| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2019/0197/э |
| Дугаар | 2019/ШЦТ/199 |
| Огноо | 2019-07-09 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2019/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Б.Догмиддорж
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 1921002620221 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дүгээр сарын ......-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, өвөө, эмээ нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ............... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Г.Б. /РД: ......................./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 10 дугаар сард Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 1 дүгээр байрны орцонд иргэн Г.Сондорт Нэгдсэн үндэстний байгууллагаас 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр баталсан “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтанд орсон тетрагидроканнабинол гэх нэршилтэй хориглосон мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 10 дугаар сард Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 1 дүгээр байрны орцонд иргэн Г.Сондорт Нэгдсэн үндэстний байгууллагаас 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр баталсан “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтанд орсон тетрагидроканнабинол гэх нэршилтэй хориглосон мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн гэх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921002620221 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “..2018 оны 09 дүгээр сарын сүүлээр Цагаан-Овоо сумын төвд таньдаг айлындаа очихдоо хашааных нь гаднаас түүж байсан. Тэгээд уг зүйлээс нэг удаа ганцаараа хэрэглэж байсан. 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотод Гэрлээтэй уулзаж байсан, ингэж уулзахдаа Гэрлээгийн цүнхэнд уг түүсэн ургамлыг хийгээд авалгүй мартсан байсан. Гэрлээ 2018 оны 10 сард аймагт ирсэн бөгөөд энэ үед би Гэрлээгийн цүнхнээс ургамлыг авах гэж Сондор, Баттулга нарын хамт Гэрлээ дээр очсон нь тэр юм. Ингээд тухайн үед Гэрлээ нь цүнхнээсээ ууттай ургамлыг надад авч өгсөн, тэгээд шууд яваад өгсөн. Би уг ууттай ургамлыг бүгдийг нь Сондорт өгсөн, үүнийг Сондор өөрөө аваад надаас салаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
Гэрч Г.Сондорын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..Гэрэл-Эрдэнэ цүнхнээсээ нэг ууттай зүйл гаргаж ирээд Б гарт нь өгсөн. Тэр ууттай зүйлийг би гаднаас нь хараад хар тамхины ургамал байна гэж мэдсэн. Харин Б надад өгөхөөр нь би юм бодолгүй аваад цүнхэндээ хийсэн...тэр ууттай зүйлийг шкафандаа хийсэн бөгөөд түүнээс хойш Б-тэй уулзаагүй...гэрт байхдаа дээрх ургамлаас нэг удаа хэрэглэж үзсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
Гэрч Б.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б над руу утсаар яриад “цүнхний чинь арын цахилгаанд нэг зүйл хийгээд мартсан байна, тэрийгээ авъя” гэж ярьсан. Би цүнхний арын цахилгаантай халааснаас тэр ууттай зүйлийг Б-д өгөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний газрын химийн шинжээч А.Батбаярын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаартай:
1. “Шинжилгээнд Тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, B76B893110 серийн дугаартай мөнгөн дэвсгэрт, “Sprite” гэсэн бичиглэл бүхий ногоон өнгийн хуванцар сав зэрэг тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агуулга илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-24 дүгээр хуудас /
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 25-28 дугаар хуудас/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63, 58 дугаар хуудас/,
Эрүүгийн 1921002620221 дүгээр хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 10 дугаар сард Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 1 дүгээр байрны орцонд иргэн Г.Сондорт Нэгдсэн үндэстний байгууллагаас 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр баталсан “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтанд орсон тетрагидроканнабинол гэх нэршилтэй хориглосон мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Г.Сондор /хх-ийн 30 дугаар хуудас/, Б.Гэрэлмаа /хх-ийн 38 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-24 дүгээр хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 25-28 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар “...прокурорын гаргасан саналыг харгалзан” эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Г.Б-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх, даадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.Б-н .................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бусдад өгсөн гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Г.Б-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Г.Б-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г.Б-н .................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН