Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2017/01038

 

Ж.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/00384 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 927 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ж.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч М-ид холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт хийж, баталгаажуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.М-, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие тус байгууллагад 2012 онд хичээлийн туслах ажилтнаар ажилд орсон. Б.Оюунбилэг нь захирал болж 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ирсэн бөгөөд бүтэц зохион байгуулалт хийж, хүмүүсийг ажлаас халж сольж эхэлсэн. 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/155 тоот тушаалаар намайг халсан боловч шүүхээр буцаан томилогдсон.Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дахин сахилгын арга хэмжээ авсан учир мөн л шүүхээр шийдвэрлүүлсэн. 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр А/163 тоот тушаалаар өмнө гаргасан тушаалынхаа үгийг дотор нь өөрчлөөд сахилгын шийтгэл ногдуулж цалинг 20 хувь бууруулсан.Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мөн өмнө хэлдэг байсан зүйлээ хэлээд намайг ажлаас халах тушаал гаргасан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд намайг ямар үндэслэлээр ажлаас халсныг шалгах хүсэлт тавьж, яамны хяналт шинжилгээ хариуцсан дарга нь шалгаад ажилд буцааж оруулах хариу өгсөн, үүний үндсэн дээр би эвлэрэх санал тавьсан боловч хүлээж аваагүй.Иймд 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/163 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүйд тооцох, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрөөр тооцож гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Ж.М- нь сахилгын шийтгэл давтан гаргасан учраас захирлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/112 тоот тушаалаар ажлаас нь халсан тул дахин томилох боломжгүй.Манай байгууллагад захиргааны туслах ажилтан гэсэн орон тоо байхгүй байхад шүүхийн шийдвэрийг биелүүлж түүнийг ажилд авсан. Тус сургуулийн үйлчилгээний ажилчид орон тоо бага учир будаг хийх ажилд захиргааны туслах 2 ажилтан аж ахуйн даргын туслахаас өгсөн үүргийг биелүүлэхгүй хэрэлдээд гарсан байдаг. Ж.М-д холбогдуулан ажилчдаас удаа дараа гомдол ирсэн, давтан зөрчил гаргасан, ерөнхий нягтлангийн өрөөнд орж доромжилсон, захиргаа аж ахуйн даргатай хэрүүл хийж байсан учир ажлаас халах арга хэмжээ авсан.

2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Ж.М-ыг анх ажилд ороход дэд захирал ажлын байрны тодорхойлолтыг өөрт нь танилцуулж гарын үсэг зуруулсан, түүнд захиргаа аж ахуйн албаны даргын шууд удирдлага дор ажиллах, шаардлагатай тохиолдолд цэвэрлэгээ үйлчилгээний ажилд тусална гэсэн заалт байсан гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/00384 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ж.М-ыг Монгол Солонгосын Политехникийн коллежийн захиргааны туслах ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагч Монгол Солонгосын Политехникийн коллежид даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Монгол Солонгосын Политехникийн коллежоос 1 590 000 төгрөгийг /холбогдох суутгалыг хийх/ гаргуулж, нэхэмжлэгч Х.Мөнхжаргалд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 40 390 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 927 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/00384 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 390 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Тус шүүх магадлалынхаа үндэслэх хэсэгт “...Гэтэл шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаан болох өдөр хэргийн материалтай танилцуулж байгаа нь хуулийн дээрх агуулгатай зөрчилдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1-д зааснаар талууд шүүхийн өмнө эрх тэгш байх, 6.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлзэх үндсэн дээр хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй юм...” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр анхан шатны шүүхэд гаргаагүй бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр буюу бүтэн 2 cap 25 хоногийн өмнө гаргасан болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1-д “Хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд хамаарна”, хэргийн оролцогч нь тус хуулийн 25.2-т заасан үүргийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл 5.2.1-т “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах”, 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 25.2.3-т “шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх”, 25.2.4-т “шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх”, 25.2.5-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих” гэж заасан байна. Гэтэл хариуцагч энэ үүргээ өөрөө биелүүлээгүй байж үүндээ анхан шатны шүүхийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.Иймд шүүх тогтоолдоо давж заалдах шатны шүүхийн 927 тоот магадлалыг хүчингүйд тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болжээ.

Анхан шатны шүүх хэргийн материалыг шүүх хуралдаан болох өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1.-д заасан “хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн” бол шүүх хуралдааныг товлон зарлах зохицуулалтын агуулга, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., 6 дугаар зүйлийн 6.1.-д заасан талуудын тэгш эрхийн болон мэтгэлцээний зарчмыг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх үзжээ.

Гэтэл хэргийн оролцогчдод анхан шатны шүүхээс хэргийн материалыг танилцуулсан хоёр баримт хэрэгт авагдсан байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

Хэргийн 33 дугаар талд 1 хавтас 34 хуудас хэргийг нэхэмжлэгч Ж.М-д 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бямбацэрэнд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр танилцуулсан тухай баримт авагджээ. Мөн хэргийн 39 дүгээр талд 1 хавтас 39 хуудас хэргийг нэхэмжлэгч Ж.М- болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бямбацэрэнд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр танилцуулсан тухай баримт байна.

Хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл хэргийн дээрхи баримтаар няцаагдаж байх тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ж.М- нь хариуцагч М-ид холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А\163 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүйд тооцох, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, баталгаажилт хийлгүүлэх шаардлага гаргажээ.

Хариуцагч М- нь захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б\212 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ж.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасныг үндэслэсэн байх ба нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ буюу нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлахдаа хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч Ж.М- сахилгын зөрчил давтан гаргасан гэх байдлыг баримтаар нотлоогүй тул шүүх хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан үүргээ биелүүлээгүй, шүүхэд маргааны зүйлийн талаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж, хэргийг цугларсан нотлох баримтад үндэслэн хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 927 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/00384 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН