Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 146/ШШ2016/00273

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 1 дүгээр баг, “Төмөрт” гэх газар оршин суух Цорос овогтой Цэвэлсодномын Дуламсүрэнгийн /РД:ЙБ66051704/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулангоо оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Дуламсүрэн  нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Ц.Дуламсүрэн миний бие нь 1985 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэний улмаас ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд 1985 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсаныг тогтоож өгнө үү... Миний бие нь Бат-Өлзий суманд оршин суудаг олон дахин явж чадахгүй тул намайг эзгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Дуламсүрэн нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Ц.Дуламсүрэн нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 234 дугаартай, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 510 дугаартай архивын лавлагааны хуулбарууд, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1991 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Батзам” нэгдлийн бүх гишүүдийн хурлын протколын хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Рэнчиннямбуу овогтой Гимнайгийн Дондогсэрчин нь “...Би 1976 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлийн бригадийн дарга байсан. Ц.Дуламсүрэн 1985 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Ц.Дуламсүрэн хонь маллаж байсан. Ц.Дуламсүрэн нь 1992 оны 06 сар хүртэл  ажиллаж байсан. Би тухайн үеийн бриагдын дарга байсан тул би сайн мэднэ...” гэж, мөн Дархан овогтой Баярмөнхийн Жаргалрэн “...Би 1980 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Ц.Дуламсүрэн 1985 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Ц.Дуламсүрэн хонь маллаж байсан. Ц.Дуламсүрэн нь 1992 оны 06 сар хүртэл  ажиллаж байсан. Бид 2 нэг дор ажиллаж байсан тул  би сайн мэднэ...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ц.Дуламсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Мөн хүсэлт гаргагч Ц.Дуламсүрэн нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                               

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цорос овогтой Цэвэлсодномын Дуламсүрэнг 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Дуламсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

               

                                                       ДАРГАЛАГЧ                                    Б.САРАНТУЯА