдвэрлэж байсан байх ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/04682 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...232.3 гэснийг 232.5 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 748,855 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ