Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2024/0113

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Татварын ерөнхий газрын харьяа Том

татвар төлөгчийн газрын татварын улсын

 байцаагч Р.Б, П.Д  нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:      П.Соёл-Эрдэнэ     

Танхимын тэргүүн:   Д.Мөнхтуяа

Шүүгчид:                        Д.Батбаатар

                                           Х.Батсүрэн                     

Илтгэгч шүүгч:            Г.Банзрагч               

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0226 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2024/0489 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.У, хариуцагч Р.Б, П.Д , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2024/0391 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч “Г”  ХХК нь Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Р.Б, П.Д  нарт холбогдуулан “Татварын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн НА-21220000030 дугаар нөхөн ногдуулалтын актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Хариуцагч татварын улсын байцаагч нар нь “Г”  ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн НА-21220000030 дугаар нөхөн ногдуулалтын актаар нийт 4,173,528,496.97 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.

2.2.Нэхэмжлэгч “Г”  ХХК-аас маргаан бүхий татварын улсын байцаагч нарын актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталж шийдвэрлэжээ.

3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

3.1.“... Татварын улсын байцаагч нар нь олон улсын зах зээлийн жишиг үнийг  баримталж хяналт шалгалт хийсэн нь буруу бөгөөд шалгалтын дүн анхнаасаа буруу гарах нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т заасныг баримтлаагүй болно.

3.2.Зөрчлийн тухай хуульд заасан 30 хувиас дээгүүр торгууль оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй.

3.3.2018 оны эхний хагас жилд экспортолсон 10,967.24 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалд 969,557,876.22 төгрөгийн төлбөр тавьсан нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн.

3.4.2019 онд нийт 15,316.79 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гаргаж 6,980,542,696.14 төгрөгийн борлуулалтын үнэлгээ тавьснаас үндсэн төлбөрт 349,027,134.81 төгрөг, ногдуулсан нэмэлт төлбөр 501,681,690.10 төгрөгийг 7,18 хувиар тооцсон нь үндэслэлгүй, хуульд заасны дагуу 4,5 хувиар бодоход 314,124,421.33 төгрөг байхаар байх бөгөөд зөрүү 187,557,265.77 төгрөгийг илүү оногдуулсан.

3.5.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10-т заасны дагуу 2019 оны 04 дүгээр улиралд 3,648.30 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гаргаж 1,662,692,634.57 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс алданги 40,525,998.02 төгрөг, торгууль 60,788,997.03 төгрөгийн төлбөрөөс чөлөөлөгдөхөөр байна. Манай компани нь 2020 онд нийт 7,918.76 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гаргаж 3,062,635,827.52 төгрөгийн борлуулалтын үнэлгээ тавьснаас үндсэн төлбөрт 153,131,791.38 төгрөг, нэмэлт төлбөр 238,756,831.11 төгрөгийг 7,79 хувиар тооцсон нь үндэслэлгүй байх ба хуульд заасны дагуу 4,5 хувиар бодоход 137,818,612.24 төгрөг болох бөгөөд зөрүү 100,938,218.87 төгрөгийн АНМАТ илүү оногдуулсан.

3.6.2020 онд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар алданги, торгуулиас нийт 267,038,179.64 төгрөг чөлөөлөгдөхөөр байна. Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дэх хэсэгт заасан  хугацаанд ногдуулсан торгууль 39,023,580.94 төгрөг, алданги 36,028,019.64 төгрөг, нийт 75,051,600.58 төгрөг чөлөөлөгдөх үндэслэлтэй.

3.7.2021 онд нийт 3,456.97 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гаргаж 169,427,074.06 төгрөгийн борлуулалтын үнэлгээ тавьсан, үүнээс үндсэн төлбөрт 8,471,353.70 төгрөг, ногдуулсан нэмэлт төлбөр 20,561,746.31 төгрөг байх ба үүнээс 12,13 хувиар тооцсон нь үндэслэлгүй. Хуульд зааснаар 3,5 хувиар бодоход 5,929,947.59 төгрөг байгаа бөгөөд зөрүү 14,631,798.72 төгрөгийг илүү тооцсон.

3.8.Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолоор “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийг Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ (www.indmin.com) гэж зарласан. Тус сайтаас Ашигт малтмал газрын тосны газар нь зах зээлийн жишиг үнэ авч нийтэд зарлаж байгаа хэдий ч зарлагдаж байгаа үнээр нэг удаа ч борлуулалт хийж үзээгүй байхад энэ үнээр борлуулалт хийсэн мэт АМНАТ-ийн нөхөн ногдуулалтын акт тавьсан нь бодит байдалтай нийцэхгүй.

3.9.Мөн 2019 оны 465 дугаар тогтоолд шинээр тусгагдсан “зарласан үнээс хувь тэнцүүлж тооцох зарчим” нь уг аргачлал гарахаас өмнөх хугацаанд хамааралгүй. Гэтэл татварын улсын байцаагч нар 2019 оны 465 дугаар тогтоолыг баримтлан акт ногдуулж хуулийг буцаан хэрэглэж байгаа нь хууль бус. Уг тогтоол гарахаас өмнөх хугацаанд ФК-75-аас бага хувийн агуулгатай хайлуур жоншны үнэ нийтэд зарлагдаагүй, тодорхойгүй байсан, иймд энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т зааснаар гэрээний борлуулалтын дүнгээс тооцох ёстой ... Иймд маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү ...” гэжээ.

4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч:

4.1.“... Ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийн хувийг гаалийн төв лабораторийн дүгнэлтээр батлагдсан жоншны агуулгад үндэслэн Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-д заасны дагуу борлуулалтын үнэлгээнээс хайлуур жоншны хүдэрт 5 хувь, баяжмалд 4,5 хувиар бодож 2018-2021 онд илэрсэн зөрчилд төлбөр ногдуулсан.

4.2.2018, 2019 оны нөхөн ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт Зөрчлийн тухай хууль /2017 оны/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг үндэслэн 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулсан. 2019 онд Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд хуулийг Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхэд буюу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр хуульчилсан. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-ийн “төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй” гэсэн заалт нь татвар төлөгчийн татварын тайлангаар тайлагнаж, хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт хамаарна, харин хяналт шалгалтаар илрүүлж, нөхөн ногдуулсан татварт торгууль оногдуулахад хамаарахгүй. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 82.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн 2020 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар тайлагнасан төлбөр нь төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан байх тул нөхөн төлөх татварын 40 хувьтай тэнцэх хэмжээний торгууль, 2021 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар тайлагнасан төлбөр нь төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан байх тул нөхөн төлөх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль тус тус ногдуулсан.

4.3.2018 онд олборлож, худалдсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор татварын албанд ирүүлэх бөгөөд энэ өдрийн дараагийн ажлын өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоологдох тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй.

4.4.Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн дагуу холбогдох төлбөрийг чөлөөлсөн.

4.5.Нэмэгдэл төлбөрийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцсон тул илүү төлбөр тогтоогоогүй ...” гэх зэргээр маргажээ.

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0226 дугаар шийдвэрээр “Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 28 дугаар зүйлийн 28.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 82 дугаар зүйлийн 82.1, Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.3.3, 47.5, Ашигт малтмалын тухай хууль /2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.5, 47.7, 47.16, Зөрчлийн тухай 2017 оны 05 сарын 11-ний өдрийн хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г”  ХХК-аас Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Р.Б, П.Д  нарт холбогдуулан гаргасан “татварын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр үйлдсэн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №21220000030 дугаар нөхөн ногдуулалтын актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд: 

5.1.Нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2018 онд олборлож худалдсан, ашигласан ашигт малтмалд хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаа өссөн дүнгээр гаргаж, татварын албанд хүргүүлэн татвараа төлж дууссан байх ёстой өдөр нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байх бөгөөд үүнээс хойш татварын хөөн хэлэлцэх 4 жилийн хугацааг тоолно. Иймээс татварын хяналт шалгалтаар нэхэмжлэгчийн 2018 онд олборлож, худалдсан жоншны хүдэр, баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, дутуу төлсөн татварын зөрчлийг тогтоож, нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь үндэслэлтэй (хөөн хэлэлцэх хугацаандаа) байна.

5.2.Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар нөхөн татвар ногдуулахдаа торгууль, алдангийн хэмжээг тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй.

5.3.Нэхэмжлэгч хуулийн этгээдийн гаалийн мэдүүлгээр 49,456.91 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг БНХАУ-д экспортод гаргасан нь үйл баримтаар тогтоогдсон бөгөөд гаалийн экспортын мэдээлэл дэх ашигт малтмалын агууламжийн хувь, хэмжээнд үндэслэн экспортод гаргасан хайлуур жоншны хүдэр, баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д заасныг баримтлан олон улсын зах зээлийн үнээр тооцож, нөхөн ногдуулалтын актаар ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй, Ашигт малтмалын тухай хуулийн заалтыг зөрчөөгүй.

5.4.Нэхэмжлэгчийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар төлөхөөр тайлагнасан 2018 оны 217,972,280.0 төгрөгийн, 2019 оны 248,761,451.72 төгрөгийн татварын өрийн үлдэгдэлд 2020, 2021 онуудад торгууль, алданги ногдуулаагүй нь хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх тул 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр баталсан Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйл, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн зохицуулалтыг хариуцагчаас зөв хэрэгжүүлсэн байна. Харин татварын хяналт шалгалтаар илрүүлж, нөхөн ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт торгууль, алданги ногдуулахад дээрх хуулийн зохицуулалт хамаарахгүй. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй ...” гэх зэргээр дүгнэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2024/0489 дүгээр магадлалаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

7.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

7.1.Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам” нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Иймд уг журмыг 2018 он болон 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны борлуулалтын үнэлгээг тооцоход буцаан хэрэглэхгүй. Тодруулбал, 2018 он, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолоор батлагдсан аргачлалыг баримтлан тооцох ёстой. Учир нь дээрх тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал” нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Засгийн газрын 342 дугаар тогтоолоор хүчингүй болсон байдаг. Уг 342 дугаар тогтоол нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоол гарснаар хүчингүй болсон. Тэгэхээр 2018 он болон 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны борлуулалтын үнэлгээг тооцохдоо тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор батлагдсан аргачлалыг, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны борлуулалтын үнэлгээг тооцоход тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолоор батлагдсан журмыг тус тус хэрэглэхээр байна. 

7.2.Харин 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2020 он, 2021 оны борлуулалтын үнэлгээг 2019 оны 465 дугаар тогтоолоор батлагдсан журмаар тооцон тогтоохоор байх бөгөөд 2018 он болон 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны борлуулалтын үнэлгээг тооцох Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал”-ын 2.1-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдох борлуулалтын үнэлгээг дараах байдлаар тооцно:”, 2.1.1-д “төмрийн хүдэр, нүүрснээс бусад ашигт малтмалыг өөрөө эсхүл бусдаар дамжуулж экспортолсон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухайн сард гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим хуудаст мэдээлсэн тухайн сард баримтлах зах зээлийн үнийг үндэслэн” гэж заасан. Сангийн яамнаас сар бүр зарладаг экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг хавтаст хэрэгт авсан ба үүнээс харахад жоншны хүдэр, баяжмал нь кальцийн фтор, кальцийн карбонатын агууламжаасаа хамаарч ФФ-97, ФФ-95, ФК-92, ФК-85, ФК-80, ФК-75% байх, улмаар зах зээлийн үнэ нь мөн ялгаатай байхаар зарлажээ. Гэтэл уг журмын 2.1.1-д зааснаар Сангийн яамнаас зарласан зах зээлийн үнийг үндэслэн 75 болон түүнээс дээш хувийн агууламжтай жоншны борлуулалтын үнэлгээг тооцож болно. Харин 75-аас доош хувийн агууламжтай жоншны борлуулалтын үнэлгээг хэрхэн тооцох талаар тус аргачлалд тодорхой заагаагүй тул илүү нарийвчлан зохицуулсан аргачлалд тодорхой зохицуулалт байхгүй бол хэм хэмжээний эрэмбийн хувьд ашигт малтмалын борлуулалтын үнэлгээ тооцох зарчмыг тогтоосон хуулийг хэрэглэх ба Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.2.3-т зааснаар борлуулалтын үнэлгээг тогтоохоор тодорхой заажээ.

7.3.Гэтэл татварын улсын байцаагч нар 2018, 2019 оны борлуулалтын үнэлгээг тооцохдоо 2014 оны 220 дугаар тогтоолоор батлагдсан аргачлал болон Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3 дахь хэсгийг хэрэглэх боломжтой байхад яагаад 2019 оны 465 дугаар тогтоолоор батлагдсан журмыг буцаан хэрэглэснээ үндэслэл бүхий тайлбарлаагүй. Мөн жоншны  борлуулалтын үнэлгээнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр, нэмэлт төлбөр, алданги, торгуулийн хэмжээ тогтоогдох учраас борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал, журам, хэм хэмжээ нь уг маргаан бүхий захиргааны актын эрх зүйн хамгийн гол үндэслэл болох ач холбогдолтой байхад анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс 2018, 2019 оны жоншны экспортын борлуулалтын үнэлгээг гаргахдаа Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал”, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3 дахь хэсгийг хэрэглэх ёстой байсныг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолыг буцаан хэрэглэсэн нь хууль бус байсан учир хууль хэрэглээг Улсын дээд шүүх зохих ёсоор зөвтгөж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй.

7.4.Манай компанийн 2020, 2021 оны жоншны экспортын борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолыг хэрэглэж тооцохдоо 75-аас бага хувийн агууламжтай жоншны борлуулалтын үнэлгээг хэдэн хувийн агууламжтай жоншны үнэтэй хувь тэнцүүлэн тооцох талаар хууль, журамд тодорхой заагаагүй байхад татварын улсын байцаагч зах зээлийн аль үнэтэй нь хувь тэнцүүлэн тооцохоо өөрийн үзэмжээр шийдвэрлэж, Засгийн газраас илүү хэм хэмжээ тогтоосон. ФК-40-ФК-70 хувийн агууламжтай жоншны хүдэр, баяжмалын зах зээлийн үнийг 2018-2020 оны сар, улирлын байдлаар тухай бүр мэдээлж байсан эсэх, энэ талаарх нотлох баримт гаргуулахаар шүүх хүссэн ч Сангийн яамнаас нотлох баримт ирүүлээгүй учраас энэ үнийг огт тогтоож байгаагүй гэж үзэхээр байна. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын 465 дугаар тогтоолоор батлагдсан журмын 2.2-т “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний агуулгын хувь нь Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн тухайн ашигт малтмалын агуулгын хувиас ялгаатай бол нийтэд мэдээлсэн үнийн мэдээлэлд заасан агуулгын хувиас нэгж агуулгад ногдох үнэд үндэслэн хувь тэнцүүлэх зарчмаар борлуулалтын үнэлгээг тооцно.” гэж заасан. Тухайлбал, зөвхөн цайр, зэс гэх мэт ганц үнэ тогтоосон ашигт малтмал дээр энэ журмын заалтыг хэрэглэхэд эргэлзээ үүсэхгүй.

                                                                                                                  (ам.доллар/mн)

Цайр

2,441.55

https//lme.com

Зэс

6,702.77

 

          7.5.Гэтэл манай тохиолдолд Сангийн яамны тогтоосон кальцийн фтор, кальцийн карбонатын агууламжаасаа хамаарч ФФ-97, ФФ-95, ФК-92, ФК-85, ФК-80, ФК-75% жоншны хүдэр, баяжмалын алиных нь зах зээлийн үнэтэй харьцуулж хувь тэнцүүлэн компанийн ФК-75-аас бага хувийн агууламжтай жоншны борлуулалтын зах зээлийн үнийг тогтоох нь тодорхойгүй байна. Үүнийг жишээн дээр тайлбарлавал, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сангийн яамнаас зарласан экспортод гаргасан ашигт малтмалын олон улсын зах зээлийн үнийн мэдээлэлд заасан ФК-92 хувийн агууламж бүхий жоншны 324.71 ам.долларыг ФК-55 хувийн агууламжтай хүдэр баяжмалын үнийг хувь тэнцүүлэн тооцож үзвэл 194.12 ам.доллар, харин ФФ-95 хувийн агууламж бүхий жоншны 347.68 ам.долларыг ФК-55 хувийн агууламжтай хүдэр баяжмалын үнийг хувь тэнцүүлэн тооцож үзвэл 201.28 ам.доллар тус тус болно.

 

 

 

 

 

Жонш

Жоншны баяжмал/флотацийн баяжмал/ФФ-97

355.00

 

 

 

https://www.indmin.com

Жоншны баяжмал/флотацийн баяжмал/ФФ-95

347.68

Хайлуур жоншны хүдэр, баяжмал ФК-92

324.71

Хайлуур жоншны хүдэр, баяжмал ФК-85

300.00

Хайлуур жоншны хүдэр, баяжмал ФК-80

282.35

Хайлуур жоншны хүдэр, баяжмал ФК-75

264.71

          7.6.Хариуцагч аль хувь хэмжээ, үнийг харьцуулан хувь тэнцүүлэн тооцсон талаараа маргаан бүхий актад тодорхой тайлбарлаагүй. Энэ талаар шүүх шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй, шийдвэр, магадлалдаа огт дүгнээгүй. Дээрхээс үзвэл татварын улсын байцаагч өөрийн үзэмжээр аль ч үнэ, хэмжээсийг ашиглан ялгаатай төлбөр тогтоох боломжтой болж байгаа юм. Нөгөө талаар Засгийн газрын тогтоолд 75-аас доош хувийн агууламжтай жоншны хүдэр, баяжмалын борлуулалтын үнэлгээг тогтоохдоо аль агууламжтай жоншны үнийг харьцуулан, хувь тэнцүүлж тогтоох талаар хэм хэмжээ тогтоогоогүй байхад татварын улсын байцаагч нар Засгийн газраас давсан хэм хэмжээг өөрөө тогтоож, журмын зохицуулалтыг өөрийн үзэмжээр тайлбарлан хэрэглэсэн. Иймд хууль хэрэглээг зөв тогтооход зарчмын хувьд ач холбогдолтой гэж үзэн дээрх үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргасныг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

8.Хариуцагч тал хяналтын шатны шүүх хуралдаанд “нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй, маргаан бүхий акт хууль ёсны тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбар өгөв.

ХЯНАВАЛ:

9.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

10.Хяналтын шатны шүүх гомдлыг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” гэсэн заалтыг “хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлээр хянан хэлэлцэв.

11.Маргаан бүхий акт болох Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн НА-21220000030 дугаар нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч “Г”  ХХК-ийг 2018 онд 22,764.37 тонн, 2019 онд 15,316.79 тонн, 2020 онд 7,918.76 тонн, 2021 онд 3,456.97 тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг экспортод гаргаж борлуулахдаа 21,735,585,053.00 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр төлөөгүй гэж буруутган, нийт 4,173,528,496.97 төгрөгийн нөхөн төлбөр, торгууль, алданги төлүүлэхээр тогтоосон байна.

12.Хариуцагч нар дээрх дутуу тооцсон гэх борлуулалтын үнэлгээг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14-т “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэж заасны дагуу Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолоор “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр” №5 хайлуур жонш, Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ www.indmin.com гэж зарласан, иймд 2018, 2019 оны хувьд Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын дагуу, 2020, 2021 оны хувьд Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолд заасан аргачлалын дагуу тус тус тооцсон гэсэн тайлбар өгдөг.

13.Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал”-ын 2.1.1-д “төмрийн хүдэр, нүүрснээс бусад ашигт малтмалыг өөрөө эсхүл бусдаар дамжуулж экспортолсон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухайд тухайн сард гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим хуудсанд мэдээлсэн тухайн сард баримтлах зах зээлийн үнийг үндэслэн” гэж заасан.

14.Харин Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 2.2-т “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний агуулгын хувь нь Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн тухайн ашигт малтмалын агуулгын хувиас ялгаатай тохиолдолд нийтэд мэдээлсэн жишиг үнийн мэдээлэлд заасан агуулгын хувь, үнээс тухайн ашигт малтмалын нэгж агуулгын хувьд ногдох үнийг тодорхойлон борлуулж байгаа ашигт малтмалын агуулгын хувь, хэмжээнд хувь тэнцүүлэх зарчмаар борлуулалтын үнэлгээг тооцно” хэмээн зохицуулжээ.

15.2018-2019 онуудад төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас сар бүр мэдээлж байсан FOB-www.indmin.com-ийн үнэ нь ФК-75 хувиас дээш агуулгатай хайлуур жоншны хүдэр, баяжмалын хувьд байна, харин ФК-75 хувиас доош агуулгатай хайлуур жоншны үнэ байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.[1]

16.Нэхэмжлэгч компанийн 2018 онд экспортолсон 22764.37 тонн жоншны 13996.79 тонн нь ФК-55%, 2284.09 тонн нь ФК-65%, бусад нь ФК-75% ба түүнээс дээш, 2019 онд экспортолсон 15316.79 тонн жоншны 4986.84 тонн нь ФК-55%, 3133.44 тонн нь ФК-60%, 933.88 тонн нь ФК-70%, бусад нь ФК-75% ба түүнээс дээш агуулгатай байжээ (1 дэх хавтаст хэргийн 41-48 дахь талд).

17.Гэтэл хариуцагч нар ФК-75 хувиас бага агуулгатай хайлуур жоншны борлуулалтын үнэлгээг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зарласан олон улсын жишиг үнэ байхгүй байхад тухайн үед зарласан ФК-75 хувийн агуулгатай хайлуур жоншны хүдэр, баяжмалын олон улсын FOB-www.indmin.com жишиг үнээс хувь тэнцүүлэх зарчмаар тооцсон нь хууль бус гэж үзэхээр байна.

18.Учир нь, татварын эрх зүйд “татвар тодорхой байх” зарчим үйлчилнэ, гэтэл дээр дурдсанчлан Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолд ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний агуулгын хувь нь Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн тухайн ашигт малтмалын агуулгын хувиас ялгаатай тохиолдолд борлуулалтын үнэлгээг нийтэд зарласан үнээс хувь тэнцүүлэн тооцох талаар зохицуулалт байгаагүй, харин уг аргыг Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолд анх удаа зохицуулсан байна.

19.Аливаа хууль тогтоомж гарсан цагаасаа хойш үйлчилдэг нийтлэг зарчмын дагуу Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоол буюу захиргааны хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж үйлчилнэ (тогтоолд дагаж мөрдөх хугацааг тусгайлан заагаагүй байна). Гэтэл хариуцагч нар 2018, 2019 онд нэхэмжлэгчийн экспортолсон хайлуур жоншны борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолд заасан аргачлалаар тооцсон гэх боловч, бодит байдалд 2019 оны 465 дугаар тогтоолд заасан хувь тэнцүүлэх зарчмаар тооцсон нь агуулгын хувьд уг журмыг буцаан хэрэглэсэн гэж үзнэ. Иймд уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 7.1-7.3-т заасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.   

20.Хариуцагч нар хяналтын шатны шүүх хуралдаанд “Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан аргачлалын дагуу хувь тэнцүүлэн тооцсон” гэх боловч, уг зарчим нь татварын хувь хэмжээг тооцох аргачлал болохын хувьд гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бүхий хэм хэмжээ тогтоосон шинжтэй байна. Иймд уг аргачлалыг зөвхөн хууль, тогтоомж, захиргааны хэмжээний актаар зохицуулахаас бус татварын байгууллагын даргын (дотогш буюу татварын улсын байцаагч нарт чиглэсэн) тушаалаар батлахгүй юм.

21.Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон давж заалдах гомдолд тодорхой дүгнэлт өгөлгүйгээр “хариуцагч нар нөхөн ногдуулалтын актыг гаргахдаа тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль, тогтоомж, зарласан үнэ, аргачлалын дагуу тооцсон тул хууль ёсны байна” гэх агуулга бүхий ерөнхий дүгнэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

22.Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан 465 дугаар тогтоолоос өмнөх цаг хугацаанд ФК-75% болон түүнээс доош агуулгатай хайлуур жоншны хувьд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын мэдээлсэн тухайн сард баримтлах зах зээлийн үнэ гэж байхгүй байсан тул нэхэмжлэгчийн 2018-2019 онд экспортолсон хайлуур жоншны борлуулалтын үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д зааснаар “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан” тооцох боломжгүй юм. Иймд мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т зааснаар “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” тооцох хуулийн зохицуулалт үйлчилнэ.   

23.Харин 2018-2019 онд нэхэмжлэгчийн экспортолсон ФК-75% болон түүнээс дээш агуулгатай хайлуур жоншны тухайд Сангийн яамнаас мэдээлсэн олон улсын зах зээлийн үнэ байсан тул тухайн үнээс тооцсон байна.  

24.Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоол үйлчилж эхэлснээс хойших хугацаанд экспортолсон ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний агуулгын хувь олон нийтэд зарласан үнээс ялгаатай тохиолдолд хувь тэнцүүлэх зарчим үйлчлэх тул нэхэмжлэгчийн 2020-2021 онуудад экспортолсон хайлуур жоншны борлуулалтын үнэлгээг уг аргачлалаар тооцсоныг буруутгах боломжгүй.

25.Нэхэмжлэгчийн зүгээс Сангийн яамнаас мэдээлсэн FOB нөхцөлтэй www.indmin.com үнийн талаар хяналтын журмаар гаргасан гомдолдоо маргаагүй.   Харин “... хариуцагч аль хувь хэмжээ, үнийг харьцуулан хувь тэнцүүлэн тооцсон талаараа маргаан бүхий актад тодорхой тайлбарлаагүй, үүнээс үзвэл татварын улсын байцаагч өөрийн үзэмжээр аль ч үнэ, хэмжээсийг ашиглан ялгаатай төлбөр тогтоох боломжтой болж байгаа, Засгийн газрын тогтоолд 75-аас доош хувийн агуулгатай жоншны хүдэр, баяжмалын борлуулалтын үнэлгээг тогтоохдоо аль үнийг харьцуулан, хувь тэнцүүлж тогтоох талаар хэм хэмжээ тогтоогоогүй байхад татварын улсын байцаагч нар Засгийн газраас давсан хэм хэмжээг өөрөө тогтоож, журмын зохицуулалтыг өөрийн үзэмжээр тайлбарлан хэрэглэсэн ...” (Тодорхойлох хэсгийн 7.4-7.6) гэж гомдол гаргасан боловч эл үндэслэл тогтоогдохгүй байна.

26.Учир нь, тус компанийн 2020 онд экспортолсон 7918.76 тонн хайлуур жоншны 2226.82 тонн нь ФК-40%, 3340.44 тонн нь ФК-60%, үлдсэн нь ФК-80% болон ФК-95%-ийн агуулгатай, 2021 онд экспортолсон нийт 3456.97 тонн хайлуур жонш нь бүгд ФК-80%, ФК-92%, ФК-97%-ийн агуулгатай байх бөгөөд тухай бүрийнх нь (Сангийн яамнаас мэдээлсэн) олон улсын жишиг үнэ байх тул хариуцагч нарыг “өөрсдийн үзэмжээр тооцсон” гэж буруутгах үндэслэлгүй. Түүнчлэн, 2020 онд экспортолсон ФК-40% болон ФК-60%-ийн агуулгатай хайлуур жоншны борлуулалтын үнэлгээг нийтэд зарласан олон улсын жишиг үнийн хамгийн бага буюу ФК-75%-ийн агуулгатай хайлуур жоншны үнээс хувь тэнцүүлэн тооцсоныг Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолд заасан аргачлалд нийцнэ гэж үзэхээр байна.     

27.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн 2018-2019 онд экспортолсон ФК-75 хувиас бага агуулгатай хайлуур жоншны борлуулалтын үнийг дахин тооцож акт гаргах шаардлагатай, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул маргаан бүхий актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0226 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2024/0489 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын  байцаагч Р.Б, П.Д  нарын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн НА-21220000030 дугаар нөхөн ногдуулалтын актыг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч нар дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий акт хүчингүй болохыг дурдсугай.” гэж, “2.” гэснийг “3.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Д.МӨНХТУЯА

               ШҮҮГЧИД                                                             Д.БАТБААТАР

                                                                                              Х.БАТСҮРЭН

                                                                       Г.БАНЗРАГЧ

 

[1] Бодит байдалд олон улсын бирж дээр ФК-75 хувиас доош агуулгатай хайлуур жоншны хүдэр борлуулагддаггүй байна.