Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхсайхан

Хохирогч Л.Мөнхтуяа

Шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Х-д холбогдох 1921003710188 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ...... дүгээр сарын .......-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, ....... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, .................... тоотод оршин суух, авьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Г.Х. /РД: ...................../

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Х нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн орчимд архи ууж согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Сет” баарны гадаа иргэн Л.Мөнхтуяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч С.Х нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 23 цагийн орчимд архи ууж согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Сэт” баарны гадаа иргэн Л.Мөнхтуяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1921003710188 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Х-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “..Би 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн нөхөр Б.Дархансайхантай маргалдан түр салж тусдаа амьдарсан бөгөөд энэ үеэс эхлэн миний нөхөр Дорнод аймагт ирж Л.Мөнхтуяа гэх хүүхэнтэй гэр бүлээс гадуур харьцаатай болсон юм. Миний хувьд энэ талаар тухайн үед мэдсэн. ...би Дорнод аймагт ирээд Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян“ зочид буудалд буудалсан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нөхөр Б.Дархансайханы найз гэх Чимгээ, Дашмаа болон дүү Анужингийн хамтаар тус зочид буудлынхаа өрөөнд шар айраг ууж байгаад орой 23 цагийн орчим байх яг цагийг нь санахгүй байна тэд нартай хамт Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сэт” гэх баар руу орж үйлчлүүлэх гээд ирэхэд тус баарны гадаа миний нөхөртэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн Л.Мөнхтуяатай таарсан юм. Ингээд би Л.Мөнхтуяад хандан “одоо би чамтай ярилцаж энэ асуудлаа шийднэ” гэж хэлэхэд миний өөдөөс “би чамтай ярих юм байхгүй тэгээд ч чиний нөхөр надтай хамт байхгүй” гээд уурлаад байхаар нь би уурандаа ямар ч байсан нүүр рүү нь алгадсан бөгөөд тэр үед бид хоёр бие биенийгээ үсдэлцсэн юм. Миний хувьд Л.Мөнхтуяаг зодсон харин яг яаж зодсоноо санахгүй байна. Учир нь зодоон маш хурдан болоод өнгөрсөн бөгөөд удалгүй цагдаагийн алба хаагч ирээд намайг аваад явсан...., гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, Мөнхтуяагаас уучлалт гуйж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 дугаар хуудас/,

 

Хохирогч Л.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 22 цагийн орчимд найз Цолмонтой уулзахаар...гэрт нь очсон. Бид баар орж, ганц хоёр пиво ууя гээд “Сэт” баар руу орсон. Бааранд ороод байж байхад миний утсанд дуудлага ирэхээр нь гарч утсаар ярьчихаад буцаж баар руу орох гэж байгаад Х-тэй баарны үүдэнд таарсан. Х намайг хараад шууд миний энгэрээс барьж аваад “чи энд юу хийж байгаа юм, янхан минь, гичий минь” гэж доромжилж байгаад үсдээд шууд зодсон. Намайг зодуулж байхад ...ашгүй нэг таксины ах ирж намайг салгаж авсан..., Х надаас уучлалт гуйгаагүй, гэр бүлээс гадуур нөхөртэй нь холбоо үүсгэсэн нь миний буруу, одоо би Дархансайхантай ямар ч холбоо байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Чимгээгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 22 цагийн орчимд Хэрлэн сумын 6 дугаар багт байдаг “Баян” буудалд очсон. Намайг очиход буудалд Х, Ану, Дашмаа нар пиво уугаад сууж байсан. Тэгээд бид дөрөв “Сэт” баар руу явсан. Х, Ану хоёр Дашмаа бид хоёроос түрүүлж явж бааранд орсон. Хандаа баарнаас гарч ирээд “Мөнгөөнөө энд байна” гэж хэлсэн. Х Мөнгөөг хоёулаа ийшээ гараад ярилцъя гээд Улаан загалмайн баруун зүг рүү заагаад байсан. Мөнгөөнөө Х-д хандаж “надад чамтай ярих юм байхгүй, манай найзууд бааранд байгаа, би орж цүнхээ авмаар байна, миний цүнхэнд мөнгө, төгрөг байгаа” гээд байсан. Тэгсэн чинь Х Мөнгөөнөөг үсдээд нүүр рүү нь цохиж, газар унагааж зодохоор нь Дашмаа бид хоёр салгах гээд дийлэхгүй байсан. Тэгсэн ашгүй таксины жолооч ах машинаасаа бууж ирээд салгаад машин руугаа намайг оруулж суулгаад дараа нь Мөнгөөг оруулж суулгаад Ардын эмнэлгийн урд талын  замаар баруун эргэх үед нь би буусан юм....” гэх мэдүүлэх /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Тайванбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 05 сарын 13-ны орой 23 цагийн орчимд Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Сүхчин” хорооллоос хоёр зорчигч аваад... “Сэт” баарны гадаа хүргэж өгсөн. Тус баарны үүдэнд гадаа эмэгтэй хүн хашхираад “авраач ээ, аллаа” гээд байсан ба хажуугаар нь нилээн залуучууд байсан бөгөөд ямар нэгэн байдлаар салгаж туслаагүй юм. Би машинаа эргүүлж гэрэл тусгахад газар Мөнхтуяа гэх эмэгтэй хэвтчихсэн, дээр нь туранхай биетэй эмэгтэй хоолойг нь боосон ч юм уу, үснээс нь зулгаасан ч юм уу сайн харагдахгүй ямарч байсан дээрээс нь толгой хэсэг рүү нь гараараа цохиод хөлөөрөө өшиглөөд байсан. Би машин дотроосоо Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд машинаасаа бууж, тэр хоёр дээр очиж, салгаж газар хэвтэж байсан Мөнхтуяаг найз эмэгтэйгийнх нь хамт машиндаа суулгахад Х гэх эмэгтэй нь миний зүүн гарыг маажсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Цолмонгийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 05 сарын 13-ны өдөр 22 цагийн орчимд Мөнгөөнөө бид 2 “Сэт” баар руу очсон. Мөнгөөнөө “найз нь гадаа гараад тамхи татчихаад ирье” гээд гарсан. Орж ирэхгүй 20 орчим минут болохоор нь гайхаад араас нь гарсан чинь “Сэт” баарны баруун талын хаалганы үүдэнд байсан таксин дотор нүүр ам нь хавдсан, хүнд зодуулсан байдалтай бууж ирсэн. Тэгэхээр нь хэнд зодуулчихваа гэхэд “Чимгээ мэдэж байгаа. Намайг зодож байхад Чимгээ хориод байсан, дотогшоо ороод цүнх аваад ир” гэхээр нь баар руу ороод Чимгээтэй уулзаад “Мөнгөөнөөг хэн зодсон бэ” гэхэд хэдэн хүүхнүүд зодсон. Би салгаад таксинд суулгаж өгсөн гэсэн. Мөнгөөгийн цүнхийг аваад гарах гэж байтал нэг хүүхэн намайг хажуу талаас үсдэж, унагаагаад нүүр рүү цохьсон, удалгүй цагдаа нар ирээд Мөнгөө бид хоёрыг зодсон хүүхнийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 317 дугаартай:

1. Б.Цолмонгийн биед зүүн хөмсөг төгсгөл орчмын цус хуралт, хуйханд зүүн чамархай хэсгийн үс зулгаагдалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/,

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 316 дугаартай:

1. Л.Мөнхтуяагийн биед тархи доргилт, хуйханд дух, баруун зулай хэсгийн үс зулгаагдалт, дух, баруун шанаа, баруун хацрын цус хуралт, баруун шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, зүүн завьжны зулгаралт, зүүн чихний ар хэсгийн зулгаралт, цус хуралт, эрүүний зүүн булангийн зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт, доод уруулын зулгаралт, цээжний ар зүүн доод хэсгийн цус хуралт, өвчүүний төв хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүн хөхний цус хуралт, зүүн гарын эрхий хурууны зулгаралт, зүүн тохойн зулгаралт, зүүн гуяны цус хуралт, баруун гуяны цус хуралт, зулгаралт, баруун шилбэний цус хуралт, баруун хөлийн эрхий хурууны хумсны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх  гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтлүүдийн тархи доргилт нь дангаараа, бусад гэмтэл нь бүрдэл байдлаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ердийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,

 

Яаралтай тусламжийн хуудас, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 38, 42, 51, 52, 55-59 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч С.Х нь өмнө нь ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд хэрэгт хавсаргасан Хэнтий аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг нотлох баримтын хэмжээнд хуулбарлан баталгаажуулсан учир нотлох баримтаар үнэлэх боломжтой байна.   

 

Эрүүгийн 1921003710188 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Х нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн орчимд архи ууж согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Сет” баарны гадаа хохирогч Л.Мөнхтуяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч С.Х, хохирогч Л.Мөнхтуяа /хх-ийн 18-20 дугаар хуудас/ нарын  мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Л.Чимгээ /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, Б.Тайванбаяр /хх-ийн 30-32 дугаар хуудас/, Б.Цолмон /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалангийн 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 316, 317 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 37, 43 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 38, 42 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогчийн хэн аль архи ууж согтуурсан, хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч С.Х нь хохирогч Л.Мөнхтуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгч С.Х-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Шүүгдэгч С.Х-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, өмнө ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Х-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байх бөгөөд ялыг эдэлж дуусаагүй, шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр 6 сарын хугацаа тогтоож өгсөн байх бөгөөд энэ хугацаа 2019 оны 10 дугаар сард дуусахаар байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Х-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг энэ тогтоолоор оногдуулах ялд нэмж нэгтгэх шаардлагагүй гэж үзсэн тул шүүгдэгчид оногдуулах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч С.Х-н ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Х-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Х-д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өмнөх шийтгэх тогтоол /Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 91 дугаартай/-оор оногдуулсан ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х нь 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч С.Х-н ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БАТСАЙХАН