| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2016/0517/И |
| Дугаар | 477 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 477
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай,Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би
Нэхэмжлэгч: Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Хөдөөгийн 2 дугаар гудамж 12 тоотод оршин суух Боржигин овгийн Лувсанбалдангийн Дорж /РД:НВ46020410/-ийн
Хариуцагч: Багахангай дүүрэг, 2 дугаар хороо, Нуурын 5 дугаар гудамж 05 тоотод оршин суух Нордов овгийн Дугаржавын Есөн-Эрдэнэ /РД:ЗД80090313/, Боржигин овгийн Пүрэвсангийн Эрдэнэсайхан /РД:НВ84100101/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.700.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Дорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Есөн-Эрдэнэ, П.Эрдэнэсайхан нар нь надаас 2015 оны 9 дүгээр сард 3.000.000 төгрөгийг Баян сум дахь Төрийн банкнаас миний нэр дээр зээл авахуулаад 1.000.000 төгрөгийг өгөөд үлдсэн 2.000.000 төгрөгийг одоо болтол өгөөгүй. Би арга буюу 2.000.000 төгрөгийг хүүтэй нь банкинд төлсөн. Иймд Үндсэн зээл 2.000.000 төгрөг, хүү 700.000 төгрөг, нийт 2.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Есөн-Эрдэнэ, П.Эрдэнэсайхан нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Доржийн нэхэмжилсэн 2.700.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Дорж нь хариуцагч Д.Есөн-Эрдэнэ, П.Эрдэнэсайхан нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.700.000 төгрөг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Д.Есөн-Эрдэнэ, П.Эрдэнэсайхан нар нэхэмжлэлийн шаардлага 2.700.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар /хх-21,22/ ирүүлсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй хуульд нийцсэн болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоон нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58.150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 29.075 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 29.075 төгрөгийг хариуцагч Д.Есөн-Эрдэнэ, П.Эрдэнэсайхан нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Боржигин овгийн Лувсанбалдангийн Дорж нь хариуцагч Нордов овгийн Дугаржавын Есөн-Эрдэнэ, Боржигин овгийн Пүрэвсангийн Эрдэнэсайхан нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Доржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58.150 /тавин найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 29.075 /хорин есөн мянга далан таван/ төгрөгийг улсын төсвийн орлогоос, 29.075 /хорин есөн мянга далан таван/ төгрөгийг хариуцагч Д.Есөн-Эрдэнэ, П.Эрдэнэсайхан нараас гаргуулж нэхэмжлэгч Л.Доржид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Н.БАЯРСҮРЭН