| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0069/Э |
| Дугаар | 66 |
| Огноо | 2019-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 66
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: Э.Ч,
Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганзав овгийн Э.Чт холбогдох 1928000700052 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сум, ........................ тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ганзав овгийн Э.Ч, регистрийн дугаар: ....................,
Шүүгдэгч Э.Ч нь 2018 оны 06 дугаар сард эхнэр Ч.Х ийг зодсон, 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг дэвсгэрт эхнэр Ч.Х ийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Э.Чыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би гэм буруугаа ойлгосон. 06 дугаар сарын 07-нд Улаанбаатар хотод хүүхдийн хонхны баяртай. Тэгэхэд явж шүдээ үзүүлэнгээ, биеэ үзүүлж ирье гэж эхнэр хэлсэн. Миний элэг, цөс өвдөөд шөнө хэвтэж чаддаггүй. Уушгины шинжилгээ өгөхөд сүрьеэ байж магадгүй гэж хэлсэн. Юу нь мэдэгдэхгүй, унтаж чадахгүй хөлрөөд байгаа. Эмнэлэгт дугаар авч зургаа авахуулъя, нүүрэн дээр юм гараад болохоо байсан. Хүүхдийн хонхны баяраар бөөн явахаар болсон. Би тухайн үед ажил амжихгүй, архи уусан байсан. Миний буруу. Тухайн үед юу болсноо санахгүй, тасарсан байсан.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2019 оны 05 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн үед үлдсэн 5 ямаагаа самная гээд ярилцаад гарах гэсэн чинь Э.Ч гадаа хүйтэн байна гээд аймгаас авчирсан архинаас талыг нь ганцаараа уусан. Тэгээд согтоод ямаа малаа самнахаа болиод над руу агсам тавьж байснаа гадаа гарч машиныхаа урд хамрыг онгойлгоод аккумлятороо авч шидээд уурлаад байсан. Тэгснээ шууд барьж аваад зодож эхэлсэн. Машин дотор оруулаад цамцаар боогоод чамайг ерөөсөө алчихъя гээд хамар хазаад толгойн зүүн хэсэгт 2 удаа хазаж зодсон. Тэгээд машинаас буулгаснаа гэр рүү үсдэж чирж оруулаад заазуур авч намайг ална гээд далайсан чинь ээж нь хүн аллаа гээд Э.Чыг хориод салгасан. Тэгсэн шууд миний ам руу хоёр хуруугаа хийснээ хоёр завжнаас хоёр тийш нь татаад чи муу миний аавын хөрөнгийг идэж барахгүй 3 жил идлээ гэх зэргээр хэлж доромжлоод байхаар нь би сум руу утсаар хэлэх гэсэн чинь утас булааж аваад өгөхгүй байсан. Ингээд чи муу хүний муу үзэж бай, яасан их цагдаа, ах дүү нараа дууддаг юм гээд ахиад намайг гэр рүү чирж оруулаад баруун орон дээр дээрээс дарж боож унагаснаа болиод гараад явахаар нь гэрийн жи-мобайлын 98450430 дугаарын утсаар Хонгор сум руу дүү рүүгээ залгаад хурдан ирж намайг аваарай гэж хэлсэн. Тэгсэн удалгүй манай дүү ирээд намайг Ханхонгор сум руу авч явсан. Сорвины тос 40.000 төгрөгөөр авч өгсөн. 3 удаа толгой бариулж өгсөн. Эмчилгээтэй холбоотойгоор 1.000.000 төгрөг өгнө гэсэн. /хх-ийн 10-11-р хуудас/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ:”Э.Ч 2018 оны 06 сарын 28-ны орой .............. тоот хашаанд гэрт байхад бид хоёр маргалдаж миний 2 нүд рүү гараараа цохиж хөхрүүлсэн. 2018 оны 07 сарын 02-нд эмчид очиж үзүүлсэн. Миний толгойг 3 удаа бариулж өгөөд 40.000 төгрөгөөр сорвины тос авч өгсөн. Мөн надад 1.000.000 төгрөг өгсөн. Тэр мөнгөөр шүдээ янзлуулна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 12-13-р хуудас/
Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 05 сарын 04-ний орой манай хүү Э.Ч эхнэр Ч.Х тэйгээ ирж хоноод маргааш өглөө нь хэдэн ямаа самнаж байгаад үдээс хойш нь Ч.Х аймаг руу явлаа ажлын түлхүүр хүргэж өгөхгүй бол болохгүй байна гээд машинаа унаад явсан. Орой нь ирсэн. Маргааш нь 2019 оны 05 сарын 05-ны өглөө би гэрт цай чаначихаад тэр хоёрыг дуудах гээд байшин руу орсон чинь урдаа нэг шил архи, бас нэг кола тавьчихсан сууж байсан. Цайгаа уу гэж 2-3 удаа хэлсэн. Тэр хоёр гэрт орж ирэхгүй л байсан. Тэгсэн удалгүй гэрээс гараад хартал манай хүү Э.Ч машиныхаа аккумлятороо машинаасаа салгаад шидээд дэвсэж байгаа харагдсан. Тэгээд Э.Ч дээр очоод боль яасан юм бэ? яах гээд хамаг юмаа авч шидээд эвдээд байгаа юм бэ? гээд хэлээд болиулаад дагуулаад гэр рүү оруулсан. Эхнэр нь ч дагаад гэр рүү орсон. Гэрт ороод Ч.Х баруун талд суугаад хоол идсэн. Тэгэхэд Э.Ч гэрийн зүүн урд суучихсан эхнэртэйгээ хэрэлдээд байсан. Тэгээд тэр хоёр хоёулаа гараад явахаар нь нэлээн байж байгаад гараад харсан чинь машин дотор л зодолдоод байгаа харагдсан. Яваад очсон чинь Ч.Х машины суудал дээр суучихсан, Э.Ч хажуугаар нь чихээд суучихсан Ч.Х ийг гараараа нүүр рүү нь цохиод мөргөөд байхаар нь би салгах гээд боль гээд зөндөө Э.Чын хувцаснаас нь татаад дийлээгүй. Удалгүй тэр хоёр болиод Ч.Х нь гэр рүү ороод цагдаа дуудна гээд ортол араас нь Э.Ч гэр рүү дагаж ороод зүүн орон дээр ноцолдоод л байсан. Тэгсэн Э.Ч заазуур бариад зүүн тавиур руу шидэж байгаа харагдсан. Яг хаанаас заазуур авсныг нь хараагүй. Тэр хоёр маргалдаад хэрэлдээд байхаар нь би гэрээс гараад хониндоо яваад өгсөн. Гэрийн баруун урд хонин дээр байхад Ч.Х гэрээс гараад урагшаагаа цүнхээ бариад алхаж байгаа харагдсан. Нүүр нүд рүү нь гараараа цохиод мөргөөд байсан. Дараа нь Ч.Х тэй уулзахад хоёр нүд нь хөхөрсөн, хамар хавьд нь шалбарсан байгаа харагдсан. /хх-ийн 20-21-р хуудас/
Гэрч Э.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Э.Ч ах, эхнэртэйгээ ирээд хөдөө манайд хоёр хоносон, тэгээд тэр хоёр ямаа мал самнаад байсан, ирснийхээ маргааш нь Ч.Х ямаа самнаж байгаа аймаг руу явж ажлын түлхүүр хүнд өгөхгүй бол болохгүй байна гээд явсан гэсэн. Би яах гэж явсныг нь мэдээгүй. Тэгээд Ч.Х аймаг яваад ирсний маргааш буюу 2019 оны 05 сарын 05-ны өглөө би гэрт хоносон байсан. Э.Ч ах, эхнэр Ч.Х хоёр байшинд хоносон. Өглөө нь ээж орж цайгаа уу гээд орсон чинь тэр хоёр архи ууж байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй Э.Ч гэр рүү нэлээн архи сэнгэнүүлчихсэн, ороод ирсэн. Би дуугараагүй зөрөөд гэрээс гараад ямаагаа самнах гээд гарсан. Ямаа самнаад сууж байтал Э.Ч машиныхаа хамрыг сөхчихсөн байж байгаа харагдсан. Би ч ямаагаа самнаад бас жаахан хүүхэдтэй байдаг болохоор тэр хоёр руу очоогүй. Тэгсэн эхнэр Ч.Х нь урагшаагаа алхаж яваа харагдсан. Э.Ч ирээд, хоёулаа яваад Ч.Х ийг аваад ирье гээд машинаа асаагаад очиж авсан. /хх-ийн 21-22-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 268 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ч.Х ийн биед 1 шүд унасан, баруун зүүн завжны салст, доод уруулын дотор салстын язрал, хамрын хазагдсан шарх, баруун нүдний доод зовхи, дух, зүүн хацар, эрүү, баруун бугалга, цээж, баруун зүүн шуу, бүсэлхий, баруун гуя, баруун шилбэний цус хуралт, баруун доод зовхи, зүүн чамархай, баруун хацар, эрүүний зулгаралт, зүүн бугалганы зүсэгдсэн шарх гэмтлүүд үүсчээ. Зүүн бугалганы зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 1 шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% алдагдуулах тул, бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Цаашид гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 24-р хуудас/
Шүүгдэгч Э.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 05 сарын 03-ний өдөр эхнэр Ч.Х бид хоёр хөдөө ээжийнх рүү Ханхонгор сумаас хойш 20 кмт байдаг хөдөө гэрт очсон. Ээж анх бид нар руу ярихдаа та хоёр ирж ямаа самнах юм уу хэдэн төгрөг нь хаачих вэ? гэж хэлсэн байсан. Тэгээд хөдөө гэрт очоод ямаа самнасан. Хөдөө гэр рүү явахдаа замаараа аймгийн дэлгүүрээс 1 шил архи авч явсан. Замдаа уусаар байгаад ээжийнд очоод үлдэгдэл архиа ууж дуусгаад ээжийн гэрийн арын байшинд амарсан. Маргааш өглөө нь босоод өдөржингөө ямаа самнаж байгаад үдээс хойш эхнэр Ч.Х аймаг руу яваад хүнд ажлын түлхүүр гаргаж өгөөд ирье гэхээр нь 40.000 төгрөг өгөөд ирэхдээ тамхи, ундаа, архи аваад ирээрэй гээд мөнгө өгч явуулсан. Эхнэр орой 19 цагийн үед ирсэн. Эхнэр бид хоёр 0.5 граммын ерөөл архинаас юм ярьж суунгаа хугасыг уусан. Тэгээд амраад өглөө нь босоод ямаа мал самнах гэсэн чинь гадаа тэнгэр хангай жаахан хүйтэн байхаар нь өмнө өдрийн ууж байсан хугас шил архийг би аягалаад уусан. Ууж байхдаа эхнэрт өгсөн. Ямар ч байсан 2-3 удаа татсан. Архи ч дууссан, ахиад нэг шил байсныг нь ууж байхдаа эхнэр рүү чи яахаараа миний ядарсан ээжээс мөнгө төгрөг авах гээд байгаа юм гээд хэлсэн. Тэрнээс болоод хэрүүл маргаан болсон. Тэгсэн эхнэр машины түлхүүр аваад гарах гэхээр нь би гарч очоод машиныхаа аккумляторыг салгаж шидээд эхнэрийг машин руу чирч оруулж байснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байгаа юм. Гэрт ороод маргалдаад байснаа санаж байна. Нэг мэдсэн эхнэр гэрээс гараад урагшаа гүйж байгаа харагдсан. Тэгээд дүү Өлзий-Оршихыг дуудаад машинаар нь хамт яваад эхнэрийг очиж аваад гэртээ ирсэн. Дараа нь манай ээж ярихдаа чи Ч.Х рүү заазуур бариад далайхад чинь би салгасан, та хоёр хоорондоо ноцолдоод салахгүй байхаар нь би мал руу гараад явсан гэж байсан. Заазуур барьсан, гэхдээ гэмтээсэн юм байхгүй, ээж ярихдаа биед нь хүрээгүй заазуураа барьж далайж байгаад өөр тийш нь шидсэн гэж байсан./хх-ийн 30-31-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /03-р хуудас/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-08-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Ч нь 2018 оны 06 дугаар сард эхнэр Ч.Х ийг зодсон, 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг дэвсгэрт эхнэр Ч.Х ийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Х ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 268 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ч.Х ийн биед 1 шүд унасан, баруун зүүн завжны салст, доод уруулын дотор салстын язрал, хамрын хазагдсан шарх, баруун нүдний доод зовхи, дух, зүүн хацар, эрүү, баруун бугалга, цээж, баруун зүүн шуу, бүсэлхий, баруун гуя, баруун шилбэний цус хуралт, баруун доод зовхи, зүүн чамархай, баруун хацар, эрүүний зулгаралт, зүүн бугалганы зүсэгдсэн шарх гэмтлүүд үүсчээ. Зүүн бугалганы зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 1 шүд унасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% алдагдуулах тул, бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Цаашид гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 24-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Хохирогч Ч.Х ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хор уршгийн төлбөрт шүүгдэгч 1.040.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...хохирол төлбөр төлсөн Гомдол саналгүй /хх-ийн 12-13-р худас/ гэх мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Чыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Ч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэргийн хор уршгийг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан прокурорын саналын дагуу шүүгдэгч Э.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Э.Ч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 1.040.000 төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА