| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 145/2016/00386/И |
| Дугаар | 386 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 386
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг 15-21тоотод оршин суух Бандийхан овогт Насанбатын Болормаагийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг 15-21 тоотод оршин суух Ховдог овогт Ванягийн Цэрэнбадамд холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Дониддолгор, нэхэмжлэгч Н.Болормаа, хариуцагч В.Цэрэнбадамнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2006 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр В.Ц гэрлэлтээ батлуулж 4 хүүхдийн эх эцэг болцгоосон. Хамт амьдрах хугацаандаа В.Ц нь архи дарс уухгүй мөртлөө байнга дарамталж, зодож, гэр орныхоо эд хөрөнгийг эвдэн сүйтгэж, хүүхдүүдээ нэг орноос нөгөө орлуу авч шидэж, аавыгаа харахаар хаашаа хамаагүй зугтаж гэр орондоо байж суухгүй болтол биднийг байлгаж байгаад 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэрээсээ гараад одоог хүртэл гэртээ ирэхгүй өөр хүүхэнтэй амьдарч байгаа. Цаашид хамтран амьдрах боломжгүйтул бидний гэрлэлтийг цуцлаж, хүүхдийн асрамж тогтоож, хүүхдийн тэтгэлэг В.Ц-с гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: В.Ц 2006 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулж хамт амьдарсанаас хойш 4 хүүхэд төрүүлсэн. Бид 2014 оноос хойш гэр бүлийн маргаантай байсан. В.Ц 2014 оны 11 дүгээр сард гэрээсээ гараад жил гаруй хугацаанд гэртээ ирээгүй. В.Ц-г хотод байхад нь бага охинтойгоо очиж уулзсан. Мөнгө явуулъя гэртээ ир гэсэн боловч ирээгүй. Шүүхээс эвлэрэх хугацаанд эвлэрээгүй. Хүүхдүүдтэйгээ хоёр удаа уулзсан. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Эвлэрүүлэх хугацаанд эвлэрээгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж, хүүхдүүдийг миний асрамжинд үлдээн В.Ц-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч В.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: 2006 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Н.Б гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр 4 хүүхэдтэй болоод амьдрал сайхан байсан. Маргах зүйл байдаг ч би эхнэрээсээ уучлалт гуйдаг. Шүүхээс өгсөн эвлэрүүлэх хугацаанд эвлэрэх гээд гэртээ очиход Н.Б аавындаа орчихоод орж ирэхгүй байсан. Одоо цаашдаа эвлэрэх боломжгүй. Хүүхдүүдээ Н.Б-н асрамжинд үлдээнэ. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь В.Ц-д холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Н.Б хариуцагч В.Ц нар нь 2006 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон, 2014 оноос тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрч байгаа, эвлэрүүлэх хугацаанд эвлэрээгүй, 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр охин Ц.Б, 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүү Ц.Г, 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр охин Ц.Е, 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр охин Ц.Н нарыг төрүүлсэн болох нь 0323578-65 дугаартай охин Ц.Б, 0101930-475 хүү Ц.Г, 0101928-64 дугаартай охин Ц.Е, 0000603618 дугаартай охин Ц.Н нарын төрсний гэрчилгээний хуулбрууд, 024/000655 дугаартай зохигчдын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргээр нотлогдож байна. Зохигчдын гэрлэлтээ цуцлахыг зөвшөөрч байгааг харгалзан тэдний гэрлэлтийг цуцалж эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, хүүхдийн насыг харгалзан 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Ц.Б, 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Ц.Г, 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Ц.Е, 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Ц.Н нарыг эх Н.Б-н асрамжинд үлдээж, эцэг В.Ц-с хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Бандийхан овогт Н.Б, Ховдог овогт В. Цэ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Ц.Б, 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Ц.Г, 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Ц.Е, 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Ц.Н нарыг эх Б овогт Н.Б-н асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.
4. Монгол Улсын Гэр Бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Ц.Б, 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Ц.Г, 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Ц.Н нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Ц.Б, 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Ц.Г, 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Ц.Н, 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Ц.Есөнбаяр нарыг тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг В.Ц-р тэжээн тэтгүүлсүгэй.
5. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч В.Ц-с гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Н.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч В.Ц-с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар 70200 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 95206 төгрөгийг тус тус гаргуулан орон нутгийн төсвийн орлогод /Хаан банкны 5540607728 тоот дансанд/ оруулсугай.
7. Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ЭНХМАА