| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/1036/э |
| Дугаар | 1080 |
| Огноо | 2019-07-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 1080
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Б.Нямсүрэн
улсын яллагч: Б.Ганбулган
шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Мандал
шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Б овогт Б О холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806086981288 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б О, 19 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Асгат суманд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Б.О нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний оройн 21.00 цагийн үед Баянзүрх дүүргийн дугаар хороо Эмнэлэгийн тоотод хашаанд байх Н.Н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч ТСЛ маркийн 32 инчийн зурагтыг хулгайлан авч нийт 239.940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 29-ний орой 21.00 цагийн үед гэрт нь ороод зурагтыг нь аваад хойшоо хамаатаны ах Г дээр очоод би Завхан явах гэсэн чинь зардалгүй боллчихлоо,манай зурагтыг 70.000 төгрөгөөр авчихаач гэж хэлж мөнгө авсан гэв.
Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн дугаар хороо Эмнэлэгийн тоотод нийтийн байранд ээж Э хамт амьдардаг бөгөөд манай ээж Э 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймаг руу явсан юм. Тэгээд би гэртээ ганцаараа байгаа бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 29-ний орой 20.00 цагийн орчимд гэртээ ирж байж байгаад Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу явах гээд мөнгөгүй байсан болохоор миний амьдардаг нийтийн байрны хашаан дотор байдаг 1 давхар байшингийн хаалганы цоожийг төмөр хадаасны лоомоор хөшиж ороод хар өнгийн 32 инчийн ЛСД зурагтыг хулгайлчихсан юм. Уг зурагтыг нийтийн байрны хойд талд тавьчихсан байж байгаад маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 30-ны өглөө 11.00 цагийн үед гэрээсээ гараад нөгөө зурагтыг авч яваад хойд талын гудамжинд байдаг нийтийн байр ажиллуулдаг Г гэж ахад манай зурагт байгаа юм гэж хэлээд 70.000 төгрөгөөр зарчихсан юм гэжээ. /хх-ийн 25/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-10/
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,гар зураг, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 11-14/
Хохирогч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 15.00 цагийн орчимд гэрээ түгжээд Б сумаас мах худалдан авахаар дөрвүүлээ яваад 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ирээд эгчийндээ байж байтал манай хажуугийн нийтийн байрны эзэн Т миний утас руу 14.00 цагийн орчимд залгаад гэрт чинь хулгай орсон байна гэж хэлсэн. Тэдгээр хүмүүс цагдаа дуудчихсан байсан юм. Манай нөхөр Т 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдөр ажлаар Шивээ Овоо руу явсан байсан. Охин Э 16-д эгч Н үлдсэн байсан юм. Манай гэрээс зурагт авсан байсан. Манайх зурагтаа 2 жилийн өмнө 400.000 төгрөгөөр худалдан авч байсан юм гэжээ. /хх-н 15-17/
Гэрч Ү.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 16-467 тоот хаягт нийтийн байр ажиллуулдаг юм. Мөн хашаан доторхи жижиг байшинг хөлслүүлдэг юм. Тэгсэн чинь гадна байрлах жижиг байшингийн хаалгыг хөшиж хулгай орсон байсан. Хөлсөлж байсан хүн нь 2018 оны 10 дугаар сарын 26-нд хөдөө явсан байсан бөгөөд би харж байгаад эгч маань эмнэлэгт хэвтээд 2018 оны 10 дугаар сарын 27-ноос харж хоноод хамгийн сүүлд 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 12.00 цагийн орчимд ирэхэд зүгээр байсан юм. Тэгээд өнөөдөр иртэл хулгай орчихсон байна гэжээ. /хх-н 18-19/
Гэрч Ц.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 10 дугаар сарын 28-29-ны өдрүүдэд гэртээ байсан. 1 давхар байшинд хулгай орсон талаар манаачаас сонслоо. Намайг гэртээ байхад ямар нэгэн дуу чимээ гараагүй гэжээ. /хх-н 21/
Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би Б.О зурагт худалдан авсан. Тэрээр надад хэлэхдээ эгч төрөх гээд ээж хөдөө явсан би ардаас нь явах гэсэн чинь мөнгөгүй байна тэгээд зурагтаа таньд 70.000 төгрөгөөр тавиад эргэж ирээд авий гэсэн. Тэгээд би 70.000 төгрөг өгөөд зурагтыг нь авч үлдсэн юм. Өмнө нь надаас 100.000 төгрөг авчихаад өгөөгүй юм тэгээд зурагт барьж орж ирэхээр мөнгө өгнө гэж бодсон байх. Уг зурагт одоо манай гэрт байгаа гэжээ. /хх-н 23-24/
Эд зүйл хураан авч хүлээлгэнөгсөн тэмдэглэлд: Н.Н зурагтыг хүлээлгэн өгсөн байна. /хх-н 29/
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 30/
2018.11.02-ны өдрийн 02/636 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 31-34/
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 35/
Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд: зурагтыг 239.940 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-н 37-38/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 39-40/
Эрэн сурвалжлал зарласан баримт /хх-н 42-49/
Б.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 60/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 50 /, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 51-58/
Б.О Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 85/, прокурорын тогтоол /хх-н 86-87/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 89-90/ зэрэг болно.
Б.О нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний оройн 21.00 цагийн үед Баянзүрх дүүргийн дугаар хороо Эмнэлэгийн тоот хашаанд байх Н.Н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч ТСЛ маркийн 32 инчийн зурагтыг хулгайлан авч нийт 239.940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай хажуугийн нийтийн байрны эзэн Т миний утас руу 14.00 цагийн орчимд залгаад гэрт чинь хулгай орсон байна гэж хэлсэн. Манай гэрээс зурагт авсан байсан. Манайх зурагтаа 2 жилийн өмнө 400.000 төгрөгөөр худалдан авч байсан юм гэсэн мэдүүлэг /хх-н 15-17/, гэрч Ү.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... гадна байрлах жижиг байшингийн хаалгыг хөшиж хулгай орсон байсан. Хөлсөлж байсан хүн нь 2018 оны 10 дугаар сарын 26-нд хөдөө явсан байсан бөгөөд би харж байгаад эгч маань эмнэлэгт хэвтээд 2018 оны 10 дугаар сарын 27-ноос харж хоноод хамгийн сүүлд 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 12.00 цагийн орчимд ирэхэд зүгээр байсан юм. Тэгээд өнөөдөр иртэл хулгай орчихсон байна гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/, гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би Б.О зурагт худалдан авсан. Тэрээр надад хэлэхдээ эгч төрөх гээд ээж хөдөө явсан би ардаас нь явах гэсэн чинь мөнгөгүй байна тэгээд зурагтаа таньд 70.000 төгрөгөөр тавиад эргэж ирээд авий гэсэн. Тэгээд би 70.000 төгрөг өгөөд зурагтыг нь авч үлдсэн юм гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Б.О холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Б.О хулгайлсан зурагтыг Г хураан авч хохирогчид өгсөн, Г 70.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн тул Б.О бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Б.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Б О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.О 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар Б.О оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О цагдан хоригдсон 31 хоногийг ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хар өнгийн лоомыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.О бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.О авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН