| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/1076/э |
| Дугаар | 1107 |
| Огноо | 2019-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 1107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Нямсүрэн
улсын яллагч: Т.Мөнх-амгалан
шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Онон
хохирогч: У.М
түүний өмгөөлөгч: Г.Г
шүүгдэгч: Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хархүү овогт Э Н холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806027081370 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Э Н, 20 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Э.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүгээр сургуулийн давхарт У.М маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид хоёр цуг сургалтанд суудаг. Тэрнээсээ болоод маргалдсан. М өөрөө сургалтанд очоод амжихгүй байна чи багшид хэлээд өг намайг хэлэхээр итгэхгүй гэж хэлсэн. Сүүлд 3-уулаа цуг очихгүй байя гэж хэлдэг болсон. Чамайг сургалтанд очихоор багш бид хоёрыг сургууль дээр ажилтай гэж хэлэхээр итгэхгүй байна гэж хэлсэн. Нэг өдөр хичээл дээр сургалтанд очих уу гэхэд нь би очно гэж хэлсэн. Тэгээд би очоогүй. Багш яагаад ирээгүй вэ гэхээр нь би ажилтай байсан гэж хэлсэн. Тэгээд 5 өдөр сургуулийн цайны гэзар тааралдаад надаас М намайг очих уу гэхээр нь би та хоёрыг аргалж чадахгүй шүү гэдгээ хэлэхэд миний араас дагаад хэрүүл өдөөд байсан. Дараа нь би сургуулийн жижүүрийн хажууд байж байтал М чи битгий давраад бай чи хэзээ нэг ийм болсон юм бэ гэсэн. Тэгээд би кофе найруулчихсан зогсож байтал М хойноос ирэхэд нь би дахин чамайг аргалж чадахгүй гээд кофе цацчихсан. Тэгээд миний үснээс зулгаахад нь би эргээд гараа сарваахдаа нүүрийг нь маажсан. Дараа нь М ангийн охин хүрч ирээд чи М яаж байгаа юм бэ нүүрийг нь маажсан байна, чи надтай таарна дараа чамайг амьтан болгоно гэж хэлсэн. Тэгээд би ангид сууж байхад ангийнх нь охин ирээд эхлээд миний хөл рүү өшиглөөд үснээс зулгаагаад намайг чирээд тэгээд багш ирсэн чинь ангийн охин нь яваад өгсөн. Дараа нь би М уучлалт гуйна гэсэн чинь харилцах боломж олдоогүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Тэгээд энэ болсон явдлыг багш нар мэдээд эцэг эхийг дуудахад 2 талын ээжүүд ирсэн өөр ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч У.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2 удаа байцаалт өгч байсан. Тухайн өдөр сорил аваад завсарлаад 10 цагийн үед сургуулийн гуанзанд Н тааралдаад сургалтанд очих уу гэхэд Н би та хоёрыг дахин хамгаалахгүй гэхэд нь би чи дахин хамгаалахгүй гэж юу яриад байгаа юм бэ бид хоёр хэзээ тэгж чамайг тэгдэг байсан юм гэхэд над руу халуун кофе цацсан. Тэгэхэд миний шил унасан. Тэгээд багш нарын угаалгын өрөө рүү ороод толь руу харахад миний нүүр улаан эрээн болсон байсан. Тэгээд би дээшээ анги руу ороод нүүрээ харахад зөндөө олон маажсан байсан болохоор багш мэдээд ээжүүдийг дуудсан. Тэгээд бид нар Н ээжтэй нь учир зүйгээ олоогүй. нүүрэндээ олон сорвитой болсон, эмчилгээ хийлгэсэн, одоо миний сорви гүйцэт арилаагүй байгаа, наранд байж болохгүй гэсэн учраас нарны тос крем түрхээд явж байгаа, нүүрийг маажсан байсан. Эхлээд зөвлөгөө авсан , дараа нь их дэлгүүрээс сорвинд түрхдэг тос авсан, ээж найзаараа дамжуулж гооо сайханд орсон, 500.000 төгрөгийн зардал гарсан. Эмчилгээний зардлыг бодоход 501.000 болсон. Миний хохирлыг барагдуулаагүй. Би н ирээд уучлалт гуйх байх гэж зөндөө хүлээсэн, гомдолтой байна гэв.
Шүүгдэгч Э.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 09.00 цагийн орчимд сургуулийнхаа цайны газарт М таарсан. М бид хоёр нэг сургалтанд хамт явдаг ба М сургалтандаа явдаггүй байнга намайг аргалаад өгөөч чи битгий очооч гээд гуйгаад байдаг байсан. Тэгээд өнөөдөр намайг сургалтанд очиж амжихгүй байна гээд хэлээд өгөөч гэхээр нь би чадахгүй чи дандаа битгий тэгж бай гэж хэлсэн чинь намайг чи юу гээд байгаа юм одоо битгий давраад байгаарай гээд уурлаад миний үснээс татахаар нь тавиулах гэж байгаад хамрых нь дээд хэсэгт хумсаараа маажсан. М миний зүүн гарын ар талыг хумсаараа маажсан. Тэгээд бид хоёр салаад би ангидаа ороод хичээлээ хийж байсан чинь М ангийн охин болох Д орж ирээд баруун хөлний шилбэ рүү хөлөөрөө өшиглөөд цохиод үснээс зулгаагаад миний хоолойн хэсгээс хумсаараа самардсан ба намайг газар унагаагаад цээж рүү хөлөөрөө жийсэн. Би босож ирээд болиоч гэж хэлээд байж байтал О багш орж ирээд бид хоёрыг салгасан. Д намайг М зодсон гэж өмөөрч ирж зодсон гэжээ. /хх-ийн 15/
Хохирогч У.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 10.00 цагийн орчимд хичээл завсарлаад нэг давхарт цайны газарт байж байхад манай нөгөө ангийн Н таархаар нь би чи сургалтандаа явах юм уу гэхэд явна би дахиж чамайг явахгүй гэхэд чинь явахгүй байхгүй гэсэн. Тэр үед би ойлгохгүй яваад дараа нь юу гэсэн үг болохыг нь асуух гээд кофе найруулаад зогсож байхаар нь очоод би чамайг сургалтанд надтай хамт тасал гээд байдаг юм уу гэсэн чинь чи 5 дахь өдөр очихгүй гэж байгаад очсон байна лээ ш дээ зайл гээд хэл амаар доромжилж байгаад найруулж байсан халуун кофегоо над руу цацаад нүүр маажаад шил унагаасан. Н бид хоёр нэг сургалтанд явдаг юм тэгээд нэг удаагийн сургалтанд би төлбөрөө төлөөгүй болохоор явахгүй гэж хэлчихээд ээж төлбөр өгөхөөр нь явчихсан чинь намайг худлаа хэллээ гэж уурласан юм. Миний нүүр лүү халуун кофе цацаж нүүр маажсан гэжээ. /хх-н 5-8, 10-13/
Шинжээч томилж,шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 22/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 5288 тоот шинжилгээ:
1.У.М биед нүүрэнд олон тооны шалбаралтуудтай гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэжээ. /хх-н 23/
У.Маралын гэрэл зураг /хх-н 24/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 25-26/
У.Маралын эмчилгээний зардлын талаарх баримтууд /хх-н 58-63/
Шинжээч томилж,шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 27/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 5300 тоот шинжилгээ:
1.Э.Н биед ооч, зүүн сарвуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэжээ. /хх-н 28/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 29/
Гэрч Т.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ /хх-н 19-21, 31/
Э.Н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 38/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 39 /, Э.Н зан байдлын тодорхойлолт,
/хх-н 43/, хувийн хэргийн хуулбар /хх-н 44-49/ хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 50-57/
Э.Н хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 41-42/
Э.Н Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-н 30-31/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 33-37 зэрэг болно.
Э.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүгээр сургуулийн1 дүгээр давхарт У.М маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч У.Маралын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... би чи дахин хамгаалахгүй гэж юу яриад байгаа юм бэ бид хоёр хэзээ тэгж чамайг тэгдэг байсан юм гэхэд над руу халуун кофе цацсан. Тэгэхэд миний шил унасан. Тэгээд багш нарын угаалгын өрөө рүү ороод толь руу харахад миний нүүр улаан эрээн болсон байсан. Тэгээд би дээшээ анги руу ороод нүүрээ харахад зөндөө олон маажсан байсан болохоор багш мэдээд ээжүүдийг дуудсан. Тэгээд бид нар Н ээжтэй нь учир зүйгээ олоогүй. нүүрэндээ олон сорвитой болсон, эмчилгээ хийлгэсэн, одоо миний сорви гүйцэт арилаагүй байгаа, наранд байж болохгүй гэсэн учраас нарны тос крем түрхээд явж байгаа, нүүрийг маажсан байсан. Эхлээд зөвлөгөө авсан , дараа нь их дэлгүүрээс сорвинд түрхдэг тос авсан, ээж найзаараа дамжуулж гооо сайханд орсон, 500.000 төгрөгийн зардал гарсан. Эмчилгээний зардлыг бодоход 501.000 болсон. Миний хохирлыг барагдуулаагүй. Би Н ирээд уучлалт гуйх байх гэж зөндөө хүлээсэн, гомдолтой байна гэсэн мэдүүлэг, Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 5288 тоот шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр У.М биед нүүрэнд олон тооны шалбаралтуудтай гэмтэл тогтоогдмон, уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэж тогтоожээ. /хх-н 23/,шүүгдэгч Э.Нн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... би кофе найруулчихсан зогсож байтал М хойноос ирэхэд нь би дахин чамайг аргалж чадахгүй гээд кофе цацчихсан. Тэгээд миний үснээс зулгаахад нь би эргээд гараа сарваахдаа нүүрийг нь маажсан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Э.Н холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Э.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хохирогч У.М нь гоо сайханы эмчилгээнд гарсан зардал 501.325 төгрөг нэхэмжилсэнээс хэрэгт нотлох баримтаар тогтоогдож байгаа 81.325 төгрөгийг шүүгдэгч Э.Н төлсөн байна. Үлдэх 420.000 төгрөгний нэхэмжлэл нь нотлох баримтаар нотлогдоогүй байх тул нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Э Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Н 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Э.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Н нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Хохирогч У.М нь сорви арилгахтай холбоотой зардлаа ИХШХШТХ-д заасан үндэслэл журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН