Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 42

 

Ц.М-, Б.Н-, Ц.О- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Ц.О-ын өмгөөлөгч Ч.Загдсүрэн, өсвөр насны шүүгдэгч Б.Н-ын хууль ёсны төлөөлөгч Г.Ц-, өсвөр насны шүүгдэгч Ц.М-ын хууль ёсны төлөөлөгч О.Ц-, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1287 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дүгээр магадлалтай, Ц.М-, Б.Н-, Ц.О- нарт холбогдох 2208000000631 дугаартай хэргийг прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, *** тоотод оршин суух хаягтай,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 411 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ялыг оногдуулж, оногдуулсан ялыг 2 дахин багасгаж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг хасаж, ял эдэлсэнд тооцсон, Б овогт Ц-н М- /РД:***/,

2. Монгол Улсын иргэн, 2005 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, *** тоотод оршин суух хаягтай,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар оногдуулсан ялуудыг тус эдэлсэнд тооцсон, Б овогт Б-н Н- /РД:***/,

3. Монгол Улсын иргэн, 2004 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, *** тоотод оршин суух хаягтай,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 3 жил хорих ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг эдэлсэнд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 1 сар 7 хоногийн хорих ялыг нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 1 жил 7 сар 5 хоногоор тооцож, цагдан хоригдсон 415 хоногийг эдлэх ялд оруулан тооцон хасаж, биечлэн эдлэх ялыг 5 сар 17 хоногийн хугацаагаар тогтоосон, Б овогт Ц-ы О- /РД:***/.

Өсвөр насны шүүгдэгч Б.Н-, шүүгдэгч Ц.О- нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Д төвийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Ө” бичиг хэргийн дэлгүүрээс эд зүйл хулгайлж, хохирогч Ч.С-т 374,000 төгрөгийн хохирол учруулсан,

өсвөр насны шүүгдэгч Б.Н-, Ц.М-, Х.Ч- нар нь бүлэглэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 27-ны шөнийн 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** а байрны ** дугаар давхрын цахилгаан шатанд хохирогч Л.Б-, Д.Д- нарыг айлган сүрдүүлж, Ц.М- нь зэвсэг хэрэглэн Л.Б-ын биед халдаж, улмаар хохирогч нарын эд зүйлийг дээрэмдэж авсны улмаас Л.Б-д 760,800, Д.Д-д 380,470 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.М- нь Л.Б-ыг дээрэмдэх явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Ц.М- нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 5-ны өдөрт шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс эд зүйл хулгайлж, хохирогч В.Г-т 2,879,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс өсвөр насны шүүгдэгч Ц.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.6-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

өсвөр насны шүүгдэгч Ц.М-ыг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, зэвсэг хэрэглэж үйлдсэн, мөн хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

өсвөр насны шүүгдэгч Б.Н-ыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ц.О-ыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Ц.М-д Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2-д зааснаар 8 жил хорих ял, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 3 жил хорих ял,

Б.Н-т Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял,

Ц.О-т Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2-д зааснаар оногдуулсан 8 жил хорих ялыг хоёр дахин багасгаж, 4 жил хорих ял, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг хоёр дахин багасгаж, 1 жил 6 сар хорих ял,

өсвөр насны шүүгдэгч Б.Н-т Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хорих ялыг хоёр дахин багасгаж, 4 сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Ц.О-т Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хорих ялыг хоёр дахин багасгаж, 4 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг журамлан Ц.М-д Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 6 сарын хугацаагаар,

Б.Н-т Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын хугацааг 2 жил 4 сарын хугацаагаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.О-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын хорих ял дээр, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 151 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 сар 17 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 5 сар 14 хоногийн хугацаагаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.М-, Б.Н- нарын цагдан хоригдсон 203 хоног, шүүгдэгч Ц.О-ын цагдан хоригдсон 105 хоногийг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.М-, Б.Н- нарт оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.О-, өсвөр насны шүүгдэгч Ц.М-, Б.Н- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тус тус шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Ц.М-, түүний хууль ёсны төлөөлөгч О.Ц-, өсвөр насны шүүгдэгч Б.Н- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцэхгүй орхиж,

шүүгдэгч Ц.О- нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 80 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй суллаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр шүүгдэгч Б.Н-, Ц.М- нарын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 80 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ “...Магадлалыг хүлээн аваад шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ц.М- нарт холбогдох хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан хэлэлцэж шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх бөгөөд энэ нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Давж заалдах шатны шүүх энэ зөрчлийг ноцтой зөрчилд тооцож шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамааруулж магадлалдаа дүгнэлт хийсэн шийдвэрийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан энэ тухай прокурорт мэдэгдсэн үеэс эхлэн прокурор ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж ажилладаг.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд хийсэн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийлгүүлэх, анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн 1287 дугаар шийтгэх тогтоол болон магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүхэд хэлсэн хууль дүгнэлтдээ “Эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч нарт холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1-д зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх шүүх бүрэлдэхүүнийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1509 дүгээр захирамжаар томилсон бөгөөд шүүгч Ганбаатар, Дашдондов, Алтанцэцэг нарыг томилсон атлаа 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж болон 10 дугаар сарын 17-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдааныг явуулахдаа шүүгч Алтанцэцэг, Мөнхбаатар, Баатар нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэжээ.

Шүүгдэгч Ц.О-ын өмгөөлөгч Ч.Загдсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Ц.О- нь шүүхийн шийдвэр, тогтоолгүйгээр 20 хоног цагдан хоригдсон талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд дүгнэсэн. Прокурор миний үйлчлүүлэгчийг хууль ёсны дагуу 20 хоног цагдан хорьсон гэдэг тайлбар гаргаад байдаг. Прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү”гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Н-ын хууль ёсны төлөөлөгч Г.Ц- хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Миний хүү сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж байгаа бөгөөд хичээлдээ сайн оролцож 10 дугаар ангид суралцаж байна. Хорих 461 дүгээр ангид нэг жил шахуу хугацаанд цагдан хоригдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан миний хүүд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч Ц.М-ын хууль ёсны төлөөлөгч О.Ц- хэлсэн саналдаа “Манай хүүхэд хорих 461 дүгээр ангид нэг жил шахуу хугацаанд хоригдсон. Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад сайн хүмүүжиж байгаа. Би төлбөр тооцоог нь хийж байгаа. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Н-, Ц.М-, Ц.О- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2. Прокуророос өсвөр насны шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, өсвөр насны шүүгдэгч Ц.М-ыг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 3.2, 11.6 дугаар зүйлийн 1, харин шүүгдэгч Ц.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж буруутган, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3. Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах нь шүүхийн үүрэг бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.

5. Дээрх үндэслэл, шалгуурын дагуу дүгнэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг зөрчиж, анхан шатны шүүх Б.Н-, Ц.М-, Ц.О- нарт холбогдох хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-д заасан ноцтой зөрчил гаргажээ.

6. Тодруулбал, дээрх нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хүлээн аваад 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 1509 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх бүрэлдэхүүнийг томилсон боловч 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулсан болон 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1287 дугаартай шийтгэх тогтоол гаргахдаа өөр шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэр гаргасан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд хамаарна.

7. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн энэхүү зөрчлийг ноцтой зөрчилд тооцож, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамааруулж магадлалдаа дүгнэлт хийсэн боловч Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж, давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээгүй болсон тул магадлалыг хууль зөрчиж гаргасан гэж дүгнэх боломжгүй юм.

8. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т “анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох ...” эрх хэмжээ олгогдсоны дагуу “хууль бус бүрэлдэхүүнээр” гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнийг хэвээр үлдээсэн магадлалыг тус тус хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангах нь нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1287 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

                 

                          ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                          ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                    Б.ЦОГТ                       

                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН