| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2016/0387/И |
| Дугаар | 373 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 373
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Зүүн наран 14 дүгээр гудамж 11 тоотод оршин суух Тариачин овгийн Ичинхорлоогийн Бүрэнжаргал /РД:ЧО87042809/-ийн
Хариуцагч: Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлж Жо вангийн овооны адагт байрлах “Тэрэлж сүйх” ХХК-нд холбогдох
Ажлаас буруу халсаныг тогтоолгож, эрсдэлийн сангийн 300.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Бүрэнжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Тэрэлж сүйх” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ХГ-15-032 тоот хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, “гоо сайханч”-аар ажилд орсон. Ажиллах хугацаандаа байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлж ирсэн. Гэрээний хугацаа 2016 оны 5 дугаар сарын 20-нд дуусгавар болох ёстой байсан...2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гэнэт хуурамчаар бичиг баримт үйлдсэн гэх үндэслэлгүй шалтгаанаар ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна...Иймд ажлаас буруу халсаныг тогтоолгож, амралтын мөнгө 400.000 төгрөг, эрсдэлийн сангийн 300.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны 1 сарын цалин 500.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөг гаргуулахыг шаардсан. Амралтын мөнгө 400.000 төгрөгийг олгосон учраас амралтын мөнгө 400.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны 500.000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Харин ажлаас буруу халсаныг тогтоолгож, эрсдлийн сангийн 300.000 төгрөгийг гаргуулна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч И.Бүрэнжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Тэрэлж сүйх” ХХК-нд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халсаныг тогтоолгож, эрсдлийн сангийн 300.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан
журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Бүрэнжаргал нь хариуцагч “Тэрэлж сүйх” ХХК-нд холбогдуулан ажлаас буруу халсаныг тогтоолгож, эрсдлийн сангийн 300.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсан.
Энэ үндэслэл нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар /хх-14/ тогтоогдсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 33.350 төгрөгийн тал хувь болох 16.675 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч И.Бүрэнжаргалд олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Тариачин овгийн Ичинхорлоогийн Бүрэнжаргал хариуцагч “Тэрэлж сүйх” ХХК-нд холбогдуулан ажлаас буруу халсаныг тогтоолгож, эрсдлийн сангийн 300.000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И.Бүрэнжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.350 /гучин гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 16.675 /арван зургаан мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч И.Бүрэнжаргалд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.
ШҮҮГЧ Н.БАЯРСҮРЭН