| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 101/2024/02426/И |
| Дугаар | 210/МА2025/00128 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/00128
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/05400 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Эрүүд мэндэд учирсан гэм хорын хохиролд 6,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. 2022 оны 10 сарын 07-ны өдөр ажлын танил дүүгийн төрсөн өдөр болж, ******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай ******* гэх шөнийн клубт ороод тэмдэглэж байсан. Бид нар тухайн ******* гэх шөнийн клубээс гараад *******ын талбайн автобусны буудал дээр такси барих гэж байхад *******, ******* нар хоорондоо муудалцаж эхэлсэн. Энэ байдлыг сэрэмжлэх үүднээс миний бие салгах гэж очтол ******* намайг нүүрэн тус газар цохиж гэмтэл учруулсан.
1.2. Дээрх асуудлаас болж миний дээд шүд унасан, хажуу талын 6 ширхэг шүдний бүрээс цуурсан. 6 ширхэг шүдийг *******-д эмчлүүлсэн. Ингээд ******* дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж, улмаар ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж, 2024 оны 01 сарын 29-ний өдрийн ******* тоот шүүхийн шийтгэх тогтоол гарсан. ******* нь одоо хүртэл гэм хорын хохиролд учирсан эмнэлгийн зардлыг надад сайн дураар өгөөгүй.
Иймд *******өөс гэм хорын хохиролд 6,300,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* миний бие *******ийн нэхэмжлэлд дурьдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор шүүхээс 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлсэн.
2.2. ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь хохирогч *******ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн төлбөрийн асуудлаар тодорхой дүгнэлтийг гаргаж, *******-ийн 2023 оны 11 сарын 02-ны өдрийн захирал *******ий тодорхойлолтоор шүүгдэгч ******* надаас 6,120,000 төгрөгийн хохирлыг гаргуулах боломжгүй байна. Учир дээрх циркон бүрээс эмчилгээ нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг нотолсон баримт байхгүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгчид цохиулахаасаа өмнө дээрх шүдний циркон бүрээс эмчилгээг хийлгэсэн байсан эсэх, энэ нь шүүгдэгчид цохиулж дээд баруун 1-р шүдний булгарал гэмтэл учирснаас болж дахин хийлгэх шаардлагатай болсон эсэх, дээрх мөнгийг тушаасан эсэх нь баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэж, хохирлын асуудлыг хэрэгсэхгүй болгож шүүхээс шийдвэрлэсэн.
Иймд хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолтой, 6 шүдний гэмтэл учруулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлээс 1 шүдний хохирлыг зөвшөөрч, бусад шүдний хохирлыг хариуцахгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******өөс 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 4,300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн *******тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахдаа дутуу, буруу үнэлж, буруу дүгнэлт хийсэн, хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулж, хэт нэг талын байр суурийг хамгаалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан.
4.2. Анхан шатны шүүх нь шүүх хуралдааны даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг танилцуулаагүй бөгөөд шүүх хуралдааны явцад хариуцагчид тулгасан, хөтөлсөн асуултыг тавьж, 1 шүд ямар үнэтэй вэ гэх мэтчилэн мэргэжлийн шинжээчид хамаарах асуултыг хариуцагчаас асууж, хариуцагч нь шүүгчийн асуултанд хариулах боломж байхгүй, мэдэхгүй байна гэж хариулахад шүүгч нь өмнөх шүүх хуралдаанд 2,000,000 төгрөг орчим гэж чи хэлсэн биздээ гэх мэтээр ээлж дараалан хууль бус асуултыг асууж, өөрсддөө таалагдсан хариултыг авах гэж байнга асууж, үүнийгээ нотлох баримтын хэмжээнд хууль бусаар үнэлж, дүгнэж хууль бус шийдвэр гаргаж, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчсөн.
Хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоол хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байхад анхан шатны шүүх буруу үнэлэлт, дүгнэлт хийж хууль бус шийдвэр гаргасан.
Анхан шатны шүүх нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээний сан болон архивын материалаас шүүхэд ирүүлсэн ******* нь эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дахин авсан талаарх мэдээлэл байхгүй талаарх баримтыг үнэлж дүгнэхгүй, нэхэмжлэгчийн зөрүүтэй хуурамч байх магадлалтай, эргэлзээтэй бичгийн нотлох баримтыг үндэслэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахдаа дутуу, буруу үнэлж, буруу дүгнэлт хийж, хууль бус шийдвэр гаргаж, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сохирхолыг ноцтой зөрчсөн.
Мөн шүүх хуралдааны мэтгэлцээний явцад шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч *******ээс төлбөрийг хэрхэн яаж төлж барагдуулсан тухай асуухад нэхэмжлэгч нь 2-3 удаа төлбөрийг хувааж өгсөн тухай шүүхэд тайлбар гаргаж байхад шүүх зөрүүтэй байдлыг тал бүрээс нь үнэн зөв тогтоох үүргээ биелүүлэхгүй, шүүхийн шийдвэр нь эргэлзээгүй байх үндсэн зарчмыг ноцтой зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 6,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч 2,000,000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, үлдэх хэсгийг ... хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолтой, ... циркон бүрээс эмчилгээ нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг нотолсон баримт байхгүй. ... шүүгдэгчид цохиулж дээд баруун 1-р шүдний булгарал гэмтэл учирснаас болж дахин хийлгэх шаардлагатай болсон эсэх, дээрх мөнгийг тушаасан эсэх нь баримтаар нотлогдоогүй ... гэсэн үндэслэл заан татгалзаж, зохигч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахдаа дутуу, буруу үнэлсэн, буруу дүгнэлт хийж, хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
3.1. ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор, шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн, уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-22-27/
Анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг үндэслэн хариуцагч *******ийн гэм буруугийн талаар эрүүгийн гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар нэгэнт тогтоогдсон, дахин нотлох шаардлагагүй үйл баримт гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 6,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ ... миний нүүрэн тус газар цохиж гэмтэл учруулсан. ... шүд хугарсан, миний өөрийн имплант шүд байсан. Шүд хугарахдаа хажуу талын имплантууд цуг хугараад унасан. ... 6 шүд, урд талын 4 шүд имплант байсан, хажуу талын 3 шаазантайгаа хагарч унасан, ... нийт 6 шүдний хохиролтой ... гэж тайлбарлан, *******-ийн зарлагын баримт, мөн компанийн 2022 оны 10 сарын 20-ны өдрийн 24/02 дугаартай албан бичиг, бэлэн мөнгөний орлогын баримт зэрэг баримтуудыг шүүхэд өгчээ. Эдгээр нотлох баримтууд нь хариуцагч *******, 2022 оны 10 сарын 07-ны өдөр *******ийн нүүрэн тус газар цохисны улмаас түүний 6 шүд гэмтэж, 6,300,000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримтыг эргэлзээгүй нотлоогүй байна.
4.1. Учир нь хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмын дагуу бүрдүүлсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 сарын 13-ны өдрийн 13926 дугаартай дүгнэлт нотлох баримтаар авагджээ. Шинжээч нь *******ийн биед дээд баруун 1-р шүдний булгарал, доод уруулын шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ... гэсэн дүгнэлт гаргасан байна. /хх66-68/
5. Анхан шатны шүүх, хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.
Хариуцагч *******ийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч *******ийн дээд баруун 1-р шүд булгарсан, хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүнг 2,000,000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн зэрэг үйл баримтыг харьцуулан дүгнээд, хариуцагчаас 2,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийн Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж заасантай нийцнэ.
6. Хариуцагчийн өмгөөлөгч ...шүүх хуралдааны даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг танилцуулаагүй бөгөөд шүүх хуралдааны явцад хариуцагчид тулгасан, хөтөлсөн асуултыг тавьсан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
6.1. Хэргийг хянан шийдвэрлэсэн 2024 оны 11 сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд, шүүх хуралдаан даргалагчаас шүүх бүрэлдэхүүнийг зарлан, тэдгээрийг татгалзан гаргах эрхтэйг танилцуулж, тайлбарласан байдлыг бичсэн байна. /хх-95/
6.2. Хариуцагч талаас, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн, түүнд засвар оруулах талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна. Иймээс шүүх хуралдаан даргалагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
6.3. Анхан шатны шүүх зохигчдын хүсэлтийг үндэслэн иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/05400 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Ч.ЦЭНД