| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 102/2023/03692/И |
| Дугаар | 210/МА2025/00468 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/00468
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
*******ын нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
*******ын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20370209/02-144 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, учирсан хохирол болон олох ёстой байсан орлого 34,315,367 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* ХХК-ийг *******гаас худалдан авсан бөгөөд өр төлбөртэй гэж хэлээгүй, *******аас ч ямар нэг битүүмж хийгээгүй байсан бөгөөд гэнэт миний хувийн дансыг битүүмжилж 24,359,035 төгрөгийг хурааж авсан байдаг. Үүнийг үл зөвшөөрч шийдвэр гүйцэтгэгчид хандахад компанийн хөрөнгө юу байна тэрийгээ мэдэгдээд дансны битүүмж чөлөөлүүлж болно гэж хэлсэн тул тухайн үед компанийн хөрөнгө болох автомашиныг бүртгүүлж өр төлбөрт өгсөн, шийдвэр гүйцэтгэгч мөнгийг буцааж өгнө гэсээр өнөөдрийг хүртэл өгөөгүй тул шүүхэд хандсан.
Хэрвээ энэ компани өр төлбөртэй байсан бол бид авахгүй байх байсан. ******* өр төлбөртэй байсан гэдгээ нуун дарагдуулж надад компанийг шилжүүлсэн тул 24,359,035 төгрөгийг буцаан авах хүсэлтэй байна. ...Надад эрх үүрэг тайлбарласан, мэдэгдэл хүргүүлсэн гэж хэлж байна. Ямар ч мэдэгдэл, шаардах хуудас ирээгүй.
Хаан банкны энгийн хадгаламжийн хүүгийн хэмжээг 12 хувиар тооцоод 9,958,332 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байх тул нийт 34,317,367 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, *******ын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20370209/02-144 дугаартай данс битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 197 дугаартай шийдвэрээр ******* ХХК-иас 48,039,870 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 398,200 төгрөгийн хамт гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үүсгэсэн. Хуулийн этгээдийн лавлагаанаас үүсгэн байгуулагчийг тодруулахад ******* гэх хүн гарч ирсэн. Үүсгэн байгуулагчид холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан. Улсын бүртгэлийн газраас дахин тодруулахад хувьцаа эзэмшигчээр *******, ******* гэх хүмүүс бүртгэлтэй байсан. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хувьцаа эзэмшигч *******т мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдлийн хугацаанд төлбөр төлөгдөөгүй тул *******ын данснаас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20,243,060 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 4,115,974 төгрөгийн таталт хийж манай данс руу шилжиж орсон нь үнэн.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч учраас шийдвэрт заасан өр төлбөрийн 50 хувь буюу хувьцааны эзэмшлийн дагуу 24,359,035 төгрөгийг татсан. Иймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар *******ын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20370209/02-144 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, *******аас 24,359,035 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,958,332 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454,046 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын төсвөөс 279,746 төгрөгийг нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
...тухайн битүүмжилсэн 24,3359,035 төгрөгийг хадгаламжид байршуулсан бол хүүгийн ашиг орлого олох байсан хугацаагаар тооцож нийтэд илэрхий арилжааны банкны аргачлалаар бодож тооцоолсон, энэ нь нотлогдож байхад шүүх хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Үндсэн хуульд зааснаар хэргийн оролцогчид тэгш эрхтэй байдаг. Гэтэл хариуцагч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэдгээрээ давуу эрх эдлэх ёсгүй ба хариуцагч өөрт учирсан хохирлоо буруутай албан тушаалтнаас нэхэмжлэн авах бүрэн боломжтой.
...******* миний Хаан банкны тоот данс нь энгийн хугацаагүй хадгаламж бөгөөд энэ дансны зайлшгүй олох байсан орлого нь жилийн 5,40 хувь байдаг бөгөөд энэ дүнгээр тооцоход 30,062,322 төгрөг болж байна. Энэ дансанд байсан мөнгөн хөрөнгө нь миний хувийн өмч бөгөөд энэ мөнгөн хөрөнгөө энгийн хугацаатай хадгаламжид хийж хүүгийн ашиг олох боломжийг тасалдуулсан учир хугацаат хадгаламжийн хүүгээр тооцон гэм хорыг арилгуулах боломжтой нэг үндэслэл юм. Анхан шатны шүүхээс энгийн хугацаатай хадгаламжийн хүүгээр тооцохгүй ч энгийн хугацаагүй хадгаламжийн зайлшгүй олох байсан орлогоор нь буюу жилийн 5.40 хувиар тооцож нийт 30,062,322 төгрөгийг гаргуулах ёстой байсан.
...Иймд Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хугацаатай хадгаламжийн хүүгээр тооцохгүй юмаа гэхэд миний зайлшгүй олох ёстой байсан 30,062,322 төгрөгөөс хүүгийн орлого болох 5,703,287 төгрөгийг хэрэгсэхгүй болгож намайг хохироож байгаа тул 192/ШШ2025/00598 дугаар шийдвэрт гомдлын дагуу зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Хариуцагчийн харилцах данснаас гүйлгээ хийсэн бөгөөд энэ нь баримтаар тогтоогддог. Нэхэмжлэгч хийсвэр төсөөллөөр хадгаламжийн хүү тооцож нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч ******* нь компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байдаг. Манайх өмнө гаргасан тайлбараа дэмжиж оролцож байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20370209/02-144 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, учирсан хохирол болон олох ёстой байсан орлого 34,315,367 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн хэргийг хянан шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралтай баримталбал зохих хуулийг баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/00197 дугаар шийдвэрээр ******* ХХК-аас 48,039,870 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 398,200 төгрөгийн хамт гаргуулж ******* ХХК-нд олгохоор шийдвэрлэж, /1.х.х-ийн 26-28/
3.2. Төлбөр төлөгч нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 342 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тогтоолоор ******* ХХК-ийн дансны зарлагын гүйлгээг 48,717,070 төгрөгийн хэмжээнд битүүмжилж, битүүмжлэгдсэн данснаас дээрх мөнгийг *******ын дансанд шилжүүлэхийг мэдэгдэж, /1.х.х-ийн 25, 31-32/
3.3. Улмаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5/6372 тоот бичгээр ирүүлсэн ******* ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагааг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20370209/02-144 дугаар тогтоолоор компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч *******ын арилжааны банкнууд дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжилж, битүүмжлэгдсэн данснаас 24,359,035 төгрөгийг *******ын дансанд шилжүүлэхийг мэдэгдэж, /1.х.х-ийн 52-54, 58/
3.4. Дээрх тогтоолын дагуу нэхэмжлэгчийн Хаан банк ХК дахь тоот данснаас 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 4,116,474.93 төгрөг, мөн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20,243,060.07 төгрөг, нийт 24,359,035 төгрөгийг татан авч, төлбөр авагчийн төлбөрийг барагдуулжээ. /1.х.х-ийн 9-11/
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дээр дурдсан хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж зааснаар хариуцагч байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирлыг шаардаж болно.
5. Анхан шатны шүүх хариуцагч *******ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.3, 44.4, мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-т тус тус заасныг зөрчиж шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг төлбөр төлөгч компанийн хувьцаа эзэмшигчид холбогдуулан явуулж байгаа талаар мэдэгдээгүй, хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөгүй, мөн данс битүүмжлэх, данснаас мөнгө татан авах зэрэг ажиллагаа нь хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгө буюу мөнгөн хөрөнгийг өмчлөх эрхэнд хууль бусаар халдсан, хязгаарласан гэж үзэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагаас 24,359,035 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг буруутгахгүй.
Тодруулбал, *******ын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20370209/02-144 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, тус байгууллагаас дээрх мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн хэсэгт хариуцагчийн зүгээс гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс талуудын зарчмын хүрээнд энэ талаар нэмж дүгнэлт өгөхгүй.
6. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж, мөн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч нь учирсан хохирол буюу олох ёстой байсан хүүгийн орлого 9,958,332 төгрөгийг энгийн хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгээр тооцож шаардаж байгаа тохиолдолд нотлох үүргийг өөрөө хүлээнэ.
Гэвч нэхэмжлэгч тал 24,359,035 төгрөгийн хүүгийн орлогыг энгийн хугацаатай хадгаламжийн хүүгээр тооцож 35 сарын хугацаанд 9,958,332 төгрөг олох байсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлоогүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Хаан банк ХК-тай байгуулсан энгийн хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн гэрээг гаргаж өгөөгүй, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл буюу хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүү жилийн 5.4 болон 12 хувь байсан гэдгийг баримтаар нотлоогүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт нотлох баримтаар хадгаламжийн хүүгийн тооцоолуур гаргаж өгсөн боловч энэ нь зөвхөн тооцоолол бөгөөд банкны хадгаламжийн хүүг дээр дурдсан хувь хэмжээтэй байсан гэдгийг бүрэн нотолсон гэж үзэхэд учир дутагдалтай байна. /2.х.х-ийн 64/
7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрээс хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Учир нь,
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулахаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасан байхад хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/00598 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ...497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.1 гэснийг хасаж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 174,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Б.МАНДАЛБАЯР