Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2024/0112         

 

“Х ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Санхүүгийн зохицуулах хороонд

  холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, Танхимын тэргүүн:  Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                              Х.Батсүрэн

                                                                 П.Соёл-Эрдэнэ

                                                                 Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                                 Г.Банзрагч                

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0458 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2024/0534 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, Д.Л нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2024/0392 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч “Х ББСБ” ХХК нь Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан “Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 117 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, үе шаттай нэмэгдүүлэх хуваарийг шинэчлэн батлах тухай” 441 дүгээр тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа шинээр эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг Улаанбаатар хотод 2,500,000,000 төгрөг байхаар тогтоож, Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх хуваарийг 1, 2 дугаар хавсралтаар тус тус баталсан бөгөөд тогтоолын хавсралтад тус Хорооны 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 66 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

2.2.”Х ББСБ” ХХК нь хувь нийлүүлсэн хөрөнгөө 2017 онд 400,000,000 төгрөгөөр, 2018 онд 221,000,000 төгрөгөөр, 2019 онд 383,000,000 төгрөгөөр, 2022 онд 500,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 1,900,000,000 төгрөгт хүргэсэн байна.

2.3.Дээрх тогтоолд заасны дагуу хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 2,500,000,000 төгрөгт хүргээгүй тул Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 482 дугаар тогтоолоор “Х ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, уг хугацаанд гаргасан зөрчлөө арилгаж, зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтийг ирүүлээгүй үндэслэлээр тус Хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 117 дугаар тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

3.1.“... Манай байгууллагаас үл шалтгаалах хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 441 дүгээр тогтоолын дагуу банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх, хөрөнгийн доод хэмжээг хангаж ажиллах ямар ч боломжгүй байсан, энэ шалтгаанаа Санхүүгийн зохицуулах хороонд тухай бүр танилцуулж, Авлигатай тэмцэх газраас харилцах данснуудын битүүмжийг цуцлах хүртэл хугацаагаар тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхгүй байх хүсэлтүүдийг удаа дараа хүргүүлсэн.

3.2.Прокурорын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг цуцалж, энэ талаар мэдэгдсэн. Гэвч хариуцагч нь прокуророос манай байгууллагын үйл ажиллагааг зогсоосон, данс битүүмжилсэн, дансны шилжилт хөдөлгөөнийг хаасан, банкнууд 2024 оны 3 сард манай данснуудыг нээж өгсөн зэргээс шалтгаалж зөрчлөө арилгах боломж байгаагүй нөхцөл байдлыг буюу Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан “... захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох” үүргээ хэрэгжүүлээгүй. Дээрх хүндэтгэн үзэх шалтгаантай, манай байгууллагаас шалтгаалахгүй нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр хариуцагчаас тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй тул тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Тус байгууллага нь Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 441 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаагүй тул Хорооны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 482 дугаар тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлээгүй учраас 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 117 дугаар тогтоолоор банк бус санхүүгийн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг хүчингүй болгосон. Бид 1 жил, 10 сарын дараа акт гаргасан. Мөнгөн дүнг нэмэгдүүлэх, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг боломжтой гэх нөхцөл байдлын талаар баримт ирүүлээгүй ...” гэсэн агуулга бүхий тайлбар өгсөн

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0458 дугаар шийдвэрээр “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Х ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 117 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд: 

5.1.Хариуцагч байгууллагаас маргаан бүхий акт гаргахаас өмнө Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1-д заасан ажиллагааг хэрэгжүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан чиг үүргээ хэрэгжүүлэлгүй зөвхөн нэхэмжлэгчээс шаардсан албан бичгээр харилцаж, маргааны үйл баримтад бодит дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

5.2.Хариуцагчийн шаардаж буй хөрөнгийн хувь хэмжээг хөрөнгө оруулалт татах эсхүл компанийн үйл ажиллагаагаар олсон орлогоор нэмэгдүүлэх боломжтой. Гэвч эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа тохиолдолд хэнд ч итгэл үнэмшил төрж өөрийн хөрөнгөө тус компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаанд итгэж байршуулах, үйлчилгээ авах боломжгүй. Энэ тохиолдолд хариуцагч байгууллагаас дээрх хуульд заасан нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан асуудлыг нягтлан нотлох баримт цуглуулах, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч шийдвэр гаргалгүйгээр маргаан бүхий тогтоолыг гаргасан нь хууль бус тул хүчингүй болгох нь зүйтэй ...” гэх зэргээр дүгнэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2024/0534 дүгээр магадлалаар “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн байсан. Үүнд:

6.1.Нэхэмжлэгч компани нь Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 441 дүгээр тогтоолд заасан банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээнд хүрч чадаагүй байх тул хариуцагчийн шийдвэрийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

6.2.Хэдийгээр нэхэмжлэгчээс “Авлигатай тэмцэх газраас манай байгууллагын үйл ажиллагааг шалгаж байсан. Шалгалтын хүрээнд манай байгууллагын харилцах болон хадгаламжийн бүх дансыг битүүмжилсэн” гэх боловч нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор … дансны шилжилт хөдөлгөөнийг цуцалсан, үүнээс хойш буюу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээнд хүргэх талаар авсан арга хэмжээнүүд нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй ...” гэжээ.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х хяналтын журмаар  гаргасан гомдолдоо: “... Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж зөрүүтэй хэрэглэсэн.

7.1.Хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо (цаашид Хороо гэх) нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1.1-д “прокурор нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох”-оор заасан. ... Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд Хороо нь банк бус санхүүгийн байгууллагын хууль болон хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн нь гэмт хэрэг болон зөрчлийн шинжгүй болохыг тогтоосон тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг арга хэмжээг авахаар хуульчилсан байна. Гэтэл хуулийн эрх бүхий байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд, эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан болон байгууллагын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлуулсан хугацаанд үйл ажиллагаагаа хэвийн явуулах ямар ч боломжгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан эсэх нь тогтоогдоогүй байх хугацаанд хуульд заасныг зөрчиж, түдгэлзүүлсэн арга хэмжээг авч, манай байгууллагын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн...

7.2.Хорооноос “Х ББСБ” ХХК-ийн банк санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Уг хугацаа 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд үргэлжлэх байсан бөгөөд энэ хугацаанд зөрчлийг арилгах боломжийг олгох байтал Хороо нь тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд буюу 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 9/4831 дүгээр албан бичгээр “Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд гаргасан зөрчлөө арилгаж, хороонд мэдэгдээгүй” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг Хорооны хурлаар хэлэлцүүлэх болсныг мэдэгдсэн. Энэ нь тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байх хугацаа дуусаагүй байхад хууль болон түдгэлзүүлсэн тогтоолд заасан хугацаанд зөрчлөө арилгах хугацааг хязгаарласан.

7.3.Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Учир нь нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлд заасан банк бус санхүүгийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал бодитоор үүссэн бөгөөд эрх бүхий байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд манай байгууллагын хамаарал бүхий бүх дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг Хороо анхнаасаа мэдэж байсан, энэ тухай байнга хүсэлт, холбогдох баримтуудыг хавсарган хүргүүлсэн. Гэвч Хороо нь компанийн зүгээс удаа дараа гаргасан хүсэлт, нотлох баримтыг харгалзан үзээгүй, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, хуульд заасан өөрийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлээгүй, тухайн үйл баримтад бодит дүгнэлт хийлгүй, нарийвчилж судалж үзэхгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

7.4.Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1-д заасан ажиллагааг хэрэгжүүлээгүй, үүнтэй холбоотой баримт байхгүй. 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр компанийн дансны шилжилт хөдөлгөөнийг цуцалсан байхад үүнээс хойш маргаан бүхий тогтоол буюу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээнд хүргэх талаар арга хэмжээ авсан эсэх нь нотлогдохгүй байна гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй бөгөөд уг хугацаанд дансны битүүмж цуцлагдаагүй байсан, энэ нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 24/05 дугаартай “Х банк” ХХК-д хандсан хүсэлтээр нотлогдоно.

7.5.Дээрх хугацаанд Хороо нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу захиргааны акт гаргахын өмнө манай байгууллагыг захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжоор огт хангаагүй, хуульд заасан сонсох ажиллагаа хийгдээгүй.

7.6.Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу ... сонсох ажиллагааг  явуулж,  уг ажиллагааны  явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж   баримтжуулах үүргээ хэрэгжүүлээгүй болох  нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл, захиргааны акт гаргах нөхцөл байдал бий болсон гэдгийг мэдэж  байсан гэдгээр хуульд заасан сонсох ажиллагааг хийх шаардлагагүй мэтээр тайлбарлаж, тусгай зөвшөөрөлд заасан ажиллагааг хэвийн явуулах боломжтой байсан эсэхийг урьдчилан шалган тогтоож, хуульд заасан эрхээ хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой байсан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөхгүй шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.

7.7.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу хөрөнгө оруулалт болон үйл ажиллагаагаар бий болсон орлогоор хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх боломжтой байхад тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч эрх бүхий байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд, эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаанд болон байгууллагын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлуулсан тохиолдолд үйл ажиллагаагаа хэвийн явуулах ямар ч боломжгүй бөгөөд эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа тохиолдолд хэнд ч итгэл үнэмшил төрж, өөрийн хөрөнгөө байгууллагын үйл ажиллагаанд оруулах боломжгүй юм.

7.8.”Х ББСБ”   ХХК нь хууль бус үйл ажиллагаа явуулаагүй, хууль тогтоомж зөрчөөгүй болох нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдах хугацаанд тогтоогдсон, дээрх хугацаанд байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол маш ноцтойгоор зөрчигдөж, хэвийн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болж, санхүү хөрөнгө оруулалт, хамтын үйл ажиллагаа бүхэлдээ зогсож, их хэмжээний санхүүгийн алдагдалд орсон, бидэнд итгэж үйлчлүүлэх үйлчлүүлэгч, хамтарч ажиллах хөрөнгө оруулагч нар зайгаа барьж, дээрх хугацаанд огт үйл ажиллагаа явуулж чадаагүй. Гэтэл хариуцагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөн шалгагдаж байх хугацаанд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлуулсан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулахгүй, уг хугацаанд компани хэвийн үйл ажиллагаа явуулж болох мэтээр тайлбар өгч, Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 441 дүгээр тогтоолд зааснаар “... хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх бүрэн боломжтой” гэж тайлбарлаж, нөхцөл байдлыг далимдуулан бусдаас давуу эрх хөнгөлөлт эдэлж байна гэж үзсэн нь харамсалтай.

7.9.Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаагүй тохиолдолд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн тасралтгүй явуулж, компанийн үйл ажиллагаа өргөжин тэлэх зэргээр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх бүрэн боломжтой байсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

8.Хариуцагч тал “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг өгөв.

ХЯНАВАЛ:

9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

10.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бол давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэснээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

11.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 441 дүгээр тогтоолоор Банк бус санхүүгийн байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуваарийг баталж, 2022.02.10 гэхэд 1,900.0 сая төгрөг, 2023.02.10 гэхэд 2,500.0 сая төгрөг болгохоор заажээ.

12.Дээрх тогтоолын дагуу нэхэмжлэгч “Х ББСБ”   ХХК нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ 2022 онд 500,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 1,900,000,000 төгрөгт хүргэсэн байна. Гэвч 2023 оны 1 сараас эхэлж тус байгууллагыг Авлигатай тэмцэх газраас шалгаж, банкин дахь харилцах данснуудыг нь битүүмжилснээс хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрсэн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа бүтэн жил үргэлжилж, нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4/43 дугаар “Хариу мэдэгдэх хуудас”-аар хаасан, энэ үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй.

13.Ийнхүү нэхэмжлэгч хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон цаг хугацаанд Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 482 дугаар тогтоолоор тус байгууллагын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, улмаар маргаан бүхий акт болох 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 117 дугаар тогтоолоор “Х ББСБ”   ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус байна.

14.Учир нь, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан хуваарийн дагуу 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ердөө 1 жилийн дотор банк бус санхүүгийн байгууллагууд нь хувь нийлүүлсэн хөрөнгөө 600,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн, энэ хэмжээний ашиг олоход тэдгээр байгууллагуудын хувьд 1 сарын хугацаа ч чухал ач холбогдолтой. Гэтэл хуваарьт заасан хугацаа дуусаагүй байхад буюу 2023 оны 1 сараас нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар буюу төрийн байгууллага (АТГ)-ын хяналт шалгалтын улмаас тус байгууллагын хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан. Нэхэмжлэгч энэхүү хүндэтгэн үзэх шалтгааныхаа талаар удаа дараа тайлбарласаар байтал хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлж, нэгэнт үүргээ биелүүлэх бодит боломжгүй байхад “үүргээ биелүүлэхийг” удаа дараа мэдэгдэж, “тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, зөвшөөрлийг сэргээх тухай хүсэлтийг ирүүлээгүй” гэсэн Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд үл нийцнэ.

15.Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 441 дүгээр тогтоолын зорилго нь банк бус санхүүгийн байгууллагын (ББСБ) үйл ажиллагааны эрсдэлээс харилцагч нарын эрх ашгийг хамгаалах, улмаар салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан байна. Уг зорилгод хүрэхийн тулд банк бус санхүүгийн байгууллага нь хэвийн үйл ажиллагаа явуулж байж гадаад болон дотоод эх үүсвэрээр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтой. Гэтэл нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллагын банкин дахь харилцах данснууд нь битүүмжлэгдсэнээр бусдад зээл олгох зэрэг санхүүгийн “үндсэн үйл ажиллагаа”-гаа явуулах, ашиг, орлого олох боломжгүй болсон, энэ тохиолдолд (хэвийн бус, найдваргүй гэж үзэхээр) гаднаас хөрөнгө оруулалт татах боломж үндсэндээ хязгаарлагдах нь тодорхой юм.

16.Ийм байтал хариуцагчаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нь “хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх” тухай Санхүүгийн зохицуулах хорооны өөрийнх нь гаргасан тогтоолын зорилгод нийцэхгүй, нэгэнт тусгай зөвшөөрөл нь түдгэлзсэн байхад үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олж, түүгээрээ хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх бодит боломж байхгүй нь тодорхой байхад “зөрчлөө арилгаагүй”, “зөвшөөрлөө сэргээлгэх хүсэлт ирүүлээгүй” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон нь “бодит нөхцөлд тохироогүй”, “үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн хууль бус байна.

17.Зүй нь хариуцагч маргаан бүхий актыг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан “бодит нөхцөл байдлыг тогтоох” ажиллагааг хийх ёстой байтал уг үүргээ хэрэгжүүлээгүй нь буруу, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

18.Иймд шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.        

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2024/0534 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0458 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Д.МӨНХТУЯА

        ШҮҮГЧИД                                                       Х.БАТСҮРЭН

                                                                                             П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                   Ц.ЦОГТ       

                                                                                      Г.БАНЗРАГЧ