| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 186/2017/0102/Э |
| Дугаар | 335 |
| Огноо | 2017-05-11 |
| Зүйл хэсэг | 096.2.1, 181.3., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 335
Ц.Зэс-Эрдэнэд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор П.Нямцэцэг,
Ялтан Ц.Зэс-Эрдэнийн өмгөөлөгч Б.Оюунбилэг,
Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Ё.Цогтзандан, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Зэс-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Зэс-Эрдэнэд холбогдох 201625031748 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол овогт Цогоогийн Зэс-Эрдэнэ, 1988 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улаабаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Говь” ХК-д гадаад худалдааны менежер ажилтай, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хорооллын, 65-37 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УХ88051992/;
Ц.Зэс-Эрдэнэ нь 2016 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Гэрсэнз хаан” паб-д буюу олон нийтийн газар нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, олон нийтийг үл хүндэтгэн, М.Золбаяртай ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар архины хундагыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн М.Золбаяр, Б.Цогбаяр нарын нүүрэн тус газар нь цохисны улмаас М.Золбаярын биед “зүүн нүдний ухархайн дотор ханын далд хугарал, нүдний алимны догиль, доод уруул, нүүрний хэсгийн зөөлөн эдэд зүсэгдсэн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулснаас зүүн дээд зовхины сорви нь аньсагны хэлбэрийг алдагдуулсан таталт үүсгэсний улмаас хоёр аньсага хэм ижил бус болсон”, сорви нь хатуу холбогч эд үүссэн учир ердийн явцаараа арилж бүдгэрэхгүй мэс заслын эмчилгээ шаардлагатай хөнгөн гэмтэл учруулан нүүрийг засаршгүй эвдэж, дүрсийг алдагдуулсан гэмтэл, мөн хохирогч Б.Цогбаярын биед “тархи доргилт, зүүн хацарт зүсэгдсэн шарх, цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж тус тус танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Зэс-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Зэс-Эрдэнийг танхайн сэдэлтээр архины хундагыг зэвсгийн чанартай хэрэглэж бусдын нүүрийг засаршгүй эвдэж, дүрсийг алдагдуулсан, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Ц.Зэс-Эрдэнийг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Ц.Зэс-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 2 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялын зарим болох 4 сарыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Зэс-Эрдэнийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Ц.Зэс-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Ц.Зэс-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж түүний эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.
Ялтан Ц.Зэс-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хэрэг гарах орой М.Золбаяртай танилцаж нэг ширээнд суусан. ...М.Золбаяр, Дэлгэрцэцэг нар нэлээд согтсон байсан ба Золбаяр Дэлгэрцэцэгийг илт хоргоож эхэлсэн. Ингээд би Дэлгэрцэцэгийг дагуулж гараад “нэмж битгий уугаарай” гэж захиж хэлсэн. Улмаар Золбаяр дахин Дэлгэрцэцэгийн хажууд ирж суухад нь би голоор нь сууж яриаг нь тасалсан. Ингээд Золбаяр найз Цогбаярын хамт текин дээр ирж бидний хооронд маргаан үүссэн. Дэлгэрцэцэг ч бидний юунаас болж маргасныг мэдэж байгаа. Би Золбаяр болон Цогбаяр нараас уучлалт гуйж удаа, дараа эмчилгээний зардлыг нь бүрэн төлж барагдуулсан. Золбаярын нүүрэнд учирсан гэмтэл бүрэн эдгэрсэн ба тэр талаар хохирогч анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн. Би хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байгаа бөгөөд дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Миний бие мөрдөн байцаалтын шатанд Дэлгэрцэцэгийг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг удаа, дараа гаргаж байсан боловч мөрдөн байцаагч, прокурор хүлээж аваагүй болно.
Иймд Дэлгэрцэцэгийг гэрчээр байцааж, болсон үйл явдлын талаар тодруулах, Золбаярын биед учирсан гэмтлийг бүрэлдэхүүнтэй шинжээч нараар дахин дүгнэлт гаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.
Ялтан Ц.Зэс-Эрдэнийн өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Ц.Зэс-Эрдэнэ нь мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...тухайн үед М.Золбаяр Дэлгэрцэцэгтэй юм яриад дотно байхаар нь би Дэлгэрцэцэгийг хамгаалах байдалтай байсан. Амьд хөгжмийн тоглолт дуусч бид нэг өрөөнд орсон. Тэгэхэд Дэлгэрцэцэг, Золбаяр хоёрыг зэрэгцээд сууж байхаар нь би голоор нь орж суусан. Дараа нь бүгд явах гэж байхад Золбаяр бид хоёр текний хажууд маргалдсан” гэж мэдүүлдэг. Ц.Зэс-Эрдэнэ найз Сайнбаярын найз эмэгтэй болох Дэлгэрцэцэгийг М.Золбаяртай дотно харьцаа үүсгээд байна гэж хардаж улмаар Золбаяртай маргаан үүсгэсэн нь М.Золбаяр Дэлгэрцэцэг нарыг яриад сууж байхад нь голоор нь орж салгаад сууж байгаагаас харагдаж байна. Гэрч О.Дарьцэцэг, О.Дариймаа, хохирогч Б.Цогбаяр нарын мэдүүлэгт “текний хажууд Ц.Зэс-Эрдэнэ, М.Золбаяр нарыг хоорондоо юм ярьж байснаа Ц.Зэс-Эрдэнэ М.Золбаярыг цохичихсон” тухай мэдүүлдэг. Дээрх мэдүүлгээс харахад Ц.Зэс-Эрдэнэ, М.Золбаяр нар нь Дэлгэрцэцэгээс болж үл ойлголцол үүсч маргаан болсон нь харагдаж байна. Энэхүү хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэм буруугийн сэдэлт, санаа зорилгыг тогтооход ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх гэрч Дэлгэрцэцэгийг мөрдөн байцаалтын шатанд гэрчээр асууж мэдүүлэг аваагүй.
Ц.Зэс-Эрдэнийн буруутай үйлдлийн улмаас М.Золбаяр хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Улсын Дээд шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 13 дугаар тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан нүүрийг засаршгүй эвдэж гэдэгт “нүүрний сорви, эмгэг өөрчлөлт нь ердийн явцаар арилж бүдгэрэхгүй, мэс ажилбарын эмчилгээ зайлшгүй хийх шаардлагтай болсныг ойлгох бөгөөд энэхүү гэмтэл сорви, эмгэг өөрчлөлт нь зайлшгүй эсэхийг шинжээчийн дүгнэлтээр тогтооно” гэж заасан байна. М.Золбаярын нүүрэнд учирсан сорви нь ердийн явцаар арилсан, мэс ажилбарт орох шаардлагагүй байгаагаа М.Золбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.
Иймд гэрч Дэлгэрцэцэгээс мэдүүлэг авах, М.Золбаярын биед дахин шинжилгээ хийж дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.
Прокурор П.Нямцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.Зэс-Эрдэнэд холбогдох хэргийн хувьд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Ц.Зэс-Эрдэнэ нь 2016 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Гэрсэнз хаан” паб-д буюу олон нийтийн газар нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин, олон нийтийг үл хүндэтгэн, М.Золбаяртай ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж улмаар архины хундагыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн М.Золбаяр, Б.Цогбаяр нарын нүүрэн тус газар нь цохисны улмаас М.Золбаярын биед “зүүн нүдний ухархайн дотор ханын далд хугарал, нүдний алимны догиль, доод уруул, нүүрний хэсгийн зөөлөн эдэд зүсэгдсэн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулснаас зүүн дээд зовхины сорви нь аньсагны хэлбэрийг алдагдуулсан таталт үүсгэсний улмаас хоёр аньсага хэм ижил бус болсон”, сорви нь хатуу холбогч эд үүссэн учир ердийн явцаараа арилж бүдгэрэхгүй мэс заслын эмчилгээ шаардлагатай хөнгөн гэмтэл учруулан нүүрийг засаршгүй эвдэж, дүрсийг алдагдуулсан гэмтэл, мөн хохирогч Б.Цогбаярын биед “тархи доргилт, зүүн хацарт зүсэгдсэн шарх, цус хуралт” бүхий хөнгөн учруулж догшин авирлаж тус тус танхайрсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд прокуророос түүний дээрх үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр Ц.Зэс-Эрдэнийн хохирогчид учруулсан гэмтэл нь ердийн явцаараа арилж бүдгэрэхгүй мэс заслын эмчилгээ шаардлагатай гэмтэл учир түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд заасан гэмт хэргийн диспозицийг бүрэн хангаж байна. Мөрдөн байцаалтын явцад хэрэг прокурорт шилжиж ирсний дараа нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Ц.Зэс-Эрдэнэд урьд сонсгосон ялыг өөрчилж сонсгосон. Тэр цагаас эхлэн Ц.Зэс-Эрдэнэ, түүний өмгөөлөгч нар “Дэлгэрцэцэг гэж хүнийг гэрчээр асуулгая, түүнийг М.Золбаяртай хардсанаас үүдэн уг хэрэг гарсан” гэдэг хүсэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлуудыг тухайн үед нэг мөр шийдвэрлэсэн. Дэлгэрцэцэгийг гэрчээр асуугаагүй шалтгаан нь гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг шалгаж эхэлсэн цагаас Ц.Зэс-Эрдэнэ нь Дэлгэрцэцэг, Сайнбилэг нартай хамт пабд ирсэн гэдгээ хэлдэг. Буруутгагдаж байгаа асуудал нь текний хажууд болсон маргаанаас эхэлсэн болох нь нотлогдож, тогтооогддог. Санаа, зорилго нэгдсэн амьд хөгжим сонирхдог хүмүүс тухайн пабд ирсэн бөгөөд Ц.Зэс-Эрдэнэ, Золбаяр нар бие биенээ өмнө нь таньдаггүй байсан нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэгт тодорхой тусгагдсан байна. Ц.Зэс-Эрдэнэ нь Золбаяр, Дэлгэрцэцэг нарыг хардах нөхцөл байдал гараагүй. Харин тэр орой тоглолт тарахын алдад болж байгаа асуудал нь тусдаа бие даасан санаа зорилготой, сэдэлтэй гэдэг нь гэрч нарын мэдүүлэг, Ц.Зэс-Эрдэнийн мэдүүлгүүдээр тогтоогддог. Эр, эмийн хардлага байх юм бол хувийн сэдэлттэй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд зааснаар зүйлчилнэ гэж туйлшруулж гэмт хэрэг гарсан байдал, хэрэглэж байгаа зэвсэг, хохирол зэрэгт дүгнэлт хийлгүй туйлшруулж ойлгох нь буруу юм. Хоёулаа орой гарахын өмнө нэг нь 100 грамм архи ууя, нөгөө нь нэг шил пиво ууя гэж яриад сууж байх үедээ миний архи, чиний архи гэдэг асуудлаас болж маргалдсан. Энэ маргааныг салгах гэж ирсэн хүнийг пивоны аягаар цохиж байгаа үйлдэл нь танхайн сэдэлттэй үйлдэл юм. Хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүх хэргийн талаар дүгнэлт хийхдээ уг дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг анхааран үзэлгүй орхигдуулсан, хэрэгт онцгой ач холбогдол бүхий гэрч нарын мэдүүлэг нэг бүрийг хэргийн бусад нотлох баримттай нарийвчлан харьцуулан зөрүүтэй байгаа эсэхийг нягтлан хянаж, улмаар хэргийн нөхцөл байдлаас зөрүүтэй мэдүүлэг ямар нотлох баримтаар няцаагдаж байгаа талаар тодорхой эх сурвалж болох баримтыг шийтгэх тогтоолдоо заагаагүй байна. Тухайлбал:
1. Хохирогч М.Золбаярын “...Тэгээд би хажуугаар нь ороод нэг шил пиво захиалаад пивоо авах гэж байсан чинь тэр залуу миний пивыг авчихсан юм. Тэгэхээр нь би “хөөе хөгшөөн наадах чинь миний пиво, чи андуурчихлаа” гэсэн чинь тэр хүн миний өөдөөс юм ч хэлэлгүй, миний пивыг өгөхгүй байсан. Тэгэхээр нь би дахиад “хөөе ахын дүү пивоо авъя” гээд хэлсэн чинь нөгөө залуу шууд намайг барьж байсан юмаараа цохиод авсан. ...Намайг ямар шалтгааны улмаас цохисныг нь сайн мэдэхгүй байна. Ахын дүү гэдэг үгнээс их эмзэглэсэн байх гэж сүүлд бодсон. Өөрөөр намайг цохиод байх шалтгаан байхгүй...” /хх-ийн 15-16/, “...“Та хэрэг гарах өдөр Зэс-Эрдэнэтэй нэг ширээн дээр сууж хамт явсан Дэлгэрцэцэг гэх эмэгтэйтэй хэрэг болдог орой 22 цагийн үед танилцсан юм биш үү” гэх мөрдөн байцаагийн асуултад “Би танилцаагүй, огт тийм зүйл болоогүй...” /хх-ийн 167/, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...нарийн шалтгааныг нь мэдэхгүй байна. Ер нь бол намайг Дэлгэрцэцэгтэй юм ярьж байснаас болж Зэс-Эрдэнэ хардсан юм байна гэж ойлгосон...” /хх-ийн 221/ гэж тус тус мэдүүлсэн байна.
Дээрх мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэж үзвэл хохирогч М.Золбаяр мөрдөн байцаалтын шатанд “Гэрсэнз хаан” пабад “захиалсан шар айрагнаас болж Ц.Зэс-Эрдэнэтэй маргалдсан, ...Дэлгэрцэцэгтэй танилцсан зүйл огт болоогүй...” гэж мэдүүлсэн атлаа анхан шатны шүүх хуралдаанд “Дэлгэрцэцэгтэй юм ярьж байсан, гэхдээ хоргоосон зүйл байхгүй, нарийн шалтгааныг нь мэдэхгүй байна. Ер нь бол намайг Дэлгэрцэцэгтэй юм ярьж байснаас болж Зэс-Эрдэнэ хардсан юм байна гэж ойлгосон” гэх мэт харилцан зөрүүтэй мэдүүлэг өгсөн бөгөөд дээрх мэдүүлгийн аль мэдүүлэг үнэн зөв болохыг лавлан тодруулж, чухам ямар шалтгааны улмаас зөрүүтэй мэдүүлэг өгсөн болохыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан бүхий л арга хэрэгслийг ашиглан тогтоож, тэдгээрийн зөрүүг арилгах, мөн түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйл, 255 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэхийг мөрдөн байцаалтын шатанд тодруулах шаардлагатай.
2. Гэрч О.Дарьцэцэг “...Би “Сэнгүүр” авч өгөх гээд хөргөгч рүү явсан. Тэр хооронд тэр хоёр хоорондоо ганц хоёрхон үг сольсон байх би пиво аваад буцаад ирсэн чинь цохиулдаг залуу нь “чи зүгээр байж байдаа гээд инээгээд хэлсэн юм” тэгсэн нь “чи юу гэнээ” гээд захиалж авсан архитай стаканаараа нүүр лүү нь нэг удаа цохисон...” /хх-ийн 22-23/, гэрч О.Дариймаа “...Хажууд нь ирсэн хүн болгонтой янз янзын яриа өдөөд байсан. ...Тэгсэн чинь хажуунаас нь жижигхэн залуу орж ирээд “ганц Сэнгүр авъя” гээд нэг пиво захиалсан. Говьд ажилладаг гээд байсан залуу юу юугүй захиалсан 150 граммын зузаан вискний стакан бариад нөгөө залуугийн нүүр лүү нь баруун гаргаараа духан дундуур нь цохичихсон...” /хх-ийн 24-25/, гэрч Э.Энхсүх “...Золбаярын нүүрэн дээрх цаасыг аваад хартал аймар зүсэгдсэн байсан. Ингээд дахин цаас тавьж дараад шууд гэмтэл рүү явахаар шийдсэн. Зөөгч нараас асуухад “танай найз чинь уух юм захих гээд хажуугийн залуу би юм захиж байна” гэж хэлээд шууд нүүрэнд нь цохисон гэж хэлж байсан...” /хх-ийн 28-29/ гэх мэдүүлгүүдээс үзэхэд хохирогч М.Золбаярын мөрдөн байцаалтын шатанд ялтан Ц.Зэс-Эрдэнэтэй шар айрагнаас болж маргалдсан хэмээн мэдүүлсэн нь няцаагдаж байна.
Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/,” 80.1.6 “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэргийг тогтоож чадаагүй гэж үзнэ.
3. Прокуророос Ц.Зэс-Эрдэнийг 2016 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Гэрсэнз хаан” паб-д буюу олон нийтийн газар нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, олон нийтийг үл хүндэтгэн, М.Золбаяртай ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар архины хундагыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн М.Золбаяр, Б.Цогбаяр нарын нүүрэн тус газар нь цохисны улмаас тэдний биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогдсон хэмээн яллах дүгнэлтэд дурджээ.
Ялтан Ц.Зэс-Эрдэнэ “…“Гэрсэнз хаан” пабад ороод найзын эхнэр Дэлгэрцэцэгтэй таараад бид 3 хамт суусан...” /хх-ийн 52-54/, “...Дэлгэрцэцэг нь Золбаяртай намайг нэг ширээнд сууж байсан гэдгийг мэднэ. Яагаад гэвэл тэр орой Дэлгэрцэцэгтэй хамт нэг ширээнд сууж байхад Золбаяр ирээд хамт суусан ба тэр үед Сайнбилэг Золбаяр бид хоёрыг танилцуулсан. ...Дэлгэрцэцэг нь манай багаасаа найзлаж байгаа найз Төрболдын эхнэр байгаа юм. Тухайн үед Дэлгэрцэцэг нь Золбаяртай нилээд зүйл яриад байсан болохоор нь би Дэлгэрцэцэгийг дагуулж гарч тамхи татаж байхдаа “Золбаяртай юм ярихаа боль” гэж хэлээд хажууд нь суусан. ...Текин дээр захиалга өгч байхад Золбаяр араас ирээд намайг тохойлдож “ахын дүү чи аятайхан байгаарай” гэж дээрлэхсэн маягтай хэлсэн. Ингээд би архины хундага барьж байснаараа нүүр лүү нь цохичихсон...” гэх мэдүүлгийг өгчээ. Гэмт хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд байсан Дэлгэрэцэцэгийг энэ хэрэгт гэрчээр асуух шаардлагатай.
Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг тогтоож чадаагүй гэж үзнэ.
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын “Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 11978 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. М.Золбаярт зүүн ухархайн дотор хананы хугарал, нүүрэн дэх шархнууд тухайн үедээ үүсчээ. Нүүрэн дэх шархнууд нь ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Золбаярын зүүн дээд зовхины сорви нь аньсаганы хэлбэрийг алдагдуулсан таталт үүсгэсний улмаас хоёр аньсага хэм ижил бус болсон, сорви нь хатуу холбогч эд үүссэн учир ерийн явцаараа арилж бүдгэрэхгүй. Мэс заслын эмчилгээ шаардлагатай...” /хх-ийн 42-43/ гэх 1249 дүгээр дүгнэлт, хохироч М.Золбаяр анхан шатны шүүх хуралдаанд “Нүүрэн дэх сорви бүрэн зүгээр болоогүй. Гэхдээ мэс засал хийлгэхгүйгээр зүгээр болно гэсэн. Хохиролд 700.000 төгрөг авсан, гомдолгүй” гэж мэдүүлсэн зэргээс дүгнэвэл хохирогч М.Золбаярын нүүрэнд учирсан зүүн дээд зовхины сорви нь аньсагны хэлбэрийг алдагдуулсан таталт үүсгэсний улмаас хоёр аньсага хэм ижил бус болсон, сорви нь хатуу холбогч эд үүссэн учир ердийн явцаараа арилж бүдгэрэхгүй мэс заслын эмчилгээ шаардлагатай эсэхийг дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, нэг мөр тодруулах нь зүйтэй.
Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлын талаар болон бусад шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа Ц.Зэс-Эрдэнийн гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул давж заалдах шатны шүүх ялтан Ц.Зэс-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын гаргасан “хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ магадлалд заасан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: