Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/00385

 

 *******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/00518 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

 

65,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний хүү ******* нь 2023 оны 07 сард зуурдаар нас барсан. ******* амьд ахуйдаа хувиараа бизнес эрхэлж байсны дотор гадаадаас автомашин ирдэг байсан ба худалдан борлуулахдаа *******ыг хөлслөн ажиллуулдаг байсан. Мөн үүнээс гадна бусдад хүүтэй мөнгө зээлдүүлдэг байсан.

1.2. ******* нь *******, ******* нар 70,000,000 төгрөг өгөх ёстой гэж надад хэлж байсан бөгөөд оршуулгын үеэр *******оос Чи *******д 70,000,000 төгрөг өгөх ёстой юм байна лээ гэхэд Тиймээ, байгаа байгаа 70,000,000 төгрөг өгнө гэж хариулсан. Энэ тухайд ажил явдлын үеэр хажууд байсан хүмүүс гэрчилнэ.

1.3. Нэхэмжлэгчийн зүгээс хүүгийнхээ гар утсанд хадгалагдаж буй бусадтай харьцсан зурвасуудад үзлэг хийлгэж хүсэлт гарган, бэхжүүлсэн ба уг зурвасуудаас үзэхэд 65,000,000 төгрөгийн авлагатай болох нь нотлогдож байх тул хариуцагч нараас 65,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.

1.4. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3,100,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул *******гаас 62,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Мөн хариуцагч ******* нь хэрэгт хамааралгүй байх тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

2. Хариуцагч нарын хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа дансны хуулга болон мессэжний он, сар, цаг хугацааг сайн харьцуулж үзэлгүй гаргасан байна. Талийгаач нь бусдад мөнгө зээлдүүлдэг байсан ба түүний тооцоог ******* миний дансаар дамжуулан авдаг байснаас биш бид өөрсдөө мөнгө төгрөг зээлдэж авсан зүйл байхгүй.

2.2. Гар утсанд үлдсэн мессэж бол 2021 оны 12 сарын 31-ний өдрөөс өмнөх харилцсан мессэж бөгөөд бидний тооцоо хамгийн сүүлд 2022 оны 01 сарын 31-ний 1,000,000 төгрөг шилжүүлснээр дууссан ба дахиж ямар нэг мөнгө төгрөгтэй холбоотой харилцсан зүйл байхгүй.

2.3. Бидний хоорондын тооцоо хийдэг байсан дансны хуулгаар 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 сарын 31-ний өдрийн хооронд хийсэн орлого 67,370,000 төгрөгийг *******гийн дансанд шилжүүлж, *******гаас зарлагын гүйлгээгээр 2017 оны 01 сараас 2022 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэл нийт 114,303,800 төгрөгийг *******ий Хаан банк ******* тоот дансанд шилжүүлсэн. Үүнээс гадна *******д 2017 оны 05 сарын 17-ны өдрөөс 2019 оны 12 сарын 12-ны өдрийг хүртэл цалин гэж нийт 6,574,800 төгрөгийг *******өөс шилжүүлсэн байдаг. *******гаас *******ий дансанд үлдэгдэл болох цэвэр дүн 107,729,000 төгрөгийг шилжүүлж тооцоо дууссан.

2.4. Талийгаачийн ажил явдал дээр ******* нь ... *******оо чи манай хүүд 7 сая биш 70 сая төгрөгийн өглөгтэй юм байна лээ ш дээ ... гэхэд би Юун 70 сая вэ? Надад тийм өр байхгүй ш дээ гэсэн. Тэрээр За яах вэ энэ ажил явдлын дараа уулзья гэж хэлсэн. түүнээс хойш бид уулзалдаагүй. Нэхэмжлэгч нь зөвхөн талийгаачийн утасны мессэжид үндэслэн 70,000,000 төгрөгийн өглөгтэй гэж шүүхээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 16,100,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******од холбогдуулан 65,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч ******* татгалзсаныг баталж, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 482,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 238,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага нийцээгүй, нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйл 161.1 дэх хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

4.2. Талийгаач Б Дөлгөөн нь 2023 оны 07 сарын 04-ний өдөр *******, ******* нар 70,000,000 төгрөг аваад буцааж өгөхгүй байгаа талаар анх удаа нэхэмжлэгчид ярьсан байдаг. Талийгаачийн ажил явдлын үеэр ******* нь *******ыг ажлын хамт олонтойгоо ирэхэд нь Ариунболдоо чи манай хүү Дөлгөөнд 70,000,000 төгрөг өгөх ёстой юм байна лээ, хэдэн хүүхдүүдийг нь бодоод өгчихгүй юу гэж хэлэхэд, Ө Ариунболд Та яаж мэдсэн юм? Хэн тэгж байна гэхэд миний хүү ******* өөрөө надаа хэлсэн юм гэж хариулахад тэрээр Тиймээ 70,000,000 төгрөг байгаа, байгаа өгнө, гэж хэлсэн, тухай үед түүний хажууд хамт байсан ******* мөн *******той хамт зогсож байсан ******* тухай үйл баримтыг гэрчилж, гэрчийн мэдүүлэг өгсөн.

4.3. Талийгаач *******ий барьж байсан утсанд үзлэг хийхэд 2021 оны 03 сарын 12-ны өдөр ******* руу Би тооцоо хийгээд явууллаа, гэсэн чатын доод хэсэгт эксел файлаар 65,100,000 төгрөгийн үндсэн өр, cap болгоны хүүг нь тооцоолон бичсэн бичвэрийг хамт явуулсныг олж тогтоосон.

4.4. Энэ нь талийгаач *******ий данснаас гүйлгээний утгыг түр зээл гэж нэрлэн хариуцагч *******гийн дансанд шилжүүлсэн мөнгөтэй таарч байгаа болно. Хариуцагч *******гийн төлөөлөгч нь *******д ийм цахим хаяг байхгүй гэж маргасан боловч *******гийн Ковид-19 шинжилгээ хариу болох Ковидын шинжилгээний бичгийг энэ хаягаар явуулж байсан баримтанд шүүх зөв дүгнэлт хийсэн.

4.5. Шүүх нийт 65,100,000 төгрөгийн баримтыг дутуу шинжлэн судалж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байна. Хариуцагч ******* нь Голомт банкны ******* тоот дансаар *******өөс хүлээж авсан тооцоог өөрийн анх өгсөн тайлбартаа хавсаргасан байдаг тус тооцооны дагуу бол талийгаач *******өөс 67,370,000 төгрөгийг хүлээж авснаа хүлээн зөвшөөрсөн байдаг./хх-168 хуудас/ Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлага болох 62,000,000 төгрөгийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч нь *******ий гуйснаар өөрийн Голомт банк болон ХААН банкны дансаар мөнгө шилжүүлэн авч, тухайн мөнгөө бусдад шилжүүлж байсан. ******* нь зээлийн гэрээ бусадтай байгуулж, намайг үүрэг гүйцэтгүүлж байсан. Бусад хүмүүс миний данс руу мөнгө хийсний дагуу 107,729,000 төгрөг шилжүүлсэн байгаа тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Утсанд хийсэн үзлэгт тооцоо нийлсэн ба үүнтэй холбоотой маргаан байхгүй.

5.2. Миний бие шүүхэд дансны гүйлгээгээ шүүхэд гаргаж өгсөн ба тус дансны хуулгыг нэхэмжлэгч нь танилцаж, дүгнэж байгаа атлаа үнэхээр намайг авлагатай гэж үзэж байгаа бол зээлдэгч нараас энэхүү мөнгөө нэхэмжлэх хэрэгтэй, энэ надад хамааралгүй асуудал гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1. Талийгаач *******ий нас барсан шалтгааныг тодруулахын тулд Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас хариуцагч *******ыг хэрэгт холбогдуулан шалгасан ба хариуцагч *******ыг мөрдөн байцаах албанаас явуулсан шалгалтын явцад хэрэгт холбогдолгүй гэж үзсэн. Мөн түүний эхнэр *******г дуудаж, 70,000,000 төгрөгийн хэрэгт холбогдуулан шалгах явцад бүх нотлох баримт болон санхүүгийн баримтыг гаргаж өгснөөр хэрэгт холбогдолгүй болохыг тогтоосон.

6.2. 2017 оны 01 сараас 2022 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэл *******гийн дансаар нийтдээ 114,103,800 төгрөгийг шилжүүлсэн талаар шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан. ******* *******тэй 2018 оноос хойш ямар нэгэн холбоо харилцаагүй байсан талаар фэйсбүүк мессенжерийн зургийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өг гэхэд гаргаж өгөөгүй. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

7. Хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д зааснаар Талийгаач *******, хариуцагч ******* нар харилцан тохиролцсоны үндсэн дээр *******ий өгсөн заавар чиглэлийн дагуу ******* нь бусадтай зээлийн гэрээний харилцаанд орж ... гэжээ.

7.2. Энэ нь хариуцагч миний зүгээс зээлийн гэрээг байгуулж гэрээний үүрэг хүлээсэн зүйл байхгүй бөгөөд талийгаач ******* нь бусадтай зээлийн гэрээний харилцаанд оролцож байсан. Энэ талаарх зээлийн гэрээний баримтууд надад байхгүй. Мөн зээлийн гэрээний үүргийг гэрээний талууд хүлээх хууль зүйн үндэслэлтэй.

7.3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д зааснаар ... Талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан даалгаварын гэрээний харилцаа үүсчээ. гэж шүүх үзсэн байдаг. Хэрвээ хариуцагч миний бие Иргэний хуулийн 399 дүгээр зүйл 399.3-т зааснаар даалгавар гүйцэтгэх ёстой гэж үзвэл даалгаврын гэрээний үүргийг давуулан биелүүлсэн билээ. Хариуцагч нь 2017 оны 01 сараас 2022 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэл өөрийнхөө данснаас зарлагын гүйлгээгээр 114,303,800 төгрөгийг *******ий Хаан банк ******* тоот данс руу шилжүүлсэн байдаг ба дансны хуулга болон өөрийн санхүүгийн тооцооллыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн./хх-43-111, 112-167/ Үүнээс надад цалинд тооцож өгсөн 6,574,800 төгрөгийг хасаад нийт 107,729,000 төгрөгийг шилжүүлсэн. /хх-40-42/ Эдгээр дансны хуулга нь маргаанд ач холбогдол бүхий шууд нотлох баримт буюу тус иргэний хэрэгт нотолгооны ач холбогдолтой гэж би үзэж байна. Иймээс ч энэ баримтыг шүүхээр бүрэн дүүрэн үнэлүүлэх өөрийн эсэргүүцлийг нотлох зорилгоор хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн.

7.4. Гэтэл шүүхээс эдгээр баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлээгүй, тухайн хэрэгт эдгээр баримт нь хамааралтай, ач холбогдолтой байхад шүүх нотлох баримтаар үнэлж дүгнэлт хийгээгүй учраас тус шийдвэр нь үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.

7.5. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т зааснаар Ийнхүү хариуцагч нар нь ... талийгаач *******ий бидний хооронд харилцаж байсан фэйсбүүк мессенжер баримтыг үндэслэн нэхэмжлэл гаргасныг үндэслэлгүй гэх тухайн тайлбар татгалзалаа баримтаар үгүйсгээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч татгалзалын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэжээ. Хавтаст хэрэгт хариуцагч нар нь тус бүр хариу тайлбарыг бичгээр гаргаж өгсөн ба түүнийхээ хамтаар дансны хуулгуудыг гаргаж өгсөн байдаг.

7.6. Миний бие жирэмсэн болсон учраас талийгаач *******д энэхүү ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон талаар мэдэгдэхэд тэрээр зөвшөөрч сүүлийн гүйлгээг 2022 оны 01 сарын 31-ний өдөр дуусгаж үлдэгдэл 1,000,000 төгрөгийг шилжүүлснээр тооцоог хааж дахиж харилцаагүй. Үзлэгийг шүүх хурал дээр хийсэн учраас өөрийн татгалзлаа нотлохын тулд шүүх хурал хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх хүлээн аваагүй.

7.7. Тэгэхээр хариуцагч *******ын 5,000,000 төгрөгний дансны хуулгыг баримтаар үнэлсэн мөртлөө харин *******гийн 114,303,800 төгрөгийг талийгаач *******ий Хаан банкны ******* тоот данс руу хийсэн банкны дансны хуулгыг нэхэмжлэгч үгүйсгэж мөн шүүх нотлох баримтаар үнэлээгүй байгаа нь шүүх хэт нэг талыг барьсан хууль бус шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

8.1. Анхан шатны шүүх талуудын хооронд болсон үйл баримт болон талуудын шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэгт үнэн зөв дүгнэлт хийсэн. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ өөрөө баримтын хүрээнд нотлох үүрэгтэй.

8.2. Гэтэл *******өөс 70,000,000 төгрөг буюу 67,370,000 төгрөг хүлээж аваад цааш нь хүү тооцож, бусад этгээдэд зээлүүлсэн талаарх баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй. Хариуцагч нар нь *******өөс өгсөн мөнгийг хүлээж авсан. Гэхдээ цааш нь хэн гэдэг хүнд хэдэн төгрөгийг, хэдий хугацаатай, хэдэн төгрөгийн хүү тооцож зээлүүлэхээр болсон талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

8.3. Түүнчлэн шүүх хуралдааны явцад талийгаач *******ий фэйсбүүк хуудаст үзлэг хийхдээ 2-оос доошгүй гэрч оролцуулж, нотлох баримтыг бэхжүүлж авсан. ******* тус фэйсбүүк мессенжер байхгүй гэж маргадаг. Гэтэл ******* өөрийн Ковид-19 шинжилгээний хариу буюу хувь хүний эмзэг мэдээллээ талийгаач ******* рүү илгээсэн байсан.

8.4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг боловч хариу тайлбартаа 67,370,000 төгрөгийг хүлээж авсан болохоо хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч ******* хариуцагч нарт өгсөн талийгаач хүүгийнхээ мөнгийг буцааж авахыг шаарддаг. Ингэхдээ хариуцагч нараас хүү, алданги, тодорхой хэмжээний эрсдэл, хохирол шаардаагүй ба хариуцагч нарын давж заалдах гомдол гаргасан тайлбар, үндэслэл зөрүүтэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нараас зээлийн 65,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг ... 2021 оны 03 сарын 12-ны өдөр хүү ******* болон ******* нарын харилцсан зурваст тооцооны баримтад авагдсан, уг баримтаар хүү ******* нь хариуцагч *******гаас 65,000,000 төгрөгийн авлагатай ... гэж, хариуцагч нар нь ... Талийгаач ******* бидний хооронд харилцаж өнгөрсөн фэйсбүүк мессенжерийг үндэслэн нэхэмжлэл гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. *******гаас *******ий дансанд үлдэгдэл болох цэвэр дүн 107,729,000 төгрөгийг *******ий дансанд шилжүүлж тооцоо дууссан тул зөвшөөрөхгүй. гэж тус тус тайлбарласан.

 

4. Нэхэмжлэгч нь хариуцагч *******од холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******од холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч ******* татгалзсаныг баталж, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

5. Талийгаач ******* нь 2023 оны 07 сарын 15-ны өдөр нас барсан, нэхэмжлэгч ******* нь талийгаач *******ий төрсөн эх бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар ******* нь *******ий хууль ёсны өвлөгч байх тул зээлийн гэрээний үүрэг 65,000,000 төгрөгийг хариуцагч *******гаас шаардах эрхтэй.

 

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Учир нь, хариуцагч талийгаач *******ий даалгавраар түүний мөнгөн хөрөнгийг бусдад зээлдүүлэх ажлыг зохион байгуулж, улмаар хөлс авдаг байсан тул даалгаврын гэрээ байгуулсан талаар дүгнэлт үндэслэлтэй байна.

 

7. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн үйл баримтыг зөв тогтоосон боловч тооцооллын алдаа гаргасныг залруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.

Талийгаач *******өөс хариуцагч *******гийн фэйсбүүкийн чатруу илгээсэн ... зээлийн гэрээний мөнгөн авлагын тооцооллын хүснэгт-ийг хариуцагч талаас гаргасан Хаан банк ХК-ийн дансны хуулгатай тулгалт хийж үзэхэд уг хүснэгтэд дурдсан 65,100,000 төгрөгөөс нийт 28,680,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.

Хариуцагч нь ... *******ий хаан банкны дансруу нийт 114,303,800 төгрөг төлсөн, одоо төлбөргүй гэх боловч дээрх хүснэгтийг илгээсэн хугацаанаас хойш шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болон хүснэгтэд дурдсан мөнгөн хөрөнгийн нийлбэр нь 28,680,000 төгрөг болж байна.

*******өөс ирүүлсэн хүснэгтийг зөвшөөрсөн агуулгатай тэмдэгт дарсан болох нь үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан фэйсбүүк чатны зургаар тогтоогдож байх ба уг хугацаанаас хойш ******* нь мөнгөн хөрөнгийг тогтмол шаардаж байсан нь мөн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон байна.

 

******* нь даалгаврын гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэсэн талаар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж үзнэ.

Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд даалгаврын гэрээний нийт үүргээс баримтаар тогтоогдож байгаа 28,680,000 төгрөг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 3,100,000 төгрөгийг нэгтгэн тооцоход хариуцагч 33,417,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна.

 

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-т Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.

Хариуцагч ******* нь нийт шилжүүлж авсан 65,100,000 төгрөгөөс үлдэх 33,417,000 төгрөгийг төлөх үүрэгтэй тул энэ хэмжээгээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

8. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдол дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад дараах хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгчийн шаардах эрх нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар хууль ёсны өвлөгч гэсэн үндэслэлээр үүсч байгаа бөгөөд уг зохицуулалт нь нэхэмжлэлийн үндэслэл болох шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй.

Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.4 дэх хэсэгт Даалгавар гүйцэтгэгч өгсөн даалгаврыг гүйцэтгэхээс татгалзсан тохиолдолд түүнийг гүйцэтгэхтэй холбогдуулан авсан зүйлийг гүйцэтгээгүй даалгаврын хэмжээгээр даалгавар өгөгчид буцааж өгөх үүрэгтэй. гэж заажээ.

Нэхэмжлэлийн шаардлага нь даалгаврын гэрээний үндсэн дээр бусдад шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах агуулгатай тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.4 дэх хэсэгт заасныг нэмж баримтална.

 

9. Хариуцагч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

9.1. Хариуцагч *******гийн данснаас нийт 114,303,800 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банкны дансны хуулгаар тогтоогдох боловч даалгаврын гэрээний талаар тооцоо нийлж, хүснэгт илгээснээс өмнөх цаг хугацаанд 85,623,800 төгрөг хамаарч байх тул маргааны зүйлд хамааралгүй байна.

 

9.2. ******* нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо ... ******* энэхүү ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон талаар мэдэгдэхэд тэрээр зөвшөөрч сүүлийн гүйлгээг 2022 оны 01 сарын 31-ний өдөр дуусгаж, үлдэгдэл 1,000,000 төгрөгийг шилжүүлснээр тооцоог хааж дахин харилцаагүй ... гэх боловч ******* болон ******* нарын хооронд бичсэн фэйсбүүк чатанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд талийгаач ******* нь мөнгөн хөрөнгийн шаардаж байсан.

Түүнчлэн, дээрх хугацаанаас хойш хариуцагчийн данснаас *******ий дансруу мөнгөн хөрөнгө шилжээгүй тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/00518 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дүгээр зүйлийн 400.4-т заасныг баримтлан хариуцагч *******гаас 33,417,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 31,683,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын ... 238,450 ... гэснийг ... 325,035 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

С.ЭНХБАЯР