| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2019/0004/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/61 |
| Огноо | 2019-07-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/61
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Г.Э,
улсын яллагч Э.Н,
хохирогч С.У,
шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Гийн Мд холбогдох эрүүгийн 1917000770048 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Х овогт Гийн М /РД:ЗИ69022313/, Дундговь аймгийн Өлзийт суманд 1969 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Агропаркийн 111 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, урьд 1988 онд Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 3, 123 дугаар зүйлийн 1, 240 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жил 8 сар хорих ялаар, 1991 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 153 дугаар зүйлийн 3-т зааснаар 7 жил хорих ялаар, 1999 онд Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 3, 123 дугаар үйлийн 1, 240 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Г.М нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 08 цаг 30 минутын үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Нэгдсэн эмнэлгийн нүдний эмчийн өрөөнд С.Утэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун гарын бугалга, зүүн дал орчимд тус тус 2 удаа сандлаар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Г.М нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 08 цаг 30 минутын үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт байрлах Нэгдсэн эмнэлгийн нүдний эмчийн өрөөнд С.Утэй маргалдаж улмаар түүний баруун гарын бугалга, зүүн дал орчимд тус тус сандлаар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1 Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие хүнд өвдөөд эмнэлэгт хэвтэх гээд У эмчид үзүүлэхэд мэдрэлийн эмч Эд үзүүл гэсэн. Э эмчид үзүүлэх гээд очихоор У эмчид үзүүл гээд хоорондоо явуулаад намайг үзээгүй. Тэгээд би эмнэлгийн дарга Ц гэдэг хүнтэй уулзаж хэлэхэд Э эмчид үзээд хэвтэх бичиг хийж өг гэхэд Э эмч хэвтэх бичиг хийж өгсөн. Хүлээн авах дээр очоод хэвтэх бичгээ хийлгээд ирлээ, картаа нээлгэе гэхэд У эмч таны картыг битгий нээж өгөөрэй гэсэн гэж сувилагч хэлсэн. Би маргааш нь эмнэлэг ороод У эмчтэй уулзахад шинжилгээгээ өгөөд хэвтээрэй гэсэн. Би шинжилгээгээ өгөх гэхэд шинжилгээний бичгээ авахгүй яасан юм бэ гэхээр нь Э эмчээс асуухад би мэдэхгүй У эмчээс асуу гэсэн. Тэгээд би бичиг авах гээд У эмч дээр очиход би мэдэхгүй Э эмчээс ав гэсэн. Тэгээд миний уур хүрээд бид хоёр муудалцаж би хоёр удаа цохисон. Би хаана нь цохисоноо санахгүй байна, нэг мэдэхэд цагдаа ирж намайг аваад явсан. Тухайн үед намайг ингэж явуулаагүй байсан бол ийм асуудал гарахгүй байсан. Би эхлээд уурлаж байснаа мэддэг боловч их уурлахаар яаснаа санадаггүй. Хохирогч Уийг сандлаар цохисоноо хүлээн зөвшөөрч, өөрийн буруу гэдгийг ойлгож байгаа гэв.
1.2. Хохирогч С.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 18-нд ажилдаа ирээд бүртгүүлээд коридороор явж байтал Мөнхбат нүдний эмчийн өрөөний үүдэнд намайг хүлээж байсан. Би Мтай тухайн өдөр эмнэлэгт хэвтүүлнэ гэж тохирсон байсан болохоор картаа нээлгээд хэвтэх гэж байгаа юм байна гэж бодсон. Тэгээд картаа нээлгэсэн үү гэхэд өөдөөс шинжилгээний бичгээ авъя гэхээр нь би Э эмчээс аваарай гэж хэлээд өрөөгөө онгойлгоход араас та хоёр дундаа намайг яасан олон явуулдаг юм гээд дагаж орж ирээд намайг сандлаар цохисон. Кабинет үзэж байсан эмч өвчтөний онош картыг нь бүрдүүлдэг. Тухайн үед Э эмч кабинет үзэж байсан. Хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн шинжилгээг нь бүрдүүлж байж эмнэлэгт хэвтүүлдэг. Би мэдрэлийн эмчээр 4 жил ажилласан Мыг мэднэ. Манай эмнэлгийнхэн энэ хүнээс айдаг. Би гомдолтой байна. Цаашид хэвийн ажлаа хийх боломжийг олгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
1.3. Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 08 цаг 30 минутын үед ажилдаа ирээд өрөөндөө ороод байж байтал М гаднаас чанга чанга дугараад манай өрөөнд орж ирээд нэг үг хэлээд миний өрөөнд байсан өвчтөн суудаг хар өнгийн түшлэгтэй сандал бариад авахаар нь өрсөөд сандалыг нь булааж аваад үзлэгийн орон дээр дараад хэвтүүлсэн. Тэгтэл эмч Б орж ирээд Мыг тайвшир гэж хэлээд аваад явсан. Надтай муудалцахаас өмнө У эмчтэй муудалцсан юм байна лээ. М У эмчийн гар луу сандлаар цохисон гэсэн. У эмч хэд хоног ажилдаа ирээгүй. У эмч баруун гараа юмаар сойсон явж байсан. Мын хувьд ямар нэгэн шинжилгээ өгөөгүй, дугаар бичүүлэлгүй хэвтэнэ гэсэн асуудлаас болсон. Яаралтай биш бол дугаар бичүүлж, шинжилгээ өгч хэвтдэг. Тухайн асуудал болсон өглөө М надаас шинжилгээний бичиг авъя гэж орж ирээгүй. М нь уналт таталт, зан төрхийн өөрчлөлт гэсэн өвчнөөр эмчийн хяналтанд байдаг. Зан байдлын хувьд хурц ширүүн, ууралсан үедээ өөрийгөө барих чадвар муу. Мөнхбат манай өрөөнд орж ирээд ээж хэвтсэн би хамт хэвтэнэ, хэвтэх бичиг хийгээд өг гэхээр нь У эмч тасаг хариуцаж байгаа асуугаад ир гэж хэлээд явуулсан. Тасаг хариуцаж байгаа эмч нь эмчилгээ бичиж, өвчний түүхийг нээдэг учраас У эмч рүү явуулсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15 хуудас/
1.4. Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 08 цаг 30 минут өнгөрч байхад өрөөний гадна хүмүүс маргалдаад муудалцаад байгаа чимээ гарахаар нь би үүдэнд сууж байгаа хүмүүс маргалдаад байгаа юм болов уу гэж бодоод өрөөнөөс гарахад коридорт ямар нэгэн асуудал болоогүй байсан. Хажуу талын нүдний өрөөнд маргалдаад байгаа чимээ гарахаар нь хаалгыг онгойлгосон чинь М өвчтөний суудаг сандал далайгаад У эмч тэр хоёр хоорондоо маргалдаж байсан. У чи цохихгүй юу гэж байсан. У эмч надад хандаад энэ намайг сандлаар цохичихлоо цагдаа дууд гэхээр нь би өрөөндөө ороод утсаа аваад цагдаад мэдэгдсэн. У эмч сүүлд нь надад М буглага руу цохисон гээд үзүүлж байсан. Буглага нь хөхөрсөн байсан. У М нар юунаас болж муудалцсан талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16 хуудас/
1.5. Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 150 дугаар дүгнэлтэнд: С.Уийн баруун бугалга, баруун суганы дунд шугамаар 8 дугаар хавирганы түвшинд, зүүн далны хэсэгт цус хуралт, баруун бугалганд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 24 хуудас/
1.6. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 873 дугаар дүгнэлтэнд: Г.М нь урьд нь DS: F-07.8 “Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг” гэсэн сэтгэцийн эмгэгийн оношоор 2016 оны 02 дугаар сарын 03-наас 2016 оны 11 дүгээр сарын 15-ныг хүртэл 278 хоног шүүхийн тогтоолоор албадан эмчлүүлсэн тухай №0719 дугаартай өвчний түүх байна. Уг сэтгэцийн эмгэг нь эмнэл зүйн тодорхой үе шатаар явагддаггүй болно. Г.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ "Тархины өвчин гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Г.М ын уг сэтгэцийн эмгэг нь тухайн гэмт хэргийн үйлдлийн үед ухаан бүрийтэн балартал бүхий өвчний хурц өөрчлөлтгүй байсан тул өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгож, удирдаж чадаж байсан байна. Г.М нь гэмт хэрэг үйлдсэний дараа "Тархины өвчин гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Г.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ "Тархины өвчин гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Г.Мын уг сэтгэцийн эмгэг нь тухайн гэмт хэргийн үйлдлийн үед ухаан бүрийтэн балартал бүхий өвчний хурц өөрчлөлтгүй байсан байна. Г.М нь одоо "Тархины өвчин гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. Уг сэтгэцийн эмгэг нь одоогоор “Засрал сайжралын байдал”-тай байна. Г.М нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Мөнхбатын сэтгэцийн байдал нь хэзээ, ямар байдлаар сэдэрч өөртөө, эсхүл бусдад аюул учруулж болох эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй. Г.М нь тухайн гэмт хэргийн үйлдлийн үед эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байсан байна. Г.М нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Г.Мд цаашид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
Дүгнэлт гаргасан: Комиссын дарга тэргүүлэх зэрэгтэй эмч Н.Оюунчимэг, гишүүн ахлах зэрэгтэй эмч Л.М, сэтгэцийн эмч С.Б гэжээ. /1-р х.х-ийн 48-49 хуудас/
1.7. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 5-7 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Г.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Г.Мыг үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Г.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаангүй гэснийг тус тус дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч Г.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч С.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би Мөнхбатад гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 12-13 хуудас/
2.2. Гэрч С.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “М ахын хувьд ээж Гтэйгээ хамт амьдарч байгаа. Ээж нь 81 настай 2 нүд нь бүрэн хараагүй хүн байдаг. М ахын хувьд ээжийгээ ганц асарч авч яваа хүн. Зан байдлын хувьд их түргэн ууртай, уурлахаараа биеэ барих нь муу, сүүлийн хэдэн жилд уурлаж уцаарлаад байх нь гайгүй болсон байсан. Жирийн үедээ хүнтэй эвсэг харьцаатай, инээж хөхөрөөд явж байдаг. Нэг сайн хүндээ их сайн ханддаг. М ах 70 хувийн группэд тархи толгой уналт таталтын өвчнөөр байдаг. Ер нь ажил хөдөлмөр хийх чадваргүй гэдэг. Хүнд ажил хийхээр татаж унаад байдаг. Сардаа 4-5 удаа татаж унадаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17 хуудас/
2.3. Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “М ахын хувьд ээж Г тэйгээ хамт амьдарч байгаа. Ээж нь 81 настай 2 нүд бүрэн хараагүй хүн байдаг. М ахын хувьд ээжийгээ ганц асарч авч явдаг хүн нь байгаа юм. Зан байдлын хувьд хүн уурыг нь хүргэхгүй бол зүгээр жирийн харьцаатай инээж хөхрөөд явж байдаг. Бид нартай эвсэг харьцаатай. Эмчилгээ нь жаахан холдоод ирэхээр унаж татах нь ихэсдэг. Улиралдаа нэг удаа ээжтэйгээ хамт эмнэлэгт хэвтээд эмчилгээ хийлгээд байдаг. М ахыг байхгүй үед ээжийг нь асрах хүн байдаггүй. Тийм учраас ээжтэйгээ хамт эмнэлэгт хэвтдэг. М ахын хувьд тархи толгойн болон таталтын өвчний улмаас группэд байдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18 хуудас/
2.4. Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар, Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт /х.х-ийн 85, 87 хуудас/
2.5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолууд, прокурорын тогтоол, шүүхийн тогтоолын хуулбарууд /х.х-ийн 123, 127-130 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.Мд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр гаргасан санал болон шүүгдэгч Г.Мын хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, хоёр нүд нь хараагүй эхийгээ асрамжлан амьдардаг зэргийг тус тус харгалзан торгох ял шийтгэл оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Гийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА