Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2025/00118

 

 

     

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа, даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******24 оны 10 сарын 03-ны өдрийн 184/ШШ*******24/04927 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн 22,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* миний бие нь *******23 оны 09 сарын 18-ны өдөр *******гаас 22,000,000 төгрөгөөр цайны газар худалдаж авсан. Худалдаж авахдаа гэрээ хийгээгүй. Мөнгөө бэлнээр авна гэсэн тул дансанд нь шилжүүлсэн. *******24 оны 03 сарын 14-ний өдөр ******* дүүргээс шаардах хуудас ирж нүүлгэх ажил явагдсан. Энэхүү цайны газар нь ******* дүүргийн ******* дугаар хороонд байрлалтай 5 шарын автобусны урд талын буудалд байрлах зөвшөөрөлгүй газар юм.

1.2. Анх худалдахдаа ямар ч шаардах ирж байгаагүй ирвэл 3 дээш ирж байж нүүлгэдэг ямар ч тийм асуудалгүй гэж хэлж байсан боловч ******* дүүрэг болон эрчим хүчнээс асуухад өмнө 2 жилийн өмнөөс хэд хэдэн удаа шаардаж байсан. Энэхүү цайны газар нь нүүлгэх боломжгүй шал нь цутгамал сэндвичийн материалтай шууд нураах үйл ажиллагаа явагдсан. Манайх ам бүл 6, цалингийн зээлтэй манай гэр бүлд маш их санхүүгийн асуудал үүсэж байна. Цайны газрыг ажиллуулах 2 сарын хугацаанд гарсан мөнгө олж авч чадаагүй тул хохиролтой байна. Иймд *******гаас 22,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие *******23 оны 05 сарын 26-ны өдөр энэхүү цайны газрыг худалдаж аваад 6,7,8 дугаар саруудад ажиллуулсан. Гэр бүлийн хүн маань хүнд өвдсөний улмаас гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай болсон тул эмчилгээний зардлыг гаргах үүднээс цайны газраа худалдсан.

2.2. ******* зарын дагуу ирээд уулзахаар нь хэлж байсан, замын урд талын ТҮЦ-үүдийг нурааж байгаа, манайхыг нүүх болон нураах мэдэгдэл одоогоор ирээгүй гэдгийг хэлсэн. Цайны газар маань автобусны буудал дээр ганцхан үйл ажиллагаа явуулдаг байсан болохоор орлого бол сайн байсан. *******24 оны 09 сарын 17-ны өдөр аваад нийт 6 сар ажиллуулсан. Цайны газартаа байсан тоног төхөөрөмж болох хөлдөөгч, аяга, таваг, шанага гэх мэт зүйлүүдийг хүлээлгэн өгсөн. Миний хувьд *******тай 5,000,000 төгрөгөөр тохирох боломжтой гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 22,000,000 /хорин хоёр сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 304,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. ******* нь худалдан авсан цайны газрын төлбөр болох 22,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч миний бие нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн эд хөрөнгөө буцаан гаргуулах шаардлага гаргах талаар мэдээгүй, сонгон авсан өмгөөлөгч энэ талаар надад огт зөвлөөгүй, шүүхэд баримт гаргаж өгөх талаар огт хэлээгүй болно.

Анхан шатны шүүх хуралд эд хөрөнгөө буцаан гаргуулах, нотлох баримт гаргаж өгөх талаар мэдэж авсан. Миний сонгон авсан өмгөөлөгчийн буруутай үлдэл, эс үйлдэхгүйгээс шалтгаалж давхар давхар хохирч байна.

Цайны газарт байсан тоног төхөөрөмж болох ширээ 4 ширхэг, сандал 12 ширхэг, тейк 1 ширхэг, цахилгаан паар 3 ширхэг, хоол бэлтгэлийн ширээ 2 ширхэг, хуушуурын тогтоо, 2 тасалгаатай хөлдөөгч, бойлуур, 1 тонны усны сав, *******0-н поошиг, угаалтуур, шөлний аяга 12 ширхэг, таваг 12 ширхэг, халбага ******* ширхэг, сэрээ ******* ширхэг, хайруулын таваг 2 ширхэг, шал угаагч 00 суултуур, босоо хөргүүр 1 ширхэг, төмпөн сав, хөшиг, 10x10 хэмжээтэй сэндвич, хувцасны төмөр шкаф 1 ширхэг гэх мэт зүйлүүдийг зах зээлийн ханшаар бодоход 17 сая төгрөг хавьцаа болж байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хуулийг мэдэхгүй байх нь хуульд заасан үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд өмгөөлөгчөөс болж хохирсон гэж байвал тухайн өмгөөлөгчөөс хохирол шаардах ёстой.

5.2. Сөрөг нэхэмжлэл гаргаагүй гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Бичгээр гаргасан гомдолд дээрх тайлбарыг хэлж байна, нэмээд амаар хоёр асуудлаар тайлбар хэлсэн. Үүнд нэхэмжлэгч өөрөө зарын дагуу ирж цайны газрыг худалдаж авсан гэх боловч зарын дагуу *******д зарах сонирхол байсан, нөгөө талд худалдан авах сонирхол байсан.

Иймд талуудын хооронд хүсэл зориг байсан гэдгийг зөвшөөрч байна. Мөн замын урд байсан ТҮЦ-үүдийг буулгаж байгаа талаар хэлсэн гэж тайлбарласан бөгөөд тухайн хөрөнгө эрхийн доголдолтой гэдгийг мэдэж байсан атлаа зарсан. Түүнчлэн талууд өгсөн, авсан зүйлээ буцаах асуудал яригдаж байсан гэж тайлбарласан боловч анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн зүгээс удаа дараалан хариуцагч талаас хариу тайлбар гаргуулъя, хариу тайлбартай холбогдуулж шүүх хуралдаанд бэлтгэе, байр сууриа тодорхойлъё гэсэн боловч хариуцагч тал хариу тайлбар гаргаж өгөөгүй. Хариу тайлбар гаргаж өгөхгүй байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзсэн.

Нэгэнт хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учир бид тоног төхөөрөмж, эд зүйлтэй холбоотой асуудалд ямар нэг байдлаар тайлбар гаргаагүй. Талуудын маргаагүй асуудлын талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй бөгөөд энэ талаар дүгнэлт хийгээгүй гэх гомдлын агуулга үндэслэлгүй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдон шилжүүлсэн 22,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон.

3.1. *******, ******* нарын хооронд *******23 оны 09 сарын 18-ны өдөр ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* байрлах, цайны газрын зориулалттай ТҮЦ-ийг 22,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу худалдагч нь цайны газрын зориулалттай ТҮЦ-ийг худалдан авагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, худалдагч авагчаас төлбөрт 22,000,000 шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй. Тухайн худалдан авсан эд хөрөнгө эрхийн доголдолтой байсан эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэргийн нотлох баримтыг үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

5. Давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан, дүгнэх боломжтой гэж үзлээ.

5.1. Нэхэмжлэгч *******ын худалдаж авсан цайны газрын зориулалттай ТҮЦ нь нийтийн эдэлбэр газарт байршилтай бөгөөд уг газарт эрх бүхий этгээд буюу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас эзэмших, ашиглах эрх олгогдоогүй болох нь хэрэгт авагдсан *******23 оны 05 сарын 29-ний өдөр болон мөн оны 11 сарын 23-ны өдрийн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн шаардлага, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. /хх-40, 80, 96/

5.2. Мөн хариуцагч ******* нь дээрх ТҮЦ байршуулсан газрыг эзэмших, ашиглах эрхгүй этгээд болохыг нэхэмжлэгч ******* мэдэж байсан үйл баримт тусгай зөвшөөрлийн хувьд хөөцөлдөж байгаа хүнээр гаргуулах гэсэн чинь 3,000,000 төгрөг гэхээр нь больчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваандаа энэ цайны газар зөвшөөрөлтэй болох юм байна гэж бодсон. Тусгай зөвшөөрөлгүй гэдгийг бол мэдсэн ... гэж, ...Анх уулзахдаа л зөвшөөрлийн талаар зөндөө асууж байсан, тэр үед зөвшөөрлийн гэрчилгээг 3,000,000 төгрөгөөр гаргуулахаар хөөцөлдөж байгаа гэж хэлсэн гэж анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд тус тус гаргасан нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна. Иймээс нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ тухайн эд хөрөнгө байрлаж буй газрыг эрхийн доголдолтой гэдгийг мэдсэн, улмаар цайны газрыг хүлээж авсан байх тул шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

5.3. Гэвч, хариуцагч ******* нь гэрээнээс татгалзсан талаар маргаагүйн гадна нэхэмжлэлийг 5,000,000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн байх тул энэ хэмжээгээр хангах нь талуудын зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан ба хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн эд хөрөнгөө буцаан гаргуулах шаардлага гаргах талаар мэдээгүй, сонгон авсан өмгөөлөгч зөвлөөгүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******24 оны 10 сарын 03-ны өдрийн 184/ШШ*******24/04927 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 5,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын улсын тэмдэгтийн хураамжид 304,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид гэснийг 94,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Ч.ЦЭНД