| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2019/0074/э |
| Дугаар | 81 |
| Огноо | 2019-07-29 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Хохирогч Н.Б
Шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм
Шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г.Ц, Ж.М нарт холбогдох 1916001710080 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.Ц: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн .... оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд 2012.03.28-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, 2012.06.07-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл, 2018.08.27-ны өдрийн 2018/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж тус тус шийдвэрлэж байсан. ...регистрийн дугаартай, Ц гэв.
Шүүгдэгч Ж.М: Монгол Улсын иргэн, халх, ... өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт ... суух хаягтай, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд 2005.03.29-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан..... регистрийн дугаартай, М гэв.
Шүүгдэгч Г.Ц, Ж.М нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн Цагаан дэрсний хөх толгой гэх газраас Ж.Мы эзэмшлийн ***ГАА улсын дугаартай, приус-10 маркын, цагаан өнгийн тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч Н.Бын зөв гуян дээрээ Т үсгэн тамгатай, урд бөхний зөв талд гурилан тэмдэгтэй, хөх халзан, бор зүстэй, нас бие гүйцсэн сувай ингэн тэмээг хулгайлан хохирогч Н.Бт 950.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Г.Ц, Ж.М нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 23 цагийн үед Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн Цагаан дэрсний хөх толгой гэх газраас Ж.Мы эзэмшлийн ***ГАА улсын дугаартай, приус-10 маркын, цагаан өнгийн тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч Н.Бын зөв гуян дээрээ Т үсгэн тамгатай, урд бөхний зөв талд гурилан тэмдэгтэй, хөх халзан, бор зүстэй, нас бие гүйцсэн сувай ингэн тэмээг хулгайлан хохирогч Н.Бт 950.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь хүний өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.Ц, Ж.М нар гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Г.Цын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “Намайг гэртээ байхад Ж.М ирээд банкны мөнгө нэхээд байна. Мөнгө зээлэх арга байна уу? гэсэн. Тэгэхээр нь би мөнгө байхгүй гэсэн. Тэгээд хүүхэд хүргэж өгөх цаг болоод явсан. Өдөр иртэл миний анд миний машиныг зараад өг гэсэн. Бид 2 зах гараад зарах гэтэл авах хүн байгаагүй. Утсыг нь 50.000 төгрөгөөр зарж Баян-Уул дэлгүүрээс 2 шил архи аваад нэгнийх нь талыг уучихаад миний хөгшин мал гаргах таньдаг хүн байна уу? гэсэн. Би таньдаг хүн байхгүй гэсэн. Орой нь Цав шанд руу явсан. Харанхуй болоогүй байсан. Очиход 10 гаран тэмээ байсан. Нөгөө шил архины талыг уугаад талыг нь байлгаж байгаад харанхуй болохоор нь нөгөө тэмээнүүд дээр очиход үргэж зугтаад нэг нь үлдэхээр нь гэтэж очоод оосорлоод гаргаж аваад шөнийн 01 цагт ирсэн. 03-04-нд шилжих шөнө 1 цагийн үед ирээд мах зардаг хүүхэн дээр очиж уулзаад Есөнбулагийн хороонд Бөд махаа өгөөд 870.000 төгрөг аваад Ж.Мд үлдэгдэл 600.000 төгрөгийг өгсөн. Бусдын тэмээг хууль бусаар авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо өнөөдөр төлье гэхэд газрын гэрчилгээ жижиг байна томруулаад ир гэсэн. Хохирол төлж амжаагүй байгаа. Хийсэн үйлдэлдээ гэмшиж гэм буруугаа хүлээж байна. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй. Банкинд зээл хөөцөлдөөд газрын бичгээ томруулаад ир гэсэн. Тэгээд өгсөн чинь шалгалт ирсэн. Дараа 7 хоногт болно гэсэн...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Ж.Мы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “Би Г.Цынд машин зараад өг гэж очсон. Тэгээд зах руу яваад миний утсыг 50.000 төгрөгөөр зарсан байсан. Бинзен хийгээд Цав шанд руу яваад тэмээ гаргаад ирье гээд тэмээг ачиж аваад ирсэн. Г.Ц шөнө авч ирээд хүнд өгсөн. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 600.000 төгрөг төлсөн. Хэрэг хийсэндээ гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг хийхгүй...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Н.Бын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Манай тэмээг 5 сард Цагаан дэрсний доод толгодод байхад гаргаж аваад явсан байсан. Газар дээр нь хүмүүс очиход толгой, гэдэс нь тэнд байсан гэсэн. Манай найз цагдаад хэлсэн байсан. Би өөрөө тэд нартай уулзаж чадаагүй. 600.000 төгрөг авсан гэж эхнэр хэлж байсан. Одоо Г.Цаас 350.000 төгрөг авна...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Н.Бын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...миний хулгайд алдсан тэмээ хөх халзан, бор зүстэй тэмээ, зөв гуян дээрээ Т үсгэн тамгатай, урд бөхний зөв талд гурилан хайруултай, нас бие гүйцсэн сувай ингэн тэмээ байсан...” гэсэн мэдүүлэг /хх37-рт/,
Гэрч А.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 06-ны 10 цагийн үед Дэлгэр сумын Баянбуурал багийн Цагаан дэрсний хөх толгой гэх газарт тэмээндээ явсан. Тэгээд би манай тэмээнд байсан Б гэдэг айлын бор халзан зүстэй сувай ингийг нядлаад махыг нь ачиж явсан байсныг цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ39рт/,
Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 02-03 цагийн үед цагаан өнгийн 66-91 ГАА дугаартай приус маркын машинтай Ц, Эрка, зүс үл таних 1 залуутай /намхандуу нуруутай, туранхайдуу, халимаг үстэй, хүнхэр нүдтэй, бор царайтай/ хамт гурвуулаа ирж тэмээний мах өгсөн. Тэр мах нь 229 кг-ийн жинтэй ингэн тэмээний мах байсан. 1 кг нь 3800 төгрөгөөр бодож авсан. Цад 870.000 төгрөг өгсөн... Би Цаас хаанаас авсан тэмээ юм гэж асуухад Дэлгэр сумын аварга малчин Энхбаатар ах банкний зээл хийх мөнгө хэрэгтэй байна гээд зарж байгаа тэмээ юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ44-45рт/,
Гэрч Д.Э-ны мөрдөн байцаалтад өгсөн “...Ц нь манай нэг найз надаар тэмээ гаргуулах гэж байна гэж хэлсэн. өмнө нь Б болон махны хүмүүс надад тэмээ мал авна шүү гэж захисан байсан. Гэтэл 01 цагийн үед Ц манайд ирээд би тэмээний мах аваад ирлээ. Үүнийг борлуулаадах чиний мөнгийг өгмөөр байна гэж хэлсэн. Тэгээд би Бтэй холбоо бариад тэмээний мах авах уу гэтэл авъя гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ49-рт/ болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд/1хх3-8/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /1хх11-13/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх14-18/, шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй байна.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ж.М, Г.Ц нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүхээс шүүгдэгч Ж.М, Г.Ц нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цыг 8 сарын хугацаагаар, шүүгдэгч Ж.Мыг 6 сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгэж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Ц нь тус шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэгдсэн байх тул уг шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цыг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, шүүгдэгч Г.Цын нийт эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Ж.Мы эзэмшлийн Toyota маркын ***ГАА улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашиныг хурааж улсын төсөвт олгох албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Ж.М, Г.Ц нар нь гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шүүгдэгч Ж.М, Г.Ц нар нь бүлэглэж үйлдсэн байх тул мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн “...Ж.М нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохиролд 600.000 төгрөгийг төлсөн. Энэ хүн элэгний хорт хавдартай эмнэлгийн хяналт, группд байдаг. Энэ байдлыг нотолсон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Ж.Мд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар улсын яллагчийн оногдуулсан хорих ялыг тэнсэх үүрэг хүлээлгэж өгнө үү?...” гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж шүүх шийдвэрлэлээ.
Учир нь шүүгдэгч Ж.М, Г.Ц нар нь уг хэргийг бүлэглэж үйлдсэн ба хохирогч Н.Бт учирсан 950.000 төгрөгний хохирол бүрэн төлөгдөөгүй байна гэж шүүх үзлээ.
Мөн хавтаст хэрэгт шүүгдэгч Ж.М нь хавдрын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа нь үнэн болно гэсэн эмчлэгч эмчийн тодорхойлолт, С22 ердийн өвчний жагсаалтын 7-25 дугаар заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг ирүүлсэн байх ба хорих ялаас өвчний учир чөлөөлөх журмын дагуу шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг бүрдүүлэн хорих ялаас чөлөөлүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан бөгөөд шүүгдэгч Ж.М, Г.Ц нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Н.Бт 600.000 төгрөгний хохирол төлөгдсөн, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.М, Г.Ц нар нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овгийн Ж-гийн М, Д овгийн Г-н Ц нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цыг 8 сарын хугацаагаар, шүүгдэгч Ж.Мыг 6 сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тус шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Г.Цад мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй гэсэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цыг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Цад Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, шүүгдэгч Г.Цын нийт эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цад оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Мд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Ж.Мы эзэмшлийн Toyota маркын ***ГАА улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашиныг хурааж улсын төсөвт олгох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц, Ж.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, шүүгдэгч нарын ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Цаас 350.000 төгрөгний хохирлыг гаргуулж хохирогч Н.Бт олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шйдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хамаг монгол нэртэй архины шил, тамхины иш, 2 захаараа цэнхэр судалтай хар өнгийн уяа, 6м60см урттай бор өнгийн сүлжсэн дээсэн уяа 1 ширхэг, 3 см өргөнтэй, 35 см, 41 см, 6м40см, 86 см, 2м63см, 1м15см, 64 см урттай 8 ширхэг 2 захаараа цэнхэр судалтай хар өнгийн уяа, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ногоон алаг өнгөтэй зузаан ноосон бүтээлэг, бор өнгийн модон бариултай, бариулыг хар өнгийн лентээр ороосон урт нь 10 см, ажлын хэсэг нь 13 см, нийт 23 см урттай хутга 1 ширхэг зэргийг устгаж, шүүгдэгч Т.Мы эзэмшлийн *** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг, Toyota маркын ***ГАА улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашины хамт Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
10. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.М, Г.Ц нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Н.Бт 600.000 төгрөгний хохирол төлөгдсөн, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА