Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 1645

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2016/00354 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Э” ХХК-д холбогдох

 

Түрээс, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 137 513 955 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” ХХК нь ........оффис центрийн........давхарт байрлах 220 м.кв талбайг “С” ХХК-тай байгуулсан Оффисийн түрээсийн гэрээний үндсэн дээр түрээслэдэг байсан бөгөөд тус компанийн зөвшөөрлөөр “Э” ХХК-тай 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ажлын байрны түрээсийн R/8/12 дугаар гэрээ байгуулан талбайг түрээслүүлсэн. “Э” ХХК нь Ажлын байрны түрээсийн R/8/12 дугаар гэрээгээр ...... дүүргийн ......дугаар хорооны нутаг дэвсгэрт орших ...... оффис центрийн ....... давхарт байрлах 220 м.кв талбай бүхий байрыг ажлын байрны зориулалтаар 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 9 сар 17 хоногийн хугацаагаар түрээслэхээр, сарын түрээсийн төлбөр 6 776 000 төгрөг байхаар, түрээсийн төлбөрийг 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 хуваан төлөхөөр тус тус тохиролцсон.

“Э” ХХК нь дээрх гэрээг байгуулах үедээ оффисийн тавилга хэрэгслийг худалдаж авах санал тавин, нийт 10 613 052 төгрөгийн тавилга хэрэгслийг үнийг нь түрээсийн төлбөр төлөх үедээ төлөх нөхцөл бүхий тохиролцоогоор худалдан авсан. “Э” ХХК нь дээрх гэрээний дагуу төлбөр тооцоог гүйцэтгээгүй ч бид харилцан тохиролцсноор Ажлын байрны түрээсийн R/8/12 дугаар гэрээг 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар мөн гэрээнд заасан нөхцөлөөр сунгахаар, түрээсийн төлбөр болон худалдан авсан тавилга хэрэгслийн үнийг 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх нөхцөл бүхий нэмэлтийг гэрээнд оруулсан.

“Э” ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж, мөн өдөр түрээсийн талбайг хүлээлгэн өгсөн тул тус компаниас түрээсийн төлбөр болон худалдан авсан тавилга хэрэгслийн төлбөрт 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 107 851 600 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 19 049 303 төгрөг, худалдан авсан оффисийн тавилгын үнэ 10 613 052 төгрөг нийт 137 513 955 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Э” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн R/8/12, 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн /8/12А1, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн R/8/12А2 дугаартай гэрээнүүдийг тухайн үед бичгээр байгуулсан боловч, манай 2 компанийн удирдлагууд харилцан амаар тохиролцож, төлбөргүйгээр уг оффиссын байрыг ашиглуулахаар тохирсон байсан.

Тус оффисст байсан тавилга хэрэгслийг хамтад нь ашиглаж байсан бөгөөд эдгээр тавилга хэрэгслийг худалдан авах талаар харилцан ярилцаж байсан боловч дээрх гэрээнүүдэд тавилга хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээгээр зохицуулахаар заасны дагуу ямар нэгэн гэрээ бичгээр байгуулаагүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан 10 613 052 төгрөгөөр худалдаж авахаар нарийвчлан тохиролцож, амаар болон бичгээр гэрээ байгуулсан зүйл байхгүй тул тавилга хэрэгслийг худалдан авсны хөлс гэж нэхэмжлэх эрхгүй, тавилга, хэрэгслийг буцааж өгсөн.

2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн R/8/12А2 дугаартай гэрээнд дуусах хугацааг 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэж заасан байхад үүнээс хойших буюу 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 19 049 303 төгрөгийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байна. Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т тус тус зааснаар дээрх гэрээнүүдийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тул гэрээнүүд хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч компанийн удирдлагаас амаар үнэ төлбөргүй ашиглуулахаар тохиролцсоноосоо буцаж байгаа тохиолдолд хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацааны талаарх асуудал яригдах ёстой. 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн R/8/12 дугаартай гэрээний 5 дахь заалтын 5.1.1, 5.1.2, 5.1.3-т тус тус зааснаар түрээсийн төлбөрийг 2013 оны 3 дугаар сарын 15, 4 дүгээр сарын 15, 5 дугаар сарын 15-ны өдөр гэсэн хуваарийн дагуу төлөх ёстой бөгөөд мөн гэрээний 9 дэх заалтын 9.4.2-т түрээсийн төлбөр төлөх хугацааг 20 хоногоор хэтрүүлбэл гэрээг цуцлах үндэслэл болохоор заажээ. Эндээс харахад дээрх хуваарийн дагуу эхний төлөлтөө хийлгүй 20 хоног хэтрүүлэхэд л гэрээг цуцлах эсхүл шүүхээр шаардах эрх үүссэн байх тул Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т тус тус заасны дагуу түрээсийн төлбөрийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд “Г” ХХК-ийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Э” ХХК-ийн өмгөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх, гэхдээ мөнгөөр бус н.Ж захирлын төрсөн дүүгийн компанитай нэхэмжлэгч тал нь өр авлагын асуудал байгаа бөгөөд түүнд шилжүүлэн тооцох боломжтой нөхцөл байдал үүсээд байна. Хэрэг яриа хэлэлцээ амжилттай байвал хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх, амжилтгүй байвал хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас 137 513 955 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-нд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 845 519 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-иас 845 519 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч “Г” ХХК болон хариуцагч “Э” ХХК-ийн хооронд байгуулсан 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн R/8/12, 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн R/8/12A1, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн R/8/12A2 дугаартай гэрээнүүд дүр үзүүлэн байгуулсан гэрээнүүд юм.

Учир нь тухайн үед эдгээр гэрээг бичгээр байгуулсан боловч, тус компаниуд төлбөргүйгээр уг оффиссын байрыг ашиглуулахаар харилцан амаар тохиролцож, тохирсон байсан тул Иргэний хуульд зааснаар дүр үзүүлэн байгуулсан, хүчин төгөлдөр бус байх гэрээ гэдгийг анхан шатны шүүх анхаараагүй, түүнд дүгнэлт хийгээгүй байна.

Мөн тус оффист байсан тавилга хэрэгслийг хамтад нь ашиглаж байсан боловч эдгээр тавилга хэрэгслийг худалдан авах талаар гэрээ огт байгуулаагүй бөгөөд шүүхээс дээрх гэрээнүүдийн заалт хэлбэрээр оруулж, худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь дээрх гэрээнүүд нь оффисын өрөө түрээслэх гэрээ болохоос тавилга худалдах, худалдан авах гэрээ биш бөгөөд тавилга хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээгээр зохицуулахаар заасны дагуу ямар нэгэн бичгээр гэрээ байгуулаагүй байхын зэрэгцээ хүлээн авсан акт байгаад буцаан хүлээлгэн өгсөн акт байхгүй гэх үндэслэлээр худалдаж авсан гэж шүүх дүгнэсэн нь нэг талыг барьсан, өрөөсгөл дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн 10 613 052 төгрөгөөр худалдаж авахаар нарийвчлан тохиролцож, амаар болон бичгээр гэрээ байгуулсан зүйл байхгүй тул тавилга хэрэгслийг худалдан авсны хөлс гэж нэхэмжлэх эрхгүй, тавилга, хэрэгслийг буцааж өгсөн болно.

Харин 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн тухайд бол нэхэмжлэгч болон манай компанийн хооронд хамгийн сүүлд байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн R/8/12A2 дугаартай гэрээнд дуусах хугацааг 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэж заасан байхад үүнээс хойших буюу 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 19 049 303 төгрөгийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаад шүүхээс дүгнэлт хийхдээ гэрээ цуцлах талаар санаачлага гаргаагүй бол өмнөх гэрээтэй адил нөхцөлөөр сунгагдсан гэж тооцох тухай дүгнэсэн нь мөн л хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах талаар гэрээнд заасан, гэрээний төлбөрөө жил гаруй хугацаанд төлөөгүй байхад уг заалтыг хэрэглээгүй хэрнээ төлбөр авах болохоороо хуулийн заалтыг ашиглан түрээсийн төлбөр нэхэмжилж байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т тус тус зааснаар дээрх гэрээнүүдийг тухайн үед нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тул гэрээнүүд хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байхад шүүхээс хуулийн энэхүү заалтыг хэргийн нөхцөл байдалтай холбож дүгнэлт хийлгүй, гэрээ байгуулагдсан гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч компанийн удирдлагаас амаар үнэ төлбөргүй ашиглуулахаар тохиролцсоноосоо буцаж байгаа тохиолдолд хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацааны талаарх асуудал яригдах ёстой.

2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн R/8/12 дугаартай гэрээний 5 дахь заалтын 5.1.1, 5.1.2, 5.1.3-т тус тус зааснаар түрээсийн төлбөрийг 2013 оны 3 дугаар сарын 15, 4 дүгээр сарын 15, 5 дугаар сарын 15-ны өдөр гэсэн хуваарийн дагуу төлөх ёстой байх бөгөөд мөн гэрээний 9 дэх заалтын 9.4.2-т түрээсийн төлбөр төлөх хугацааг 20 хоногоор хэтрүүлбэл гэрээг цуцлах үндэслэл болохоор заасны дагуу 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 20 хоног хэтэрснээс хойш гэрээг цуцлаж, төлбөрөө нэхэмжлэх эрх нь нээгдэж, мөн энэ үеэс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдох учиртай.

Энэ талаар Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т тус тус заасан байх тул түрээсийн төлбөрийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг хэтрээгүй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 354 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний төлбөр 126 900 903 төгрөг, худалдах-худалдан авах гэрээний төлбөр 10 613 052 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “Э” ХХК нь худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй, үл хөдлөх хөрөнгө түрээслэх түрээсийн гэрээг бүртгэлийн газар бүртгүүлээгүй, дүр үзүүлсэн хэлцэл тул төлбөрийг төлөхгүй гэж маргасан байна.

 

Талуудын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Түрээсийн R/8/12 дугаартай гэрээ байгуулагдаж, хариуцагч нь .......дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ оффис центрийн ....... дугаар давхарт байрлах 220 м.кв талбайг ажлын байрны зориулалтаар 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 9 сар 17 хоногийн хугацаагаар, 1м2 талбайг 30 800 төгрөг, сарын нийт 6 776 000 төгрөгийн төлбөр төлөх нөхцөлтэй түрээслэхээр нэхэмжлэгчтэй тохиролцож, тус гэрээнд 2013 оны 7 дугаар сарын 31, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулж, 1м2 талбайн төлбөрийг 32 340 төгрөг, гэрээний хугацааг 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан “Түрээсийн гэрээ” байх бөгөөд мөн хуулийн 318.3 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Хариуцагч нь түрээсийн зүйл буюу талбайг 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн нь тус өдрийн “Хүлээлцэх акт”-аар тогтоогдсон бөгөөд түрээсийн зүйл, хугацаа, төлбөрийн хэмжээг үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг гаргаагүй байна.

 

Талуудын хоорондох 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 2.3.2-т “Оффисийн байрны тавилгыг худалдан авсан бөгөөд тэдгээрийн үнэ нийт арван сая зургаан зуун арван гурван мянга тавин хоёр /10 613 052/ төгрөг” гэж тохиролцсон байгаа нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болох бөгөөд хариуцагч тавилга бүхий эд хөрөнгийг хүлээн авсан нь гэрээний хавсралт эд хөрөнгө хүлээлцсэн актаар тогтоогджээ.

 

Худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулахаар хуулинд зохицуулаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагчид түрээслэсэн тус талбайг “С” ХХК-иас 2012 оны 8 дугаар сараас 01-ний өдрөөс эхэлж түрээслэсэн болон бусдад дамжуулан түрээслэх зөвшөөрөл авсан болох нь тэдгээрийн хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээ, “С” ХХК-ийн 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн т/272 тоот албан бичгээр тогтоогдсон байна. /хэргийн 42-49 дугаар тал/

 

Хариуцагч “Э” ХХК нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бүртгэлийн газар бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг түрээслээгүйгээс гадна уг 220 м2 талбай нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн гэрчилгээтэй болох нь тогтоогдохгүй байх тул тус түрээсийн гэрээг улсын бүртгэлийн газар бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Хариуцагч нь дээрх гэрээнүүдийг дүр үзүүлсэн хэлцэл гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 6 удаа төлбөрийн нэхэмжлэх хүргүүлж байсныг хариуцагч үгүйсээгүй бөгөөд тэрээр 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 14/10 дугаар албан бичгээр түрээсийн төлбөрийг харилцан тохиролцож төлөхийг мэдэгдэж байсан зэргээс үзвэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. /хэргийн 50-55, 62 дугаар тал/

 

Хариуцагч нь түрээсийн гэрээний төлбөр төлөх үүргийг өөр үүргээр солиж дуусгавар болгосон нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч “Э” ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 126 900 903 төгрөг, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 10 613 052 төгрөгийг нэхэмжлэгч “Г” ХХК нь шаардах эрхтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2016/00354 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 845 500 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                  С.ЭНХТӨР