| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2024/00902/И |
| Дугаар | 207/ма2025/00016 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 207/ма2025/00016
| 2025 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 207/МА2025/00016 |
2025 03 07 207/МА2025/00016
“*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч “*********” ХХК-нд холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2024/01552 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : “*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*********” ХХК-нд холбогдох,
Гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 23.240.000 төгрөг, алданги 11.620.000 төгрөг, нийт 34.860.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бахархалын давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бахархал цахимаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Пүрэвдорж, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
********* ХХК нь 2023 оны 10 сарын 03-ны өдөр ********* ХХК /РД:*********/-тай утсаар холбогдож тухайн байгууллагаас Галч маркийн 400 квт-ийн зуух худалдан авахаар болж үнийг 23.240.000 /хорин гурван сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр тохиролцсон юм. Худалдагч тал Орхон аймагт байршиж байсан тул онлайнаар буюу интернэт ашиглан *********гэсэн и-мэйлээс гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 23/16 дугаартай худалдах, худалдан авах Галч маркийн *********ны гэрээг *********хаягаар явуулсан бөгөөд манайхаас тус гэрээг хүлээн авч өнгөтөөр хэвлэн гарын үсэг, тамга тэмдэг дарж баталгаажуулан буцаан илгээсэн болно. Энэ гэрээний дагуу гэрээний урьдчилгаа төлбөр болох 5.000.000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрээний 2.2-т заасны дагуу худалдагчийн Худалдаа хөгжлийн банкны *********тоот данс руу тухайн үед *********ын Хаан банкны ********* тоот данснаас ********* ХХК зуухны урьд гэсэн утгатай шилжүүлж гэрээг баталгаажуулсан. Гэтэл ********* ХХК-аас манай компани руу утсаар холбогдож гэрээний дагуух зуухаа Улаанбаатар хотын Эмээлт дэх салбараас авахыг зөвлөсөн. Тухайн үед компанийн зүгээс тус зуухыг хүлээн авч байгаа ажилтан *********ын Хаан банкны ********* данс руу ********* гэсэн утгатай 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төлбөрийг шилжүүлсэн бөгөөд сайн үзэж харж хүлээн авсныхаа дараа мөнгөө шилжүүлээрэй гэсэн удирдамж өгсөн юм. Ажилтан ********* нь зөвлөсөн хаяг /*********тоот/-өөр 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр очиход тус байршилд *********ХХК байсан бөгөөд манайд 1 зуухыг хүлээлгэж өгсөн. Тус газраас нэмж 9 метр дулаалгатай яндан худалдаж авсан юм. Тэр үед ********* ХХК-ийн ********* дугаараас *********тай холбогдож Яндан 1м үнэ 360 000 төгрөг, нийт 3.240.000 төгрөг юм байна гэсэн мессеж явуулж, дараа нь *********дугаараас залгаж үлдэгдэл төлбөр 18.240.000 төгрөг болон яндангийн төлбөр 3.240.000 төгрөгийг хамт Хаан банкны *********тоот *********ийн данс руу шилжүүлээрэй хэмээн ярьж, мессеж бичиж баталгаажуулсны дагуу тус данс руу нийт 24.480.000 төгрөгийг *********yndangiin tulbur хэмээн шилжүүлсэн байдаг. Гэвч тус зуухыг ашиглах үед тогтсон квт-доо хүрэхгүй байсан бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой байсан тул 2023 оны 11 дүгээр сарын 05 өдөр /*********тоот/ *********ХХК дээр буцааж хүргэж өгсөн. Янданг нь үлдээсэн. Үүнээс хойш манай компанид худалдагч талын аль ч компаниас гэрээнд заасны дагуух Галч маркийн 400 квт-н зуухыг нийлүүлээгүй. Худалдан авагч талаас худалдагч ********* ХХК руу утсаар холбогдож удаа дараалан гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан бөгөөд Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцалсныг илэрхийлсэн бөгөөд төлбөрийг буцаан шилжүүлэхийг хэлсэн боловч ********* дугаартай утас нь холбогдохоо больж илтэд зугтаах болсон бөгөөд зуухны төлбөрийг огт төлөөгүй. Худалдан авагч талаас зуухыг буцаан хүргүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш өнөөдрийг (2024.04.17) хүртэл нийт 135 хоног өнгөрсөн байгаа бөгөөд Худалдах, худалдан авах гэрээний наймдугаар зүйл 8.1.2-т Худалдагч нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэрээний нийт үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутмаар тооцож худалдан авагч талд төлнө гэсний дагуу 1 хоногийн алданги 116 200 төгрөгөөр тооцвол 15.687.000 төгрөгийн алданги хүлээхээр байна. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэснийг баримтлан алдангид 11.620.000 төгрөгийг зуухны үндсэн төлбөр 23.240.000 төгрөг дээр нэмэгдүүлж нийлбэр дүнгээр 34.860.000 /Гучин дөрөв найман зуун жаран мянга/ төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч ********* ХХК-иар гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “*********” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“*********” ХХК /РД:*********/ болон “*********” ХХК /РД:*********/ нарын хооронд галч маркийн *********худалдах, худалдан авах 22/38 тоот гэрээг 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдөр байгуулсан ба тус гэрээний хүрээнд манай байгууллага *********ыг 47.793.000 төгрөгийн төлбөрийг төлж зуухыг үйлдвэрлэгчээс нь хүлээн авсан. Манай үйлдвэр өөрсдийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх болсон шалтгаанаас үүдэн тус *********ын хүчин чадал багадаж, өөр хүчин чадал өндөр зуух ашиглах болсон тул үйлдвэрлэгч "*********" ХХК-д хандаж худалдан борлуулж өгөх талаар харилцан тохиролцсон. “*********” ХХК нь манайх өөрийн үйлдвэрийн зуухыг худалдан борлуулахад татгалзах зүйлгүй хэмээн галч маркийн *********ыг борлуулах хамтран ажиллах 23/20 тоот гэрээг манай байгууллагатай байгуулсан. Тус гэрээнд галч маркийн *********ыг дахин иж бүрэн засварлах, баталгаа олгох хөлсний үнийн мэдээллийг гэрээнд тусгасан ба манай байгууллага гэрээний дагуу 3.745.813 төгрөгийн төлбөрийг төлсөн. Тус төлбөрийг төлсний дараа "*********" ХХК нь зуухны иж бүрэн засварыг хийж гүйцэтгэсэн байх ба чанарын шаардлага хангасан шинэ зуух болгосон. “*********” ХХК-иас ********* ХХК худалдан авах хүсэлтэй байгаа тул бид зуухыг худалдан авагч талд хүлээлгэн өгч биет байдлын доголдол, хүчин чадлыг хариуцан нэг жилийн хугацаатайгаар чанарын баталгаа олгох ба танай байгууллага төлбөрийг хүлээн авах талаар мэдэгдсэн. Дээрх мэдээллийг хүлээн авч манай байгууллага *********-тэй галч маркийн *********худалдах, худалдан авах 23/15 тоот худалдан авах 23.240.000 төгрөгийн гэрээг байгуулан зөвхөн төлбөрийг хүлээн авсан. Үйлдвэрлэгч “*********” ХХК нь ********* ХХК-д гэрээний зүйлийг хүлээн өгсөн ба гэрээний зүйлийг хүлээн авах үед биет байдлын доголдол илрээгүй байх ба галч зуухыг зориулалтын дагуу ашиглахаар байсан тул нэхэмжлэгч гэрээний төлбөрийг манай талд шилжүүлсэн. “*********” ХХК-иас ********* ХХК нь үйлдвэрлэгчийн тавьсан бэлтгэл зуух тавих шаардлагыг биелүүлээгүйгээс үүдэн зуухыг эвдэлж манай талд буцаан өгсөн. Үйлдвэрлэгч нь нэхэмжлэгч талд цахимаар болон цаасаар зуухын хэвийн ажиллагааг хангах зааварчилгааг цаг тухай бүрд өгч ажилласан ба эвдэлсэн зуухад засвар үйлчилгээ үзүүлэн хэвийн ашиглалтыг хангасан хэдий ч нэхэмжлэгч талд зуухыг авахгүй байна гэж нэхэмжлэл гаргасны дараа манай талд мэдэгдсэн. Иргэний хуулийн 251.1 дэх заалт Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж зааснаас гадна, 251.2, Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж заасан байх ба одоогоор зуухыг ашиглах бүрэн боломжтой байх тул гэрээний зүйл биет байдлын доголдол гэж үзэх үндэслэлтэй байна. ********* ХХК нь үйлдвэрлэгчээс биет байдлын доголдолгүй, чанарын шаардлага хангасан зуухыг хүлээн авсан хэдий ч үйлдвэрлэгчийн шаардлагыг биелүүлээгүйн улмаас гэрээний зүйлийг эвдэлсэн байх ба одоогоор тус зуухад засвар үйлчилгээ үзүүлэн ашиглахад бэлэн чанарын шаардлага хангасан биет байдлын доголдолгүй байхад зуухыг буцаан авахгүй байгаа талаар үйлдвэрлэгч талаас манай талд мэдэгдсэн. Гэрээний дагуу биет байдлын доголдолгүй гэрээт зүйлийг хүлээн авч, ашиглалтын горим зөрчиж эвдлэхэд үйлдвэрлэгч талаас засвар үйлчилгээг үзүүлж чанарын шаардлага хангасан байхад гэрээний төлбөрийг нэхэж байгаа нь зүй ёсны хэрэг гэж үзэхгүй ба Иргэний хуулийн 255.1.3-д тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүсэн тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алддаг болно. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэхдээ 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үйлдвэрлэгч болох “*********” ХХК-д зуухыг хүлээлгэн өгсөн гэж дурдсан ба энэ талаарх мэдээллээ манай байгууллагад утсаар болон мэйлээр албан ёсоор мэдэгдээгүй ба "*********ХХК мөн адил мэдэгдээгүй байтал манай байгууллагыг илтэд зугтаах болсон гэх нь үнэнд нийцэхгүй байна. ********* ХХК болон ********* ХХК-ийн хооронд байгуулсан 23/16 тоот худалдах, худалдан авах гэрээний 7.1-д заасны дагуу худалдагч тал нь баталгаат хугацааны асуудлыг хариуцахгүй байхаар тусгасан нь гэрээт зүйлийн засвар үйлчилгээ, биет байдлын доголдлыг хариуцах этгээд биш гэдгийг нотлохоос гадна нэхэмжлэгч тал өөрсдөө ашиглалтын горим зөрчиж биет байдлын доголдол үүсгэсэн болно гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2024/01552 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 256 дугаар зүйлийн 256.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан ********* ХХК-с 34.860.000 төгрөг гаргуулах ********* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332.250 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бахархал шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүхээс үйлдэл, маргааны зүйлийг дутуу дүгнэснээс, алдаатай шийдвэр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйл 167.1.2-ийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, хариуцагчид хариуцлага хүлээлгэж өгнө үү. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, болон шүүх хурлын үед оролцогч нарын мэдүүлгүүдээс дараах зүйлс тогтоогдож байсан авч шүүхээс нотлох баримт байхгүй гэх шалтгаан дурдаж буруу дүгнэсэн. ********* ХХК нь 2023 оны 10 сарын 03-ны өдөр ********* ХХК /РД:*********/-тай утсаар холбогдож тухайн байгууллагаас “Галч маркийн 400 кВт- ийн зуух” худалдан авахаар болж үнийг 23.240.000 /хорин гурван сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр тохиролцсон юм. Худалдагч тал Орхон аймагт байршиж байсан тул онлайнаар буюу интернэт ашиглан гэрээ байгуулсан. Гэрээний урьдчилгаа төлбөр болох 5.000.000 төгрөгийг 2023.10.04-ний өдөр өгч, үлдэгдэл төлбөрийг 2023.10.24 өдөр тус зуухыг *********ХХК-иас авахын өмнө урьдчилан бүрэн төлсөн. ********* ХХК-иас Иргэний хуулийн 243 зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдан худалдагч тал зөвхөн мөнгийг өөртөө авсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Худалдаж буй гэрээний зүйл болох “Галч маркийн 400 кВт-ийн зуух”-ыг худалдан авагч тал нь ********* ХХК-ийн утсаар ярьсан удирдамжийн дагуу *********ХХК-ийн Эмээлтэд байрших байрнаас 2023.10.24 өдөр очиж авсан. Тус зуухыг Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд байрлах өөрийн байранд аваачин суурилуулан ажиллуулж үзсэн. Гэвч тус зуух нь 400 квт-даа хүрч ажиллахгүй байсан бөгөөд жаахан ачаалал өгтөл дотор талд шинээр гагнаж бэхэлсэн төмөр (дотор цамц гэж ойлгож болно) улайсаж урагдсан. Иймд чанарын доголдолтой бараа нийлүүлсэн байна гэж үзэж 2023.11.05 өдөр буцаан хүргэж өгсөн. Үүнээс хойш бүтэн 6 cap болоход худалдагч талаас ********* ХХК нь ямар нэгэн үйлдэл хийгээгүй тул шүүхэд хандах болсон. Хариуцагч компаниас шүүхэд ирүүлсэн 2023.05.30 өдрийн 24/88 тоот хариу тайлбар болон шүүхэд мэдүүлсэн тайлбартаа “...тус зуух нь хуучин ********* ХХК ашиглаж байсан зуух байсан бөгөөд *********ХХК-д өгч дахин иж бүрэн засварлуулсан буюу тус зууханд 3.745.813 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэж шинэ зуух болгон худалдан борлуулах болсон” гэдэг. Хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хурлын үед талуудын тайлбараар: Нэхэмжлэгч тал болон хариуцагч талуудын хооронд онлайнаар гэрээ байгуулагдаж, төлбөр бүрэн төлөгдсөн гэдэгтэй маргаагүй мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч ********* ХХК нь зөвхөн төлбөрийг авсан үйлдэл хийсэн гэдэг бөгөөд зуухыг худалдан авагч талд хүлээлгэж өгөөгүй харин “*********” ХХК-иас ********* ХХК-д өгсөн гэдгээ хэлсэн. Зуух хүлээлцсэн акт огт байхгүй. Тус зуухыг худалдан авагч талаас *********ХХК-д буцаан хүргүүлсэн болохыг мэдэж байсан бөгөөд хариуцагчийн шүүхэд ирүүлсэн 2023.05.30-ны өдрийн 24/88 тоот хариу тайлбар болон шүүхэд мэдүүлсэн тайлбараар нотлогдоно. Өөрөөр хэлбэл ********* ХХК-иас худалдаж буй бараа бүтээгдэхүүнийг чанар байдлыг тодорхой тайлбарлаж, худалдан авагч талд хүргүүлсэн (гардуулсан) зүйл байдаггүй бөгөөд буцаж ирсэн гэрээний зүйл болох зуухыг хүргүүлэх ажлыг зохион байгуулж байгаагүй өвөл өнгөрөөсөн. Маргаж буй зүйл: Хариуцагч тайлбарлахдаа: “үйлдвэрлэгчийн буюу *********ХХК тавьсан шаардлагыг ********* ХХК нь биелүүлээгүй буюу анхан шатны шаардлага биелүүлээгүйгээс үүдэн тус зуухыг эвдэлж манай талд буцаан өгсөн” гэж илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл зуух буцаж ирсэн гэдгийг хангалттай тодорхой мэдэж байсан бөгөөд “*********ХХК-иас тус зуухыг засварлаж хүлээлгэн өгөх гэсэнд авахгүй гэсэн тул өгөөгүй байгаа” гэх тайлбарыг гаргасан. Шүүхэд энэ тайлбартай холбоотой 1.“*********” ХХК тавьсан шаардлага гээч зүйл, 2.Нэхэмжлэгч биелүүлээгүй гэх нотолгоо, 3.3асварлаж зүгээр болгосон гэх баталгаа 4.Буцаан өгөх талаар мэдэгдэл зэрэг нотлох баримт огт байхгүй. Шүүх дараах нотлох баримтуудыг тодорхой дүгнээгүй. Үүнд: Хариуцагч “*********” ХХК нь “*********” ХХК-тай хамтын ажиллагааны хүрээнд 2 төрлийн гэрээ хийсэн байдаг бөгөөд бусдад худалдах эрхийг олгосон гэдэг. Үүнд: “********* ХХК нь *********ХХК-тай Галч маркийн *********худалдах, худалдан авах 22/38 тоот гэрээг 2022.07.04-ний өдөр байгуулсан байдаг. ********* ХХК нь *********ХХК-тай хамтран ажиллах 23/20 тоот гэрээ”-г тус тус байгуулсан байдаг. Эдгээр гэрээний хүрээнд хариуцагч тал буюу ********* ХХК нь *********ХХК- тай гэрээний ямар харилцаанд орсон гэдгийг тодруулаагүй буюу Зуучлалын гэрээ, эсхул Ажил гүйцэтгэх гэрээ, Худалдах худалдан авах гэрээний ямар төрөлд хамаарахыг дүгнэсэнгүй. Үүнийг дүгнээгүйгээс Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн байх шаардлага хангагдсан эсэхийг тааварлах боломжгүй. Мөн гэрээний зүйл худалдагчаас худалдан авагчид шилжсэн, хөрөнгө хүлээлцэх талаар тодруулж дүгнээгүйгээс нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн. Энгийнээр тайлбарлавал яагаад ********* ХХК нь гэрээний зүйл болох зуухыг хүлээлгэж өгөөгүй атлаа худалдан авагчийн төлбөрийг авах нь хууль ёсны болж байгааг тайлбарласангүй. Засвар хийгдсэн бараа ямар тохиолдолд шинэ болдог гэдгийг шүүх тайлбарласангүй. Гадаад улсад унаж байсан машин Монгол Улсад орж ирэхээрээ шинэ болдог мэт ойлголт төрүүллээ. Харин эсрэгээрээ ашиглалтын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой байсан гэдгийн том баталгаа болно. Тус зууханд чанарын баталгааг хэрхэн яаж олгосон байсан, хэрвээ гологдол доголдол илэрвэл хэрхэн яаж доголдлыг арилгах талаар, хэрхэн яаж үүрэг хүлээх талаар дүгнэлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэр гаргалаа. 1 жилийн баталгаатай гэвэл барааг буцаан авснаас хойш хэдий хэрий хугацаанд буцаан хүргүүлэх байсан талаар тодорхой хуулийн зүйл заалт зөрчигдлөө. Өөрөөр хэлбэл Хугацааны хувьд ч тодорхой дүгнэлт хийсэнгүй. Учир нь талууд гэрээг 2023.10.03-ны өдөр байгуулсан. Гэрээний урьдчилгааг 2023.10.04-ний өдөр өгч баталгаажуулсан. Үлдэгдэл төлбөрийг 2023.10.24-ний өдөр өгч “*********” ХХК-иас зуухыг авч Хэний аймгийн Жаргалтаан сумруу явсан. Ашиглалтын шаардлага хангахгүй байх тул 2023.11.05-ны өдөр буцаан хүргэж өгч энэ талаараа утсаар мэдэгдсэн. Үүнээс хойш 6 cap өнгөрсөн байхад буюу 2024.04.17-ны өдөр шүүхэд хандсан байгааг. Шүүх хуралдаан 2024.11.27 хүртэл буюу нийт 7 cap гарангын хугацаа өнгөрсөн хэдий ч тус зуухыг хүлээлгэн өгөх талаар ямар нэгэн ажил хийгээгүйг, шүүх үнэлж дүгнэсэнгүй. Энгийнээр хэлэхэд онлайн шопоос бараа аваад хохь чинь гэж байгаа мэт бусармаг үйлдлийг өөхшүүлж байгаад гомдолтой байна. Шүүхээс “...Хэрэв худалдан авсан зуух доголдолтой бол нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд энэ талаараа баримтаа бүрдүүлж нотлох үүргийг өөрөө хүлээнэ.” гэж тайлбарласан байх боловч худалдан авч тал нь Хэнтий аймгийн Жаргалтаан сумруу тус зуухыг авч явж, хэрэглэж үзэхэд тус зуухны дотор цамц нь урагдсан (өөрөөр хэлбэл ********* ХХК-ийн хэлж тайлбарлаж байгаачлан засвар өөрчлөлт хийсэн гэх монголчилсон дотор төмөр) тул буцаан тээвэрлэж хүргэж өгсөн. Үүнийг хариуцагч ********* ХХК нь мэдэж байгаа атлаа “...нэхэмжлэгч зуух эвдэлж өгсөн. Засварлаад дахин өгөх гэсэн тул аваагүй...” гэдэг шалтгаан тоочих нь хуульд хэрхэн ямар байдлаар дүгнэгдэх ёстой нь ойлгомжгүй байна. Мөн шүүхээс “Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан зуух гэрээнд заасан 400 квт- даа хүрэхгүй байгаа бол энэ нь эд хөрөнгийн доголдол гэж үзэх ундэслэлтэй хэдий ч энэ тайлбар баримтаар нотлогдоогүй байна” гэж дүгнэсэн байна. Учир нь худалдан авагч тал зуухыг ачааллах үед 400 квт-даа хүрэхгүй байсаар монголчилж хийсэн төмөр цамц буюу дотор талд шинээр гагнаж хийсэн төмөр нь улайсаж урагдаж байхыг бичлэг хийж нотлох ёстой мэтээр гэж муйхараар төсөөлсөнд байна. Нэхэмжлэгч талаас өөрсдийн нотлох боломжит зүйлсээ бүрэн тайлбарласан бөгөөд хариуцагч талаас хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүх нотлох баримт байхгүй байна хэмээн д үгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Харин шүүхэд хариуцагч ч өөрөө нотлох үүрэгтэй тул хэнд ямар эд хөрөнгө өгснөө, хэрхэн ямар шаардлага тавьснаа, тухайн байгууллага нь ямар байдалтай газарт хэрхэн яаж зуух галалсаныг тухай бүрд нь заавар зөвлөгөө хэрхэн яаж өгснөө нотлох ёстой хүмүүс нь өөрсдөө нотлох үүрэгтэй. Үүнийг нэхэмжлэгч нотлох ёстой үүрэгтэй биш хариуцагч тал өөрөө нотлох ёстой. Нэхэмжлэгчээс шүүх хурал дээр хариуцагч талын үйлдлийг (төлбөр бурэн авсан, гэрээний зүйлээ хүлээлгэн өгөөгүй талаар) хүлээн зөвшөөрүүлж чадсан бол болоо. Шүүх хурлын тэмдэглэлд тодорхой байх ёстой. ********* ХХК нь *********ХХК-тай Галч маркийн *********худалдах, худалдан авах 22/38 тоот гэрээг 2022.07.04-ний өдөр байгуулсан ба тус компанитай хамтран ажиллах 23/20 тоот гэрээнүүд нь ямар гэрээ байсныг дүгнэсэнгүй. Өөрөөр хэлбэл Зуучлалын гэрээ, эсхүл Ажил гүйцэтгэх гэрээ, Худалдах худалдан авах гэрээний ямар төрөлд хамаарахыг тодорхойлсонгүй. Үүнтэй холбоотой ямар хариуцлага хүлээлгэх нь ойлгомжгүй болгож нэхэмжлэгчийг хохироолоо. Иймд Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны 2024 оны 11 сарын 27 өдрийн 142/ШШ2024/01552 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Пүрэвдорж давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:
Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээ ёсоор Галч маркийн 400 квт-ийн зуухыг 23.240.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, гэрээний зүйлийг өгч авсан талаар маргаагүй. Нэхэмжлэгчээс нэхэмжилж буй алданги нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол төлөхөөр заагдсан байх ба худалдагч тал нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.-т “Ямар нэгэн асуудлыг нэг тал нөгөөдөө бичгээр мэдэгдэнэ” гэж заасан байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчид эд хөрөнгийн доголдлын талаарх мэдэгдлийг бичгээр хүргүүлээгүй, энэ талаар мэдэгдсэн гэдгээ нотлоогүй. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ”, 251.2-т “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж тус тус заасан. Нэхэмжлэгчийн зүгээс 400 квт заах ёстой зуух нь хэдэн квт зааж байгаа талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй, харин өөрсдөө зориулалтын дагуу ашиглаж ажиллуулаагүйн улмаас уг зуухыг эвдэлж гэмтээсэн байдаг. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 27-ны өдрийн 142/ШШ2024/01552 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч “*********” ХХК нь хариуцагч “*********” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 23.240.000 төгрөг, алданги 11.620.000 төгрөг, нийт 34.860.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан./хх1-3х/
3.Хариуцагч “*********” ХХК “…нэхэмжлэгч тал өөрсдөө ашиглалтын горим зөрчиж биет байдлын доголдол үүсгэсэн, …манайх биет байдлыг доголдлыг хариуцах этгээд биш” гэсэн агуулгаар тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан байна./хх25, 26х/
4. Нэхэмжлэгч “*********” ХХК “...худалдан авсан зуухыг ашиглах үед тогтсон киловаттдаа хүрэхгүй байсан бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой байсан” гэсэн. /хх2х/,
Хариуцагч “*********” ХХК “...нэхэмжлэгч тал өөрсдөө ашиглалтын горим зөрчиж биет байдлын доголдол үүсгэсэн” гэсэн тайлбар тус тус гаргаж, зуухны буюу эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч, худалдагчийн хэний, ямар үйлдлийн улмаас учирсан нь талуудын маргааны зүйл болжээ.
4.1.Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1.-д энэхүү гэрээгээр Худалдагч нь Галч маркийн 400 квт-ийн зуухыг худалдах, Худалдан авагч нь худалдан авч, түүнд тохирсон хөлсийг төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна, 4.1.-д Худалдан авагч худалдагчаас шаардлага хангасан баталгаат Галч маркийн зуухыг дагалдах хэрэгслүүдийн хамт тогтсон цаг хугацаанд нь нийлүүлэхийг шаардах эрхтэй, 5.2.-д Худалдагч нь чанарын болон эрхийн шаардлага хангасан Галч маркийн 400 квт-ийн зуухыг холбогдох баримт бичгийн хамт тогтсон хугацаанд нийлүүлэх үүрэгтэй, 6.3.-т худалдан авагчийн хариуцсан ажилтан болон үйлдвэрлэгч талыг байлцуулан заасан үзүүлэлт, хэмжээ шаардлагуудыг бүрэн хангасан эсэхийг анхан шатны баталгаажуулалт хийж гэрээний хавсралт 1.-д заасан актыг үйлдэн хүлээн авна гэж тус тус заажээ.
4.2. Гэрээний дагуу худалдан авагч “*********” ХХК нь худалдагч “*********” ХХК-иас шаардлага хангасан баталгаат Галч маркийн зуухыг дагалдах хэрэгслүүдийн хамт тогтсон цаг хугацаанд нь нийлүүлэхийг шаардах эрхтэй, худалдагч “*********” ХХК нь чанарын болон эрхийн шаардлага хангасан Галч маркийн 400 квт-ийн зуухыг холбогдох баримт бичгийн хамт тогтсон хугацаанд нийлүүлэх үүрэгтэй байна.
5. Худалдан авагчийн хамгийн гол сонирхол бол доголдолгүй эд хөрөнгө авах явдал бөгөөд энэ хэргийн хувьд зуухыг хүлээн авах үед чанар байдлын талаар шууд хараад мэдэх боломжгүй, Хэнтий аймагт ирээд холболт, угсралт хийсний дараа доголдол илэрсэн үйл баримт тогтоогдсон.
5.1. Нэхэмжлэгч “...хуучин зуух гэдгийг мэдээгүй”, хариуцагч “...хуучин зуух гэдгийг нэхэмжлэгч тал мэдэж байсан” гэсэн тайлбар гаргаж талууд зуухны чанар, доголдлын талаар маргаж байгаа.
5.2. Доголдолтой холбоотой нэмэлт үүрэг үүсэх эсэхийг тогтооход гэрээний дагуу хүлээх худалдагчийн үндсэн үүргийн хүрээг тодорхойлох шаардлагатай болно.
5.3. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 7.1.-д худалдагч буюу “*********” ХХК баталгаат хугацааны асуудлыг хариуцахгүй бөгөөд Галч маркийн 400 квт-ийн зуухыг “*********” ХХК байнгын ашиглалтад хүлээн авснаас хойш 1 жилийн хугацаатайгаар чанарын баталгаа олгох тул манай компани гэрээт зүйлийн засвар үйлчилгээ, биет байдлын доголдлыг хариуцах этгээд биш гэж маргасан.
5.4. Гэвч гэрээний зүйлийг ашиглах боломжгүй байвал өөрт огт хэрэгцээгүй эд зүйлийг авсны төлөө мөнгө төлөхийг шаардах нь иргэний эрх зүйн тэгш байдлын зарчимд харшлах тул худалдагчид хуулиар тухайлан хариуцлага тогтоох шаардлагатай, хэрэв доголдлыг арилгах үндсэн үүргээс худалдагч нэгэнт чөлөөлөгдвөл гэрээг цуцалж, хохирлоо арилгуулахаар шаардах боломжийг худалдан авагчид олгох нь иргэний эрх зүйн зүй ёсны зарчимд нийцнэ.
6.Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь байгууллагын нууцтай холбоотой учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр хуульчилсан.
6.1. Хариуцагч нь шүүхэд гаргасан дээрхи тайлбараа нотлох үүднээс хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, өөрөө олж авах боломжгүй баримтыг буюу “…зуух нь хэрэглэгчийн буруугийн улмаас эвдэрсэн эсэх болон баталгааны нэг жилийн хугацаанд үйлдвэрлэгч талаас засвар үйлчилгээ үзүүлсэн эсэх зэрэг нь хэрэгт ач холбогдол бүхий баримт байх ба нэхэмжлэгч ашиглах журам зөрчсөн нь нотлогдвол шаардах эрхээ алдах юм” гэх үндэслэл зааж, “*********” ХХК-иас нотлох баримт гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ./хх70х/
6.2. Гэвч шүүх 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 6593 дугаар шүүгчийн захирамжаар “...*********ХХК нь энэ хэргийн оролцогч биш бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан дээрх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.Тодруулбал хариуцагчийн хүсэлт тодорхойгүй, ямар нотлох баримт гэдгээ тодорхойлж чадаагүй байх ба нотлох баримтыг албадан гаргуулах нөхцөл үүсээгүй байна” гэж дүгнэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Шүүх ийнхүү хариуцагчийн татгалзлаа нотлохоор гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан атлаа /хх71, 72х/ 1552 дугаар шийдвэрээр “..Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан зуух гэрээнд заасан 400 кВт-даа хүрэхгүй байгаа бол энэ нь эд хөрөнгийн доголдол гэж үзэх үндэслэлтэй хэдий ч энэ тайлбар баримтаар нотлогдоогүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
6.3.Тодруулбал “*********” ХХК нь өөрийн үйлдвэрт ашиглаж байсан Галч маркийн *********ыг “*********” ХХК-иар засварлуулан, заруулахаар тохиролцож 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 23/20 дугаар гэрээ байгуулсан /хх38-40х/ байх ба гэрээний 7.2.-д баталгаат хугацаанд чанарын доголдол, зөрчил илэрвэл худалдагч /*********ХХК/ нь өөрийн хөрөнгөөр зөрчлийг арилгах үүрэг хүлээнэ гэж заасан байна.
6.4.Анх нэхэмжлэгч “*********” ХХК-д зуухыг 2023 оны 10 дугаар сарын 25-нд “*********” ХХК хүлээлгэн өгсөн, хүлээлцэхдээ Талууд гэрээний 6.3.-т зааснаар худалдан авагчийн буюу “*********” ХХК-ийн ажилтан болон үйлдвэрлэгч “*********” ХХК-ийн төлөөллийг байлцуулан заасан үзүүлэлт, хэмжээ шаардлагуудыг бүрэн хангасан эсэхийг анхан шатны баталгаажуулалт хийж гэрээний хавсралт 1-д заасан актыг үйлдээгүй, 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч “*********” ХХК “*********” ХХК-нд буцаан зуухыг авч ирсэн, зуухыг буцаан авч ирэх үед зууханд эвдрэл, гэмтэл, доголдол байсан эсэх, доголдол байсан бол уг доголдлыг “*********” ХХК засварласан эсэх талаархи баримт нь хариуцагчийн татгалзлын үндэслэлийг нотлох баримт болно гэж хариуцагч үзсэн.
6.5.Хариуцагч тайлбар, татгалзлаа нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй байсан учраас шүүхээр бүрдүүлэхээр хүсэлт гаргасныг хангаагүй атлаа, нэхэмжлэгчийг хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй /нотлох үүргээ хэрэгжүүлээгүй/ гэж буруутгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7.-д заасан буюу энэ хуулийн 38.6.-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1., 168 дугаар зүйлийн 168.1.7, 168.3.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2024/01552 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бахархалын давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА