| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2019/0063/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/62 |
| Огноо | 2019-07-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/62
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга А.Э,
улсын яллагч Э.Н,
шүүгдэгч О.Ч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Оын Чд холбогдох эрүүгийн 1917000600052 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, М овогт Оын Ч /РД:ЕС58112717/, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1958 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 96-8 тоотод оршин суух, “Galzagddorj” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, бүрэн бус дунд боловсролтой, илчит тэрэгний машинч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч О.Ч нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хэлмэгдэгсэдийн хөшөөний орчим 14-40 ГСА улсын дугаартай Соната-7 маркийн автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлгийн 15.10-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас иргэн Б.Хын жолоодож явсан Тоёота Королла маркийн 65-17 ГСА улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гарган зорчигч Б.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Г.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Тоёота Королла маркийн 65-17 ГСА улсын дугаартай автомашинд 1 236 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч О.Ч нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хэлмэгдэгсэдийн хөшөөний баруун талд байрлах уулзвараар 14-40 ГСА улсын дугаартай Соната-7 маркийн автомашиныг жолоодон зүүн гар тийш эргэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлгийн 15.10-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчин Б.Хын жолоодож явсан Тоёота Королла маркийн 65-17 ГСА улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Б.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Г.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Тоёота Королла маркийн 65-17 ГСА улсын дугаартай автомашинд 1 236 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч О.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хонхороос дээшээ өгсөж яваад эмнэлэг рүү зүүн гар тийшээ эргэх гээд дохио өгөөд эргэсэн. Би хурдаа хасаад хаазнаасаа хөлөө салгаад явж байгаад машин өмнөөс ирэхээр нь тоормосоо гишгэх гэж байгаад андуураад хаазаа гишгээд огцом зүүн урд талаас нь мөргөсөн. Хохирогч нарт хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсан. Энэ хэрэг гарсанд харамсаж байна. Хохирогч нарын хохирлыг бүгдийг өгч барагдуулсан. Би өөрийгөө зөвтгөхгүй, санамсар, болгоомжгүй, анхааралгүй байдлаас болж ажлын хариуцлага алдаж ийм асуудал боллоо гэж өөртөө дүгнэлт хийж байгаа. Хүний амь нас хариуцсан такси үйлчилгээнд анхаарал хайхрамжгүй явж болохгүй юм байна гээд такси компаниас гарч 2019 оны 04 дүгээр сарын 01-нээс “Галзагддорж” хамгаалалтын албанд хамгаалагчаар ажилд орсон. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байгаа. 2011 онд жолооч болсон гэв.
1.2. Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн орчим би Сүмбэр сумын 1 дүгээр сургууль орох гээд зээ хүү Гийн хамт Соната-7 маркийн таксинд суусан. Манай хүү Г бид хоёр таксины арын суудалд сууж явсан бөгөөд дээшээ Хэлмэгдэгсэдийн хөшөөний уулзвар дээр ирээд бид нарын сууж явсан такси зүүн гар тийш эргэхдээ чигээрээ явж байгаа цагаан өнгийн Королла маркийн автомашины урдуур ороод осол гаргасан. Ослын улмаас миний биед өвдөгний үений гадна булуу ясны үений гадаргуун шахагдсан хугарал, өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл учирсан. Ослын газарт нэгдсэн эмнэлгийн түргэний автомашин ирээд бид нарыг аваад эмнэлэг явж үзүүлсэн. Дараа нь 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дахиж эмнэлэг орж зүүн хөлөндөө шохой тавиулсан. Тухайн үедээ манай зээ хүү Гийн духны зүүн хэсэгт бага зэрэг хавдсан байсан. 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот явж Мөнгөн гүүр эмнэлгийн компьютерт томографид үзүүлсэн. Харин манай хүү Г 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр компьютер томографид үзүүлсэн. Компьютерт томографид үзүүлсэн. Манай хүү Гүррагчаагийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд хичээлдээ явж байгаа. Би 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 04 дүгээр сарын 25-ны хооронд Улаанбаатар хот Баянзүх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24-28 хуудас/
1.3. Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр би Сүмбэр сумын 5 дугаар сургуулиас гараад Сүмбэр сумын Засаг даргын тамгын газар орж албан тоот хүргэхээр 10 цаг өнгөрч байхад хонхорын таксины авто зогсоол дээрээс 14-40 ГСА улсын дугаартай Соната-7 маркийн автомашинд суусан. Уг автомашинаар дээшээ буюу Хэлмэгдэгсэдийн хөшөө өнгөрөөд зүүн гар тийш эргэхдээ урдаас ирж байгаа автомашинд зам тавьж өгөлгүйгээр 65-17 ГСА улсын дугаартай Королла маркийн автомашины зүүн гар талын урд хэсэг рүү мөргөж зам тээврийн осол гарсан. Тухайн осол гарах үед би автомашины арын суудалд зорчиж явсан. Толгойгоо компьютерт томографид харуулсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32-35 хуудас/
1.4. Хохирогч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өөрийн Тоёота Королла маркийн 65-17 ГСА улсын дугаартай автомашиныг жолоодон ганцаараа “Андууд” худалдааны төвөөс хонхор чиглэлд засмал замаар явж байтал Хэлмэгдэгсэдийн хөшөөний уулзвар дээр 14-40 ГСА улсын дугаартай автомашины жолооч гэнэт хөдлөөд миний автомашины зүүн урд /жолоочийн эсрэг тал/ тал руу мөргөж, зам тээврийн осол гаргасан. Миний автомашинд надаас өөр хүн байгаагүй. Ослоос болж миний автомашинд үнэлгээгээр /ажлын хөлстэйгөө/ 1 236 000 төгрөгийн хохирол учирсан. Ослын үед миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Тоёота Королла маркийн 65-17 ГСА улсын дугаартай автомашиныг 2016 онд Улаанбаатар хотын “Даа хүрээ” захаас 5 800 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Б нь хүүтэй мөнгө зээлүүлдэг ба би автомашинаа барьцаанд тавиад мөнгө зээлж байсан юм. Тэр үедээ автомашинаа түүний нэр дээр шилжүүлсэн байсан. Тоёота Королла маркийн 65-17 ГСА улсын дугаартай автомашин бол миний өөрийн өмч” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 39-41хуудас/
1.5. Насанд хүрээгүй гэрч Х.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би эмээ Оын ажил дээр давтлаганд нь суух гээд эмээтэй цуг таксинд суусан. Тэгээд 1 дүгээр сургууль руу явж байгаад бид нарын сууж явсан такси өөр автомашин мөргөсөн. Эмээ О бид хоёр арын суудал дээр сууж явсан. Би машин мөргөлдөхөд урд суудлыг мөргөсөн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 46-47 хуудас/
1.6. Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай нөхөр Ч нь өөрийнхөө Соната-7 маркийн 14-40 ГСА улсын дугаартай автомашинаар аймгийн төвд таксинд явдаг. 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн үед Ч над руу утсаар яриад автомашин мөргөчихлөө гэж хэлсэн. Ослоос болж манай нөхрийн биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Өөрийнх нь автомашинд зорчиж явсан О, А гэж хүний биед гэмтэл учирсан талаар сонссон. Нөгөө мөргүүлсэн гэх автомашинд хохирол учирсан гэсэн. Эдгээр хохирлуудыг манай нөхөр төлж барагдуулсан гэж бодож байна. Соната-7 маркийн 14-40 ГСА улсын дугартай автомашиныг 2016 оны 08 дугаар сард Монголд орж ирж байхад худалдаж авахдаа манайх нөхөр Ч иргэний үнэмлэхгүй хотод очсон учир би өөрийнхөө нэр дээр авсан. Соната-7 маркийн 14-40 ГСА улсын дугаартай автомашин бол манай нөхрийн өмч” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 48-49 хуудас/
1.7. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Х гэж миний таньдаг хүн 2017 онд Тоёота Королла маркийн 65-17 ГСА улсын дугаартай автомашинаа миний нэр дээр шилжүүлээд 4 000 000 төгрөг зээлье гэж санал тавихаар нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн мөнгө зээлүүлж байсан. Энэ бүх хугацаанд Х өөрөө автомашинаа унаж, эдэлж хэрэглэж ирсэн бөгөөд Тоёота Королла маркийн 65-17 ГСА улсын дугаартай автомашин Хын өөрийнх нь тээврийн хэрэгсэл. Хын нэр дээр буцаагаад шилжүүлэх гэсэн боловч бид хоёрын зав таарахгүй өдий хүрсэн. Бид хоёрын хооронд өр авлага байхгүй болсон. Уг тээврийн хэрэгсэл надад хамааралгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 50-51 хуудас/
1.8. Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 114 дүгээр дүгнэлтэнд: “Б.Аийн биед тархи доргилт, зүүн суганы орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй”
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 62 хуудас/
1.9. Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн 111 дүгээр дүгнэлтэнд: “Э.Оын биед өвдөгний үений гадна булуу ясны үений гадаргуун шахагдсан хугарал, өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Өвдөгний үений гадна булууны ясны үений гадаргуун шахагдсан хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй”
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 66 хуудас/
1.10. Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтэнд: “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17 “зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д заасан байдаг ба Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 дахь хэсэгт заасаар “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгох тул дээрх үйлдэл нь зам тээврийн осол мөн гэж үзэж байна. Соната-7 маркийн 14-40 ГСА улсын дугаартай автомашины жолооч О.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлгийн 15.10 дахь хэсэгт зааснаар “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Тоёота Королла маркийн 65-17 ГСА улсын дугаартай автомашины жолооч Б.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Соната-7 маркийн 14-40 ГСА улсын дугаартай автомашины жолооч О.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна”
Дүгнэлт гаргасан: цагдаагийн дэслэгч Ч.У гэжээ. /х.х-ийн 86-87 хуудас/
1.11. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 6-8 хуудас/
1.12.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 9-16 хуудас/
1.13. “Ашид билгүүн” ХХК-ний Автомашины техникийн үнэлгээний тайлан /х.х-ийн 76-77, 81-82 хуудас/
1.14. Жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд, /х.х-ийн 96-97 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч О.Чыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч О.Чын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч О.Ч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлээр маргаагүй болохыг тус тус дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч О.Чд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Ч миний эмчилгээнд зориулан 700 000 төгрөг өгсөн бөгөөд үлдэгдэл мөнгө болон ажилгүй байсан хугацааны зардлаа нэхэмжлэхгүй. Ямар нэгэн гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27-28 хуудас/
2.2. Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Миний хувьд Ч гэж осол гаргасан жолоочоос мөнгө нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 34-35 хуудас/
2.3. Хохирогч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Миний автомашиныг янзлуулах гэж Улаанбаатар хот руу осол гаргасан жолооч Ч гуай хамт явсан. Хотод очоод автомашин янзлуулах бүх зардал нийлээд 1 300 000 орчим төгрөг болсныг Ч манай нөхөр Бд бэлнээр өгсөн байсан. Автомашины үнэлгээний төлбөр болон журмын хашааны мөнгийг Ч өөрөө өгсөн. Одоо миний зүгээс Чаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 39-40 хуудас/
2.4. Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би Чтай 1991 онд гэр бүл болсон. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Ч нь архи уудаггүй, тамхи татдаг. Урд өмнө осол аваар гаргаж байгаагүй. Зан байдлын хувьд их тайван дөлгөөн, уур уцаар байдаггүй хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 48-49 хуудас/
2.5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 93 хуудас/
2.6. Шүүгдэгч О.Чын гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбарууд /х.х-ийн 94, 99-101 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч О.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.
Дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч О.Чулуунбатын хувийн байдлыг харгалзан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Ч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Оын Чыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Чыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Чд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Чд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Ч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА