| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/1078/э |
| Дугаар | 1106 |
| Огноо | 2019-07-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 1106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Нямсүрэн
улсын яллагч: Э.Намуун
шүүгдэгчийн өмгөөлөгч: Ш.Бадмаараг
шүүгдэгч: А.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт А М холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806083251470 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт А М, 19 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
А.М нь 2018 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 01.00 цагийн үед Баянзүрх дүүргийн тоотод иргэн Б.М гэрээс Ай фоне 6, самсунг Жи-7 загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 441.000 төгрөгийн хохирол
учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүгдэгч А.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах М гэрт Булганаа гэх найзын хамт очсон. Бид гурав пиво хувааж уусан. Дараа нь М гараад караоке орж мөн нэг шил архи авч уусан. Караокенээс гараад явж байхад Мөнхтуяа ганц нэг шил пиво авчихаач гэсэн. Тэр үед манай эхнэр миний данс руу 20.000 төгрөг шилжүүлсэн байсан. Түүнийг аваад пиво авсан. М байхад гэрэл нь асахгүй байсан асаах гээд оролдсон боловч болоогүй гэтэл М утасныхаа гэрлийг асаагаад ширээн дээр тавьчихий гэсэн. Би пивоноос ууж байгаад гэрлүүгээ 01.40 цагийн орчимд харихаар гарсан. Ширээн дээр нэг л гар утас байсан. Хоёр утас байсныг би хараагүй. Би шууд гараад явсан. Намайг гарахад тэднийд М, дүү нь, М нар үлдсэн гэжээ. /хх-ийн 23/
Хохирогч Б,М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө 01.00 цагийн орчимд намайг дүү Э гэртээ байж байхад найз М нэг эрэгтэй найзтайгаа пиво авч орж ирсэн. Бид нар пиво уугаад сууж байтал орц руу согтуу хүн орлоо гэхээр нь гарсан. Манай дүү шалан дээр асгарсан пивыг арчих гээд алчуур авах гээд гарсан хойгуур М бид хоёрын утсыг аваад зугтаасан гэжээ. /хх-н 9-12/
Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын үеэр байх өдрийг нь санахгүй байна. Манай эгч М найз гээд 2 эрэгтэй орж ирсэн. Тухайн үед тог тасарчихсан байсан. Ирсэн 2 залуу нь согтуу байсан. Тэгээд бид нар пивоо ууцгаасан. 2 гар утасныхаа гэрлийг асаачихсан байсан юм. Би 00 орчихоод буцаад иртэл өрөө гэрэлгүй байсан. Намайг 00 орох гээд бостол хоёр залуугийн нэг болох М нь гараад явсан юм. Тэгээд би нөгөө ахын араас гартал байхгүй байсан. Би хохирлоо барагдуулж авсан гэжээ. /хх-н 13-16/
Гэрч Ч.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед Б, М, М, М найз хүүхэн нарын хамт 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи хувааж уусан. Тэгээд 23.00 цагийн орчимд гарсан. Гэрлүүгээ явах гэж байтал М дэлгүүрээс пиво аваад ууя гэсэн. Тэгээд М гэрт очиж уусан. М ууж байгаад яваад өгсөн. Би унтаад үлдсэн. Намайг унтаж байхад Мөөгийгийн дүү дуудаад хөөе босоорой найз чинь утас аваад явчихлаа гээд байсан. Тэгээд би М араас явсан. Би түүнийг хайгаад олоогүй гэжээ. /хх-н 18-20/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол/ хх-н 35/
Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээгээр хоёр утсыг нийт 441.000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-н 32-34/
Эд зүйл баримт, бичиг, гомдол,мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 42/ 441.000 төгрөгийг Б.Эрдэнэтуяад өгсөн байна.
А.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39,41/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 36 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 40/
А.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 51-52/
А.М Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 45/, прокурорын тогтоол /хх-н 46/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 49-50/ зэрэг болно.
А.М нь 2018 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 01.00 цагийн үед Баянзүрх дүүргийн тоотод иргэн Б.М гэрээс Ай фоне 6, Самсунг Жи-7 загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 441.000 төгрөгийн хохирол
учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд хохирогч Б,М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Манай дүү шалан дээр асгарсан пивыг арчих гээд алчуур авах гээд гарсан хойгуур Мөөгий бид хоёрын утсыг аваад зугтаасан байсан гэсэн мэдүүлэг /хх-н 9-12/
Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... бид нар пивоо ууцгаасан. 2 гар утасныхаа гэрлийг асаачихсан байсан юм. Би 00 орчихоод буцаад иртэл өрөө гэрэлгүй байсан. Намайг 00 орох гээд бостол хоёр залуугийн нэг болох М нь гараад явсан юм. Тэгээд би нөгөө ахын араас гартал байхгүй байсан. Би хохирлоо барагдуулж авсан гэсэн мэдүүлэг /хх-н 13-16/
Гэрч Ч.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Намайг унтаж байхад М дүү дуудаад хөөе босоорой найз чинь утас аваад явчихлаа гээд байсан. Тэгээд би М араас явсан. Би түүнийг хайгаад олоогүй гэсэн мэдүүлэг /хх-н 18-20/, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
А.М холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
А.М нь хохирогч Б.Э гар утасны үнийг төлсөн ба хохирогч Б.М гар утасны үнэ 150.000 төгрөгийг төлөөгүй байх тул түүнээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
А.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үлдэгдэл төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасаныг үндэслэн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт А М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар А.М гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг, 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
4. А.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо Сансар тоотод оршин суудаг /РД: / А.М 150.000 төгрөг гаргуулж Б.М олгосугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН