| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2019/0445/Э |
| Дугаар | 468 |
| Огноо | 2019-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 468
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Ц.Хулан, шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Жөөмөн овогт Д. Бад холбогдох эрүүгийн “1911011190589” дугаартай, 186/2019/0445/Э индекстэй хэргийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Цагаанчулуунт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо, Жаргалантын 1-00126 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Жөөмөн овогт Д. Б /РД:ИС79031911/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Д.Бнь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 06-ны орой Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 1 дүгээр гудамжы 0012-Б тоотод иргэн Б.Нацагдоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт шарх, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Д.Бнь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Нацагдоржийн:..19 цагийн үед сэрээд Бадрахын гэрт ороход Бадрах болон түүний эхнэр Содоо манай эхнэр Нарантуяа нар пиво уугаад сууж байсан юм тэгэхээр нь би яасан их пиво уудаг.юм бэ гэж хэлсэн. Би эхнэрээ дүү нартайгаа битгий архи ууж бай гэж хэлэхэд Нарантуяа би хэнтэй архи уухаа өөрөө мэднэ чамд ямар хамаатай юм бэ гээд хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байхаар нь эхнэрээ чи дуугүй бай гэж хэлсэн чинь эхнэрийн дүү Бадрах босч ирээд намайг заамдаад аваад, түлхэсэн. Тэгэхээр нь би хоймор орчимд байдаг мөлхөө тавилгын ирмэгийг зүүн хөмсөгөөрөө мөргөөд унасан. Би ямар нэгэн эд зүйл барих юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар Бадрахыг алнаа гэж дайраагүй. Тухай үед би болон Бадрах согтуу байсан болохоор маргалдаад намайг заамдаж аваад түлхсэн. Эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. /хх-н 8-11/,
2.2.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4487 тоот актын:
1.Б.Нацагдоржийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Ханхүү гэх дүгнэлт. /хх-н 20/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Улсын яллагч хавтаст хэргээс:.. 20 дугаар хуудас шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 106-ны өдрийн 4487 дугаартай дүгнэлт, хохирогч Б.Нацагдоржийн мэдүүлэг, 26-27 дугаар хуудас яллагдагч Д.Бадрахын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Д.Бнь архи ,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 06-ны орой Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 1 дүгээр гудамжы 0012б тоотод иргэн Б.Нацагдоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт шарх, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, Б.Нацагдоржийн мэдүүлэг,шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогч Д.Цагаанхүүхэн нь санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Бнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллгааны явцад нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, бид нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Бадрахыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Жөөмөн овогт Д.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Бадрахыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Бадрахад оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Бнь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бурьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ