Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 380

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 2 дугаар хороо, 39 дүгээр байр 43 тоотод оршин суух, Эмчийнхэн овгийн Гэндэнгийн Алтанзул /РД:УЕ73011407/-ын

Хариуцагч: Налайх дүүрэг 4 дүгээр хороо, Алтайн 6 дугаар гудамж, 07 тоотод оршин суух Секел овгийн Хавдалхазын Маярагүль /РД:ЦД66082809/-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 7.050.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Г.Алтанзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Маярагүлийн хүсэлтээр 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлдүүлж зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл Маярагүль гэрээнд заасны дагуу мөнгийг буцааж өгөөгүй ба 2015 оны 9 дүгээр сараас эхлэн хүү, үндсэн зээлээ төлөхгүйд хүрч 9 сарын хугацаа өнгөрөөд байна. Иймд зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл 3.000.000 төгрөг, 09 сарын хүү 2.700.000 төгрөг, алданги 1.350.000 төгрөг, нийт 7.050.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Алтанзул шүүхэд гаргасан тайлбартаа: Х.Маярагүлээс 7.050.000 төгрөг нэхэмжилсэн. Одоо 5.550.000 төгрөгөөс татгалзаж, 1.500.000 төгрөг нэхэмжилж байна. Уг мөнгийг Маярагүль 2016 оны 9 дүгээр сарын 10-ны дотор төлж дуусгана гэснийг зөвшөөрч, эвлэрч байна  гэжээ.

Хариуцагч Х.Маярагүль шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Алтанзулаас 2014 оны 7 дугаар сарын 28-нд 3000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй авч 2015 оны 9 дүгээр сар хүртэл хүү 3.900.000 төгрөг төлсөн...Одоо Г.Алтанзулын нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2016 оны 09 сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Г.Алтанзул   хариуцагч Х.Маярагүлээс  зээлийн гэрээний үүргийн биелэлт 7.050.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Алтанзул нэхэмжлэлийн шаардлагаас, 5.550.000 төгрөгөөс татгалзаж, 1.500.000 төгрөг  нэхэмжилсэн.

Хариуцагч Х.Маярагүль 1.500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2016 оны 9 дүгээр сарын 10-ны дотор төлж барагдуулах хугацаа заасныг нэхэмжлэгч зөвшөөрч, зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг байгуулав. Энэхүү гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн болно гэжээ.       

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Алтанзул нь хариуцагч Х.Маярагүлээс зээлийн гэрээний үүргийн биелэлт үндсэн зээл 3000.000 төгрөг, хүү 2.700.000 төгрөг, алданги 1.350.000 төгрөг нийт 7.050.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 5.550.000 төгрөгөөс татгалзаж, 1.500.000 төгрөг гаргуулахыг шаардсан.

Хариуцагч Х.Маярагүль 1.500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр бичгээр тайлбар ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Г.Алтанзул төлбөр төлөх хугацааг зөвшөөрч, талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127.750 төгрөгийг улсын төсвийн орлогод  хэвээр үлдээж,  нэхэмжлэлийн  хангагдсан  үнийн дүн болох 1.500.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38.950 төгрөгний тал хувь болох 19.475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 19.475 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч  Эмчийнхэн овгийн Гэндэнгийн Алтанзул, хариуцагч Секел овгийн Хавдалхазын Маярагүлээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаа заасныг нэхэмжлэгч зөвшөөрч, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127.750 /нэг зуун хорин долоо мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 19.475 /арван есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын төсвийн орлогоос, 19.475 /арван есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Х.Маярагүлээс тус тус гаргуулж нэхэмжлэгч  Г.Алтанзулд олгосугай.

3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  74  дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75  дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ                                           Н.БАЯРСҮРЭН