| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2022/01881/И |
| Дугаар | 210/МА2025/00384 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00384
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/05219 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******ид холбогдох,
191,625,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, компанийн өр төлбөрт 129,722,224 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь ******* ХХК-ийг эзэмшдэг байсан бөгөөд уг компанийг 2019 оны 12 сарын 16-ны өдөр иргэн *******, Д.******* нарт 690,000,000 төгрөгөөр худалдаж, гэрээний дагуу төлбөрийн 90 хувийг Д.*******, 10 хувийг ******* төлөхөөр харилцан тохиролцсон. ******* нь 2019 оны 12 сарын 16-ны өдрийн ******* ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 50,000,000 төгрөгийг төлөөгүй байна.
1.2. Мөн ******* нь ******* ХХК-ийг ******* TV гэх оюуны өмч бүхий барааны тэмдэгтийн гэрчилгээний хамтаар 2019 оны 12 сарын 25-ны өдөр *******ид 51,625,000 төгрөгөөр худалдсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй байна.
1.3. Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Kawai grand piano GX professional series маркийн цоо шинэ төгөлдөр хуураа *******ид 2019 оны 12 сард 90,000,000 төгрөгт тооцож худалдсан боловч төлбөрийг мөн төлөөгүй.
1.4. Иймд хариуцагч *******иас 2019 оны 12 сарын 16-ны өдрийн ******* ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг, 2019 оны 12 сарын 25-ны өдрийн ******* ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 51,625,000 төгрөг, төгөлдөр хуурны үнэ 90,000,000 төгрөг, нийт 191,625,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшиж байсан ******* ХХК, ******* ХХК-ийг Д.*******д худалдсан. Гагцхүү *******ийг телевизийн үйл ажиллагаа явуулах боломжтой гэсэн үүднээс *******гийн 100 хувийн хувьцааг аваад ******* ХХК-ийн 10 хувийг авч байгаа болохоос биш худалдан авагчийн хүсэл зориг нь Д.******* тул ******* нь өр төлбөрийг төлөх этгээд биш.
2.2. ******* телевиз нь ямар нэгэн тусгай зөвшөөрөл байхгүй хүчингүй болсон компани. Үндсэн үйл ажиллагаа явуулж байгаа телевизийн суваг маань ******* телевиз учраас *******д үнэ төлбөргүй энэ хоёр нь нэг үнэнд багтсан гээд Д.*******д өгсөн. Тийм учраас ******* нь 50,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээхгүй. Зөвхөн үйл ажиллагааг нь явуулах үүднээс хувьцааг өгсөн.
2.3. Нэхэмжлэгч 90,000,000 төгрөгийн төгөлдөр хуурийг хариуцагчид худалдсан зүйл байхгүй. Маш өндөр үнэ бүхий хоёр телевизийг зарсны урамшуулал буюу зуучлалын хөлсөнд нь ******* үнэ төлбөргүй уг төгөлдөр хуурыг шилжүүлж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1. ******* ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 4.2-т Худалдагч нь компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан балансыг худалдан авагчид үнэн зөв гаргаж өгөх бөгөөд компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэх үүрэгтэй, 4.7-д гэрээг байгуулахаас өмнөх өр төлбөрийг худалдагч тал хариуцах, мөн гэрээний 5.1-д хувьцаа худалдагч тал гэрээний 4.2-т заасан үүргээ зөрчиж компанийн талаар буруу мэдээлэл өгсөн болон эрхийн зөрчлийг мэдсээр байж нуун дарагдуулснаас учирсан хохирлыг бүрэн хариуцна гэж тус тус заасан.
3.2. Гэтэл худалдаж авсан ******* ХХК нь ******* ТВ ХХК-д 2016 оны 11 сараас 2019 оны 04 cap хүртэлх суваг дамжуулах зардалд нийт 90,000,000 төгрөгийн, мөн ******* ХХК-д 39,722,224 төгрөгийн өр төлбөртэй байсан ба төлбөрөө төлөлгүйгээр компанийг худалдан шилжүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчээс тус өр төлбөрт нийт 129,722,224 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч нь эрхийн буюу биет байдлын доголдолгүй төлбөргүй компанийг хариуцагч *******ид шилжүүлсэн. Хариуцагч нь энэ асуудлыг бүрэн шалгаад асуудалгүй гэдгийг нь хүлээн зөвшөөрөөд худалдаж авсан. 2019 оны 12 сарын 25-ны өдөр гэрээ байгуулснаас хойш энэ шүүх дээр хэрэг үүсэх хүртэл 3 жилийн дараа энэ талаарх асуудлыг хөндөж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн 191,625,000 төгрөгийг хариуцагч *******иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч *******ийн компаний өр төлбөр 129,722,224 төгрөгийг нэхэмжлэгч *******гөөс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,116,075 төгрөгийг, хариуцагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 806,561 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, гэрч нарын мэдүүлэг болон Сиди бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээс дүгнэвэл талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 2550 дугаар худалдах, худалдан авах гэрээ болон 2019 оны 12 сарын 25-ны өдрийн 2655 дугаар худалдан, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу 101,625,000 төгрөг гаргуулах ёстой гэх үйл баримт тогтоогдохгүй байх ба талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлгүй байна гэж илт үндэслэлгүй дүгнэлтийг хийлээ.
6.2. Тодруулбал, 2019 оны 12 сарын 16-ны өдрийн ******* ХХК компанийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр 90 хувийн хувьцааг иргэн Д.*******д, 10 хувийн хувьцааг хариуцагч *******ид нийт 690,000,000 төгрөгөөр шилжүүлсэн./90хувь=621,000,000 төгрөг, 10хувь=69,000,000 төгрөг/
6.3. Дээрх төлбөрийг Д.******* бүхэлд нь төлнө гэдгээ илэрхийлж, 2019 оны 12 сарын 23-ны өдөр Д.*******, ******* нарын хооронд 1223/01 дугаар Бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу ******* ХХК-ийг худалдаж авсаны төлбөр 690,000,000 төгрөгийн төлбөрт арматур төмөр, бетон зуурмаг зэрэг бараа материалыг Д.******* нь *******д нийлүүлэхээр тохиролцсон. Тус тохиролцооны дагуу талууд хэн аль нь үүргээ биелүүлвэл 90,000,000 төгрөгийн Kawai grand piano GX professional series төгөлдөр хуурыг худалдах, худалдан авах гэрээг зуучилсаны хариу гэж нэхэмжлэгч нь хариуцагч *******ид үнэ төлбөргүй өгөхөөр харилцан тохиролцсон.
6.4. Гэвч Д.******* нь ******* ХХК-ийн төлбөр 690,000,000 төгрөгийг төлөх боломжгүй байсан тул гэрээний үнийн дүнг 500,000,000 төгрөг болгож багасгаж, 2020 оны 05, 06, 07, 08, 09 сард 5 хувааж төлөхөөр нэхэмжлэгч *******тэй харилцан тохиролцсон. Улмаар Д.******* нь гэрээний төлбөрт Вангуарт автомашиныг 20,000,000 төгрөг, БиЭмДаблью-5 автомашиныг 215,000,000 төгрөг, Патрол автомашиныг 70,000,000 төгрөг, БиЭмДаблью Икс-6 автомашиныг 60,000,000 төгрөг, нийт 365,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрт 85,000,000 төгрөгийг Д.*******гээс гаргуулж, *******д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.
6.5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байвал түүнийг дахин нотлохгүй" гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг үгүйсгэсэн, няцаасан огт үндэслэлгүй шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан.
6.6. 2019 оны 12 сарын 25-ны өдөр нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нарын хооронд ******* ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан ба гэрээний төлбөр 51,625,000 төгрөг болно. Анхан шатны шүүх ******* ХХК-ийг худалдсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй ба ******* ХХК болон иргэн Д.*******г худалдаж авсан гэж дүгнэн 51,625,000 төгрөгт холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
6.7. Шүүх хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хариуцагч ******* нь 2019 оны 12 сарын 25-ны өдөр ******* ХХК-ийн хувьцааг нэхэмжпэгч *******гөөс худалдан авсан гэдгийг зөв дүгнэсэн. Гэвч үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ *******гөөс ******* ХХК-ийг Д.******* худалдаж авсан гэх хоёрдмол утга бүхий ойлгомжгүй, тодорхойгүй, үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
6.8. Түүнчлэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 сарын 18-ны өдрийн 00508 дугаар магадлалын хянавал хэсэгт ******* ХХК, ******* ТВ ХХК болон төгөлдөр хуурын төлбөр тооцооны асуудлыг уг маргаанд шууд хамааруулах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь ******* ХХК-ийн төлбөр 51,625,000 төгрөг болон төгөлдөр хуурын 90,000,000 төгрөгийн төлбөрүүдийг ******* ХХК-ийн 690,000,000 төгрөгт багтсан гэх татгалзлыг үгүйсгэсэн буюу үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан авагч *******иас ******* ХХК-ийн төлбөр 51,625,000 төгрөгийг гаргуулан худалдагч *******д олгож шийдвэрлэх үндэслэлтэй юм.
6.9. Шүүхээс төгөлдөр хуурын төлбөр 90,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж үзсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах учиртай. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжпэгч Б.Бат- Өлзий, хариуцагч Д.*******, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, мөн *******ид холбогдох Иргэний хэргийн зохигч болон хариуцагч ******* түүний өмгөөлөгч нар маргааны нэг зүйл болох төгөлдөр хуур болон түүний төлбөр 90,000,000 төгрөг болох талаар хангалттай тайлбарлаж, мэдүүлж байхад шүүх энэ талаарх нотлох баримт байхгүй гэж нэхэмжлэгчийн эсрэг, хариуцагчид ашигтай дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.
6.10. ******* ХХК-ийн анхны үнэ 690,000,000 төгрөгөөр гэрээний үүрэг дуусгавар болсон тохиолдолд дээрх төгөлдөр хуурын үнэ 90,000,000 төгрөгийг хариуцагч *******иас шаардахгүй гэж тохиролцсон боловч худалдан авагч талын үүргээ биелүүлээгүйтэй холбоотой төгөлдөр хуурын төлбөр 90,000,000 төгрөгийг хариуцагч *******иас буцаан шаардаж байгаа талаар шүүхэд мэдүүлсэн. Хариуцагч нь төгөлдөр хуурыг буцааж өгнө гэж тайлбарладаг, мөн төгөлдөр хуурыг одоо болтол захиран зарцуулж байгаа, мөн төлбөр 90,000,000 төгрөг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд ******* нь хариуцагч *******иас төгөлдөр хуурын үнэ 90,000,000 төгрөгийг шаардах эрхтэй юм.
Дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсэг бүхэлдээ үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлага 191,625,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
7.1. Талууд анх 3 эд хөрөнгө худалдан борлуулахаар тохиролцсон зүйл байхгүй. Зөвхөн 1 телевиз буюу ******* ХХК буюу ******* ХХК-ийг Д.*******гийн гэх этгээдэд худалдсан. Ийнхүү худалдахад зуучилсны хөлс гэж 90,000,000 төгрөгийн төгөлдөр хуурыг *******ид үнэ төлбөргүй шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаан болон давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 3 тусдаа зүйл худалдсан гэж дурдаж байна. Үүнтэй холбоотой баримт хэрэгт бичмэл болон бичмэл бус байдлаар авагдсан.
7.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтыг заасан. Тухайн телевизийг худалдаж байгаа үнийг 690,000,000 төгрөгөөр худалдан борлуулна гэж телевиз зарж байгаа болон худалдан авч байгаа 2 этгээд буюу *******, Д.******* нар хоорондоо хүсэл зоригоо илэрхийлж, үнийг тогтоосон.
7.3. Бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулж байгаа талуудын хүсэл зоригийг харвал ******* гэх хүн телевиз худалдаж байгаа бөгөөд түүнийг худалдан авч, ашиглаж байгаа хүн бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу Д.******* юм.
7.4. Нэхэмжлэгч тал үнээ тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тухайн бэлтгэн нийлүүлэх гэрээний үнийг баримталж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. 500,000,000 төгрөг, 690,000,000 төгрөг гэж тохиролцож байгаа үнийг ******* тогтоосон зүйл байхгүй. Д.******* болон ******* нар хоорондоо тохиролцож үнийг тогтоосон. Иймд бэлтгэн нийлүүлэх гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг тухайн үнэ төлбөрийг тохироогүй, огт мэдэхгүй *******иас шаардаж байгаа нь хууль бус. Телевизийн үнэ хөлсийг 500,000,000 төгрөг болгож буулгаж байгаа нь ******* болон Б.******* нарын хооронд хийгдэж байх тул энэ гэрээний үүргийг ******* хүлээхгүй.
7.5. Нэхэмжлэгч тал Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдсон үйл баримт байгаа гэж ярьдаг. Гэтэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлээр *******ид төлбөр төлөх үндэслэл болж чадахгүй. Өмнө нь болсон маргаанд ******* хариуцагч болон гуравдагч этгээдээр оролцож байгаагүй. Нэхэмжлэгч хариуцагчаар *******ийг тодорхойлоогүй, харин Д.*******г хариуцагчаар тодорхойлсон. Тус хэрэгт хэргийн оролцогчийн хувиар оролцоогүй хүний шүүхийн шийдвэрийг 2024 оны 12 сард гаргасан шүүхийн шийдвэртэй холбож үзэж байгаа нь үндэслэлгүй.
7.6. Иймд дээр дурдсан үйл баримт, нотлох баримтуудаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь хангалттай нотлогдож байх тул шүүх бүрэлдэхүүнд өмнөх болсон шүүх хуралдаанд оролцох ёстой этгээдийн оролцуулаагүй хууль бус шийдвэр гаргасан, үйл баримтыг авч үзэлгүйгээр хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг, бусад баримтуудыг үндэслэн тухайн худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой үйл баримтуудад үнэлэлт, дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү
7.7. Хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй болох нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг гэж байна. Д.*******, *******, ******* нар утсаар ярьж хийсэн наймаагаа дуусгамаар байна, одоо өр, авлагагүй болсон талаар удаа дараа ярилцаж байсан болох нь хэрэгт баримтаар авагдсан. Гэтэл хариуцагчийн зүгээс энэхүү үйл баримт, маргааныг хэн хэндээ өр төлбөргүйгээр дуусгая гэдэг байдлаар давж заалдах гомдол гаргаагүй болохыг дурдаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 191,625,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, компанийн өр төлбөрт 129,722,224 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. ******* нь Д.*******, ******* нартай 2019 оны 12 сарын 16-ны өдөр 2550 дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК-ийн 90 хувийн хувьцааг Д.*******д, 10 хувийн хувьцааг *******ид 1 ширхэг хувьцааг 20,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон, мөн 2019 оны 12 сарын 16-ны өдөр 2550 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, гэрээгээр 2019 оны 12 сарын 16-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний хувьцаанд ногдох эрх, үүргийг шилжүүлэхээр тохиролцсон,
3.1. ******* болон ******* нарын хооронд 2019 оны 12 сарын 25-ны өдөр 2655 дугаар Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээгээр ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг 51,625,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, 2019 оны 12 сарын 25-ны өдөр 2655 дугаар Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, гэрээгээр 2019 оны 12 сарын 25-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний хувьцаанд ногдох эрх, үүргийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.
4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, дээрх гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүй алдаа гаргаснаас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.
5.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 10-ны өдрийн 183/ШШ2021/02903 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 сарын 18-ны өдрийн 00508 дугаар магадлалаар *******, Д.******* нарын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй маргааныг шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 сарын 18-ны өдрийн 00508 дугаар магадлалын хянавал хэсэгт ... 2019 оны 12 сарын 16-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үнийг тохиролцсон байх боловч 500,000,000 төгрөгөөр гэрээний үнийг бууруулсан, Үүнтэй холбоотой 2019 оны 12 сарын 16-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу 90 хувьд ногдох хувьцааны үнийг Д.******* төлөх үүрэгтэй гэж дүгнэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.
Нэхэмжлэгч ******* нь Д.*******, ******* нартай байгуулсан 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 2550 дугаартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ээр ******* ХХК-ийн 10 хувийн хувьцаанд ногдох 50,000,000 төгрөгийг *******иас шаардах эрхтэй тул хариуцагч *******иас 50,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй гэж үзэв.
5.2. ******* болон ******* нарын хооронд 2019 оны 12 сарын 25-ны өдөр 2655 дугаар Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээгээр ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг 51,625,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцжээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 644 дугаар прокурорын тогтоолд ******* нь ... ******* ХХК-ийн 51,625,000 төгрөгийг компанийн өр төлбөрт тооцон авахгүй байхаар тохиролцсон гэсэн тайлбарыг өгсөн байна. /2хх-36-38/
Хэрэгт цугларсан баримтыг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч нь ******* нь ******* ХХК-ийн өр төлбөрт тооцож 51,625,000 төгрөгийг хаахаар тохиролцсон болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүх 51,625,000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
5.3. Түүнчлэн, талуудын хооронд харилцсан ... гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл-д Kawai grand piano GX professional series маркийн төгөлдөр хуурын үнэ болох 90,000,000 төгрөгийг гэрээний 2019 оны 12 сарын 16-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний үнэ буюу 690,000,000 төгрөгт тооцсон, гэрээний үнийг буулгаж 500,000,000 төгрөг байхаар тохиролцсон үйл баримт тогтоогдсон тул төгөлдөр хуурын үүнийг нэхэмжлэгч нь шаардах эрхгүй.
6. Хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй.
Харин, анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь ... компанийн өр төлбөрийг бусдад төлсөн тул хохирол учирсан ... гэсэн агуулгаар тодорхойлсон байхад Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсгийг баримтлан хэрэгсэхгүй болгосон нь хэрэглэх ёсгүй хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл буюу ******* ХХК-ийн өр төлбөрийг эрх бүхий этгээдэд төлсөн мөнгөн хөрөнгийн шаардах эрхийг тодорхойлох зохицуулалт нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлогдох тул уг зохицуулалтыг баримталсан хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/05219 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243 дугаар зүйлийн 243.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******иас 50,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 141,625,000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч *******гөөс 129,722,224 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,116,075 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 806,561 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******иас улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,116,075 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
С.ЭНХБАЯР