Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/126

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 1936000000135 дугаартай, 178/2019/0122/Э/ индекстэй хэргийг 2019 оны 07 сарын 19-ний өдөр хүлээн авч 2019 оны 07 сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, яс үндэс захчин, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, алт мөнгөний дарханаар ажилладаг, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт  Улаанбаатар хот, ******* дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 6 дугаар гудамж, 179 тоотод оршин суух үндсэн хаягтай боловч Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 03 дугаар гудамжны 36 тоотод оршин суух,  урьд ял шийтгэгдэж байгаагүйаминдаа гэр нэгийн хөрөнгөтэй,  сарын өрхийн орлого 500000-600000 төгрөг,  ******* овогт *******ын *******,

           Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/ :

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт 2019 оны 6 дугаар сарын 24-ний орой иргэн Ч.*******тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар Ч.Сүхтулгын биед халдаж толгойн тус газар заазуураар цохиж, түүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг холбогджээ.

             Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Мөрдөн  шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн задгайд оршин суух, 1989 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, Ариун хүч төвд тавилгын хэсэгт мужааны ажилтай,  / ******* овогт *******гийн Сүхтулгын  өгсөн “...Ш.******* миний төрсөн эгчтэй суусан болохоор манай хүргэн ах болдог. Тухайн өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр цагийг сайн санахгүй байна оройхон гэртээ байсан. Гэртээ байж байтал гаднаас хүргэн ах Г.******* согтуу орж ирээд юм хэлэхээр нь “юу болж байна залуу” гэхэд “түй май гээд салаавч гаргаад чи миний амьдралыг заах юм уу? ажилд орчихоод томроод байна уу” гээд хэрүүл маргаан хийгээд босож ирээд над руу дайрахаар нь нүүр лүү нь 2-3 удаа хальт цохиод намайг бас хальт өшиглөөд ширэм барьж аваад дайраад нэг удаа хальт цохиод, дахиад нэг удаа цохиод авахаар нь ширмийг нь булааж аваад зуухан дээр тавьтал, дахин ширэм авахаар нь булааж авсан ба заазуур хэзээ авсныг мэдээгүй байсан.Тэгсэн над руу хальт өшиглөөд газар унахаар нь тонгойтол толгой руу нэг удаа заазуураар цохих шиг болоод толгойноос цус гараад хүргэн ах Г.*******тай дахиж ноцолдож, зодолдож байтал эгч Ч.*******- 103 дуудаад, түргэн тусламжийн эмч ирээд толгойд боолт хийгээд эмнэлэг дээр авч ирсэн. “Залуу согтуу юу болж байна” гэж  Г.*******т хэлснээс болж маргалдаад гар луу ширмээр 1 удаа, толгой руу заазуураар 1 удаа цохисон. Би Г.*******ын хацар луу 2-3 удаа алгадаж, бусад газар луу нь хальт цохисон. Г.******* надад учирсан хохирол болох 230000 төгрөгийг төлж өгсөн. Ямар нэг гомдол, санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.*******-ийн гэрчээр өгсөн “... Ц.******* миний төрсөн дүү. Ч.******* ээжтэй хамт амьдардаг. Г.******* манай нөхөр. 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ээжийнд Ч.*******, 9 сараас 6 насны хооронд 5 хүүхдийн хамт  байж байтал Г.******* гаднаас согтуу орж ирсэн. Ч.Сүхтулгыг  “арчаагүй, эр хүн шиг байсангүй” гэх мэтээр хэлж доромжилсон. Ч.******* “залуу согтуу яаж байна, гараад зайл чамтай ярих юм байхгүй харьж унт” гэж хэлээд хоймрын орон дээр сууж байхад нь Г.******* очоод Ч.Сүхтулгын хөл рүү өшиглөөд, тэр 2 хоорондоо барилцаж аваад ноцолдоод, зодолдоод байхаар нь би хувцас угааж байгаад, босож тэр хоёрыг салгаад, баруун талын орон дээр суугаад хүүхдээ хөхүүлээд сууж байтал, Г.*******, Ч.******* 2 дахиад хоорондоо зодолдоод эхлэхээр нь салгах гээд очтол Ч.Сүхтулгын толгойноос цус гарч байсан. Г.******* луу харсан чинь баруун гарт нь заазуур байхаар нь булааж аваад гэрийн зүүн тал руу шидсэн. Тэгээд 103 дуудаж байх хооронд Г.******* гэрээс гараад явсан. 103-н эмч дуудлагаар ирээд Ч.Сүхтулгын толгойг боогоод эмнэлэг рүү аваад явсан. Г.******* согтуу ирээд Ч.Сүхтулгыг хэл амаар доромжилсноос болж хэрүүл маргаан болж, тэр 2 дээр, доороо ороод ноцолдоод байсан. Г.*******ын толгойноос цус гарсан ба Г.******* Ч.Сүхтулгын хөл рүү өшиглөж байсан. Г.******* согтуу ирээд агсам тависнаас болоод, Ч.******* согтууд ирээд зүгээр байсангүй гэснээс болоод  хэрүүл маргаан зодоон үүсдэг байсан. Тухайн үедээ учраа олоод эвлэрээд өнгөрдөг байсан. Тэр хоёрын дунд өс хонзон өр авлагын асуудал байхгүй. Тухайн үед тэр хоёрын хажууд насанд хүрсэн надаас өөр хүн байгаагүй. 09 сараас 06 насны 5 хүүхэд байсан. Г.*******ыг ирэхээс өмнө баруун талын орон дээр заазуур  байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-рт/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч  Д.ын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 388 дугаартай шинжээчийн ... “Ч.Сүхтулгын биед гэмтэл тогтоогдлоо. Ч.Сүхтулгын  биед толгойн дагзны зүүн дээд хэсэгт шарх, зулайн зүүн хэсэгт шарх,  зүүн чамархайн урд хэсэгт зулгаралт, хамрын уг хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь  үзүүртэй  зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Тухайн хэрэг учралын үед үүссэн шинэ гэмтлүүд байна.Ч.Сүхтулгын биед учирсан  гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн  чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ч.Сүхтулгын  биед учирсан дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна...”гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.ын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 103 дугаартай  ....Ногоон  өнгийн иштэй заазууран дээрхи цус мэт зүйл нь шигжилгээнд тэнцэхгүй байна.Маарланд шингээж хатааж авсан гэх цус шинжилгэнд тэнцэнэ. Маарланд шингээж хатааж авсан зүйл нь  цус мөн байна. Маарланд шингээж хатааж авсан гэх цус нь моноклон оношлуураар О/I/бүлгийн цустай байна. Маарланд шингээж хатааж авсан гэх цусанд согтууруулах ундаа, мансууруулах бодисыг шүүхийн  шинжилгээний албанаас тогтоох боломжгүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 37-рт/

Мөрдөн  шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн... Хүлээн зөвшөөр ч байна. Тэр үед буюу 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр найз Хосбаяртай хамт Бичигт багийн нутаг дэвсгэрт 1 шил 0,5гр архи 2 литрийн 2 ширхэг пиво хувааж уугаад согтуу Ч.Сүхтулгынд очоод маргалдаж байсан.Тэгээд юу болсон юм мэдэхгүй. Нэг мэдсэн чинь цагдаа нартай хамт цагдаа руу явж байсан. Өөр санаж байгаа зүйл байхгүй.  байна. Би архи уугаад нилээн их согтоод хэлсэн ярьсан, хийсэн үйлдлээ санахгүй байна. Ч.*******тай юунаас болж маргалдаж заазуураар цохисноо санахгүй байна. Би Ч.*******д итгэж байна. Ч.******* намайг миний толгойруу заазуураар цохисон гэж худлаа хэлэх үндэслэл байхгүй.  Тухайн  үед хэн хэн байсныг мэдэхгүй. Бид 3-аас өөр хүн байгаагүй гэж хэлсэн. Урд  өмнө намайг гэртээ согтуу ирэхэд эгчийгээ өмөөрч Ч.*******  маргалдаад өнгөрдөг байсан. Өс хонзонгийн асуудал байхгүй. Ч.Сүхтулгыг цохисон заазуурыг хаана байхад нь авсанаа санахгүй  байна. Барьж байсан заазуураар яаснаа ч мэдэхгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ч.*******д 230000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан.Гэм буруугаа ойлгон гэмшиж байна ...гэх мэдүүлэг

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар... Хавцалынхан овогт *******ын *******нь ял шийтгэгдээгүй гэх баримт /хх-ийн 45-рт/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол,  эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 58-62-рт/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт  хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байх тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:

Шүүгдэгч Г.******* нь  2019 оны 06 сарын 24- ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт  байх   иргэн Ч.Сүхтулгын гэрт ирж, түүнтэй маргалдахад нь  “ согтуу орж ирээд юу хэлээд байна, гар “  гэх шаардлага тавьсныг эсэргүүцэж,  хөл рүү нь өшиглөж, ширэм авч дайрч, ширмийг нь булааж авахад нь  заазуур авч толгойн тус газарт нь цохиж , цус гарахаар нь Ч.Сүхтулгын эгч болох Ч.*******- нь заазуурыг нь булаан авч,  Ч.*******, Г.******* нарыг салгаж, 103-т дуудлага өгч, дуудлаганы эмч  Ч.Сүхтулгыг эмнэлэгт хүргэж, толгойн дагзны  ар хэсэгт 3 ширхэг оёдол тависан  хэргийн үйл баримт, бодит байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.*******ын дээрхи үйлдлийн улмаас хохирогч Ч.Сухтулгын биед ...толгойн дагзны зүүн дээд хэсэгт шарх, зулайн зүүн хэсэгт шарх,  зүүн чамархайн урд хэсэгт зулгаралт, хамрын уг хэсэгт зулгаралт ... гэх хөнгөн  гэмтэл учирсан болох нь  Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 сарын 27-ны өдрийн  388 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна

Шүүгдэгч Г.*******ын  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2019 оны 06 сарын 24- ний орой  Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвгэрт  хохирогч Ч.*******тай  маргалдаж улмаар түүний толгойн хэсэгт заазуураар цохиж, биед нь... толгойн дагзны зүүн дээд хэсэгт шарх, зулайн зүүн хэсэгт шарх,  зүүн чамархайн урд хэсэгт зулгаралт, хамрын уг хэсэгт зулгаралт ... гэх хөнгөн   гэмтэл учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  заасан  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.

Иймд  шүүгдэгч  Г.*******ын  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт 2019 оны 6 дугаар сарын 24-ний орой иргэн Ч.*******тай маргалдаж,  толгойнд нь заазуураар цохиж, эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд  нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн  ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ. 

Шүүхээс шүүгдэгч Г.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Дээрхи гэмт хэрэг нь шүүгдэгч  хохирогч нарын хэн нэгнийгээ хүндлэхгүй байдал, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс  бий болжээ.

                 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.******* нь шүүгдэгч Г.*******аас гэм хорын хохиролд 230000 төгрөгийг авсан,  ямар нэгэн гомдол, санал хүсэлт нэхэмжлэх зүйлгүй ...гэх мэдүүүлэг/хх-ийн 17-18-рт/  байх тул шүүгдэгч Г.******* нь хохиролд 230000 төгрөгийг  төлсөн гэж  үзнэ.  

                        Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч  Г.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгүүлж байгаагүй болох нь хэргийн 45 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”,мөрдөн шалгах ажиллагаанд   Г.Эрдэнэбаярын гэрчээр өгсөн...Миний ах Г.******* нь үг дуу цөөтэй. Хүнд тусархуу , муу зуршил байхгүй.Цайлган ямар нэг зүйлд тайван ханддаг,  даруухан зан төлөвтэй.  Багадаа хүмүүжилтэй байсан. Гэртээ бага наснаа өнгөрөөсөн. ******* сумын 12 жилийн  дунд сургуулийг төгсөөд политехник коллежийн комьютерийн ангийг төгссөн. Ар гэрийн амьдралын хэрэлцээ боломж дунджийн тийм ч хүрэлцээтэй амьдралтай биш. Бусдын биед гэмтэл учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж байгааг мэдсэн…гэх мэдүүлэгээр  тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.******* нь  хохирогч Ч.Сүхтулгын эрүүл мэндэд учруулсан хохирол болох эмчилгээний зардал 230000 төгрөгийг  төлсөн байх тул    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Улсын яллагчийн дүгнэлтэд:  Шүүгдэгч Г.******* нь   гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа, шүүгдэгчийн хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч  Г.*******ыг   дөрвөн зуун  наян нэгжтэй тэнцэх хэмжээний,  дөрвөн зуун  наян мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй,  бусдад төлөх төлбөргүй, торгох ял биелүүлэх хүртэл түүний хувьд ногдох эд хөрөнгө болох БНХАУ-д үйлдвэрлэсэн “Хуанши” маркийн хөргөгчийг  битүүмжилсэн прокурорын 2019 оны 07 сарын 08-ны  өдрийн 5/43  дугаартай  “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  хэвээр хэрэглэх, мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх саналтай байна гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.******* өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ: Өөрийн хүр дүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Учруулсан хохирол 230000 төгрөгийг төлсөн. Улсын яллагчийн санал болгосон торгох ялыг зөвшөөрч байна гэв.   

Шүүхээс шүүгдэгч Г.*******ыг  хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтийг  харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Г.*******т 480 нэгжтэй тэнцэх  хэмжээний 480000 төгрөгийн торгох ял  шийтгэж,  түүнд оногдуулсан  480000 төгрөгний торгох ялыг  3 сарын хугацаанд хэсэгчилэн  төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх  биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  тайлбарлав. 

Эрүүгийн 1936000000136 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.******* нь   цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 230000 төгрөгний хохирол төлсөн,  шүүхээс шүүгдэгч Г.*******т   торгох ял оногдуулсан тул  шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгө болох БНХАУ-д үйлдвэрлэсэн “”Хуанш” маркийн хөргөгчийг  битүүмжилсэн прокурорын 2019 оны 07 сарын 08-ны  өдрийн 5/43  дугаартай  “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгч Г.*******т хувийн баталгаа гаргах таслан сэрггийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг  дөрвөн  зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун наян  мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******т оногдуулсан дөрвөн зуун наян мянган төгрөгний торгох ялыг 3 /гурав / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Г.*******т тайлбарласугай.

5.Эрүүгийн 1936000000135 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.******* нь  цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.*******д  төлөх 230000 төгрөг төлөгдсөн болохыг  тус тус  дурдсугай.

6. Шүүгдэгч Г.*******ын БНХАУ-д үйлдвэрлэсэн “Хуанши” маркийн хөргөгчийг  битүүмжилсэн прокурорын 2019 оны 07 сарын 08-ны  өдрийн 5/43  дугаартай  “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл  хэвээр үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Г.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж залдах шатны шүүхэд  давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих,  гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан  анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА