Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/00499

 

 

 

 

 

******* хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/01319 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: ***** хүсэлттэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарын агуулга:

***** нь 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн харьяа үйлдвэрт өрөгчөөр ажиллаж байсан бөгөөд 1983 оны 06 дугаар сарын 26-ны өдөр цэргийн жинхэнэ албанд татагдсан.

1983-1986 онд цэргийн жинхэнэ алба хаасан. 1986 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс Авто засварын үйлдвэрийн нэгдэлд прессийн хэсэгт ачигчаар ажиллаж 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус ажлаас чөлөөлөгдсөн.

1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Техник туслалцааны барилга трестэд угсрагчаар ажилд орсон. 1994 онд Техник туслалцааны барилга трест нь нэр, хэлбэрээ өөрчилж ***** ХХК болсон ба 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн.

Харин 2001 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд ***** ХХК-д ажилласан боловч энэ талаарх мэдээлэл эрх бүхий байгууллагуудаас гарах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Иймд Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестэд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл, Авто засварын үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа авто чиргүүлийн үйлдвэрт 1986 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестэд 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ***** ХХК-д 2001 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл тус тус ажилласан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан ***** Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн харьяа үйлдвэрт 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 11 сар 26 хоног өрөгчөөр, Авто засварын үйлдвэрийн нэгдэлд прессийн хэсэгт 1986 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 1 жил 16 хоног ачигчаар, Техник туслалцааны барилга трестэд 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 4 жил угсрагчаар нийт 6 жил 15 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл, 2001 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

***** нь 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугааp сарын 31-ний өдрийг хүртэл Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн харьяа үйлдвэрт угсрагчаар, мөн ***** ХХК-д 2001 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл ажилласан болохыг тухайн үед ажиллаж байсан нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, мөн тус цаг хугацаанд хамт ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлэг зэргийг шүүх үнэлж шийдвэрлээгүй.

Мөн Нийслэлийн архивын газар, Архивын ерөнхий газар, ажиллаж байсан байгууллага зэргээс ажилд томилсон, чөлөөлсөнтэй холбоотой баримт гарах боломжгүй талаарх лавлагаа хэрэгт авагдсан.

Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан талаарх бүрэн бичилт байдаг боловч ажилд орсон, гарсан тушаал зэрэг баримт байхгүйн улмаас шүүхэд хандан ажилласан байдлаа тогтоолгохоор хандаж байхад шүүхээс нэхэмжлэгчээс уг байдлаа нотлох баримт гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахаас татгалзан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Хүсэлт гаргагч ***** нь Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн харьяа үйлдвэрт 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл өрөгчөөр, Авто засварын үйлдвэрийн нэгдэлд прессийн хэсэгт 1986 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ачигчаар, Техник туслалцааны барилга трестэд 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл угсрагчаар, ***** ХХК-д 2001 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

 

3. Хүсэлт гаргагч нь Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн харьяа үйлдвэрт 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл, Авто засварын үйлдвэрийн нэгдэлд прессийн хэсэгт 1986 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, Техник туслалцааны барилга трестэд 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, холбогдох хүсэлтийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д нийцжээ.

 

4. Харин хүсэлтээс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2001 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв үнэлж, үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгсөн байна.

 

4.1. Тодруулбал, хүсэлт гаргагч ***** Техник туслалцааны барилга трестийн даргын 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 147 дугаар тушаалаар Герман Улсад ажиллах болсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна. Үүнээс хойших хугацаанд хүсэлт гаргагч нь Техник туслалцааны барилга трест, мөн уг байгууллагыг хувьчлагдсаны дараа үйл ажиллагаа явуулсан * ХХК, ***** ХХК-нд үргэлжлүүлэн 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл хугацаанд ажилласан талаарх баримт хэрэгт авагдаагүй.

Хүсэлтийн энэ хэсэгт холбогдох үйл баримтын талаар гэрч * мэдүүлээгүй, гэрч * дээрх хугацаанд хүсэлт гаргагчийг ажилласан гэж мэдүүлсэн боловч энэхүү мэдүүлэг нь бичгийн бусад баримтаар харилцан уялдаа бүхий байдлаар тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй.

Иймд Техник туслалцааны барилга трест нь нэр, хэлбэрээ өөрчилж *, ***** ХХК болсон боловч дээрх 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 147 тушаалаар ажлаас чөлөөлсөн шийдвэр гарснаас хойш дахин ажилд томилсон тушаал байхгүй, энэ талаар ямар нэгэн бичгийн баримтыг хүсэлт гаргагч заагаагүй үндэслэлээр анхан шатны шүүх холбогдох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д нийцэж байна.

 

4.2. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23, 24, 37-38, 42 дугаар зүйлд зааснаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэхтэй холбоотой асуудлыг Нийгмийн даатгалын байгууллага шийдвэрлэх эрх хэмжээтэй тул 2001 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй.

Учир нь 1994 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Нийгмийн даатгалын хууль батлагдсанаар Монгол Улс нийгмийн даатгалын шимтгэлийн тогтолцоонд шилжиж 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших ажиллаж байсан байдлыг зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бүртгэлээр тооцдог болсон билээ.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар Нийгмийн даатгалын байгууллагаар уг асуудлыг шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдоогүй.

4.3. Уг хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэж буйтай холбогдуулан анхан шатны шүүхийг өөрийн санаачилгаар нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/01319 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Т.БАДРАХ