Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 382

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн  би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3-9 тоот “Жи мобайл” ХХК /РД:5055873/-ийн

Хариуцагч: Налайх дүүрэг 7 дугаар хороо, Өвөршандын 5 дугаар гудамж 05 тоотод оршин суух Монгол овгийн Гантөмөрийн Батзул /РД:УД96092519/-д холбогдох

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 210.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Батзул нь 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр манай компанитай “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж 240.000 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20.000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20.000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Г.Батзул одоогийн байдлаар 140.000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд  Г.Батзулаас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 140.000 төгрөг, алданги 70.000 төгрөг нийт 210.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Батзулаас төхөөрөмжийн үнэ 140.000 төгрөг, алданги 70.000 төгрөг, нийт 210.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч Г.Батзул төхөөрөмжийн үнэ 140.000 төгрөгийг төлж барагдуулсан тул алданги 70.000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Батзул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 140.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төлсөн тул алданги 70.000 төгрөгөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

Шүүх энэ хэрэгт иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

“Жи мобайл” ХХК нь хариуцагч Г.Батзулаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 140.000 төгрөг, алданги 70.000 төгрөг, нийт 210.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа хариуцагч үндсэн төлбөр 140.000 төгрөгийг төлсөн үндэслэлээр алданги 70.000 төгрөгөөс татгалзсан.

Хариуцагч Г.Батзул шүүхийн шатанд 140.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төлсөн нь зохигчдын тайлбар, мөнгө төлсөн баримт /хх-18-20/-аар тогтоогдсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоон нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүн болох 140.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4.850 төгрөгийн тал хувь болох 2.425 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 2.425 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. 

Хариуцагч Г.Батзул улсын тэмдэгтийн хураамж 2.425 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол овгийн Гантөмөрийн Батзулд холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.950 /зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 2.425 /хоёр мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 2.425 /хоёр мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөгийг  хариуцагч Г.Батзулаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-нд олгосугай.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Батзул улсын тэмдэгтийн хураамж 2.425 /хоёр мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг дурдсугай.

4. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

 

ШҮҮГЧ                                            Н.БАЯРСҮРЭН