| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2024/00723/И |
| Дугаар | 210/МА2025/00099 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/00099
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/04083 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, *******, ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,159,326,933 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Үүрийнтуяа, хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. *******-аас *******, ******* нар нь бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 800,000,000 төгрөгийн зээл олгохыг хүссэн. Зээлдэгчийн хүсэлт холбогдох баримтыг үндэслэж 2021 оны 06 сарын 08-ны өдрөөс 2 сарын хугацаатай сарын 2,5 хувийн хүүтэйгээр 800,000,000 төгрөгийг ******* дугаартай зээлийн гэрээ байгуулан зээл олгосон.
1.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* дугаартай барьцааны гэрээ, ******* дугаартай батлан даалтын гэрээ тус тус байгуулан *******ын эзэмшлийн ******* дүүрэг, ******* хороонд байрлах, ******* м.кв талбайтай, ******* улсын бүртгэлийн дугаартай, ******* нэгж талбарын дугаартай, контор агуулахын зориулалттай газрын эзэмших эрхийг барьцаалсан.
1.3. Зээлдэгч нар нь зээлийн ******* дугаартай зээлийн гэрээний 01 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу үндсэн зээл, хүүгийн хамт 2021 оны 06 сарын 08-ны өдрөөс 2021 оны 08 сарын 08-ны өдрийн дотор гүйцэтгэх үүрэгтэй байсан. Гэвч зээлдэгч нар нь хугацаандаа зээлээ төлж барагдуулаагүй бөгөөд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээл, үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 298,833,400 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрөө төлөөгүй.
1.4. 2024 оны 01 сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 800,000,000 төгрөг, үндсэн хүүд 359,233,266.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 66,666.67 төгрөг буюу нийт 1,159,299,933.33 төгрөгийг төлөхөөр байна. Зээлдэгч нарт зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа тул манай байгууллагын зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлж, зээлийн графикт орохыг удаа дараа сануулж, тодорхой хугацаанд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан.
1.5. ******* нь дээрх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах, Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасны дагуу барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг шаардах эрхтэй юм.
Иймд зээлийн гэрээний үүрэгт 1,159,326,933 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******, ******* нарын хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нар нь хариуцагч нарын хэнээс хэдэн төгрөгийг яаж гаргуулах нь тодорхойгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ******* барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. *******ын хувьд өөрөөс нь шаардсан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэх талаар маргасан боловч нэхэмжлэгч ямар нэгэн тайлбар мэдээллийг өгөөгүй.
2.2. 2021 оны 08 сарын 08-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Үүнээс хойш 2021 оны 08 сарын 17-ны өдрөөс эхлэн зээлдэгч нар буюу хариуцагч нар төлбөр төлж эхэлсэн. Хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгч компанийн зээлийн тооцооллоор 298,833,400 төгрөгийг төлсөн. Гэтэл энэ төлбөрийг үндсэн зээлээс хасаагүй, зөвхөн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүгээс хассан. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллыг баримтлаагүй.
2.3. Зээлдэгч нь 298,833,400 төгрөгийг үндсэн зээл болох 800,000,000 төгрөгөөсөө хасуулах хүсэлттэй байгаа. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд нэмэгдүүлсэн хүү болон зээлийн үндсэн хүүг хасч өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
3.1. ******* нь *******-тай зээлийн гэрээ байгуулаагүй. *******, ******* нартай батлан даалтын гэрээ байгуулсан. Гэхдээ тухайн зээлийн гэрээнд барьцааны зүйл байгаа учраас нэхэмжлэгч барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй.
Иймд *******ийг хариуцагчаар татах үндэслэлгүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүрээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нараас 1,159,326,933.33 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар ******* дүүрэг, ******* хороонд байрлах, ******* м.кв талбайтай, ******* улсын бүртгэлийн дугаартай, ******* нэгж талбарын дугаартай, контор агуулахын зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,024,785 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 6,024,785 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэт нэг талыг баримталсан, нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.
Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн боловч хариуцагч нарын тайлбарт хууль зүйн дүгнэлт хийгээгүй.
Хариуцагч нар зээлийн гэрээний хугацаанд огт зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаанд огт зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нийт зээлийн гэрээний үүрэгт 298,833,400 төгрөгийг төлсөн боловч энэхүү төлөлтийг банк бус санхүүгийн байгууллага өөрийн эрх хэмжээг хэтрүүлж зээлийн үндсэн хүүнд 266,100,066.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 32,733,333.33 төгрөгийг суутгасан. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар дээрх төлбөрийг үндсэн зээлд тооцож үлдсэн дүнгээс зээлийн тооцоолол гаргах ёстой байсан.
Хариуцагч нарын хувьд зээлийн гэрээний үүргээ огт биелүүлэхгүй гэж маргадаггүй. Үндсэн зээл болох 800,000,000 төгрөгөөс төлөлт хийсэн 298,833,400 төгрөгийг хасуулж үндсэн зээлд 501,166,600 төгрөгийг төлөх, үндсэн хүүнд 800,000,000 төгрөгийн 2,5 хувиар 2 сарын хүү болох 40,000,000 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 66,666.67 төгрөгийг буюу нийт 541,233,266.67 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрдөг энэ талаар шүүх хурлын хэлэлцүүлгийн үе шатанд тайлбарласан боловч шүүх энэхүү тайлбарыг дүгнээгүйгээс гадна шүүхийн шийдвэрт тусгаагүй байна.
5.2. Шүүх нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв талаас нь дүгнээгүй.
Нэхэмжлэгч байгууллагын гаргаж өгсөн санхүүгийн тооцооллоор нэмэгдүүлсэн хүүг зээлийн үндсэн хүүнээс тооцож гаргасан буюу холбогдох хууль тогтоомж, зээлийн гэрээг зөрчсөн байдлаар тооцоолол гаргасан байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй, энэ нөхцөл байдлын талаар шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд талууд маргасан боловч шүүх дүгнэлт хийгээгүй, шийдвэрт мөн тусгаагүй. Хариуцагч нар нь үнэн зөв эргэлзээгүй санхүүгийн тооцооллын дагуу үүргээ биелүүлэх ёстой.
5.3. Шүүх хэт нэг талыг баримталж шүүхийн шийдвэр гаргасан. Зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө хариуцагч нар нь зээлийн гэрээний хавсралтаар авагдсан зээлийн гэрээний графикийг зөрчсөн буюу үүргийн зөрчил гаргасан байхад нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссан даруй шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд хандах нөхцөлүүд үүссэн байхад нэхэмжлэгч нь санаатайгаар илүү хүү, нэмэгдүүлсэн хүү авахаар шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй олон жил байлгаж зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг нэмэгдүүлсэн.
Түүнчлэн хариуцагч тал шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд хууль, зээлийн гэрээний дагуу санхүүгийн тооцоолол гаргаагүй талаар удаа дараа маргасан боловч энэ талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй, маргаагүй мэт байдлаар дүгнэсэн нь шударга ёсны зарчим болон шүүх эрх тэгш байх зарчмыг алдагдуулж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс гомдлыг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
6.1. Үүрэг гүйцэтгэх дарааллын хувьд талуудын байгуулсан гэрээний 2.4.2-т зээлдэгч зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү хугацаа хэтэрсэн зээлийн хүү, үндсэн зээл гэх дарааллаар төлнө гэж тохиролцсон учраас үүрэг гүйцэтгэх дарааллаа сонгох эрхээ үүрэг гүйцэтгэгч алдсан.
Тооцоолол тодорхойгүй гэдэгт зээлдэгч 800,000,000 төгрөгийн зээлийг 2 сарын хугацаатай авсан бөгөөд зээлийн хүүг 2,5 хувь байна гэж тохиролцсон. Тооцооллын талаар хэргийн 10, 11 дүгээр хуудсанд авагдсан. 800,000,000 төгрөгийг 2,5 хувиар үржүүлээд гарсан хариугаа 12 сард үржүүлээд 360 хоногт хуваахаар нэг өдрийн хүү гарна. Энэ нь зээлийн гэрээний графикийн дагуу төлөгдөх нэг өдрийн хүү. Талууд зээлийн гэрээг 2021 оны 06 сарын 08-ны өдөр байгуулсан ч зээлийг мөн оны 06 сарын 10-ны өдөр олгосон. Нэг өдрийн хүү нь 666,666.067 төгрөг, нэг өдрийн нэмэгдүүлсэн хүү нь 133,333.333 төгрөг, үүнийг хугацаа хэтэрсэн хоногт үржүүлэхээр нэг өдрийн хүү гарч ирнэ.
Хариуцагч нарт зээлийн гэрээний үүргийг биелүүлэх боломжит хугацаа олгож, удаа дараа бичгээр мэдэгдэл өгсөн боловч хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй учраас 2024 оны 01 сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,159,326,933 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч *******, ******* нар ... хэнээс хэдэн төгрөг шаардаж байгаа нь тодорхойгүй, ... гэрээний үүрэгт 298,833,400 төгрөг төлсөн, үүнийг үндсэн зээлээс хасаагүй, хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хассан байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй ... гэсэн агуулгаар, хариуцагч ******* ...*******-тай зээлийн гэрээ байгуулаагүй, хариуцагчаар татах үндэслэлгүй гэсэн агуулгаар тус тус татгалзаж буй үндэслэлээ тайлбарлан, зохигч маргажээ.
3. *******, *******, ******* нар 2021 оны 06 сарын 08-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч ******* нь 800,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар нэг сарын 2,5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч *******, ******* нар гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээл, хүү төлөх, гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлээс зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх-12-13/ Гэрээний дагуу зээлдүүлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зээлдэгч *******, ******* нар хүлээн авсан үйл баримтад талууд маргаангүй.
4. Анхан шатны шүүх ******* болон *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн үндэслэлийн талаар зөв дүгнэсэн.
5. Хариуцагч *******, ******* нар зээлийн гэрээний Хавсралт1-д заасан хуваарийн дагуу 2021 оны 07 сарын 08-ны өдөр зээлийн хүүд 20,000,000 төгрөг, мөн оны 08 сарын 08-ны өдөр зээлийн хүүд 20,666,666.67 төгрөг, үндсэн зээл 800,000,000 төгрөг тус тус төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд дээрх үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэгч *******-аас 2021 оны 07 сарын 27-ны өдрийн 21/1003, 21/1004 дугаартай гэрээний үүргээ гүйцэтгэх тухай мэдэгдэл, зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх78, 77, 119-120/
5.1. Мөн нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч нараас үүргээ гүйцэтгэхийг шаардаж байсан гэх үйл баримтыг нотлохоор мэдэгдэх хуудаснуудыг шүүхэд гарган өгчээ. /хх-79, 83-88/ Хариуцагч тал уг нотлох баримтуудыг өөр баримтаар үгүйсгээгүй тул хариуцагч *******, ******* нарыг гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгээгүй гэж үзнэ.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зуулийн үйл ажиллагааны тухай хуулийн ******* зүйлийн 21.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
5.2. Иймээс нэхэмжлэгч нь гэрээний 2.1.5, 2.4.7, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээл, хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон хариуцагч *******, ******* нараас шаардах эрхтэй.
6. Хэргийн 10-11 дэх талд нэхэмжлэгчээ шүүхэд гаргаж өгсөн Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт гэх баримт авагдсан байх бөгөөд уг баримтыг хариуцагч нар нь эс зөвшөөрч байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй тул нэхэмжлэгч зээлийн гэрээ зөрчсөн тооцоолол өгсөн гэх хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хангагдах үндэслэлгүй.
7. Хариуцагч *******, ******* нар гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн үүрэгт нийт 298,833,400 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. /хх-10-11, 120,122/
8. Талууд зээлийн гэрээний 2.4.2-т зээлдэгч нь зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, хугацаа хэтэрсэн зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлөх-өөр харилцан тохиролцжээ.
Иймээс хариуцагч нарын 2021 оны 08 сарын 17-ны өдөр 15,000,000 төгрөг, 2021 оны 09 сарын 07-ны өдөр 48,333,400 төгрөг, нийт төлсөн 63,333,400 төгрөгөөс үндсэн хүү болох 40,666,667 төгрөгийг суутган, үлдэх 22,666,733 төгрөгийг үндсэн зээл 800,000,000 /800,000,000-22,666,733=777,333,267/ төгрөгөөс хасч тооцох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасантай харшлахгүй.
9. Харин хариуцагч нараас 2021 оны 11 сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 12 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 01 сарын 06-ны өдөр 6,000,000 төгрөг, 2022 оны 01 сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 02 сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 04 сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 05 сарын 17-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 06 сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 11 сарын 21-ний өдөр 105,000,000 төгрөг, 2023 оны 07 сарын 31-ний өдөр 80,000,000 төгрөг тус тус төлсөнийг үндсэн зээлийн үүргээс тус тус хасч, түүнд ногдох хүүг тооцох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийн Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ. гэж заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
9.1.Тухайлбал, хариуцагч тал 2021 оны 11 сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг төлжээ. Үүнийг үндсэн зээлийн үлдэгдэл 777,333,267 төгрөгөөс хасвал 774,333,267 төгрөг болно. Хүүгийн тооцооллын хувьд, талуудын гэрээний хугацаа 2021 оны 08 сарын 08-ны өдөр дууссан. Уг хугацаанаас 2021 оны 09 сарын 07-ны өдрийг хүртэлх 29 хоногийн хүүг тооцвол 19,333,333 төгрөг /800,000,000 х 2.5%=20,000,000 төгрөг:30 хоног=666,667 төгрөг х 29 хоног/ байна.
2021.09.07-ны өдрөөс 2021.11.15-ны өдрийг хүртэл 68 хоногийн хүү нь 44,048,904 /777,333,267 төгрөг х 2.5%=19,433,332 төгрөг:30 хоног=647,778 төгрөг х 68 хоног/ болно.
9.2. Дээрх дарааллын дагуу хариуцагчаас гэрээний үүрэгт төлсөн төлөлт тус бүрийг үндсэн зээлийн үүргээс хасч, ногдох хүүг тооцвол, үндсэн зээл 541,833,267 төгрөг, зээлийн хүү буюу хэтэрсэн хугацааны хүү 493,591,540 төгрөгийн тус тус үүргийг хариуцагч *******, ******* нар гүйцэтгээгүй гэж үзэхээр байна.
9.3. Талуудын гэрээгээр тохиролцсон хувиар хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцоход 98,718,310 төгрөг болж байна.
Иймд хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,134,143,117 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцнэ.
10. Анхан шатны шүүх талуудын маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг хэрэглээгүй нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлээр залруулан дүгнэж, шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ талаарх хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
11. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан ба дээрх хөөн хэлэлцэх хугацааны дотроо нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлэх эсэх нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал юм. Тиймээс нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх эсэхийг үүрэгжүүлэх боломжгүй тул нэхэмжлэгч тал зээлийн гэрээний хугацаа дууссан даруй шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд хандах нөхцөл үүссэн байхад санаатайгаар илүү хүү, нэмэгдүүлсэн хүү авахаар шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй, олон жил байлгаж, зээлийн төлбөрийн нэмэгдүүлсэн гэх агуулгаар гаргасан хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хуулийн үндэслэлгүй.
12. *******, *******, ******* нар 2021 оны 06 сарын 08-ны өдөр ЗБ301210095 дугаартай барьцааны гэрээ байгуулж, гэрээгээр *******ын өмчлөлийн ******* дүүрэг, ******* хороонд байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий ******* м.кв талбайтай, контор, агуулахын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй газар эзэмших эрхийг барьцаалахаар харилцан тохиролцсон, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-14-15/
Зохигч талууд дээрх үйл баримтад маргаангүй. Барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв.
13. Хариуцагч *******, ******* нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгийг хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн байна.
14. Анхан шатны шүүх нотариатын зардалд 27,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 219 дүгээр зүйлийн 219.1 гэсэн өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хууль хэрэглээ болон найруулгад, 3 дахь заалтын улсын тэмдэгтийн хураамжийн мөнгөн дүнгийн хэмжээнд тус тус өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
15. *******, ******* нар 2021 оны 06 сарын 08-ны өдөр *******/01 дугаартай батлан даалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* дугаартай зээлийн гэрээний үүргээ зээлдэгч биелүүлээгүй тохиолдолд зээл хүүгийн төлбөр, учирсан гэм хор, гэрээг дуусгавар болгохтой холбогдон гарсан зардал, шүүхийн зардал болон бусад төлбөрийг батлан даагч нь бүрэн хариуцаж төлөхөөр тохиролцсон. /хх-16/
16. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ барьцаа хөрөнгөөс тэргүүн ээлжинд шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэн Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/04083 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 1,134,143,117 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 25,183,816 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ******* дүүрэг, ******* хороонд байрлах, ******* м.кв талбайтай, ******* улсын бүртгэлийн дугаартай, ******* нэгж талбарын дугаартай, контор, агуулахын зориулалттай газрын эзэмших эрхийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. гэж тус тус өөрчлөн найруулж,
Тогтоох хэсгийн 3 дахь заалтын 6,024,785 гэснийг 5,828,666 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,248,284 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ч.ЦЭНД