Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/198

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б-д холбогдох эрүүгийн 1921003190207 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны . ....дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, ................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 246 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 5 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, П.Б. /РД: ....................../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, “Танк” гэх газраас иргэн М.Энхтүвшингийн 1 тооны үхрийг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч П.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, “Танк” гэх газраас иргэн М.Энхтүвшингийн 1 тооны үхрийг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921003190207 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч П.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Би Хүрэлбаатар гэх хүний малыг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл маллаж байсан. 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хүрэлбаатар ахын морийг хөлслөх зорилготой аймгийн төвд ирээд 15 цагийн орчим буцаад Баянтүмэн явж байх замд Танкийн баруун хойд талд хэдэн тооны үхэр явж байхаар нь тухайн бярууг хөөгөөд Баянтүмэн сумын 1 дүгээр баг Сансрын 1-12 оршин суух Пүрэвдорж ахын хашаанд “миний бяруу байгаа юм, морио тавьчихаад явья” гээд үлдээсэн. Морио тавьчихаад явган очиж хөтлөөд Хүрэлбаатар ах руу очоод “Д.Пүрэвдорж ах энэ бярууг зарчих гэсэн юм” гээд нэрийг нь бариад сумын таньдаг эгчийн дансаар Хүрэлбаатар ахаас 350.000 төгрөг авсан..., гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

            Хохирогч М.Энхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...миний хүрэн охин бяруу 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гүйж ирсэн. Ер нь бол 2 тооны бяруу гүйж ирсэн. Харин 1 тооныг бярууг Б гэх залуу авсан. 2019 оны 04 сарын 18, 19-ний өдрүүдэд тэнгэр бага зэрэг муухай байсан. Тийм учраас гүйсэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

            Гэрч Б.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хүзүүвчний бяруу авна гэж телевизэд зар өгөөд бяруу авч байгаа юм. 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Б залгаад “Пүрэвдорж гэдэг хүн бяруу өгнө гэж байна. Та мөнгийг нь данс руу нь хийх үү” гэсэн. Тэгээд би 350.000 төгрөгийг Нямцэрэн гэх хүний данс руу шилжүүлсэн. ...Би Баянтүмэн суманд багшилж байсан. Пүрэвдорж нь миний шавь байгаа юм. Би гарал үүслийн гэрчилгээ шаардаагүй бөгөөд дараа нь гарал үүслийн гэрчилгээг авна гээд авч амжаагүй байх хооронд ийм асуудал боллоо. Б нь Пүрэвдорж гэдэг хүний нэрийг барьж худлаа ярьсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18 дугаар хуудас/,

 

       Гэрч Д.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг, Сансарын 3-07 тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 15 цагийн үед намайг гэртээ байхад Б нь зүүн талаас морьтой ухаан халзан зүсмийн бяруу хөөж ирээд “манай хашаанд түр зуур хийе, морио уяж ирээд авъя” гээд явсан. Удалгүй явган гүйж ирээд бяруугаа хөтлөөд аваад явсан. Тухайн үед Хүрэлбаатар гэдэг хүн бяруу худалдаж авч байсан. Тэр хүнд өгнө гээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

            - Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 8 дугаар хуудас/,

           

Шүүгдэгч П.Б-н 2000-2007 оны хугацаанд Дорнод аймгийн Баянтүмэн сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцсан тухай тодорхойлолт, Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Малын жишиг үнэ тогтоосон тухай тогтоол, хавсралт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/, урьд ял шийтгүүлсэн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 32-52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 1921003190207 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, “Танк” гэх газраас хохирогч М.Энхтүвшингийн 1 тооны үхрийг хулгайлж, 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч П.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч М.Энхтүвшин /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч Б.Хүрэлбаатар /хх-ийн 15-18 дугаар хуудас/, Д.Пүрэвдорж /хх-ийн 21-22 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 8 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс өөрийн өмчлөлийн малаа хараа хяналтгүй, хариулгагүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч П.Б нь хохирогч М.Энхтүвшингийн эд хөрөнгөнд хохирол учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч П.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч П.Б нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Шүүгдэгч П.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч П.Б-н .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч П.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч П.Б-н ........... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.БАТСАЙХАН