Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 374

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай,Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 14 дүгээр гудамж 588 тоотод оршин суух Боржигон овгийн Тогоочийн Мөнхбат /РД:УД79113017/-ын

Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 7 дугаар байр 66а тоотод оршин суух Эрдэнэ хамба овгийн Баярманлайн Мөнхтуул /РД:ЛЮ85091480/-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 500.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Мөнхтуулд 2015 оны 9 дүгээр сарын 10-нд 500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн...Гэтэл миний итгэлийг алдан одоо хүртэл мөнгөө өгөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.Иймд Б.Мөнхтуулаас 500.000 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Мөнхтуул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Мөнхбатаас 500.000 төгрөг зээлж аваад одоог хүртэл төлөөгүй байгаа нь үнэн. Биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас төлж чадаагүй. Одоо 500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна  гэжээ.

Шүүх энэ хэрэгт  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох  баримтууд  болон  зохигчдын  тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Т.Мөнхбат нь  хариуцагч  Б.Мөнхтуулд холбогдуулан  зээлийн гэрээний үүргийн биелэлт 500.000 төгрөг гаргуулахыг шаардсан.

Хариуцагч Б.Мөнхтуул нэхэмжлэлийн шаардлага 500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар /хх-12/ ирүүлсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй хуульд нийцсэн болно.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоон нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 15.650 төгрөгийн тал хувь болох 7.825 төгрөгийг улсын орлогоос, үлдэх 7.825 төгрөгийг хариуцагч Б.Мөнхтуулаас гаргуулж  нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2,  75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Боржигон овгийн Тогоочийн Мөнхбат  хариуцагч  Эрдэнэ хамба овгийн Баярманлайн Мөнхтуулаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 500.000  /таван зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч  Т.Мөнхбатын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.650  /арван таван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7.825  /долоон мянга найман зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогоос, 7.825  /долоон мянга найман зуун хорин тав/ төгрөгийг хариуцагч Б.Мөнхтуулаас гаргуулж нэхэмжлэгч Т.Мөнхбатад  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 74  дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.       

 

ШҮҮГЧ                                               Н.БАЯРСҮРЭН