Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 69

 

 Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Ч.У ,

Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

   Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөндий овгийн Ч.У т холбогдох 1928000000067 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Гурвантэс сум, ....................оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Бөндий овгийн Ч.У , регистрийн дугаар: ....................,

Шүүгдэгч Ч.У  нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд эхнэр Э.М тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ч.У ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.У  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би эхнэр, хүүхэдтэйгээ хөдөө байж байгаад ажлаас болж муудалцсан. Тэгээд сум руу явж дахиж муудалцсан. Дэлгүүр ороод өвдгөөрөө цохиод нүднийх нь доор жоохон гэмтээсэн байсан.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.М  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 05 сарын 10-ны өдөр нөхөр хүүхдийн хамтаар сумын төвд хөдөө гэрээсээ орж ирсэн. Хөдөө байхдаа нөхөртэй жоохон маргалдсан байсан юм. Би уурлаад гэрээсээ гарч яваад дэлгүүрт орж хүний араар нуугдсан. Тэгэхэд манай нөхөр явъя гэртээ харья гэж хэлэхэд нь би явахгүй чи өөрөө яваа гэж хэлээд гадаа гараад муудалцсан. Манай нөхөр надад уурлаад чи надаар зодуулж цохиулдаг хүн шиг надаас зугтаж хүний араар нуугдлаа гэж хэлсэн. Тэгээд намайг дэлгүүрийн гадна байхад нэг өвдөглөөд авах шиг л болсон. Удалгүй цагдаа ирсэн. Би хэрүүл маргаан өдөж нөхөртэйгээ муудалцсан. Манай нөхөр надад уурлаж хүний араар нуугдлаа гэртээ хэрүүл маргаанаа хийж болохгүй юм уу гэж хэлсэн. Тэгэхэд нь би үгүй чи өөрөө гэр рүүгээ яв гэсэн. Тэрнээс болоод манай нөхөр уурлаад намайг цохисон. Би нөхөртэйгээ 2001 онд гэр бүл болсон. Түүнээс хойш манай нөхөр намайг нэг ч удаа зодож цохиж дээрэлхэж байгаагүй. Яагаад гэвэл манай нөхөр архи тамхи хэрэглэдэггүй, хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлалтай хүн байдаг. Тухайн үед би өөрөө хэрүүл өдөж байгаа ийм асуудал болсон. Миний буруу бас байгаа. /хх-ийн 08-09-р хуудас/

Гэрч Ц.Г  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр намайг дэлгүүртээ сууж байхад Э.М  гэх эмэгтэй гүйгээд ороод ирсэн. Араас нь нөхөр нь Ч.У  нь ороод ирсэн. Ч.У  нь гэртээ харья чи яахаараа айл руу ороод байдаг юм бэ гэхэд Э.М  нь нөхрөөсөө зугтаагаад дэлгүүрийн лангууны араар ороод ирсэн. Тэгэхээр нь би Э.М ыг хамгаалаад Ч.У ыг яах гээд байгаа юм боль юу болов гээд хаалга руу гаргах гээд түлхсэн. Тэгэхэд Э.М ыг явъя гэр рүүгээ явъя гээд байсан. Тэгэхэд Э.М ыг би гар гар гэхэд Э.М  гарах гээд явж байхад Ч.У  нь Э.М ыг үсдээд дэлгүүрээс аваад гараад явсан. Э.М ыг үсдэж дарж байгаад нүд рүү нь нэг удаа өвдөглөсөн. Удаагүй тэр 2 манай гадаа байж байхад цагдаа нар ирсэн. Би тэр хоёрыг хоорондоо маргалдаад зодоон цохион хийж нэгнийгээ зодож байсныг мэдэхгүй. Яагаад гэвэл би Э.М ыг гэртээ байхад нь байнга л орж гардаг. Ер нь тийм зүйл ажиглагдаж байгаагүй. Э.М  ч надад нөхөртэйгээ хэрүүл маргаан хийж зодож цохьсон гэж ярьж байгаагүй. Тэр 2 хоорондоо маргалдаж муудалцдаггүй таарамжтай харилцаатай байдаг. /хх-ийн 12-р хуудас/

Гэрч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Намайг Отгонтэнгэр дэлгүүр дотор сууж байхад Э.М  гүйгээд ороод ирсэн. Араас нь нөхөр нь гүйж орж ирсэн. Э.М  Гэрлээ эгчийн ард орж нуугдсан. Ч.У  Э.М ыг үсдээд чирээд дэлгүүрээс гаргасан. Дэлгүүрийн үүдэнд Э.М ыг нэг удаа өвдөглөсөн. Өөр зүйл болоогүй. /хх-ийн 13-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 296 дугаартай дүгнэлтэд: Э.М ын биед зүүн нүдний доод зовхинд зулгаралт, цус хуралт, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх           гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 15-р хуудас/

Шүүгдэгч Ч.У  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би эхнэртэйгээ үл ойлголцсоны улмаас хэрүүл маргаан болсон. Эхнэрийнхээ нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Одоо эхнэртэйгээ эвлэрсэн байгаа. Өмнө нь эхнэрээ зодож цохиж байгаагүй. /хх-ийн 24-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /03-р хуудас/

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 4-5-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.У  нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд эхнэр Э.М тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.М ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 296 дугаартай дүгнэлтэд: Э.М ын биед зүүн нүдний доод зовхинд зулгаралт, цус хуралт, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 15-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.М ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба энэхүү гэмтэлтэй холбогдуулан хохирогч нь шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул  шүүгдэгч Ч.У ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж байна.

Шүүгдэгч Ч.У  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

Шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.У  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8,  9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Бөндий овгийн Ч.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.У-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.00 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Ч.У  нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.У  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д  зааснаар шүүгдэгч Ч.У  нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Ч.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ДЭЛГЭРМАА