Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/00337

 

 

******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/05089 дугаар шийдвэртэй

 

******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

******* *******-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 89,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* ******* ******* ******* нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ******* *******-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 11 нэр төрлийн гарын бэлэг бүхий саравчтай малгай, толгойны хамгаалалт, гарны хамгаалалт, хүзүүний хамгаалалт, поло цамц, ажлын бээлий, нөүтбүүк цүнх, жижиг цүнх, усны сав, аяны сэт, картны гэр зэрэг барааг захиалагчид нийлүүлэхээр тохиролцсон.

1.2. Гэрээний 5.1-д заасны дагуу хариуцагч ******* *******-д гэрээний урьдчилгаа төлбөрийн нэхэмжлэх хүргүүлсэн боловч урьдчилгаа төлбөрийг шилжүүлээгүй тул менежер тай холбогдоход ...баяр наадмын дараа шилжүүлье, шилжүүлгийн хуваарьт орсон байна, ажлаа хурдан хийгээрэй хугацаандаа авна гэсний дагуу манай компани ажлыг хийсэн. Урьдчилгаа төлбөр шилжүүлмэгц ажлыг хүлээлгэн өгнө гэж менежер т хэлэхэд би ажлаасаа гарсан, тус компанийн гүйцэтгэх захирал гадаад улсад томилолтоор явсан, захиралтай уулз гэх мэдээллийг өгч, энэхүү гэрээний дагуу гуйцэтгэсэн ажлыг хүлээн аваагүй.

1.3. Хариуцагч ******* ******* гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс зөвхөн хариуцагч компанийн захиалгаар гүйцэтгэсэн ажлыг бусад этгээдэд худалдан борлуулах боломжгүй болсон.

Иймд хариуцагч ******* *******-д гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгч, гэрээний дагуу төлбөр болон 89,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

******* *******, ******* ******* ******* *******-ийн хооронд 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр ******* ******* нь урьдчилгаа 60 хувийн төлбөрийг гүйцэтгэгчид төлж гүйцэтгэгч нь тухайн урьдчилгаа төлбөрийг хүлээн авснаас хойш 21-24 хоногийн дотор тухайн ажил үүргийг гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсний дараа үлдэгдэл төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Тодруулбал, захиалагч нь гэрээний 5.1-д заасан урьдчилгаа төлбөрийг шилжүүлж захиалгыг баталгаажуулах ёстой байхад гэрээ байгуулагдмагц захиалга баталгаажиж урьдчилгаа төлбөр шилжүүлмэгц ажлыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон мэтээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулсан нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч ******* *******-аас 89,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 602,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамж 602,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Гэрээний 2.1-д заасан нийт 11 төрлийн бүтээгдэхүүнийг хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ба зохигч нар энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдалтай маргадаггүй. ******* ******* ******* *******, ********* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь нэхэмжлэгч компанийн ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй.

4.2. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу урьдчилгаа төлсөн баримт гэж тайлбарлан төлбөрийн баримтыг хамт гаргаж өгсөн/хх-10, 15/. Тус төлбөр төлсөн баримт нь 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэж гэрээний тал биш хамааралгүй этгээдэд мөнгө шилжүүлсэн баримт гаргаж өгсөн нь шүүх хуралдааны үеэр тодорхой болсон. Гэтэл шүүхийн шийдвэрт тус нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар дурдалгүй ганц гэрээг дурдсан байна.

4.3. Шүүхээс , *************** нарын хооронд фэйсбүүк чатаар харилцсан мессенжерд үзлэг хийж бэхжүүлсэн нь ач холбогдолтой бус бөгөөд зураг дахь харилцан яриаг өөрчилсөн байж болзошгүй мөн зураг дээр авагдсан гэх хаяг нь ******* *******-ийн ажилтан мөн эсэх нь тодорхойгүй байгаа тул тус үзлэг хийсэн фэйсбүүк чатаар харилцсан мессеж нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй талаар хариуцагч шүүх хуралдааны үед маргасан боловч шүүхийн зүгээс тухайн нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар тодорхой тайлбарыг хийгээгүй байна.

4.4. ******* ******* ******* *******-ийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичгээр хариуцагч компани гэрээний урьдчилгаа төлбөрийг шилжүүлэх, гэрээний үүргийг биелүүлэхийг шаардсан байгаа боловч гүйцэтгэгч компанийн гүйцэтгэсэн ажилтай холбоотой ямар ч мэдээлэл байдаггүй. Дээрх 4 нотлох баримтаас харахад талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 2.1-д заасан 11 төрлийн бараа бүтээгдэхүүнийг хийж гүйцэтгэсэн талаар ямар ч мэдээлэл байхгүй байхад шүүхээс тус нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч компанийг гэрээний дагуу ажил хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна.

4.5. Шүүхээс ажил гүйцэтгэх гэрээний үүргийг зөв тодорхойлсон атлаа гүйцэтгэгч ******* ******* ******* *******-ийг гэрээний дагуу ямар ч ажил гүйцэтгээгүй, ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй байхад гэрээний 2.1-д заасан гэрээний нийт үнэ буюу ажлын хөлс 89,000,000 төгрөгийг манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль болон гэрээнд нийцээгүй.

4.6. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1-д гаргасан эх загварын дагуу барааг нийлүүлэх, төлбөр тооцоо хийх гэж заасан. Гэтэл шүүх бүтээгдэхүүний загварыг баталснаар гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй. Хариуцагч шүүх хуралдааны явцад захиалагч загварыг баталж захиалгыг баталгаажуулаагүй талаар маргасан боловч загварыг баталгаажуулсан гэж шууд дүгнэсэн байна. Мөн гэрээний 2.3-д заасан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг нийлүүлэх хугацаа заасан заалтыг хариуцагч зөрчсөн мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хариуцагч ******* *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 89,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* ******* ******* *******, ******* ******* нарын хооронд 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь 11 нэр төрлийн саравчтай малгай, толгойны хамгаалалт, гарны хамгаалалт, хүзүүний хамгаалалт, поло цамц, ажлын бээлий, нөүтбүүк цүнх, жижиг цүнх, усны шилэн сав, аяны сэт, картны гэр зэрэг барааг нийлүүлэх, захиалагч нь гэрээний 2.1-д заасны дагуу ажлын хөлсөнд нийт 89,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна./хх7-9/

 

3.1. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд хэн аль нь гарын үсэг зурсан байх бөгөөд зохигч ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

4. Дээрх ажил гүйцэтгэх гэрээний 1.1-д захилагч, гүйцэтгэгч нарын харилцан тохиролцож гаргасан эх загварын дагуу, мөн гэрээний 2.1-д заасан нэр төрөл, тоо ширхэгээр ******* ******* ******* ******* нь *********тай 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний Нэг. Бараа бүтээгдэхүүний мэдээлэл гэсэн хүснэгтэд тусгасан барааг захиалж авахаар тохиролцсон болох нь бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон байна. /хх10, 11-14, 16-18/

 

4.1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь ******* *******-ийн лого, өнгө, загвар бүхий гарын бэлгийн дизайн гаргаж, уг загварын дагуу урьдчилгаа төлж БНХАУ-д барааг захиалсан, захиалгыг яаралтай хийх болсон шалтгаан нь гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэх бэлэн бүтээгдэхүүн худалдаанд байдаггүй, түүхий эд шинээр хийгддэгээс гадна ойн арга хэмжээнээс өмнө гаргаж өгөөрэй, ойгоор бэлэглэнэ гэсэн тул захиалгыг маш хурдан хийсэн, өөр зүйлд ашиглах боломжгүй гэх агуулгаар тайлбарласан.

 

4.2. Талууд гэрээний 2.3-т зааснаар бараа нийлүүлэх хугацаа нь захиалагч загвар баталгаажиж, урьдчилгаа төлбөр шилжүүлсэн өдрөөс хойш хуанлийн 21-24 хоногт нийлүүлэх-ээр тохиролцсон боловч нэхэмжлэгч нь ойн арга хэмжээнд хэрэглэх хугацаа тогтоосон учир БНХАУ руу захиалж, захилгын ажил хийгдэж эхэлсэн уг төлбөрийг шаардаж байсан болох нь ******* ******* ******* *******-ийн менежер *******, ******* *******-ийн менежер нарын хооронд фэйсбүүк чатаар харилцсан мессенжерээр нотлогдсон.

 

4.3. Хэргийн 53-55 дугаар тал дах , нарын хооронд фейсфүүк чатаар харилцсан мессенжерт хийсэн үзлэгийн тэмдэглээс үзвэл хариуцагч тал төлбөр төлөхөө илэрхийлж байсан, наадмын дараа, хагас жилийн тайлан тооцоо гаргаж байна гээд удаа дараа хойшлуулж байсан талаар бичиж байсан байна.

 

4.4. Хариуцагч нь гэрээнээс татгалзсан гэж тайлбарлах боловч татгалзсан талаараа нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул түүний тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

4.5. Дээрх гэрээний 2.3, 5.1-д заасан захиалагч төлбөр төлж ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний төлбөрийг шаардах эрхтэй.

 

4.6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчөөгүй байна. Иймд хариуцагчийн нотлох баримтын талаар дүгнэлт хийгээгүй гэх гомдлыг хангахгүй.

 

4.7. Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасны дагуу хариуцагч ******* *******-аас 89,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгохоор шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч нь нэг жилийн өмнө гэрээний тал биш хамааралгүй этгээдэд мөнгө шилжүүлсэн баримт гаргаж өгсөн боловч шүүх уг баримтыг хэрхэн үнэлсэн талаар дурдаагүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь дээрх баримт хэрэгт хамааралгүй баримт байгааг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүйг буруутгахгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/05089 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 602,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ