Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 456

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, 45 дугаар байр 56 тоотод оршин суух Шалбаг овгийн Авирмидийн Балчин /РД:МЧ38051511/-гийн

Хариуцагч: Налайх дүүрэг 5 дугаар хороо, 72 дугаар байр 24 тоотод оршин суух Боржигон овгийн Гэндэнпилжээгийн Даваажамц /РД:ИБ61053111/-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.208.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: А.Балчин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Даваажамц 2015 оны 8 дугаар сарын 28-наас 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 8 сарын хугацаатай 4.500.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй гэрээ байгуулан зээлсэн. Г.Даваажамц гэрээ дуусаад 3 сар өнгөрч байхад зээлсэн мөнгөө, 4 сарын хүүтэй нь өгөхгүй чирэгдүүлж хохироож байна. Иймд Г.Даваажамцаас 5.208.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Даваажамц шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Даваажамц миний нэхэмжилсэн 5.208.000 төгрөгийг 2016 оны 10 сарын 17-ны дотор бүрэн төлнө гэсэн хугацааг зөвшөөрч эвлэрч байгаа тул эвлэрлийг баталж өгнө үү  гэжээ.

Хариуцагч Г.Даваажамц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Балчингаас 4.500.000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сар бүрийн 5 хувийн хүүтэй зээлж сар бүр хүүг өгч байсан. Гэвч бизнесийн үйл ажиллагаа түр хугацаанд зогссон, гэр бүлийн хүн цусны даралт харвасан зэргээс шалтгаалж сүүлийн саруудад хүү, болон мөнгөө төлж чадаагүй... 5.208.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 17-нд бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч А.Балчин хариуцагч Г.Даваажамцаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.208.000 төгрөг гаргуулахыг шаардсан.

Хариуцагч Г.Даваажамц 5.208.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2016 оны 10 дугаар сарын 17-ны дотор төлж барагдуулах хугацаа заасныг нэхэмжлэгч зөвшөөрч, зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг байгуулав. Энэхүү гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн болно гэжээ.       

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Балчин нь хариуцагч Г.Даваажамцаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.208.000 төгрөг гаргуулахыг шаардсан.

Хариуцагч Г.Даваажамц 5.208.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлөхөөр бичгээр тайлбар ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч  А.Балчин  төлбөр төлөх хугацааг зөвшөөрч, талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоон нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98.278 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 98.278 төгрөгийн тал хувь болох 49.139 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 49.139 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч  Шалбаг овгийн Авирмидийн Балчин нь хариуцагч Боржигон овгийн Гэндэнпилжээгийн Даваажамцаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 5.208.000 /таван сая хоёр зуун найман мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрч, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаа заасныг нэхэмжлэгч зөвшөөрч, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Балчингийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.278 /ерэн найман мянга хоёр зуун далан найм/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 49.139 /дөчин есөн мянга нэг зуун гучин есөн/ төгрөгийг улсын төсвийн орлогоос, 49.139 /дөчин есөн мянга нэг зуун гучин есөн/ төгрөгийг хариуцагч Г.Даваажамцаас тус тус гаргуулж нэхэмжлэгч  А.Балчинд олгосугай.

3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  74  дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75  дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ                                               Н.БАЯРСҮРЭН