| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2019/0190/э |
| Дугаар | 2019/ШЦТ/192 |
| Огноо | 2019-07-08 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2019/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд
Шүүгдэгч М.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Х-д холбогдох эрүүгийн 1921000900200 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Булган сумын ......... оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, М.Х. /РД: ................./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Х нь Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр баг, “Нарийн чулуут” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэн С.Доржмөнхөөгийн 1 тооны адууг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Х нь Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр баг, “Нарийн чулуут” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэн С.Доржмөнхөөгийн 1 тооны адууг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921000900200 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Х-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 14 цагийн орчимд адуу хураах үед …манай адууны захад гэдсээрээ цагаан үстэй нэг тооны адуу байхаар нь адуутайгаа хамт хөөгөөд гэрийнхээ гадаа авч ирсэн. Тэгээд адуугаа гэрийнхээ гадаа авч ирээд байлгаж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өглөө 09 цагийн орчим дүү Хүрэлцоожийг аймгийн төвөөс дуудаад нөгөө хүрэн зүсмийн гэдсээрээ цагаантай нэг тооны адууг гэрийнхээ гадаа махлаад махаа Булган сумын төвд ээжийнхээ гадаа буулгасан. Арьсыг нь дүү Хүрэлцоожид өгөөд заруулахаар аймгийн төв рүү явуулсан юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Хохирогч С.Доржмөнхөөгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 11 цагийн орчим адуугаа хураах үед гэрийнхээ гаднаас тавьсан хүрэн морь адуундаа ирээгүй байхаар нь тэр хавиар хайгаад олоогүй. 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай сумын Х-н дүү Хүрэлцоож гэх залуу хүрэн зүсмийн адууны арьс зарна гээд явж байгаад цагдаад баригдсан байна. Миний алдсан адууны арьстай адилхан зүстэй байхаар нь хөлдүү арьсыг нь гэсгээж үзэхэд миний алдсан хүрэн зүсмийн адууны арьс мөн байсан. Гэсгээж үзээд би өөрийн тамга болон мөн оломны цагаан үс, харцага дээрх цагаан үс зэргээр нь би адууныхаа арьсыг таньсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч М.Хүрэлцоожийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...ах адуугаа хөөж ирээд адуун дотроосоо хүрэн зүстэй гэдсээрээ цагаан үстэй морь барьж аваад гэрийнхээ гадаа махалсан сумын төвд манай эгч Хүрэл-Эрдэнэд идэш хийж өгч байгаа юмаа гэж надад хэлсэн. Тэгээд адуугаа махлаад би махыг нь ачаад Булган сумын төвд эгчийндээ буулгаж өгөх үед манай ээж, эгч хоёр л байсан. Махаа буулгаад арьсаа аваад аймгийн төв рүү орж яваад 25 дугаар байрны урд талд цагдаа намайг зогсоогоод шалгах үед адууны толгойгүй арьс байна гээд мал алдсан хүмүүс олон байна үзүүлэх хэрэгтэй байна гээд хурааж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 568 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн хүрэн зүсмийн адууны ширний зөв талын гуяны орчим байх тамга нь Доржмөнхөөгийн тусаал тамгаар дарагдаж гарсан байна.
2. Тохирч байгаа шинж тэмдгийг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү гэх дүгнэлт, хавсралт гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-33 дугаар хуудас/,
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 40 дүгээр хуудас/, шүүгдэгч М.Х-н малын 2018 оны тооллого /хх-ийн 41-р хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42, 43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1921000900200 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Х нь Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр баг, “Нарийн чулуут” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч С.Доржмөнхөөгийн 1 тооны адууг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч М.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч С.Доржмөнхөө /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч М.Хүрэлцоож /хх-ийн 20 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 40 дүгээр хуудас/, шүүгдэгч М.Хүрэлбатын 2018 оны малын толлогын дүн зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн эд хөрөнгөндөө хайхрамжгүй хандсан, хараа хяналтгүй байлгасан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч М.Х нь хохирогч С.Доржмөнхөөгийн эд хөрөнгөнд хохирол учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч М.Х-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч М.Х-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч М.Х-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч М.Х-н ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Х-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч М.Х-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч М.Х-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч М.Х-н ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН