Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/00129

 

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр, даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 16-ны өдрийн 101/ШШ2024/0474******* шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч*******т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 196,255,355 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч*******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Хариуцагч*******тай 2019 оны 04 сарын 18-ны өдөр ******* дугаар зээлийн байгуулж 80,000,000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Мөн 2019 оны 04 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөг, 2019 оны 07 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр 40,000,000 төгрөгийн зээл тус тус авсан. Зээл бүр тусдаа барьцаа хөрөнгөтэй бөгөөд зээлийг 12 сарын хугацаатайгаар сар бүрийн 20-ны өдөр төлөхөөр тохиролцсон.

1.2. Түүнчлэн*******ын өмчлөлийн ******* дүүрэг, ******* хороо, ******* хотхон, ******* байр, ******* давхарт байрлах ******* дугаартай ******* м.кв ******* үл хөдлөх хөрөнгийг барьцаалж авсан. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээний тухайд хуулийн дагуу талууд гарын үсэг зурж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн.

1.3. Зээлийн гэрээ байгуулснаас хойш 2019 оны 12 сарыг дуустал хүү төлж байсан боловч түүнээс хойш төлбөр тасалдсан. Зээлдэгч нь нийт 69,114,807 төгрөг төлснөөс үндсэн зээлд 1,623,889 төгрөгийг тооцож хассан.

Иймд зээлийн гэрээний үүрэгт 196,255,355 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие, тус байгууллагаас 40,000,000 төгрөг, 15,000,000 төгрөг, 80,000,000 төгрөгийн зээл тус тус авсан нь үнэн. 2019 оны 07 сарын 26-ны өдөр авсан 40,000,000 төгрөгийн зээлийг 65,103,334 төгрөг болгож төлж барагдуулсан. 15,000,000 төгрөгийн зээлийг нь төлөөгүй, нэхэмжлэгч 15,000,000 төгрөгийн зээлд суутгаж авсан 28,429,570 төгрөгийг 80,000,000 төгрөгийн зээлэнд тооцох ёстой гэж үзэж байна.

2.2. Миний бие, 15,000,000 төгрөгийн зээлд төлөлт хийгээгүй, энэ зээлийг төлж хаасан зүйл байхгүй. Нэхэмжлэгч тал миний хийж байгаа төлөлтийг аль зээлд тооцож авч байгаагаа хэлдэггүй. Нийт 11 удаа 159,220,590 төгрөг зээлд төлсөн. Нэхэмжлэгч тал миний 2022 оны 09 сарын 25-ны өдөр төлсөн 10,000,000 төгрөгийг тооцоонд оруулахгүй байна. 80,000,000 төгрөгийн зээлээс 64,149,097 төгрөг зарцуулсан гэх тооцоог гаргаж өгсөн.

Нийт 162,000,000 гаруй төгрөгийн төлөлт хийсэн, гэтэл нэхэмжлэгч яаж тооцсоныг нь ойлгохгүй байна. Иймд 28,000,000 төгрөгийг бүхэлд нь 80,000,000 төгрөгөөс хасуулах хүсэлтэй байна. 15,000,000 төгрөгийн асуудал нь тусдаа шийдэгдэнэ. 1 жилийн хүү төлөх ёстой гэж үзэж байна. Гэрээг сунгасан зүйл байхгүй. Нийт үндсэн зээл 80,000,000 төгрөг, түүний 1 жилийн хүү 38,400,000 төгрөг, үлдсэн 69,000,000 төгрөгийг төлсөн гээд байгаа зөрүүг үндсэн зээлээс хасна. 80,000,000 төгрөгөөс 69,114,807 төгрөг төлсөн, мөн 1,620,889 төгрөгийг үндсэн зээлээс хасвал 67,493,918 төгрөг болно. 2019 оны 04 сарын 12-ны өдөр авсан 15,000,000 төгрөгийг төлсөн гэдгийг зөвшөөрөхгүй, энэ төлбөрт тооцож суутгасан 28,429,550 төгрөгийг 80,000,000 төгрөгийн зээлэнд тооцоход 95,923,488 төгрөг тул нэхэмжлэлийн шаардлагаас 22,476,512 төгрөгийг төлөх боломжтой гэж үзэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч*******аас 172,744,426 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 23,510,928 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч******* шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол түүний өмчлөлийн Улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээтэй, ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* тоот хаягт байршилтай, ******* м.кв талбайтай, ******* үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 1,209,430 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч*******аас 1,091,872 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.******* миний бие 2019 оны 04 сарын 10-ны өдрөөс эхлээд *******-аас нийт 3 удаа гэрээ байгуулж нийт 135,000,000 төгрөг зээлсэн бөгөөд 2019 оны 04 сарын 18-ны өдөр 80,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгөөр үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж *******-тай гэрээ хийсэн ба *******-тай гэрээ хийгээгүй тул нэхэмжлэгчээ зөв тодорхойлж нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь эргэлзээтэй байна. Улмаар *******-ийн данс руу зээлийн төлбөрөө төлсөн.

2019 оны 04 сарын 18-ны өдөр 80,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгээр үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж зээл авахаар "*******-тай гэрээ хийсэн байтал тус 80,000,000 төгрөгийн зээл болон хамгийн сүүлд авсан зээл тус бүрийг 2-3 сар цувуулан шилжүүлж байсан ба энэ үйлдэл нь зээлийн гэрээнд заасан хугацаандаа мөнгө нь орж ирдэггүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, харилцагчийнхаа эсрэг хийж байгаа хууль бус үйлдэл гэж үзэж байна. Улмаар ******* нь зээлийн үйл ажиллагааны журам зөрчиж үйл ажиллагаа явуулсан.

******* миний бие зээл авснаас хойш 5 сарын дараа буюу 2019 оны 11 сараас цар тахал ковид-19 өвчин гарч улмаар хувиараа ажил үйлчилгээ явуулдаг байгууллагуудын үйл ажиллагаа доголдож санхүүгийн хүндрэлд орж, эхний ээлжинд хүүгээ төлж байсан ч цар тахалын хөл хорио тогтоосноор үйл ажиллагаа зогссон. Ковид-19 цар тахалаас болж санхүүгийн хүндрэлд орж ажил үйлчилгээгээ хийх боломжгүй болсон тул энэ нөхцөл байдлаа ББСБ-д удаа дараа илэрхийлж хугацаа хүсэж байснаас гадна зээлийн эргэн төлөлтөө, мөнгө орж ирэх бүрт бөөн дүнгээр төлж барагдуулж байсан.

******* нь шилжүүлж байсан бүх мөнгөн дүнг зөвхөн зээлийн хүүнд бодож авч байсан үйлдэл нь өнөөдөр их хэмжээний төлбөр тооцооны өрөнд оруулахаас гадна эхэнд авсан 80,000,000 төгрөгийн зээлийг нь хаахгүй сүүлд авсан 40,000,000 төгрөгийн зээлийг хаасан үйлдэл нь өндөр дүнтэй зээлийг нь үлдээж санаатайгаар өндөр хүү авч байхаар тооцож хийсэн хууль бус үйлдэл гэж үзэж байна.

******* миний бие дээрх банк бус санхүүгийн байгуулагаас 3 удаагийн зээлийн гэрээ хийж зээл авахад ******* нь ******* банкны ******* тоот дансаар бүх мөнгөн орлого зарлагын гүйлгээ шилжүүлгийг хийдэг байсан. ******* нь ******* банкны ******* тоот нэг дансаар бүх зээлийн үйл ажиллагааг хийж, харилцагч зээлээ өөрийнхөө харилцах данснаас зээлийн данс руугаа шилжүүлэн төлөх боломжоор хангаж өгөөгүй нь хууль тогтоомж, дүрэм журам зөрчиж хийсэн үйлдэл гэж үзэж байна.

******* миний бие *******-аас 3 удаагийн үйлдлээр нийт 135,000,000 төгрөгийн зээл авсан ба буцаагаад 159,022,590 төгрөг төлсөн нь дансны хуулгаар нотлогдож байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа дүнг хүлээн зөвшөөрөхгүй, хэт нэг талын шийдвэр гаргаж, хавтаст хэрэгт байгаа нотлох баримтыг бүрэн шинжлэн судалж, үнэн зөв үнэлээгүй байна.

Иймд шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүй, хуульд заасан журмыг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хуулийн этгээдийн оноосон нэрээ ******* болгож өөрчилсөн ба Иргэний хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авч бүртгүүлсэн. Уг үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох эсхүл хариуцагчийг үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй талаарх баримт хавтаст хэргийн 154-157 дугаар талд авагдсан.

5.2. Хариуцагчаас банк бус санхүүгийн байгууллага миний 2 жижиг зээлийг хаагаад, өндөр үнийн дүнтэй зээлийг үлдээж, түүнээсээ хүү тооцож, намайг хохироож байна гэх агуулга бүхий тайлбар хийж байна. Хариуцагч 2019 оны 04 сарын 12-ны өдөр 15,000,000 төгрөг, мөн сарын 18-ны өдөр 80,000,000 төгрөг, 2019 оны 07 сарын 26-ны өдөр 40,000,000 төгрөгийн зээл тус тус авсан. Зээлийн гэрээ болон зээл тус бүрийн дансны хуулга, зээл, хүүгийн тооцооллуудыг хэрэгт баримтаар хавсаргасан. 15,000,000 төгрөгийн зээл болон 40,000,000 төгрөгийн зээлийн төлөлт хийсэн болохоо хариуцагч мэдэж байгаа. Хавтаст хэргийн 12 дахь талд зээлийн гэрээний хугацаа сунгуулах тухай өргөдөлд 80,000,000 төгрөгийг 2022 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж хариуцагч гараар бичсэн.

5.3. Үүнээс харвал өнгөрсөн хугацаанд аль зээлд төлсөн төлбөрийг аль зээлээс хасаж тооцож байгааг мэдэхгүй байх боломж байхгүй. 2019 оны 07 сарын 26-ны өдрийн зээлийг 2020 оны 11 сарын 11-ний өдөр бүрэн төлж барагдуулж, өөрийн эгч *******ийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаа хөрөнгөөс чөлөөлсөн. Үүнээс харвал******* нь 40,000,000 төгрөгийн зээлийг бүрэн төлж барагдуулж байгаагаа ухамсарласан үйлдэл гэж харж байна.

5.4. 80,000,000 төгрөгийн зээл авахаас өмнө 2019 оны 04 сарын 12-ны өдрийн 15,000,000 төгрөгийн зээл авсан тул зээлийн гэрээний хугацаа 80,000,000 төгрөгөөс өмнө төлөгдөж дуусна. 2020 оны 11 сарын 11-ний өдөр үндсэн төлбөрөө төлж, үлдсэн төлбөрөө 2020 оны 09 сарын 29-ний өдөр төлсөн. Ингээд 10,000,000 төгрөгөөс үлдсэн 280,300 төгрөгийг 2022 оны 10 сард төлж, 15,000,000 төгрөгийн зээлийг хаасан. 2022 оны 04 сард гаргасан өргөдөлд дурдсанаар 80,000,000 төгрөгийн зээл үлдсэн ба******* энэхүү зээлийг төлж барагдуулах үүрэгтэй болохоо бүрэн ойлгож, ухамсарлаж байсан. Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч хэд, хэдэн зээл авч, түүнээсээ давуулан төлбөр төлсөн болох нь хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

5.5. Зээлдэгчийн зээлийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй ба хуульд зааснаар үндсэн үүргийг төлж дуусах хүртэл банк бус санхүүгийн байгууллага хүүгээ зогсоохгүй тооцох эрхтэй. Нэхэмжлэгч энэ эрхийнхээ дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь анхан шатны шүүх хуралдаанд өөрөө оролцож, хангалттай мэтгэлцсэн ба холбогдох тайлбар болон баримтуудаа шүүхэд бүрэн гаргаж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн байдлаар процессын зөрчил үүсээгүй. Анхан шатны шүүх процесс ажиллагаа зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хариуцагчийн давж заалдах гомдол хуульд зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан 2019 оны 04 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 196,255,355 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч******* эс зөвшөөрч, ...80,000,000 төгрөгөөс 69,114,807 төгрөг төлсөн, мөн 1,620,889 төгрөгийг үндсэн зээлээс хасвал 67,493,918 төгрөг болно. ... 2019 оны 04 сарын 10-ны өдөр авсан 15,000,000 төгрөгийг төлсөн гэдгийг зөвшөөрөхгүй, энэ зээлийн төлбөрт тооцож суутгасан 28,429,550 төгрөгийг 80,000,000 төгрөгийн зээлэнд тооцвол нийт 95,923,488 төгрөг тул нэхэмжлэлээс 22,476,512 төгрөгийг төлөх боломжтой... гэсэн агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлан, маргажээ.

 

3. Нэхэмжлэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийн этгээдийн оноосон нэрээ өөрчилж, ******* болсныг 2024 оны 02 сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн тухай хэрэгт авагдсан нотлох баримтыг анхан шатны шүүх үндэслэн, нэхэмжлэгчийн нэрийг ******* гэж шийдвэрт тусгасан нь зөв. /хх154-157/

3.1. *******,******* нарын хооронд байгуулагдсан 2019 оны 04 сарын 10-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөг, мөн сарын 18-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээгээр 80,000,000 төгрөг, 2019 оны 07 сарын 26-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээгээр 40,000,000 төгрөгийг тус тус сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч******* нь гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээл, хүүгийн хамт төлөх, гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг бүрэн төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараа өдрөөс эхлэн зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөх, төлөгдөөгүй үндсэн зээлээс зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх-7-8/

Гэрээний дагуу зээлдүүлэгчээс тус тус шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зээлдэгч******* хүлээн авсан үйл баримтад маргаангүй.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.

 

5. Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

6. Нэхэмжлэгч нь 2019 оны 04 сарын 18-ны өдрийн ******* дугаартай 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг нэхэмжилсэн, хариуцагч уг гэрээний үүргийг бүрэн гүйцэтгээгүй болохоо зөвшөөрдөг. Харин гүйцэтгэсэн үүргийг 2019 оны 04 сарын 10-ны өдрийн ******* дугаартай 15,000,000 төгрөгийн гэрээний үүрэг тооцсон нь хуулийн үндэслэлтэй эсэх талаар зохигч маргасан байна.

6.1. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд, хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч нь аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ гэж заасан.

6.2. Хэрэгт авагдсан хариуцагч*******ын ******* дугаартай ******* банк ХК дахь депозит дансны хуулгаас үзвэл, хариуцагч нь 3 зээлийн гэрээний үүргээс сонгож гүйцэтгэсэн гэх агуулга тусгагдаагүй байна. /хх-91-128/

6.3. Нэгэнт хариуцагч нь 3 зээлээс сонгож төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч тал, хариуцагчийн гүйцэтгэсэн үүргээс 15,000,000 төгрөг болон 80,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний үүргийг тус тус суутган, 2019 оны 04 сарын 10-ны өдрийн 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсонд тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Иймд, 15,000,000 төгрөгийн зээлийг төлөөгүй, уг зээлийн үүрэгт суутган тооцсон 28,429,550 төгрөгийг 80,000,000 төгрөгийн үүргээс хасуулна гэсэн хариуцагчийн татгалзал хуулийн үндэслэлгүй байна.

6.4. Талуудын байгуулсан 2019 оны 04 сарын 18-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээний Хавсралт 1-ээр баталсан хуваарийн дагуу******* нь сар бүрийн 20-ны өдөр зээлийн хүү, гэрээний хугацаа дуусах 2020 оны 04 сарын 20-ны өдөр зээлийн хүүг үндсэн зээлийн хамт төлөх үүрэг хүлээжээ. /хх-55/

6.5. Нэхэмжлэгч ******* гэрээний дагуу 2019 оны 04 сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг, мөн сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөг, мөн оны 06 сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, мөн сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөг, мөн оны 07 сарын 02-ны өдөр 8,000,000 төгрөг, мөн сарын 04-ний өдөр 4,000,000 төгрөг, 05-ны өдөр болон 08-ны өдөр тус тус 3,500,000 төгрөг, 09-ний өдөр 7,000,000 төгрөг, 26-ны өдөр 2,000,000 төгрөг тус тус хариуцагч*******т шилжүүлсэн байх бөгөөд уг хэсэгчилж шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн дүнгээс ашигласан хугацааны зээлийн хүү тооцож, хариуцагчийн гэрээний үүргийг тодорхойлсон болох нь хэрэгт авагдсан зээлийн төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх181-182/Тиймээс хариуцагчийн өгөөгүй зээлд хүү тооцсон гэсэн тайлбарыг хүлээн авахгүй.

6.6. Хариуцагч******* нь 2022 оны 04 сарын 15-ны өдөр ... 2021 оны 02 сарын 26-ны өдрийг хүртэл зээлээс 1,620,889 төгрөг, зээлийн хүүгээс 67,493,918 төгрөг, нийт 69,114,807 төгрөг төлсөн. ...2022.09.15-ны өдрөөр зээлийн үлдэгдэл 78,379,111 төгрөг, зээлийн хүү 60,087,518 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,912,688 төгрөг, нийт 157,379,317 төгрөг, энэ өдрөөс хойш төлж дуусах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж барагдуулна, зээлийн хугацааг 2022 оны 12 сарын 31-ний өдрөөс өмнө төлж дуусган, хугацааг сунгаж өгнө үү. гэсэн хүсэлт нэхэмжлэгч байгууллагад гаргаж байжээ. /хх12/

6.7. Хэрэгт авагдсан*******ын ******* банк ХК дахь депозит дансны хуулга, зээлийн төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт зэрэг нотлох баримтуудаар хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 05 сарын 20-ны өдөр 1,657,000 төгрөг, мөн оны 06 сарын 27-ны өдөр 2,200,000 төгрөг, 07 сарын 26-ны өдөр 1,494,357 төгрөг, 09 сарын 06-ны өдөр 2,536,430 төгрөг, 10 сарын 08-ны өдөр 3,085,487 төгрөг, 12 сарын 30-ны өдөр 4,796,712 төгрөг, 2021 оны 02 сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөг, мөн сарын 09-ний өдөр 8,000,000 төгрөг, мөн сарын 26-ны өдөр 22,000,000 төгрөг, нийт 65,769,986 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон. /хх-91-128, 181-183/

 

7. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зуулийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгэсэн үүргээс зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар суутгаж, үндсэн зээлд 78,379,111 төгрөг, зээлийн хүүд 97,710,136 төгрөг тус тус нэхэмжилж байгаа нь дээрх хуулийн зохицуулалтад тус тус нийцжээ.

Мөн 2019 оны 07 сарын 26-ны өдрийн ******* дугаартай 40,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон үйл баримтад хариуцагч тал маргаагүйгээс гадна давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр 40,000,000 төгрөг төлөгдөөд барьцаагаа чөлөөлүүлсэн гэж тайлбарлаж байх тул сүүлд авсан 40,000,000 төгрөгийн зээлийг хаасан үйлдэл нь харилцагчийг хохироож, ашиг олох зорилготой хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

8. Нэхэмжлэгч нь хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны үеэр нэмэгдүүлсэн хүү 23,510,928 төгрөгт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзжээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн хариуцагч*******аас 2019 оны 04 сарын 18-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 172,744,426 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 23,510,928 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байна.

 

9. Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

9.1. ******* /хуучин нэрээр/,******* нар 2019 оны 04 сарын 18-ны өдөр *******/1 дугаартай барьцааны гэрээ байгуулж, гэрээгээр*******ын өмчлөлийн ******* дүүрэг, ******* хороо, ******* , ******* байр, ******* тоот хаягт байрлах, ******* м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй газар эзэмших эрхийг барьцаалахаар харилцан тохиролцож, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ./хх-9-11/

Уг барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч тал нь барьцааны зүйлийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй тул хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

10. Нэхэмжлэгч нь ******* нь оноосон нэрээ өөрчилж, ******* нэрийг улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримтын талаар дээр дүгнэсэн. Гэрээний нэг тал болох хуулийн этгээдийн нэрээ өөрчилсөн нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул *******-тай гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгчээ зөв тодорхойлж нэхэмжлэл гаргасан эсэх нь эргэлзээтэй гэх хариуцагчийн давж заалдах гомдол хангагдахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 16-ны өдрийн 101/ШШ2024/0474******* шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,091,973 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Ч.ЦЭНД