| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0577/Э |
| Дугаар | 586 |
| Огноо | 2019-07-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 586
2019 07 19 2019/ШЦТ/586
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Ц. Батбямба,
шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан бөөгийнхөн овогтой Доржийн Сүхбатад холбогдох эрүүгийн 1911015970763 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, армотурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн Баянхаан, 5 дугаар хэсгийн 98 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 8-111 тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусгаж суллагдсан, Цагаан бөөгийнхөн овогтой Д. С............. /РД: ..............
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:
Яллагдагч Д.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгч Д.С нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 8 дугаар гудамжны 113 тоотод насанд хүрээгүй хохирогч Г.Отгонсувдтай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, 2 гарын тохой, зүүн өвдөгт зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С мэдүүлэхдээ “... Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр би гэртээ байж байтал Отгонсувд өглөөгүүр хүрээд ирсэн. Бид хоёр хамт байж байгаад би түүнээс мөнгө байна уу, архи авч уумаар байна гэхэд Отгонсувд зөвшөөрч, 10.000 төгрөг гаргаж ирсэн. Уг мөнгөөр би дэлгүүр явж нэг шил архи авч ирээд ганцаараа уг архийг уусан. Дахиж архи уумаар санагдаад, мөнгө байхгүй болохоор нь Отгонсувдыг гар утсаа ломбарданд тавьчих гэж гуйсан чинь зөвшөөрч бид хоёр хамт гарч яваад манай хойно байдаг ломбарданд гар утсаа Отгонсувд тавиад 30.000 төгрөг авсан, уг мөнгөөр дэлгүүрээс архи худалдаж аваад манай найз Лхагважавын гэрт очсон. Отгонсувдыг өөр эрэгтэй хүнтэй үерхээд байгаа талаар ярилцсан чинь надаас нуугаад байсанд нь уур хүрээд Отгонсувдын зүүн хацарлуу 2 удаа, хоолойноос нь гараараа боож, хөл, гарлуу нь гараараа 2-3 удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34х/,
Насанд хүрээгүй хохирогч Г.Отгонсувд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... Би тухайн өдөр гэрт нь чихмэл тоглоом болон цамцаа авах гэж өөрөө очсон. Намайг гар утсаа ломбарданд тавьчих гээд шахаад байхаар нь хамт явж байгаад ломбарданд миний гар утасыг тавиад, архи авч гэртээ очоод архиа ууж байгаад намайг зодсон. Надад гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15х/,
Гэрч Я.Идэрбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... Би 3-4 жилийн өмнөөс Отгонсувд гэх охины ах Баяраа гэх залуу нь манай эхнэрийн хаяг рекламанд нь тусалдаг байх үеэс нь мэднэ. Тэгээд Отгонсувдыг амьдрах гээд өндөг чанаж яваад байдаг болохоор нь үсчний салондоо үйлчлэгчээр ажиллуулж байгаад цаашдаа үсчин болгоё гэсэн бодолтой явж байгаа юм. Тэгтэл өнөөдөр 23:00 цаг өнгөрч байх үед уйлсан, хувцас нь цус болсон байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад хамт ирж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/,
Гэрч О.Доржзовд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... Би орой 22 цагийн орчим ажлаа тараад гэртээ ирэхэд Отгонсувд, Сүхбат нар хоорондоо маргалдсан байдалтай гэр доторхи эд зүйл эмх замбараагүй болсон байсан. Тухайн үед Сүхбат архи уусан халамцуу байсан. Отгоо бараг эрүүл байсан. Би гэртээ ороод тэр хоёроос элдэв юм асуугаагүй. Утсаараа оролдож байгаад унтахаар хэвтсэн. Энэ хооронд нь бид хоёр юм ярихгүй байж байгаад Сүхбат Отгоог дэлгүүр яваад ир гээд явуулсан бөгөөд Отгонсувд эргэж орж ирээгүй. Тэгээд нилээн дараахан 00 цагын орчим цагдаа нар ирээд Сүхбатыг аваад явсан. Тэр шөнө Сүхбат ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/,
бШүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6507 тоот “...Г.Отгонсувдын биед тархи доргилт, 2 гарын тохой, зүүн өвдөгт зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмт хэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 27х/ болон бусад хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сыг 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД