| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0071/Э |
| Дугаар | 70 |
| Огноо | 2019-05-31 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 70
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгч: Б.Э ,
Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алдарынхан овгийн Б.Э холбогдох 1928000270041 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 09-10 дугаар сарын хооронд насанд хүрээгүй буюу 15 настай М.Цтай 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Насанд хүрээгүй хохирогч М.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 07 дугаар сард анх найзуудтайгаа явж байгаад Б.Э той танилцсан. Тэгээд 07 сарын сүүлээс эхлээд бид хоёр үерхэж эхэлсэн. Бид хоёр 07 дугаар сарын сүүлээр бэлгийн харьцаанд орсон. Түүнээс хойш 11 сарыг хүртэл үерхэж байгаад салсан. Би жирэмсэн болсон гэдгээ 2018 оны 09 дүгээр сарын эхээр мэдээд Б.Э од хэлсэн чинь Б.Э юм хэлэхгүй байсан. Тэгээд би Б.Э ын хамт Ханхонгор суманд байх гэр рүү нь яваад гэрт нь 5 хоног амьдарч байхад ээж араас ирээд намайг аваад аймагт авч ирээд эмнэлэгт үзүүлж жирэмсэн болсон гэдгийг маань мэдсэн. Тэгээд хүүхдээ авхуулсан. Надад гомдол санал хүсэлт байхгүй /хх-ийн 07-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайхан 6-40 тоотод нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Манай охин М.Ц дээрээсээ 2 дахь хүүхэд минь байгаа юм. Өнгөрсөн намар 2018 оны 09 сард 15 настай байхдаа аймгийн Политехникийн коллежид барилгын засал чимэглэлийн мэргэжлээр суралцахаар орсон. Тэгээд хичээлдээ ороод удаагүй байх үедээ манай охин гэрээсээ яваад 5 хоног алга болсон. Бид нар хайж байгаад Ханхонгор сумаас 2018 оны 10 сарын эхээр олж авсан. Өмнө нь хавар 04 сарын 01-ний өдөр гэрээсээ хоногоор явж байсан удаа байгаа. Түүнээс хойш гэрээсээ гарахгүй байж байгаад намар 5 хоног алга болсон. Тухайн үед Ханхонгор суманд байх Б.Э гэх залуугийн гэрт нь байж байсан. Тэгээд би охиноо гэртээ авч ирсний дараа жирэмсэн болсон талаар нь мэдсэн. Тухайн үед би хүүхдийг нь авхуулъя гээд аймгийн нэгдсэн эмнэлэгт 3 cap арай хүрээгүй байхад нь үр хөндүүлсэн. Түүнээс хойш 4-5 хоногийн дараа дахин нөгөө залуутайгаа уулзаад бие нь өвдөөд эмнэлэгт хандсан байсан. Тэгээд би охиноо Улаанбаатар хот руу авч яваад эх нялхсын үндэсний төвд эмчилгээ хийлгэж байгаад ирсэн. Би охиноосоо уг Б.Э гэх залуутай хэзээнээс хойш танилцсан юм бэ гэж асуухад 2018 оны 07 сард уулзаж эхэлсэн гэж надад хэлсэн. Эмнэлгийн байгууллагад анх хандаад үр хөндүүлэх гээд очиход 2 cap гарантай жирэмсэн байна гэж байсан юм. Тэгэхээр нь би Б.Э гэх залууг манай охиныг жирэмсэн болгосон байх гэж үзэж байна. Би охиноосоо хэн жирэмсэн болгосон талаар асуухад надад хэлээгүй. Жирэмсэн болсны дараа үр хөндүүлэх гаж байх үеэр манай охин болон Б.Э нар үр хөндүүлэхгүй гээд байхаар нь би насанд хүрээгүй байж жирэмсэн боллоо гээд үр хөндүүлсэн юм. /хх-ийн 09-р хуудас/
Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Өнгөрсөн жил би 2-р сургуульд сурдаг байхдаа өдрийн цагаар Гэгээ авто угаалгын газарт машин угаадаг байсан юм. Тухайн үед надтай хамт Б гэдэг хүүхэд хамт машин угаадаг байсан. Баянаагийн найз охин Гэрлээтэй хамт М.Ц ирдэг байсан. Тэр үед танилцаад удаагүй бид хоёр үерхсэн юм. М.Ц бид хоёр үерхдэг байхдаа 3 удаа бэлгийн харьцаанд орж байсан. Би 15 настай байсан. М.Ц мөн 15 настай байсан юм. /хх-ийн 19-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: М.Ц нь биеийн анатоми, физиологийн онцлог шинж антропометрийн үзүүлэлтээр дүгнэхэд 15 настай байх боломжтой. М.Ц-ийн төрсний гэрчилгээний регистрийн дугаараар 15 настай нь тохирч байна. /хх-ийн 21-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 213 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: М.Ц нь бэлгийн бойжилт бүрэн олоогүй байна. М.Ц нь 12 долоо хоногтой эмнэлгийн үр хөндөлт хийлгэсэн байна. 2018 оны 07 сарын сүүлийн 10 хоногт жирэмсэлсэн байх боломжтой. /хх-ийн 23-р хуудас/
Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 07 дугаар сарын сүүлээр М.Ц гэдэг охинтой танилцсан. Тэгээд М.Ц-тай танилцаад уулзаж байгаад бэлгийн харьцаанд удаа дараа орсон. М.Ц 2018 оны 09 дүгээр сарын эхээр жирэмсэн болсон гэдгээ хэлсэн. Би М.Ц-ийг Ханхонгор сум руу гэр рүүгээ аваад явсан юм. Ханхонгор суманд очоод байж байгаад хэсгийн төлөөлөгчөөс М.Ц-ийг насанд хүрээгүй хүүхэд гэдгийг мэдсэн. Тэгээд Насанд хүрээгүй гэдгийг нь мэдсэнээс хойш 3-4 удаа бэлгийн харьцаанд орсон. М.Ц-ийг аав, ээжтэйгээ танилцуулах гээд Ханхонгор суманд гэртээ аваачсан юм. Би аав, ээж, ах, дүү нарын хамтаар амьдардаг юм. Би М.Цтай хамт Ханхонгор суманд манай гэрт байж байхад ээж нь ирсэн юм. /хх-ийн 30-31-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь 2018 оны 09-10 дугаар сарын хооронд насанд хүрээгүй буюу 15 настай М.Ц-тай 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э нь хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан болох нь: шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгт:”...2018 оны 10 сарын дундуур насанд хүрээгүй гэдгийг нь мэдсэн. Тухайн үед М.Ц манай гэрт байсан. Хэсгийн төлөөлөгч намайг дуудаад М.Ц-ийг насанд хүрээгүй хүүхэд гэж хэлсэн. Насанд хүрээгүй гэдгийг мэдсэний дараа 4-5 удаа бэлгийн харьцаанд орсон ” /хх-ийн 16-р хуудас/ гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймээс шүүгдэгч Б.Э ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэв.
Насанд хүрээгүй хохирогч М.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б.Э ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э нь өрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: 2018 оны 09 сарын эхээр надад жирэмсэн гэдгээ хэлсэн. Би М.Ц-ийг Ханхонгор сум руу гэр рүүгээ аваад явсан. Манай гэрийнхэн мэдэж байгаа. /хх-ийн 31-р хуудас/, ...тэр үед хоорондоо амьдрах талаар бүх зүйлээ ярьсан байсан. Гэр бүлийнхэнтэйгээ танилцуулсан байсан. Эхлээд манай аав, ээж хоёртой уулзчихаад дараа нь М.Цийн ээж, аавтай нь уулзсан. Бид хоёр хүүхдээ авахуулах дургүй байсан. Ээжтэй нь авахуулахгүй гэж дайраад зөндөө маргалдсан. Тэгээд хүчээр авахуулсан..., гэх мэдүүлгүүд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч С.П гийн: ...манай охин болон Б.Э нар үр хөндүүлэхгүй гээд байхаар нь би насанд хүрээгүй байж жирэмсэн боллоо гээд үр хөндүүлсэн юм. /хх-ийн 11-р хуудас/ гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг нь нийгмийн ёс суртахуун, арван зургаан насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн бойжилт, бие бялдарын зөв хөгжилд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийг ойлгохоор хуульчилсан.
Шүүгдэгч Б.Э нь уг гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдлийн улмаас үйлдээгүй буюу хохирогчтой хайр сэтгэлийн холбоотой, гэр бүл зохион амьдрах зорилготой байсан, үр хөндүүлэхийг хүлээн зөвшөөрөөгүй байсан зэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Э ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгчийг зайлшгүй нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдэж, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА